Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02035

 

Б.Лийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01961 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Лийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Гд холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 563 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам, Б.Мөнхцацрал, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Лэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Сүлжмэлийн үйлдвэрийн урд замд Ниссан нөөт маркийн 3391УНД улсын дугаартай автомашины жолооч Б.Г нь Засын хөдөлгөөний дүрмийн 8.11-р заалтыг зөрчиж Лексус LX-570 маркийн 0022УНЯ улсын дугаартай Б.Лийн эзэмшлийн автомашиныг мөргөж, авто осол гаргасан. Уг ослын улмаас  машины хойд гупер, баруун хойд гуперын Г ойлгогч, гупер тогтоогч хагарч гэмтсэн ба будаг үйлчилгээ хийлгэх шаардлагатай болсон. “Таван богд” ХХК, “Делта” ХХК гээд хэд хэдэн газраас үнийн судалгаа хийсэн ба хариуцагч талыг бодоод хамгийн бага үнийн санал өгсөн “Бодиз автомотив” ХХК-ийн авто засварын газарт засвар, үйлчилгээ хийлгэсэн. Анх  1 732 000 төгрөг гаргуулах  шаардлага гаргасан ч, бодит зардал нь 1 360 000 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд  оношлогооны төлбөр 57 000 төгрөг, гупер тогтоогчийн  үнэ 50 000 төгрөг, тухайн өдөр хариуцагчтай гадуур цагдаа, засварын газар явахад зарцуулсан түлшний зардал 80 000 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг, болон машины засвар хийлгэхэд гарсан бодит зардал 1 360 000 төгрөг нийт 1 563 500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Сүлжмэлийн үйлдвэрийн урд замд осол болсон. Тухай үед өөрийн эзэмшлийн Ниссан нөөт маркийн 3391УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Нэхэмжлэгчийн машины ард талаас мөргөж, осол гаргасан үйл баримтын талаар маргахгүй. Миний машин Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан учир жолоочийн хариуцлагын болон эд хөрөнгийн даатгалд бүрэн хамрагдсан байсан. Гэвч жолоочийн хариуцлагын даатгалын байгууллагаас нэхэмжлэгчийн машинд 520 000 төгрөгийн хохирол учирсан гэж өөрсдөө тогтоогоод үүнээс илүү өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 820 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрчнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Шүүх: 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гээс гэм хорын хохирол 1 467 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гээс 38 422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт хариуцагчаас 1 467 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор бичсэн боловч шийдвэрийн үндэслэл болсон “Бодиз автомотив” ХХК-ны нэхэмжлэлийн хуудас, оношлогоонд орсон баримтууд нь үнийн дүн зөрүүтэй. Шүүх хохирлыг бодитой тогтоогоогүй. Шүүх тайлбар гаргах боломжоор хангаагүй, ийм эрхтэй талаар танилцуулаагүй. Шүүх хуралдааны товыг хурал болохоос нэг хоногийн өмнө мэдэгдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Лэ нь хариуцагч Б.Гд холбогдуулан гэм хорын хохиролд 1 563 500 төгрөг гаргуулахаар шаардаж хариуцагч гэм буруугийн асуудлаар маргаагүй боловч шүүх хуралдаан дээр 820 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсэгт нь маргасан боловч хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар хэрэгжинэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хугацаа олгохдоо, түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, шүүх хуралдааныг товлох ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон хугацааг зөрчиж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлажээ.

 

Нэхэмжлэлд тайлбар гаргах хугацааг шүүхээс 14 хоногоор тогтоосон бөгөөд уг хугацаа нь 08 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байна. Хариуцагч нь шүүхээс тогтоосон уг хугацааны дотор хариу тайлбар, нотлох баримт гаргах, шүүхэд хандан нотлох баримт гаргуулахаар хүсэлт тавих зэргээр эрхээ хэрэгжүүлэх юм. Энэхүү эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзсэн тохиолдолд шүүхээс хэргийг хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргах зэрэг шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар явуулна.

 

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх  захирамжийг нэхэмжлэлд тайлбар гаргах хугацаа дуусахаас өмнө 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. /хх-ийн 33/

 

Уг захирамж гарсны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааныг товыг мэдэгдэх хуудсаар хүргэх журамтай. Гэтэл шүүх хуралдаан болох өдөр хариуцагч хэргийн материалтай танилцсан байх бөгөөд тайлбар гаргах хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг товлон, хэргийн материалд үндэслэн хэргийг шийдсэн байна. /хх-ийн 32/ Энэ тохиолдолд талууд тэгш эрхтэй мэтгэлцсэн, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01961 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД