Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/01961

 

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/01961

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 13-р хороо, 3 хороолол, ард аюушийн өргөн чөлөө гудамж, 2 байр 16 тоотод оршин суух Утай овогт Балданшаравын Лхагваэрдэнэ /ЧБ87081911/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, их наран 13 гудамж, 51 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Гэрэл /ЖИ77041568/-д холбогдох

 

гэм хорын хохирол 1,563,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам, Б.Мөнхцацрал, хариуцагч Б.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Лхагваэрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Сүлжмэлийн үйлдвэрийн урд замд Ниссан нөөт маркийн 3391УНД улсын дугаартай автомашины жолооч Б.Гэрэл нь Монгол Улсын Засын хөдөлгөөний дүрмийн 8.11-р заалтыг зөрчиж Лексус LX-570 маркийн 0022УНЯ улсын дугаартай Б.Лхагваэрдэнийн эзэмшлийн автомашиныг мөргөж, авто осол гаргасан. Уг ослын улмаас манай машины хойд гупер, баруун хойд гуперын гэрэл ойлгогч, гупер тогтоогч хагарч гэмтсэн ба будаг үйлчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Бид “Таван богд” ХХК, “Делта” ХХК гээд хэд хэдэн газраас үнийн судалгаа хийсэн ба хариуцагч талыг бодоод хамгийн бага үнийн санал өгсөн “Бодиз автомотив” ХХК-ийн авто засварын газарт засвар, үйлчилгээ хийлгэсэн. Анх шүүхэд нийт 1,732,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч машинаа засварт оруулж засуулахад бодит зардал нь 1,360,000 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд автомашинд хийсэн оношлогооны төлбөр 57,000 төгрөг, гупер тогтоогчын үнэ 50,000 төгрөг, тухайн өдөр хариуцагчтай гадуур цагдаа, засварын газар явахад зарцуулсан түлшний зардал 80,000 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, болон машины засвар хийлгэхэд гарсан бодит зардал 1,360,000 төгрөг нийт 1,563,500 төгрөгийг хариуцагч Б.Гэрэлээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Гэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Сүлжмэлийн үйлдвэрийн урд замд осол болсон. Би тухай үед өөрийн эзэмшлийн Ниссэн нөөт маркийн 3391УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Нэхэмжлэгчийн машины ард талаас мөргөж, осол гаргасан үйл баримтын талаар маргахгүй. Миний машин Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан учир би жолоочийн хариуцлагын болон эд хөрөнгийн даатгалд бүрэн хамрагдсан. Гэвч жолоочийн хариуцлагын даатгалын байгууллагаас нэхэмжлэгчийн машинд 520,000 төгрөгийн хохирол учирсан гэж өөрсдөө тогтоогоод үүнээс илүү өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагаас 820,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.” гэжээ.          

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Лхагваэрдэнэ нь хариуцагч Б.Гэрэлд холбогдуулан гэм хорын хохирол 1,563,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Тэрээр анх 1,732,000 төгрөгийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, авто ослын улмаас өөрийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг засаж янзуулахад гарсан зардал 1,360,000 төгрөг, хойд гупер тогтоогчийн үнэ 50,000 төгрөг, оношлогоо хийлгэсэн төлбөр 57,000 төгрөг, осол болох өдөр зарцуулсан шатхууны зардал 80,000 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 1,563,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 820,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодорхойлбол, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, сүлжмэлийн үйлдвэрийн урд замд хариуцагч Б.Гэрэл нь Ниссан нөөт маркийн 3391УНД улсын дугаартай автомашины жолоодон явахдаа нэхэмжлэгч Б.Лхагваэрдэнийн эзэмшлийн LX-570 маркийн 0022УНЯ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд хойд гупер, баруун хойд гуперийн гэрэл ойлгогч, гупер бэхлэгч эвдэрч, гэмтсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт болох Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн “Хаан” даатгалын байгууллагад гаргасан тодорхойлолт, шийтгэлийн хуудас, авто засварын газруудын гаргасан үнийн санал, нэхэмжлэх хуудас болон зохигчдийн тайлбараар тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Лхагваэрдэнэ нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч Б.Гэрэлээс нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр хариуцагчийн жолоодож явсан Ниссан нөөт маркийн автомашины өмчлөгчөөр “Хас хаан ББСБ” байгууллага бүртгэгдсэн боловч хариуцагч энэ талаар тайлбартаа “уг машиныг ББСБ-аас зээлээр худалдан авсан, зээлийг бүрэн төлж дуусаагүй байсан учир эзэмшигчийн нэр нь ББСБ-ын нэр дээр байсан” гэж тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учирсан хохирол болох хойд гупер, баруун хойд гуперийн гэрэл ойлгогч, гупер бэхлэгчийн эвдрэл, гэмтэл зэргийг засаж янзлахад гарсан зардлыг бодит байдалд нийцэж байгааг нотлох нотлох зорилгоор зах зээлд тухайн үйл ажиллагаа эрхэлдэг адил төрлийн байгууллагууд болох “Бодиз автомотив” ХХК, “Таван богд” ХХК, “Дельта-авто сервис” ХХК зэрэг байгууллагуудын үнийн санал, нэхэмжлэх хуудсыг нотлох баримтаар гаргаж, тэдгээрээс хамгийн бага үнийн санал болгосон “Бодиз автомотив” ХХК-иар засвар, үйлчилгээ хийлгэсэн нь нэхэмжлэлийн шаардлага бодитой байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв. Мөн автомашинд оношлогоо хийлгэсэн, зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгсэл болох гупер тогтоогч худалдан авсан талаар зохих санхүүгийн баримтыг баримтаар гаргасан нь хуулийн шаардлага хангажээ.

 

Харин нэхэмжлэгч автомашинд хэрэглэсэн түлш шатхууны зардал 80,000 төгрөг, нотариатын ажлын хөлсөнд төлсөн 16,500 төгрөг нэхэмжилж, шатхуун худалдан авсан талаар 2018.7.10, 2018.7.5-ны өдрийн 2ш баримт, мөн 2018.7.24, 2018.8.3-ны өдрийн 2 ш мөнгөний баримтыг тус тус нотлох баримтаар гаргасан боловч нэхэмжлэгчээс гарсан гэх дээрх зардлууд нь энэ хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд төлбөр, зардлын талаар баримтууд нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй баримт болж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн    25.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг ба хариуцагч Б.Гэрэл нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзал, тайлбартайгаа холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Б.Гэрэлээс нийт 1,467,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лхагваэрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлээс нэхэмжлэлийн хангасан дүн болох 1,467,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж тусгасан.

 

Энэ хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон этгээдэд шүүх хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба зохигчид зөвшөөрсөн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гэрэлээс гэм хорын хохирол 1,467,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лхагваэрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлээс 38,422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лхагваэрдэнэд олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                           ШҮҮГЧ                             Г.НЯМСҮРЭН

 

                                                                                                Б.ХИШИГБААТАР