Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 0046

 

 

 

 

М.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Г.Т

Шүүгдэгч                                           М.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.С

Хохирогч                                           В.О.В

Хохирогчийн өмгөөлөгч               Г.Г

Иргэний хариуцагч                                   Г.М

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дүгээр сарын 11-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолтой, М.Мод холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Мын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Н овогт М-ын М,

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн замын уулзварт Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 15.4 дэх заалтуудыг зөрчсний улмаас Тоёота Ноах маркийн 15-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч В.О.В-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дүгээр сарын 11-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Н овогт М-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-с 3 599 000 төгрөг гаргуулж хохирогч В.О.В-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 112 679 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Мын жолооны үнэмлэхийг буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн CD хэрэгт хавсарган үлдээж, Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

 

Шүүгдэгч М.М нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлээгүй бөгөөд хохирогч В.О.В нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч О.Н. А нь засварын хөлсний зөрүүгээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Мод холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч М-н М нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн замын уулзварт “Тоёота приус” маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 15.4 дэх заалтуудыг зөрчсний улмаас Тоёота Ноах маркийн 15-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч В.О.В-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

             

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Моос 3 599 000 төгрөг гаргуулж хохирогч В.О.В-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 112 679 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

       Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан хохирлыг гаргуулах болон хэрэгсэхгүй болгохдоо хохирлын хэмжээг хэрхэн яаж тооцож дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

       Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулах ёстой.

        Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нэг бүрчлэн хянаж, бүрэн гүйцэд бодит байдлаар үнэлж хохирлын хэмжээг хэрхэн тогтоож гаргуулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэсэн дүгнэлт нь ойлгомжгүй хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ. .

       Эрүүгийн хэрэгт хохирлын хэмжээг бодитой тогтоох нь ял шийтгэл оногдуулах, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг зөв сонгон хэрэглэхэд ач холбогдолтой бөгөөд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5.д заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Мод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Мод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        3. Шүүгдэгч М.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                            С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА