Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/307

 

             

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

            Нарийн бичгийн дарга Ж.Халиунаа   

            Улсын яллагч Г.Түвшинбаяр      

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Гантогтох

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул   

            Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мод холбогдох 1925002480164 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:, Монгол Улсын иргэн, М.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн замын уулзварт Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 15.4 дэх заалтуудыг зөрчсний улмаас Тоёота Ноах маркийн 15-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч В.О.Викториягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлсэн: 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр осол гаргасан. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн машины эвдрэлийн 1 835 000 төгрөг, эмчилгээний зардал 1,254,000 төгрөг, буудлын зардалд 500,000 төгрөг төлсөн. Машины засварын хөлс 1,200,000 төгрөг, хохирогчийн 6 сарын хөдөлмөрийн хөлс, хоол ундны зардал зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх мэдүүлэг,

-Иргэний хариуцагч Г.Мэнд-Амарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:Манай охины буруу. Машины хохирол, гарын сойлтын мөнгө, эм тарианы мөнгө, буудлын мөнгөнөөс 500,000 төгрөг, журмын хашааны мөнгө зэргийг төлсөн. 6 сарын ажлын хөлс 1,920,000 төгрөг, машины засварын хөлс зэргийг зөвшөөрөхгүй байгаа гэх мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх- ийн 5-10-р хуудас/

            -Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 31-р хуудас/

           - Эд мөрийн баримтаар эд зүйл /жолооны үнэмлэх/ хураан авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 34-р хуудас/

           -Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 36-р хуудас/

-Эд мөрийн баримтаар/ дүрс бичлэгийн хуулбар/ тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37-38-р хуудас/

- Хохирогч В.О.Викториягийн мөрдөн байцаалтад гаргасан... “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр барилгачдын талбайн 4 замын уулзвар руу зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр миний сууж явсан, манай нөхрийн жолоодож явсан машин нэвтрэхэд урдаас приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл маш хүчтэй ирээд мөргөсөн. Ослын улмаас миний зүүн гарын мөр мултарсан. Ясны толгойн төвгөрийн сэлтэрхий далд хугарсан. Машинд манай нөхөр, 6 настай охин хамт явсан. Нөхөр, охин хоёрын биед гэмтэл учраагүй. Ослын үед би суудлын бүсээ зүүчихсэн байсан. Зүүн гар хугарснаас болж ОХУ-аас гарын сойлт захиулж монгол мөнгөөр 1.200.000 төгрөгөөр авчруулсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний зочид буудалд хоногийн 50.000 төгрөгөөр хонож байгаа. Медипас эмнэлэгт рентген зураг авахуулахад 30.000 төгрөг, өвчин намдаах эм авахад 100.000 төгрөг, унаанд 50.000 төгрөг зарцуулсан. Хугарсан зүүн гарандаа хамгаалалтын бүсийг 2 сар зүүсний дараа ОХУ руу явж эмчилгээнд хамрагдана. Би буруутай этгээдээс буудлын зардал болон эмчилгээний зардал, цаашдын эмчилгээний зардал гээд нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-44-р хуудас/

- Иргэний нэхэмжлэгч О.Н.Анатольевичийн ...“би 15-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 4 замын уулзвараар ногоон гэрлээр явж байтал урд талаас ирж явсан автомашин зүүн тал руу эргэхдээ зам тавьж өгөлгүй ирээд мөргөсөн. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр гарсан 1.835.000 төгрөг дээр нэмж Улаанбаатар хотоос сэлбэг авчруулах, засуулах зэрэг ажпын хөлсөнд 1.200.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 3.035.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 53-р хуудас/

- Иргэний хариуцагч Г.Мэнд-Амарын ...“Зам тээврийн осол гардаг өдөр миний эзэмшлийн 98-96 ОРА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг миний охин М.М жолоодож явсныг мэдэж байсан. Надаас машины түлхүүр аваад жолоодсон. Тухайн тээврийн хэрэгслийг охин бид 2 ээлжилж жолооддог...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-р хуудас/

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 283 дугаартай дүгнэлт ...“Виктория В.О-ийн биед зүүн бугалга ясны толгойн төвгөрийн сэлтэрхийт далд хугарал, мөрний мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 59-р хуудас/

- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай “... Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тоёота Ноах маркийн 15-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Н.Анатольевич нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 15.4 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/.

 Дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзлээ.

Эдгээр, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн урд талын замын уулзварт Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тоёота Ноах маркийн 15-38 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд зорчиж явсан В.О.Викторияагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Анатольвичийн тээврийн хэрэгсэлд 1,835,000 төгрөгний эвдрэл хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг болгоомжгүй үйлдлээр зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, иргэний нэхэмжлэгчийн машинд эвдрэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.     

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Түвшинбаяр дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.М нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын зэст багийн нутаг дэвсгэр барилгачдын талбай уулзвар замд тоёота Приус маркийн 9896 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Тоёота Нова маркийн машиныг мөргөж, уг машины зорчигч Викторияагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Анатольвичийн тээврийн хэрэгсэлд 1835000 төгрөгний хохирол учирсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай. Хохирогчийн эмчилгээнд цаашид гарах зардал, 6 сарын цалин хөлс зэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ : Хохирогчид өнөөдрийн байдлаар гараад байгаа эмчилгээний зардал, асаргаа сувилгааны зардал, хөдөлмөрийн чадвар алдалтын зардал, цаашид зайлшгүй гарах зардал нийлээд 10,844,707 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулаар нэхэмжилсэн.Үүнээс машины хохирол 1,835,000 төгрөг, эмийн зардал, гарын сойлтын 1,200,000 төгрөг төлөгдсөн. Сая буудлын мөнгөнөөс 500,000 төгрөг нэмж төлсөн байна. Буудлын мөнгө бүрэн төлөгдөөгүй байна. Хохирогч гэр бүлийн хамт энд түр хугацаагаар явж байсан. Буудалд байхаас өөр очих газаргүй байсан. Буудал нь баримт гаргаж өгөөгүй байдаг. Мөн хохирогч ажилгүй хүн тул 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах эрхтэй. Энэ нь 1,920,000 төгрөг болж байгаа. Мөн цаашид ОХУ-д хийлгэх эмчилгээний зардал 4,872,178 төгрөг. Одоо нийт 9,507,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: зочид буудалд байрласан хөлс 1,600,000 төгрөг, хоол хүнсний зардал 1,112,679 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлс 1,920,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 4,872,178 төгрөг гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул дүгнэлтдээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн тул хуульд заасан хөнгөн ял оногдуулна уу. Хохирлын тухайд, машины хохирол, гарын сойлт, эмийн зардал зэргийг төлсөн. Мөн буудлын зардлаас 500,000 төгрөг төлсөн. Харин хоол хүнсний зардал 1,112,000 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлс 1,920,000 төгрөг зэргийн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Орлогогүй байснаа нотлоогүй. Орчуулга хийдэг гэж шүүх хуралдаанд ярьж байсан. Буудлын зардал 1,600,000 төгрөг нэхэмжилсэн, баримтгүй. Гэвч 500,000 төгрөг төлсөн гэжээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял сонгон оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч В.О.Виктория нь эмчилгээний зардал, гарын сойлт худалдаж авсан зардал, цаашид гарах эмчилгээний зардал, зочид буудалд байрласан хугацааны төлбөр, хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан зардал, ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлс зэрэг нийт 10,804,707 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Иргэний нэхэмжлэгч О.Н.Анатольевич нь автомашинд учирсан гэмтэл хохирол 1,835,000 төгрөг, өөрөө засварласан зардал 1,200,000 төгрөг, нийт 3 035 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүгдэгч М.М автомашины эвдрэл хохиролд 1,835,000 төгрөг, хохирогчийн гарын сойлтын үнэ 1,200,000 төгрөг, эмийн зардал 99,000 төгрөг, буудлын зардалд 500,000 төгрөг, нийт 3,634,000 төгрөгийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлсөн байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч “...Одоо нийт 9,507,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: зочид буудалд байрласан хөлс 1,600,000 төгрөг, хоол хүнсний зардал 1,112,679 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлс 1,920,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 4,872,178 төгрөг ...”гэж нэхэмжилсэн.

Шүүх хэрэгт авагдсан гэм хорын хохирлын баримтуудыг шинжлэн судлаад хохирогч В.О.Викториягийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй тул зочид буудалд байрласан хугацааны төлбөр 1,600,000 төгрөг, хэргийн 203 дугаар хуудаст авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн хохирогч В.О.Викториягийн “...2 сар ажлаа хийж чадахгүй байна...оюутан хүүхэдтэй ажлаа хиймээр байна...би хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас надад хар дэвтэр байхгүй...орчуулагч хийдэг, олон юм хийдэг...”  гэх мэдүүлгийг үндэслэн 6 сарын хөдөлмөрийн хөлс 1,920,000 төгрөг, хүнс болон ахуйн хэрэглээний бусад бүтээгдэхүүний худалдан авалтын E баримтыг үндэслэн 1,112, 679 төгрөг зэргийг хохирогчоос гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Зочид буудалд байрласан хугацааны зардал нь баримтаар нотлогдоогүй ба Эрдэнэт хотод байсан хугацааны хоол хүнсний болон бусад ахуйн хэрэглээний эд зүйлс худалдан авсан зардал нь хохирогчид учирсан шууд хохиролд тооцогдохгүй.

Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэм хор учрах үед цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрхтэй. Гэтэл хохирогч В.О.Викториягийн шүүхэд өгсөн мэдүүлгээр тэрээр хувиараа орчуулга зэрэг олон төрлийн хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний орлоготой болох нь тогтоогдсон тул түүнийг “орлогогүй” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрхи хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм.

Иймд эдгээр нэхэмжлэлийн шаардлага болох 4,632,679 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хуульд заасан шаардах эрхийн дагуу цаашид гарах эмчилгээний зардлын 4,872,178 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 Иргэний нэхэмжлэгч О.Н.Анатольевич нь автомашин засварласан ажлын хөлс 1,200,000 төгрөг нэхэмжилсэн ч шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэв.

 Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцгийг  хэрэгт хавсарган, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, битүүмжилсэн Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, М.Мын жолооны үнэмлэхийг буцаан олгохоор заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг            90 хоногийн хугацаанд сар бүр 266,666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,632,679 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн 4,872,178 төгрөгний хэсэг, иргэний нэхэмжлэлийн 1,200,000 төгрөгний хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, М.Мын 1026220 дугаарын жолооны үнэмлэхийг буцаан олгох, эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээх, Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд сар бүр 266,666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,632,679 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн 4,872,178 төгрөгний хэсэг, иргэний нэхэмжлэлийн 1,200,000 төгрөгний хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, М.Мын 1026220 дугаарын жолооны үнэмлэхийг буцаан олгох, эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээх, Тоёота приус маркийн 98-96 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ