Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2021/00096

 

 

 

 

 

 

 

 

 

    2021          01         14                                       182/ШШ2021/00096

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХК-нд холбогдох

Цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээний үүрэгт 5,670 ам доллар буюу 15,925,785 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан алданги 6758 ам доллар буюу 16,606,703 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.М, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Б ХК-тай 2017.03.13-ны өдөр ТКЕК-MN20182798-Rev4 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани Tsyssen Krupp брэндийн зорчигчийн иж бүрдэл 2 ширхэг цахилгаан шат нийлүүлж угсарсан. Гэрээнд 4 гэсэн тоо байгаа нь техникийн алдаа, буруу бичигдсэн байна лээ. Лифт угсралтыгАХХК-иар хийлгэсэн. 2017.10.07-ндАХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт лифт түр ашиглах зөвшөөрөл хүссэн. Гэрээний дагуу хоёр лифтийг угсарч 2019.07.24-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын туршилтад оруулж, хариуцагч компани Ба Улсын комисст хүлээлгэж өгсний дараа 2020.01.15-ны өдөр зорчигчийн хоёр цахилгаан шатыг, цахилгаан шат хүлээлцэх актаар хүлээлгэж өгч цахилгаан шатнуудыг угсарч ажиллагаанд оруулан хүлээлгэн өгч гэрээний үүргийг зуун хувь бүрэн биелүүлсэн. Гэрээнд төлбөр төлөх хуваарийг талууд тохирсон боловч Б ХК нь гэрээний 4.5-д зааснаар 5 дугаар ээлжийн буюу сүүлийн ээлжийн төлбөрт 7,180 доллар төлөх ёстой боловч 3,400 долларыг төлж, улмаар үлдэгдэл 3,780 долларыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн гэрээний 4.6-д зааснаар худалдан авагч Б ХК нь төлбөрийг хуваарийн дагуу хийгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алдангийг төлөх ёстой тул үлдэгдэл 3,780 долларын 313 хоногт тооцогдох алданги 5,308,594 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байдаг тул гэрээний үлдэгдэл төлбөрт 3,780 доллар, алдангид 1,890  доллар, нийт 5,670 долларыг Монгол банкны 2020.06.02-ны өдрийн хаалтын ханшаар буюу 1 долларыг нь 2808,78 төгрөгөөр бодоход монгол мөнгөөр нийт 15,925,782 төгрөгтэй тэнцэж байна. Иймд хариуцагч Б ХК-иас 15,925,782 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2015 онд Т ХХК-ийг шинээр байгуулагдаж байхад шинэ компанийг дэмжих зорилгоор туршлага муутай байсан ч ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр Т ХХК нь 2 ширхэг иж бүрэн лифтийг БНСУ-аас оруулж ирж манай компанийн барьж байгаа Бд угсрах ажил хийхээр болсон. Харин Т ХХК нь лифт угсрах ажлыгАХХК буюу гуравдагч компаниар гүйцэтгүүлсэн учир гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлээгүй гэж бид үзсэн. Ажлын хөлсийг тодорхой шатлалтайгаар төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Ингээд сүүлийн ажлын хөлс болох 7000 ам доллар дээр маргаан үүссэн. Манай байгууллага ихэнхи ажлын хөлсөө төлчихсөн байгаа. Харин Т ХХК-ийн захирал нь гуйсаар байгаад үлдэгдэл 7000 ам доллараас 3500 ам долларыг нь авчихсан. Бид нэхэмжлэгч нь ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзсэн учраас үлдэх хөлсийг төлөхийг зөвшөөрөхгүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээг 2017 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.1 дэх заалтад “2 ширхэг 16 зогсоолтой Elexess I (L sereis 1) цахилгаан шатыг Чингэлтэй дүүрэг, бага тойруу-26, Улаанбаатар-210646 орон сууцны Бд гэрээний 4.1, 2.3 нөхцөл биелснээс хойш 4 сарын дотор нийлүүлж ажлын 21 хоногийн дотор угсарч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын туршилтанд бэлэн болгоно гэж заасан үүргээ нэхэмжлэгч Т ХХК нь зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй компанийг хохироосон. Бид удаа дараа ирж ажлаа гүйцэтгэхийг утсаар болон мессежээр шаардаж байсан болно. Цахилгаан шат нийлүүлэх угсрах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “гэрээний 5.1 заалтын дагуу Худалдагч тал нь худалдан авагч талд хуваарийн дагуу барааг нийлүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Иймд Т ХХК-ийг гэрээний үүргээ хугацаа хоцроож гүйцэтгэсэн буюу 2017.08.03-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2020.01.15-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн гэж үзэн 894 хоног хугацаа хэтрүүлсэн алдангид 6,758 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар /1 долларыг 2,457.34 төгрөгөөр/ тооцож нийт 16,606,703 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Бид 2017.03.13-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх угсрах гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатыг хугацаандаа нийлүүлэн, угсралтын ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч барилгын ажил өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар зогссоноор бид мөн цахилгаан шатнуудыг ажиллагаанд оруулах боломжгүй болсон. Дулааны улирал ирж барилгын ажил үргэлжилж, 1 цахилгаан шатыг барилгын материал болон хог хаягдал зөөх зориулалтаар ашиглах сонирхолтой байгаа талаар ярьж санал тавьсны дагуу бид 2018.03.30-ны өдрөөр тус хүсэлтийн дагуу цахилгаан шатанд түр ашиглах зөвшөөрөл авахад барилгын зүгээс хийгдсэн байх шаардлагатай ажлуудын талаарх мэдэгдлийг Б ХК-д хүргүүлж, 2018.04.11-ний өдөр техникийн бүрэн магадлалд оруулах тухай хүсэлтийг МХЕГ-т тус тус хүргүүлсэн болно. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018.04.18-ны өдөр техникийн бүрэн магадлалыг хийж гүйцэтгэн 2018.04.25-ны өдрөөр № 07/104/80 тоот “Дутагдлыг арилгуулах тухай” албан шаардлага ирүүлсэн. Албан шаардлагад тусгагдсан нийт 14 шаардлагаас манай байгууллагад хамаарах 3, 4, 5, 8, 11, 13 тоот шаардлагуудад заагдсан ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн хэдий ч Б ХК-ийн зүгээс хийгдэх шаардлагатай 1, 2, 6, 7, 9, 10, 12, 14 тоот шаардлагууд буюу нийт 8 шаардлагыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй удааширснаас 2018 оны 10 сард түр ашиглах зөвшөөрөл болон улсын дугаарыг авсан.

Улмаар техникийн паспортыг Б ХК-д хүлээлгэн өгснөөр 1 ширхэг цахилгаан шатыг ашиглалтанд оруулан барилгын ажлын явцад ашиглаж эхэлсэн. 2 дахь цахилгаан шатыг бид барилгын ажилтай уялдуулан 2019.07.02-ны өдөр МХЕГ-ын техникийн бүрэн магадлагаанд оруулах хүсэлтийг гаргаснаар МХЕГ-аас 2019.07.24-ний өдөр хийж гүйцэтгэн 2019.07.25-ны өдрөөр №02-07-139/1146 тоот “лифтэнд магадлал хийсэн тухай” албан шаардлагыг ирүүлсэн. Манай байгууллага албан шаардлагын дагуу ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн хэдий ч Б ХК-ийн зүгээс барилгын ажил бүрэн дуусаагүй, Ба улсын комисст хүлээлгэн өгөөгүй байснаас үүдэн ашиглах зөвшөөрлийг авч өгөх боломжгүй болж хүлээгдсэн. 2019.09.24-ний өдрөөр Б ХК-ийн барилгын Б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нь гарснаар манай байгууллагын зүгээс 2019.10.02-ны өдөр, 2019.07.25-ны өдрөөр №02-07-139/1146 тоот лифтэнд магадлал хийсэн тухай албан шаардлагын дагуу дутагдлуудыг бүрэн арилгасан тул ашиглах зөвшөөрөл олгох тухай албан хүсэлт гаргасан болно. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ашиглах зөвшөөрлийг авч Б ХК-д техникийн паспортыг хүлээлгэн өгсөн болно. Манай байгууллагын зүгээс цахилгаан шатнуудыг гэрээний хугацаандаа нийлүүлэн угсарсан. Харин Б ХК-ийн барилгын ажил удааширсантай холбоотой цахилгаан шатнуудын ашиглах зөвшөөрлийг авч ашиглалтад хүлээлгэн өгөх ажил хойшилсон нь манай байгууллагын буруу биш болно. Иймд алданги төлөх үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б ХК-нд холбогдуулж цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээний үүрэгт 5,670 ам доллар буюу 15,925,785 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Б ХК нь нэхэмжлэгч Т ХХК-нд холбогдуулж алданги 6758 ам доллар буюу 16,606,703 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2 ширхэг лифтийг угсарч, хүлээлгэн өгсөн байхад хариуцагч тал сүүлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн, өөрөөр хэлбэл хугацаа алдсан асуудал нь хариуцагчтай өөртэй нь холбоотой учир, гэрээний дагуу үлдэгдэл төлбөр, алдангийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал 2 ширхэг лифтийг угсарч, хүлээлгэн өгөх байталАХХК гэсэн өөр гуравдагч байгууллагаар гүйцэтгүүлсэн, мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн учир бид харин сөргөөр алданги нэхэмжилж байгаа гэж мэтгэлцсэн.

 

Зохигчдын хооронд 2017.03.13-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Т ХХК нь 123,646 ам долларын хэмжээнд ThyssenKrupp брэндийн 2 ширхэг иж бүрдэл, 16 зогсоолтой, Elexess I (L series 1) загварын зорчигчийн шинэ цахилгаан шатыг БНСУ дахь ThyssenKrupp Elevator Ltd компаниар үйлдвэрлүүлэн, гэрээний 4.1, 2.3-т заасан нөхцөл биелснээс хойш 4 сарын дотор нийлүүлж, Чингэлтэй дүүрэг, бага тойруу-26, Улаанбаатар-210646 орон сууцны Бд ажлын 21 хоногийн дотор угсарч МХЕГ-ын туршилтад бэлэн болгох үүргийг, хариуцагч Б ХК нь үе шаттайгаар төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд хэн аль нь гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,2%-ийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.1, 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.1, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь БНСУ дахь ThyssenKrupp Elevator ХХК-иар Elexess I (L series 1) загварын, 2 ширхэг зорчигчийн шинэ цахилгаан шатыг үйлдвэрлүүлэн зохих журмын дагуу улсын хилээр оруулж ирэн, хариуцагч Б ХК-ийн барьж буй Чингэлтэй дүүрэг, бага тойруу-26, Улаанбаатар-210646 орон сууцны Бд угсарч, суурилуулахдааАХХК-тай хамтарсан, тэрээр лифтийг 2019.07.24-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын туршилтад оруулсан байх бөгөөд хариуцагч Б ХК нь гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар хийсэн ажлын гүйцэтгэлээр, үе шаттайгаар, 1 дүгээр ээлжийн төлбөрт 47,050 ам доллар, 2 дугаар ээлжийн төлбөрт 47,050 ам доллар, 3 дугаар ээлжийн төлбөрт 15,186 ам доллар, 4 дүгээр ээлжийн төлбөрт 7,180 ам доллар, 5 дугаар ээлжийн төлбөр 7,180 ам доллараас 3,400 ам доллар буюу нийт 119,866 ам долларыг төлж, үлдэгдэл 3,780 ам долларыг төлөөгүй байна.

 

Зохигчид нийт 119,866 ам долларыг хариуцагч талаас төлсөн талаарх баримтгүй байх боловч уг төлөгдсөн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй болно.

 

Ийнхүү хариуцагч Б ХК-ийн барьж буй Чингэлтэй дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, зоорьтой, ** давхар, контор, үйлчилгээ, байр сууцны зориулалттай Б, байгууламж ашиглалтад орж, 2019.09.24-ний өдөр комиссын дүгнэлт гарсан байх бөгөөд нэхэмжлэгч Т ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар үлдэгдэл төлбөр болох 3,780 ам долларыг төлөхийг хариуцагч Б ХК-иас шаардаж байжээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээ, цахилгаан шат хүлээлцэх акт, ажил туслан гүйцэтгэх гэрээ, лифтэнд магадлал хийсэн тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, техникийн магадлалын акт, лифтний схем зургууд,АХХК-ийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хариу хүргүүлсэн албан бичиг, хавсралт болох зургууд, цахилгаан шатны улсын бүртгэлүүд, Б, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, техникийн магадлалтын үр дүн зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээнд худалдагч, худалдан авагч, нийлүүлэлт, тээвэрлэлт гэсэн зохицуулалтууд байх боловч, шүүх зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцааг дээр дурдсан үйл баримтууд, гэрээний агуулга, зүйл, эцсийн үр дүнд нь гүйцэтгэгч нь 2 ширхэг лифтийг захиалагчийн барьж буй Бд угсарч, суурилуулж захиалагчид хүлээлгэн өгч байгаа шинж байдлыг харгалзан, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”,

350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”,

351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6-д зааснаар хариуцагч Б ХК-иас ажлын үлдэгдэл хөлс болох 3780 ам долларыг, алданги 1890 ам долларын хамт шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл алданги буюу анз нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай тал нь гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн, хариуцлагын шинжтэй байдаг онцлогтой.

Тиймээс хариуцагч Б ХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар ажлын үлдэгдэл хөлс болох 3780 ам долларыг төлөх үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байх тул гэрээний 4.6-д зааснаар уг төлбөрийг, алдангийн хамт төлөх үүрэгтэй болно.

 

Иймд хариуцагч Б ХК-ийн гаргасан “нэхэмжлэгч тал гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, лифтийг угсарч, суурилуулан хүлээлгэн өгөх ажлаа өөрсдөө хийгээгүй, гуравдагч байгууллагаАХХК-иар гүйцэтгүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч Т ХХК ньАХХК-тай тохиролцож 2018.09.15-ны өдөр ажил туслан гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээрАХХК нь маргааны зүйл болсон 2 ширхэг лифтийг угсарч, суурилуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, Т ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ бусад этгээдийг оролцуулж болно...” гэсэн заалттай нийцсэн, хариуцагч Б ХК ньАХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350.1.6-д зааснаар эцсийн байдлаар, акт үйлдэн 2020.01.15-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т ХХК-ийн 2018.04.11-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан хүсэлт, 2018.03.30-ны өдөр Б ХК-нд гаргасан 7 шаардлага бүхий албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2019.07.25-ны өдрийнАХХК-нд хүргүүлсэн лифтэнд магадлал хийсэн тухай албан бичиг,АХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хариу хүргүүлсэн 2019.12.17-ны өдрийн албан бичиг, техникийн магадлалтын үр дүн зэрэг баримтуудаас үзвэл, гэрээний зүйл болсон 2 ширхэг лифтийг нэхэмжлэгч Т ХХК нь угсарч, ашиглахад бэлэн болгосон, хариуцагч Б ХК-ийг хувийн хэрэгцээнд ашиглахтай холбоотой зарим бэлтгэл ажлыг хийхийг хүссэн, түүнчлэнАХХК-иас Мэргэжлийн хяналтын газарт хандаж 2 ширхэг лифтэнд магадлал хийлгэж, магадлалаар илэрсэн зөрчлүүдийг арилгаж байсан байх бөгөөд ийнхүү Б, байгууламж 2019.09.24-ний өдөр ашиглалтад орсон талаар дээр нэгэнт дүгнэсэн болно.

 

Харин ажлыг хийж гүйцэтгэн, алдаа дутагдлыг засан залруулж, лифтийг ашиглалтад оруулж, Б байгууламжийг бүхэлд нь улсын комисс хүлээн авсан дээрх цаг хугацааны явцад нэхэмжлэгч Т ХХК нь гэрээний зүйл болсон 2 ширхэг лифтийг угсарч, суурилуулахдаа хугацаа хожимдуулсан өөрөөс нь шалтгаалсан буруутай үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд харин хариуцагч Б ХК нь Зам, тээвэр, Б, хот байгуулалтын сайдын 2008.12.11-ний өдрийн 53 дугаар тушаалаар батлагдсан “лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн /https://www.legalinfo.mn сайт/ 26.3-т зааснаар лифтийг ашиглалтад хүлээн авахдаа комисс томилох үүргээ биелүүлээгүй, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018.04.25-ны өдрийн 07/104/80 дугаар, Б ХК-нд хүргүүлсэн дутагдал арилгуулах тухай албан бичгээр тус дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 5,670 ам буюу 15,925,782 төгрөгийн шаардлагаа, ажлын үлдэгдэл төлбөр 3780 ам доллар, алданги 2019.07.27-ны өдрөөс 2020.06.03-ны өдрийг хүртэл 313 хоног, хоногийн 0,2%, нийт 2,366 ам доллар нь гүйцэтгээгүй үүрэг болох 3,780 ам долларын 50%-иас хэтэрсэн тул Иргэний хуулийн 50%-д нийцүүлж, 1,890 ам доллар болсон гэж задлан тайлбарласныг шүүх үндэслэл бүхий тооцоолол байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Б ХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3,780 ам доллар, алданги 1,890 ам доллар, нийт 5,670 ам доллар /1 ам доллар 2,808.78 төг/ буюу 15,925,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

Хариуцагч Б ХК нь нэхэмжлэгч Т ХХК-ийг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.1-д заасан бараа нийлүүлэх 4 сар буюу гэрээ байгуулсан 2017.03.13-ны өдрөөс 2017.07.13-ны өдөр, нийлүүлснээс хойш угсарч 21 хоногт буюу 2017.08.03-ны өдөр хүлээлгэн өгөх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэн 2017.08.03-ны өдрөөс эхлэн лифтийг актаар хүлээлгэн өгсөн 2020.01.15-ны өдрөөр тооцон нийт 894 хоногийн алдангийг үлдэгдэл төлбөр болох 3780 ам доллараас гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т зааснаар 0,2%-иар тооцон 6,758 ам доллар буюу 16,606,703 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн.

 

Харин нэхэмжлэгч Т ХХК нь бид гэрээний хугацааг хожимдуулаагүй, харин энэ нь хариуцагч Б ХК-тай өөртэй холбоотой учир, алданги төлөх хууль зүйн үүрэггүй гэж мэтгэлцсэн.

 

Өөрөөр хэлбэл цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан лифтийг 4 сарын дотор нийлүүлж, 21 хоногийн дараа МХЕГ-ын туршилтад бэлэн болгох хугацаа хэтэрсэн явдалд нэхэмжлэгч Т ХХК бус, харин хариуцагч Б ХК өөрөө буруутай болохыг үндсэн нэхэмжлэлийн хэсэгт шүүх нэгэнт дүгнэсэн бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Б ХК нь гэрээний 5.2-т зааснаар алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй, тооцоолол нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэнгүй.

 

Тодруулбал гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “худалдан авагч тал худалдагч талд хуваарийн дагуу барааг нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,2%-ийн алданги төлөх” гэсэн зохицуулалт агуулгын хувьд ойлгомжгүй, нэхэмжлэгч Т ХХК нь гэрээний зүйл болсон 2 ширхэг лифтийг зохих журмын дагуу БНСУ-аас оруулж ирснийг хариуцагч Б ХК-иас ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, энэ талаарх баримтгүй, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Т ХХК-нд холбогдох алданги 6,758 ам доллар /1 ам доллар тухайн үеийн ханшаар 2,457.34 төг/ буюу 16,606,703 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

                                                                                                    

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б ХК-иас 5,670 ам доллар буюу 15,925,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Т ХХК-нд холбогдох 6,758 ам доллар буюу 16,606,703 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 237,578 төгрөг, хариуцагч Б ХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 240,983 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-иас 237,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА