Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00611

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/00096 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б ХК-д холбогдуулан нийт 15,925,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Т ХХК-аас нийт 16,606,703 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрцэцэг, түүний өмгөөлөгч Б.Бадамгарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2017 оны 03 сарын 13-ны өдөр TKEK-MN20182798-Rev4 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч компани Т Крапп /Thyssen Krupp/ брэндийн зорчигчийн иж бүрдэл 2 цахилгаан шат нийлүүлж угсарсан. Лифт угсралтыг Ашада ХХК-аар хийлгэсэн. 2017 оны 10 сарын 07-ны өдөр Ашада ХХК-аас МХЕГ-т лифт ашиглах зөвшөөрөл хүссэн. Гэрээний дагуу хоёр лифтийг угсарч 2019 оны 07 сарын 24-ний өдөр МХЕГ-ын туршилтад оруулж, хариуцагч компани Ба Улсын комисст хүлээлгэж өгсний дараа 2020 оны 01 сарын 15-ны өдөр цахилгаан шат хүлээлцэх актаар хүлээлгэн өгч, цахилгаан шатуудыг угсарч ажиллагаанд оруулан хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Б ХК нь гэрээний 4.5-д зааснаар 5-р ээлжийн төлбөрт 7,180 ам.доллар төлөх ёстой боловч 3,400 ам.долларыг төлж, үлдэгдэл 3,780 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Гэрээний 4.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги тооцоход 313 хоногийн алданги 5,308,594 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул үлдэгдэл төлбөр 3,780 ам.доллар, алданги 1,890 ам.доллар, нийт 5,670 ам.долларыг Монголбанкны 2020 оны 06 сарын 02-ны өдрийн ханш 2,808.78 төгрөгөөр бодож нийт 15,925,782 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээг 2017 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан. Гэрээний 1.1.1-д 2 ширхэг 16 зогсоолтой Элексесс /Elexess/ цахилгаан шатыг гэрээний 4.1, 2.3-т заасан нөхцөл биелснээс хойш 4 сарын дотор нийлүүлж, ажлын 21 хоногийн дотор угсарч МХЕГ-ын туршилтад бэлэн болгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд уг үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй хариуцагчийг хохироосон. Бид удаа дараа ирж ажлаа гүйцэтгэхийг утсаар болон мессежээр шаардаж байсан болно. Иймд хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээний 5.2-т заасны дагуу 2017 оны 08 сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх 894 хоногийн алданги 6,758 ам.доллар буюу тухайн үеийн ханш 2,457.34 төгрөгөөр тооцож нийт 16,606,703 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Бид гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатыг хугацаандаа нийлүүлэн, угсралтын ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч барилгын ажил өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар зогссон. Дулааны улирал ирж 1 цахилгаан шатыг барилгын материал болон хог хаягдал зөөх зориулалтаар ашиглах сонирхолтой байгаа талаар санал тавьсны дагуу бид 2018 оны 03 сарын 30-ны өдөр цахилгаан шатыг түр ашиглах зөвшөөрөл авахад барилгын зүгээс хийгдсэн байх шаардлагатай ажлуудын талаарх мэдэгдлийг Б ХК-д, 2018 оны 04 сарын 11-ний өдөр техникийн бүрэн магадлалд оруулах тухай хүсэлтийг МХЕГ-т тус тус хүргүүлсэн болно. Үүний дагуу МХЕГ-аас 2018 оны 04 сарын 18-ны өдөр техникийн бүрэн магадлалыг хийж гүйцэтгэн 2018 оны 04 сарын 25-ны өдөр Дутагдлыг арилгуулах тухай албан шаардлага ирүүлсэн. Албан шаардлагад тусгагдсан 14 шаардлагаас манай байгууллагад хамаарах 3, 4, 5, 8, 11, 13-т заагдсан ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн хэдий ч Б ХК-ийн зүгээс хийгдэх шаардлагатай 1, 2, 6, 7, 9, 10, 12, 14 тоот шаардлагууд нийт 8 шаардлагыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй удааширснаас 2018 оны 10 сард түр ашиглах зөвшөөрөл авч, техникийн паспортыг Б ХК-д хүлээлгэн өгснөөр 1 ширхэг цахилгаан шатыг ашиглалтад оруулан ашиглаж эхэлсэн. 2 дахь цахилгаан шатыг бид барилгын ажилтай уялдуулан 2019 оны 07 сарын 02-ны өдөр МХЕГ-ын техникийн бүрэн магадлагаанд оруулах хүсэлтийг гаргаснаар МХЕГ-аас 2019 оны 07 сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэн Лифтенд магадлал хийсэн тухай албан шаардлагыг ирүүлсэн. Манай байгууллага албан шаардлагын дагуу ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн хэдий ч Б ХК-ийн зүгээс барилгын ажил бүрэн дуусаагүй, Ба Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байснаас үүдэн ашиглах зөвшөөрлийг авч өгөх боломжгүй болж хүлээгдсэн. 2019 оны 09 сарын 24-ний өдрөөр Б ХК-ийн барилгын Б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар манай байгууллагын зүгээс 2019 оны 10 сарын 02-ны өдөр зөвшөөрөл хүсэх тухай албан хүсэлт гаргасан. Үүний дагуу МХЕГ-аас ашиглах зөвшөөрлийг авч Б ХК-д техникийн паспортыг хүлээлгэн өгсөн болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХК-аас 5,670 ам.доллар буюу 15,925,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-д холбогдох 6,758 ам.доллар буюу 16,606,703 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т ХХК-аас төлсөн 237,578 төгрөг, хариуцагч Б ХК-аас төлсөн 240,983 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-аас 237,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгааг анхаарсангүй. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, актаар гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгсөн баримтгүй атлаа гэрээний үлдэгдэл мөнгөө нэхэмжлэгч авсан нь хууль бус гэж үзэж байна. Шүүх ажил гүйцэтгэх гэрээ байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч талын бараа бүтээгдэхүүн нийлэх гэсэн нотолгоогүй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй хоёр талын байгуулсан гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б ХК-д холбогдуулан гэрээний төлбөрийн үүргийн үлдэгдэл 3,780 ам.доллар, түүний алданги 1,890 ам.доллар, нийт 5,670 ам.доллар буюу 15,925,782 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч Т ХХК-аас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсний алдангид 6,758 ам.доллар буюу 16,606,703 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар талууд харилцан маргажээ. /хх1, 45, 53-55/

 

Талууд 2017 оны 03 сарын 13-ны өдөр Цахилгаан шат нийлүүлэх, угсрах гэрээ байгуулж, Т ХХК нь 2 ширхэг Т Крапп /Thyssen Krupp/ маркийн цахилгаан шатыг урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс хойш 4 сарын дотор нийлүүлж, ажлын 21 хоногийн дотор угсарч МХЕГ-ын туршилтад бэлэн болгох, Б ХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 123,646 ам.долларыг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /хх 5-8/

 

Дээрх гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг, эдлэх эрх, гэрээний нөхцөл зэргээс үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан гэрээ /хх 12/, цахилгаан шат хүлээлцэх акт /хх 10, 11/ зэрэг баримтуудаас үзвэл, ажил гүйцэтгэгч Т ХХК нь 2 ширхэг цахилгаан шатны угсралтын ажлыг Ашада ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн, улмаар захиалагч Б ХК нь 2020 оны 01 сарын 15-ны өдөр цахилгаан шатыг шалгаж, акт үйлдэн хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. Захиалагч Б ХК нь туслан гүйцэтгэгч Ашада ХХК-аас гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан байх тул ажлыг өөр этгээд гүйцэтгэснийг мэдсэн гэж үзэх тул нэг тал нөгөө талдаа мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд эрх, үүргээ шилжүүлэхийг хориглосон гэрээний 13.2 дахь заалтын зохицуулалтад хамааралгүй байна.

 

Түүнчлэн, Б ХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 123,646 ам.доллараас 119,866 ам.долларыг гүйцэтгэгч талд төлж, үлдэх 3,780 ам.долларыг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б ХК-аас үлдэгдэл ажлын хөлс 3,780 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны зарласан албан ёсны ханш 2,808.78 төгрөгөөр тооцож, нийт 10,617,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин Т ХХК-ийн 1,890 ам.долларын алданги гаргуулах шаардлага, Б ХК-ийн 6,758 ам.долларын алданги гаргуулах сөрөг шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн албан шаардлага /хх 135-137/, дүгнэлт /хх 14-15/, Техникийн магадлалын акт /хх138, 16/, Улсын байцаагчаас олгосон Цахилгаан шатны улсын бүртгэл /141, 142/, Б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 143-146/, Техникийн магадлалын үр дүн /хх 147, 148/ зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан ...Албан шаардлагад тусгагдсан нийт 14 шаардлагаас манай байгууллагад хамаарах 3, 4, 5, 8, 11, 13 тоот шаардлагуудад заагдсан ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн хэдий ч Б корпораци ХХК-ийн зүгээс хийгдэх шаардлагатай 1, 2, 6, 7, 9, 10, 12, 14 тоот шаардлагууд буюу нийт 8 шаардлагыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй удааширснаас... гэсэн тайлбартай харьцуулан дүгнэхэд гэрээнд заасан хугацаа хэтэрсэн нь захиалагч болон ажил гүйцэтгэгчийн хэн алинаас шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги гаргуулах үндэслэл нь гэрээний нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа хэтэрсэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх явдал бөгөөд дээр дурдсанаар гэрээнд заасан хугацаа хэтэрсэн үйл баримтад зохигчид хэн аль нь буруутай тул харилцан алданги шаардах эрхгүй буюу Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдсан байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээрхээс гадна ажлын хөлс шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад агуулагдах учир мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг удирдлага болгох шаардлагагүй тул холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, мөн хариуцагчийн татгалзал, тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл давхцаж байх тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийг нэгтгэх нь зохилтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/00096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,617,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үлдэх 5,308,594 төгрөгт холбогдох шаардлага болон нэхэмжлэгч Т ХХК-д холбогдох алданги 6,758 ам.доллар буюу 16,606,703 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан тус заалтын ...хариуцагч Б ХК-иас 237,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай гэснийг ...хариуцагч Б ХК-аас 184,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д буцаан олгосугай гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарласугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,579 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР