Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02092

 

Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01711 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Япон улсын иргэн Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-т холбогдох

 

Байрны хөлс, хамтран ажиллах гэрээ цуцласны үлдэгдэл төлбөр нийт 60 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэн Н нь Б.Гтэй 2011 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр /17041/ Туул голын гудамж 57 дугаар байрны 26 тоот сууцыг сарын 500 000 төгрөгөөр хөлслүүлж эхэлсэн. Байрны хөлсийг эхэндээ цаг хугацаандаа төлж байснаа сүүлдээ  алдаг онон төлсөөр 2016 оны 03 дугаар сарын байдлаар 7 750 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

 

Мөн Нтай Б.Г нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 53 000 000 төгрөгний хамтран ажиллах гэрээг байгуулж, бэлнээр 43 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгт микро автобусыг хүлээлгэн өгсөн. Б.Г нь эхний сар гэрээний дагуу төлөх ёстой байсан үүргээ хагас дутуу биелүүлж байсан тул үүргээ бүрэн биелүүлэх,үйл жиллагааны тайлан зэргийг шаардахад гаргаж өгөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй байсан тул гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад "шинэ бизнес эрхэлж байгаа тул хугацаа хэрэгтэй байна дахин боломж олгооч" гэсний дагуу тухайн үед харилцан тохиролцоод дахин хугацаа олгосон. Үүнээс хойш 2012 оны 7 дугаар сарын 09-нд 1 000 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөг төлөөд дахин мөнгө нэмж төлөөгүй. 2012 оны 10 сарын эхээр гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэхэд 2012 оны 10 дугаар сарын 29-нд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2013 оны 01 сарын 21-нд 6 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 22-нд 10 000 000 төгрөгийг төлсөн. Улмаар 2014 оны 8 дугаар сард Н Монголд  ирж Б.Гийн эцэг Ч.Бт шинээр суудлын автомашин авахад нь 13 000 000 төгрөг зээлдүүлж байхдаа Б.Гтэй уулзаж, "хамтран ажиллах гэрээ"-ний 3.3-д “Б” тал сар бүрийн 1-5-нд төлөх 1 500 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй нэг хоног хожимдуулбал гэрээг "А" тал цуцалж гэгээг дуусгавар болгох эрхтэи" гэж заасны дагуу гэрээгээ цуцласан болохоо тухайн үед албан ёсоор мэдэгдсэн. Гэрээ цуцлагдсанаас хойш байнга мөнгөө нэхэж, хэд хэдэн удаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Аыг явуулан гэрт нь очуулах болон шуудангаар мэдэгдэх хуудсаа илгээж байсан. Байрны түрээс болон гэрээний дагуу шилжүүлэх ёстой төлбөрүүдээ нийтэд нь цуг төлнө гээд явсаар өнөөдрийг хүргэсэн. Нэхэмжлэгчийн данс руу 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөгийг төлөөд дахин төлөөгүй, 2012 оны 10 сарын эхээр үүргээ биелүүлэх талаар мэдэгдэхэд 10 сарын 29-нд 10 000 000 төгрөг, 2013 оны 1 сарын 21-нд 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа бэлэнээр хөрөнгө оруулсан 43 000 000 төгрөг,  автомашин  10 000 000 төгрөг нийт 53 000 000 төгрөгөөс төлөгдсөн гэх 28 000 000 төгрөгийг хассан боловч Б.Г нь сөрөг нэхэмжлэлдээ энэ 28 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт төлөөгүй өөр зориулалтаар төлсөн гэж шүүхэд тайлбар гаргасан тул хасч тооцон,  28 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Б.Гөөс нийт 60 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл нь тодорхойгүй, ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гээд байгаа шалтгаан нөхцөл нь ч ойлгомжгүй,бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нараас шүүхэд гаргасан  тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь  2013 оын 01 сараас хойш сууцыг хөлслөн амьдарч байгаа,хөлсийг цаг тухайд нь төлж байсан. Аын орчуулсан Нгийн  захидалд зөвхөн 2016 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрийн талаар дурджээ. Сууцны төлбөрийг  бэлнээр өгч байсныг хариуцагчийн гэр бүлийн гишүүд бүгд гэрчилнэ. Мөн банкаар шилжүүлж байсан. Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдээгүй атлаа орон сууцнаас хөөж гаргах талаар давхар нэхэмжлэл гаргасан. Орон сууцны  төлбөрийн ямар ч тооцоо байхгүй.

 

Нтай хамтран ажиллах тохиролцоог 2010 оны 8 сард амаар байгуулж,ОХУ-с тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, зарж борлуулахаар тохиролцсон. Нтай хамтран хөрөнгө оруулсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээг сүүлд нөхөж байгуулсан. Уг гэрээгээр ямар нэгэн мөнгө шилжээгүй. Энэ гэрээнээс өмнө олсон ашгийг бүгдийг нь шилжүүлж байсан,Н хамтран ажиллах гэрээний явц зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой амжилтгүй болох үед байрнаас хөөж гаргана гэж байнга дарамталж, загнадаг байсан. 2 талаас адил хөрөнгө оруулалт хийж бүтэлгүйтсэн, нэхэмжлэгч нь ийм хэмжээний ашиг олох байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээгээр хийсэн ажил, бизнес бүтэлгүйтсэн тул одоо Нд төлөх төлбөргүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Талуудын  2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр 53 000 000 төгрөгийн  хөрөнгө оруулалт бодитоор хийгдээгүй. Н.Ёгийн шахалтын дагуу аргагүй байдалд орж аваагүй мөнгө авсан мэтээр  нөхөж хийсэн.  2010 оны 8 сард Ё 15 000 000 төгрөг зээлсэн,зээлээ тодорхой хэмжээгээр төлсөн. Ё нь 2010 оны 09 сард 1 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сард 1 000 000 төгрөгийг Б.Б-ын хамт бэлнээр тушаасан. 2011 оны 1 сард 3 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн.  2011 оны 4 сарын сүүлээр 4 500 000 төгрөгийг өгч нийт 10 000 000 төгрөг болсон. Ё уг 10 000 000 төгрөгөөр бараа тээвэрлэх ачааны машин авч өгөхөөр болж, 2011 оны 5 сарын эхээр 5150 УНМ улсын дугаартай Истана маркийн авто машиныг худалдан авч Б.Гийн эзэмшилд шилжүүлсэн ч өмчлөлийг шилжүүлээгүй. Энэ үед хоорондын тооцоогоор өмнө зээлсэн 15 000 000 төгрөгийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, ачааны машины мөнгө 10 000 000 нийт 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.  2011оны 8 сарын 4-нөөс  2012 оны 5 сарын 1 хүртэл 7 удаагийн гүйлгээгээр 6 650 000 төгрөгийг Ёгийн Голомт банкны 1605013644 данслуу шилжүүлсэн. 2012 оны эхэн үеэс  8 500 000 төгрөгөө үлдэгдэлтэй болоод байсан. Энэ үед Н.Ё өмнө нь төлөөд байсан 16 500 000 төгрөгийг ашигт тооцон авсан болж нийт 25 000 000 төгрөг хөрөнгө оруулснаар тооцох юм бол нэмж 28 000 000 төгрөг өгье, түүгээр эргэлтийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж оронд нь надад сар бүр 1 000 000 төгрөг өг,  байрны хөлс сар бүр 500 000 төгрөг нийт 1 500 000 болгосон. Гарын үсэг зурсны дараагаар шилжүүлнэ гэж тохирсон 28 000 000 төгрөг нь орж ирээгүй.  2012 оны 7, 8 сард нийт 2 000 000 төгрөг төлсөн. 2013 оны 1 сараас эхлэн зөвхөн байрны  500 000 төгрөгийг сар бүр төлөхөөр болсон. Нэхэмжлэлд дурдсан  2012 оны 10 сарын 29-ний өдрийн  10 000 000 төгрөг, 2013 оны 1 сарын21-ний өдрийн 6 000 000 төгрөг, 2013 оны 2 сарын 22-ны өдрийн 10 000 000 төгрөгийг Ч.Баас шилжүүлсэн нь  хамтран ажиллах гэрээний төлбөр биш. Аав, ээж хоёр маань Ёошимагаас 3 өрөө орон сууцыг зээлээр худалдаж авсан түүний төлбөр байсан. Одоо нэхэмжпэлд дурдсан 5150-УНМ дугаартай машинаа нэхэмжлэгч  өөр хүнд зарчихсан. Иймд "хамтран ажиллах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-өөс байрны хөлсний үлдэгдэл 6 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 500 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч Б.Гийн нэхэмжлэгч Нд холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 619 650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 422 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гөөс 114 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигч  2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр "хамтран ажиллах гэрээ" байгуулж, 43 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож,  нийт 53 000 000 төгрөгийн  хөрөнгө оруулсан нь үнэн. Нотариатч П.Г нь гэрчилсэн. Гэрч Л.А нь гэрээний тал биш, орчуулж дэмжлэг туслалцаа үзүүлсэн этгээд. Энэ хүний нүдэн дээр мөнгөө шилжүүлж өгч байж, мөнгө шилжүүлэгдэх үйл баримт "нотлогдоно" гэсэн хуулийн заалт байхгүй. Машиныг Гийн эцэг Ч.Бийн өмчлөлд шилжсэн. Г нь анхнаас нь эзэмшиж, ашиглаж байгаа. Иймд шүүхийн шийдвэрийн 53 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Япон улсын иргэн Н нь хариуцагч Б.Г-т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний хөлс, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбоотой өөрт ногдох хэсэг нийт 60 750 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “орон сууц хөлслөх гэрээгээр хөлсийг бүрэн төлсөн, хамтран ажиллах гэрээгээр 43 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт буюу хураамжийг нэхэмжлэгч төлөөгүй, 10 000 000 төгрөгийн үнэтэй авто машинаа нэхэмжлэгч өөрөө бусдад худалдсан” гэж маргажээ.

 

Мөн хариуцагч талаас 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр бодитойгоор мөнгөн хөрөнгө шилжиж орж ирээгүй, хүчинд автаж аргагүйн эрхэнд өмнө амаар байгуулагдсан гэрээг нөхөж бичгэн хэлбэрт оруулсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргажээ. /1хх-ийн 1-3, 33, 49-50, 2хх-155/

 

Зохигчид 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээ цуцлагдаж дуусгавар болсон, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2011 оноос эхлэн хөлсөлж суусан үйл баримт тогтоогджээ. /1хх-ийн 8-9/

 

Хамтран ажиллах гэрээгээр 43 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч бодитойгоор оруулсан эсэх, орон сууц хөлслөх гэрээгээр хөлс бүрэн төлөгдсөн эсэхэд зохигч маргаантай байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Хэргийн 8-9 дүгээр талд авагдсан гэрээг нотариатын байгууллага дээр үйлдэж, нотариатч үнэн зөвийг нь гэрчилсэн арын хуудаст “машин 10 000 000 төгрөг, бэлэн 43 000 000 төгрөг, 100 % хөрөнгө оруулсан нь үнэн болно, хүлээн авсан” гэх бичвэр байх бөгөөд хариуцагч Б.Г гарын үсэг зуржээ. Дээрх гэрээнд заагдсан автомашин болон 43 000 000 төгрөгийг хариуцагчийг хүлээн авсан гэж үзэхээр байх бөгөөд уг үйл баримтыг няцаасан баримт хэрэгт байхгүй байна. Хөрөнгө хүлээн авсан гэх баримт дээр нотариатын тэмдэглэгээ хийгдсэн байдлыг, түүнчлэн гэрч Г.Аын “мөнгө өгөлцөж авалцахад нь байлцаагүй” гэх мэдүүлэг нь дээрх бичмэл баримтын агуулгыг үгүйсгэхгүй юм.

 

Талууд гэрээндээ ОХУ-аас чихэр оруулж ирэх, чихэр зарсан мөнгөнөөс сар бүр тогтмол мөнгө шилжүүлэх тохиролцоо хийгдсэн боловч хариуцагч Б.Г энэ үүргээ биелүүлсэн эсэх, үүнтэй холбоотой ашиг алдагдал үүссэн эсэхээ баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж мөнгөө буцаан авах эрхтэй.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээг цуцалсан тул мөн зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хамтын ажиллагаанд зориулан шилжүүлсэн 43 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй юм. Харин 10 000 000 төгрөгөөр үнэлсэн автомашинаа нэхэмжлэгч бусдад худалдсан тул шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Хариуцагчийн эцэг н.Баас нэхэмжлэгчид дансаар “орлого” гэсэн утгаар шилжүүлсэн 26 000 000 төгрөгийг Б.Гийн үүрэгт суутган тооцох эсэх асуудлаар талууд маргасан. Хариуцагч Б.Г нь “43 000 000 төгрөгийн үүрэг үүсээгүй” гэж маргасан ч энэ талаар нотлоогүй, түүнчлэн “өөрийнх нь эцгээс нэхэмжлэгчид шилжүүлж байсан 26 000 000 төгрөгийг уг гэрээний үүргээс тусдаа өөр төлбөрт шилжсэн мөнгө” гэж тайлбарлах боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй. Энэхүү байдлыг гэрч Г.Ааас “ажил төрлийн орчуулга хийж явсны хувьд Б.Гийн тооцоог үргэлж түүний өмнөөс эцэг н.Б хийдэг байсныг мэднэ. н.Бийн төлсөн мөнгөн хөрөнгө Б.Гийн үүрэг мөн” гэх агуулгаар өгсөн мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд Б.Гийн эцэг н.Баас нэхэмжлэгчид шилжүүлсэн 26 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүрэгт тооцох нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 43 000 000 төгрөгөөс н.Баар дамжуулан 26 000 000 төгрөг, өөрөө 2 000 000 төгрөг шилжүүлсэн, нийт 28 000 000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж, 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01711 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 250 000” гэснийг “15 000 000” гэж, “54 50 000” гэснийг “45 750 000”, 2 дахь заалтын “114 950” гэснийг “232 950” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                          Ш.ОЮУНХАНД