Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/01711

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/01711

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 57 дугаар байрны 26 тоотод оршин суух, Ихтамир овогт Батхуягийн Ганхөлөгт /РД:УЦ88041015/ холбогдох

Байрны түрээсийн төлбөр болон хамтран ажиллах гэрээ цуцласны үлдэгдэл төлбөр нийт 60 750 000  төгрөг гаргуулах,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 57 дугаар байрны 26 тоотод оршин суух, Ихтамир овогт Батхуягийн Ганхөлөгийн  

Нэхэмжлэгч: Япон улсын иргэн Нишино Ёошимасад /ТR4765130/TG79995293/ холбогдох

Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн /ШТЭҮ-2019/, М.Алтанцэцэг /ШТЭҮ-0076/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг /ШТЭҮ-1953/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь Б.Ганхөлөгтэй 2011 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр /17041/ Туул голын гудамж 57 дугаар байрны 26 тоот өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр харилцан тохиролцож хөлслүүлж эхэлсэн. Байрны түрээсийг эхэндээ цаг хугацаандаа төлж байснаа сүүлдээ түрээсийн төлбөрийг алдан онон төлж явсаар 2016 оны 03 дугаар сарын байдлаар 7 750 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Улмаар ийнхүү байр хөлсөлж байхдаа Нишино Ёошимасатай Б.Ганхөлөг нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 53 000 000 төгрөгний “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, хамтран ажиллах тохиролцооны хөрөнгө оруулалт болгож түүнд бэлнээр 43 000 000 төгрөгийг, мөн 10 000 000 төгрөгөөр тохиролцон Солонгос улсад үйлдвэрлэсэн SsangYong Istana маркийн 51-50 УНМ улсын дугаартай микро автобусыг хүлээлгэн өгсөн. Б.Ганхөлөг нь эхний сар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлөх ёстой байсан үүргээ хагас дутуу биелүүлж байсан тул гэрээний үүргээ бүрэн биелүүлэх болон гэрээний дагуу үйл ажиллагааны тайлан зэргийг шаардахад гаргаж өгөлгүй, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй байсан тул гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад Б.Ганхөлөг “шинэ бизнес эрхэлж байгаа тул хугацаа хэрэгтэй байна дахин боломж олгооч” гэсний дагуу тухайн үед бид харилцан тохиролцоод дахин хугацаа олгосон. Үүнээс хойш 2012 оны 7 дугаар сарын 09-нд 1 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөг төлөөд дахин мөнгө нэмж төлөөгүй. 2012 оны 10 сарын эхээр гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэхэд 2012 оны 10 дугаар сарын 29-нд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2013 оны 01 сарын 21-нд 6 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 22-нд 10 000 000 төгрөгийг төлсөн. Улмаар 2014 оны 8 дугаар сард Нишино Ёошимаса Монгол улсад ирж Б.Ганхөлөгийн төрсөн эцэг Ч.Батхуягт шинээр суудлын автомашин авахад нь 13 000 000 төгрөгийг зээлдүүлж байхдаа Б.Ганхөлөгтэй уулзаж, “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.3.-д “Б” тал сар бүрийн 1-5-нд төлөх 1 500 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй нэг хоног хожимдуулбал гэрээг “А” тал цуцалж гэгээг дуусгавар болгох эрхтэй" гэж заасны дагуу гэрээгээ цуцласан болохоо тухайн үед албан ёсоор мэдэгдсэн болно. Гэрээ цуцлагдсанаас хойш байнга мөнгөө нэхэж, хэд хэдэн удаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанзулыг явуулан гэрт нь очуулах болон шуудангаар мэдэгдэх хуудсаа илгээж байсан. Байрны түрээс болон гэрээний дагуу шилжүүлэх ёстой төлбөрүүдээ нийтэд нь цуг төлнө гээд явсаар өнөөдрийг хүргэсэн. Иймд Б.Ганхөлөгөөс нийтдээ 32 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, түүний өмнө гаргаж байсан тайлбар зэрэгтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Б.Ганхөлөгтэй 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээ тус өдрөө нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү гэрээний төлбөрийг тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шилжүүлэхээр тохиролцож энэхүү гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Б.Ганхөлөг нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгчийн данс руу 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөгийг төлөөд дахин төлөөгүй, 2012 оны 10 сарын эхээр үүргээ биелүүлэх талаар мэдэгдэхэд 10 сарын 29-нд 10 000 000 төгрөг, 2013 оны 1 сарын 21-нд 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн, ийнхүү төлбөрийг шилжүүлж байснаас болон хугацаа хоцорсон ч бөөн бөөнөөр төлбөр хийгдэж байсан тул бид анх нэхэмжлэл гаргахдаа 53 000 000 төгрөгөөс төлөгдсөн гэх 28 000 000 төгрөгийг хассан боловч Б.Ганхөлөг нь хариу тайлбартаа сөрөг нэхэмжлэлдээ энэ 28 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт төлөөгүй өөр зориулалтаар төлсөн гэж шүүхэд тайлбар гаргасан тул хасч тооцсон 28 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Б.Ганхөлөгөөс нийт 60 750 000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж байна.

Хариуцагчаас “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болгуулахаар шаардлага гаргажээ. Гэтэл уг гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд үндэслэл тодорхойгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Орон сууц хөлслөх гэрээний дагуу 2011 оны 6 дугаар сараас эхлэн 2016 оны 7 дугаар сарын 04-ний хүртлэх хугацааны байрны хөлсийг дутуу төлсөн тул 7 750 000 төгрөгийг гаргуулах, мөн хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний дагуу 100 хувь хөрөнгө оруулалтыг хийсэн болох нь гэрээ, гэрээний хавсралтаар тус тус тогтоогдож байгаа. Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцласан тул нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө болох 43 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгний автомашин нийт 53 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тодорхой тусгасан байдаг. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, үндэслэл нь тодорхойгүй, ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гээд байгаа шалтгаан нөхцөл нь ч ойлгомжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч  Б.Ганхөлөг шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 байр 26 тоот байрны түрээсийн талаар. Уг байрыг миний бие 2013 оын 01 сараас хойш хөлслөн амьдарч байгаа бөгөөд байрны хөлсийг цаг тухай бүрт нь төлж байсан. Миний нэр дээр Алтанзулын орчуулсан Нишино Ёошимасагийн ирүүлсэн захидалд зөвхөн 2016 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрийн талаар дурдсан байдаг. Миний бие орон сууцны түрээсийн төлбөрийг өөрт нь бэлнээр өгч байсныг манай гэр бүлийн гишүүд бүгд гэрчилнэ. Мөн орон сууцны түрээсийн төлбөрийг банкаар шилжүүлж байсныг нотлох баримтаар гаргаж өгөх болно. Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болох талаар надад мэдэгдээгүй атлаа орон сууцнаас хөөж гаргах талаар давхар нэхэмжлэл гаргасан нь хууль тогтоомжийг үл хүндэтгэсэн зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний бие орон сууцны түрээсийн төлбөрийн талаар ямар ч тооцоо байхгүй, бүх төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

2. Хамтран ажиллах гэрээний талаар. Нэхэмжлэгч Нишино Ёошимасатай хамтран ажиллах тохиролцоог 2010 оны 8 сард амаар байгуулсан. Бид хамтарч ОХУ-с тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, зарж борлуулахаар тохиролцож, Нишино Ёошимасатай хамтран хөрөнгө оруулсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээг сүүлд нөхөн хэлбэрээр байгуулсан ба энэ гэрээний дагуу ямар нэгэн мөнгө шилжээгүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээнээс өмнө миний бие олсон ашгийг бүгдийг нь шилжүүлж байсан бөгөөд Нишино Ёошимаса бидний хамтран ажиллах гэрээний явц зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой амжилтгүй болох үед намайг байрнаас хөөж гаргана гэж байнга дарамталж, загнадаг байсан. 2 талаас адил хөрөнгө оруулалт хийгээд тэгээд бүтэлгүйтсэн бөгөөд нэхэмжлэгч нь ийм хэмжээний ашиг олох байсан гэж надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хамтран ажиллах гэрээний дагуу бидний хийсэн ажил, бизнес бүтэлгүйтсэн тул миний бие одоо Нишино Ёошимасад төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхэд хянагдаж буй иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс хамтран ажиллах гэрээтэй холбогдуулан уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Ёошимасагаас талуудын хооронд байгуулагдсан гэх 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгодог хэдий ч гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн гэх 53 000 000 төгрөг нь бодитоор хийгдээгүй харин талууд уг гэрээнээс өмнө өөр нөхцлөөр аман хэлэлцээр байгуулсан байсан бөгөөд сүүлд Н.Ёошимасагийн шахалтын дагуу аргагүй байдалд орж аваагүй мөнгө авсан мэтээр сүүлд нөхөж хийсэн юм. Анх 2009 оноос эхлэн Б.Ганхөлөг нь Б.Бат-Оргилтой хамтран “СЭТ Импекс” ХХК-иас тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр авч жижиглэн зарах ажлыг хийж байсан бөгөөд 2010 оны 8 сард уг ажилд Ёошимаса туслахаар 15 000 000 төгрөг зээлсэн ба уг зээлээ тодорхой хэмжээгээр төлөөд явж байсан. Тодруулбал Ёошимаса нь монголд байхгүй байсан учир 2010 оны 09 сард 1 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сард 1 000 000 төгрөгийг 11-р хороололд байрлах “Пицца романо” гээд нэртэй ресторанд нь Б.Бат-Оргилын хамт очиж бэлнээр тушаасан ба үүнийг тухайн үед ресторанд ажиллаж байсан хүмүүс болон Б.Бат-Оргил нар гэрчилнэ. 2011 оны 1 сард Н.Ёошимасаг Монголд ирэх үед нь Төмөр замын удирдах газрын хойно байрлах ресторанд хоолонд орсон ба тэр үед 3 500 000 төгрөгийг бэлнээр төлж байсан. Үүнийг Б.Бат-Оргил болон тухайн үед орчуулагч хийж байсан Б.Хонгорзул нар гэрчилнэ. 2011 оны 4 сарын сүүлээр  Монголд ирээд байх үед нь Н.Ёошимасатай мөн л Баторгил нарын хамт уулзаж хоолонд орохдоо 4 500 000 төгрөгийг өгч нийт 10 000 000 төгрөг болсон тул Ёошимаса чиний бизнес сайн байгаа юм чинь гээд зээл төлсөн 10 000 000 төгрөгөөр бараа тээвэрлэх ачааны машин авч өгөхөөр болж 2011 оны 5 сарын эхээр 5150 УНМ улсын дугаартай Истана маркийн авто машиныг худалдан авч Б.Ганхөлөгийн эзэмшилд шилжүүлсэн ч өмчлөлийг шилжүүлээгүй.  Энэ үед бидний хоорондын тооцоо өмнө зээлсэн 15 000 000 төгрөгийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, ачааны машины мөнгө 10 000 000 нийт 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тухайн үед зарсан бүтээгдэхүүний мөнгөө дэлгүүрүүдээс авч чадахгүй байх зэрэг шалтгааны улмаас зээлээ төлж чадалгүй зарим тохиолдолд өөрийн эгч Б.Хонгорзулаас мөнгө зээлэн нэхэмжлэгчид шилжүүлдэг байсан ба эдгээр байдал нь 2011-08-04-ний өдрөөс 2012-05-01-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 6 650 000 төгрөгийг Ёошимасагийн голомт банкны 1605013644 данслуу шилжүүлж байснаас тодорхой харагдана.

Ингээд 2012 оны эхэн үеэс бидний эргэлтийн мөнгө бага байсан учир зээлсэн мөнгөө бүрэн төлж чадалгүй 8 500 000 төгрөгөө үлдэгдэлтэй болоод байсан. Энэ үед Н.Ёошимаса миний өмнө нь төлөөд байсан 16 500 000 төгрөгийг ашигт тооцон авсан болж нийт 25 000 000 төгрөг хөрөнгө оруулснаар тооцох юм бол нэмж 28 000 000 төгрөг өгье чи түүгээр эргэлтийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж оронд нь надад сар бүр 1 000 000 төгрөг өгөхөөр санал тавьж гэрээ бичгээр байгуулахдаа чи миний байранд маань амьдарч байгаа юм чинь сар бүр 500 000 төгрөг төлөөд явж бай, тусдаа гэрээ байгуулаад яахав гээд гэрээндээ сар бүр төлөх хэмжээг 1 500 000 болгосон. Ингээд гэрээнд гарын үсэг зурсны дараагаар шилжүүлнэ гэж тохирсон 28 000 000 төгрөг нь орж ирээгүй шалтгааны улмаас би сар бүр 1 500 000 төгрөгөө төлж чадаагүй. Гэрээ байгуулсны дараагийн 2 сард буюу 2012 оны 7, 8 сард нийт 2 000 000 төгрөг төлсөн байдаг ба 28 000 000 төгрөг орж ирээгүй учраас миний бизнес зогсонги байдалд орсон ба мөнгийг төлж чадахгүй болсоноо хэлэхэд, тэрээр нэгэнт мөнгөө өгөөгүй болохоор 2013 оны 1 сараас эхлэн цаашид зөвхөн байрныхаа мөнгө 500 000 төгрөгийг сар бүр төлөхөөр болсон. Нэхэмжлэлд дурдсаны дагуу 2012-10-29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2013-01-21-ний өдрийн 6 000 000 төгрөг, 2013-02-22-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус түүний 1605013644 тоот дансанд Ч.Батхуягаас шилжүүлж байсан нь хамтран ажиллах гэрээний төлбөр биш бөгөөд дээр дурдсаны дагуу миний аав ээж хоёр маань Ёошимагаас өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р туул гол гудамж 57-27 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг зээлээр худалдаж авсан түүний төлбөр байсан.

Одоо нэхэмжпэлд дурдсан 5150-УНМ дугаартай машинаа дараа нь өөрөө өөр хүнд зарчихсан (нэхэмжпэгч талаас гаргаж өгсөн баримтаар нотлогдоно), миний хийж байсан ажил алдагдалд орж 2013 он гэхэд үндсэндээ энэ бизнес маань дампуурсан болно.

Ийнхүү 2012 оны 6 сарын 29-ний өдөр хийгдсэн гэрээний хөрөнгө оруулалт бодит байдлаар хийгдээгүй, сүүлд өгнө гэж байсан 28 000 000 төгрөгөө өгөөгүй, хуульд заасан ашиг алдагдлыг хуваарилах зарчмыг тусгах зэрэг шаардлагыг хангаагүй, урд нь зээлээр авсан мөнгөө 2010 оны 8 сараас хойш нийт 18 650 000 төгрөг төлж дуусгасан, нөгөө талаар 5150-УНМ дугаартай улсын дугаартай машинаа нэхэмжлэгч өөрөө бусдад шилжүүлэн өгсөн зэрэг нь баримтаар нотлогдож байгаа учир одоо түүнд миний зүгээс түүнд ямар нэг төлбөр төлөх учиргүй гэж үзэж байна. Иймд “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь орон сууцыг хөлслөж байсан талаараа маргахгүй боловч уг орон сууцыг 2013 оны 01 сараас эхлэн 2013 оны 3 дугаар сарын 22-ны хүртлэх хугацаанд эзэмшиж байсан, үүний хөлсийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэх 7 750 000 төгрөгний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулсан талаараа маргахгүй боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийгээгүй, бэлнээр 43 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, автомашиныг ашиглуулж байсан боловч буцаагаад өөрөө өөр хүнд худалдсан байж одоо мөнгийг нь нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хариуцагчийн аавд нь өгсөн гээд байгаа боловч овог нь өөр байгаа, гэрээний дагуу төлж байсан мөнгө гээд байгаа нь хариуцагчаас төлөөгүй, түүний гэр бүлийн гишүүдээс төлсөн. Хэрвээ төлсөн гэж үзээд байгаа юм бол яагаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байгааг нь ойлгохгүй байна. Өмнө нь энэ хүмүүс зээлийн асуудалтай байж байгаад нэхэмжлэгч нь хөрөнгө оруулахаар хамтран ажиллах гэрээг нөхөн байгуулсан боловч хөрөнгө оруулаагүй байдаг. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн, аваагүй зүйлийг авсан мэтээр хууран мэхлэж, өмнөх гэрээг халхавчлан хийсэн учраас хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нишино Ёошимаса нь хариуцагч Б.Ганхөлөгт холбогдуулан байрны түрээсийн төлбөр болон хамтран ажиллах гэрээ цуцлагдсаны үлдэгдэл төлбөр нийт 60 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Ганхөлөг нь нэхэмжлэгч Нишино Ёошимасад холбогдуулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ганхөлөгийг 2011 оны 6 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд байр хөлсөлсөн боловч хөлсийг бүрэн төлөөгүй тул байрны хөлсний үлдэгдэл 7 750 000 төгрөг, хамтран ажиллах гэрээ байгуулж хөрөнгө оруулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцласан тул хөрөнгө оруулсан 53 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Нишино Ёошимасагийн өмчлөлийн орон сууцыг 2013 оны 01 дүгээр сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарыг хүртлэх хугацаанд хөлсөлж хөлсийг бүрэн төлсөн, хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, 43 000 000 төгрөгний хөрөнгө оруулаагүй, автомашинаа буцаан авсан гэж маргаад талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хууран мэхлэж, дүр үзүүлэн хийсэн, өмнөх гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж 57 дугаар байрны 26 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 55,55 м.кв талбайтай Ү-2206017703 дугаарт бүртгэлтэй хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан болох нь 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000143272 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 2 хавтас, 21-р хуудас/

Зохигч талууд уг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж 57 дугаар байрны 26 тоотод байршилтай, 55,55 м.кв талбайтай Ү-2206017703 дугаарт бүртгэлтэй хоёр өрөө орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн эзэмшилд 2011 оны 6 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд шилжүүлсэн бөгөөд энэ хугацааны хөлснөөс 7 750 000 төгрөгийг дутуу төлсөн гэж, хариуцагч нь орон сууцыг 2013 оны 01 дүгээр сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарыг хүртлэх хугацаанд эзэмшиж байсан, энэ хугацааны хөлсийг бүрэн төлсөн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000143272 тоот гэрчилгээ нь нэхэмжлэгчид 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон байх бөгөөд гэрч Л.Алтанзулын “...2011 оны 5 сард байр ашиглалтад ороод 6 дугаар сард түрээсийн гэрээ байгуулан Б.Ганхөлөг байрандаа орсон” гэх мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд гаргаж байсан, гаргасан хариу тайлбарууд, сөрөг нэхэмжлэлээр  хариуцагчийг орон сууцыг 2011 оны 6 дугаар сараас эхлэн ашигласан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 2 хавтас, 21, 193-196, 141-142, 150-р хуудас/

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн дансны хуулгад төлөгдсөн Б.Ганхөлөгөөс орлого гэх мөнгийг /2011 оны 10 сарын 30-ний 1 500 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 05-ны 750 000 төгрөг, 31-ний 1 500 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 01-ний 1 500 000 төгрөгийг/ түрээсийн төлбөрт төлж байсан гэж тайлбарласан болно.  

Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд хөлсөлж байсан гэсэн боловч хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж 57 дугаар байрны 26 тоотод байршилтай орон сууцыг нэхэмжлэгч нь Х.Дулмаад 15 000 000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд гэрээний зүйл болох орон сууц нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Дулмаагийн өмчлөлд шилжиж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000485346 тоот гэрчилгээ олгогдсон болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтууд болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул хариуцагчийн орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны хүртэлх хугацаанд хөлсөлсөн гэх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч нь уг орон сууцыг хариуцагч нь суллаж өгөхгүй хууль бусаар эзэмшиж байсан гэсэн боловч орон сууцны өмчлөгч биш болсон тул 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хөлсийг шаардах эрхгүй юм. /хэргийн 2 хавтас, 69-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2011 оны 6 сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарын 22-ны хүртлэх хугацааны орон сууцны хөлсийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

 Хариуцагч нь орон сууцны хөлсийг бүрэн төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдоно гэсэн боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч Нишино Ёошимасагийн Голомт банкны дансны хуулгаар 2013 оны 01 сарын 21-ний өдрөөс 2016 оны 4 сарын 28-ны өдрийг хүртлэх хугацааны байрны хөлсийг шилжүүлсэн байх бөгөөд үүнээс 2013 оны 06, 07, 08 сарын, 2014 оны 01, 02, 06 сарын 2015 оны 02 сарын хөлсийг дутуу төлсөн болох нь тогтоогдож байна.

Үүнд нэхэмжлэгч Нишино Ёошимасагийн Голомт банкны дансны 1605013644 тоот дансны хуулгаар болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн байдал гэсэн тооцооллоор “...2013.01.21-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2013.04.29-нд 1 000 000 орлого Ганхөлөгөөс 3,4 сарын байрны төлбөр, 2013.05.26-нд 500 000 орлого Ганхөлөг байрны түрээсийн төлбөр, 2013.10.18-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны төлбөр, 2013.11.01-нд 500 000 орлого 10 сарын байрны төлбөр Ганхөлөгөөс, 2013.11.29-нд 500 000 орлого Ганхөлөг байрны төлбөр, 2013.12.30-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны төлбөр, 2014.03.10-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2014.04.22-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны мөнгө, 2014.05.22-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны төлбөр, 2014.07.01-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2014.08.04-нд 500 000 орлого Ганхөлөгөөс, 2014.08.22-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2014.10.01-нд 500 000 орлого байрны мөнгө Ганхөлөгөөс, 2014.11.01-нд 500 000 орлого байрны түрээс, 2015.01.05-нд 1 000 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2015.03.16-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2015.04.27-нд 500 000 орлого байрны түрээс Ганхөлөгөөс 4 сар, 2015.05.26-нд 500 000 орлого байрны түрээс Ганхөлөгөөс, 2015.06.24-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2015.08.03-нд 500 000 орлого Ганхөлөгөөс байрны түрээс, 2015.09.03-нд 500 000 орлого Ганхөлөгөөс 8 сар байр түрээс, 2015.10.06-нд 500 000 орлого байрны түрээс 9 сар, 2015.11.11-нд 500 000 орлого 10 сарын байрын түрээс, 2015.12.12-нд 500 000 орлого 11 сарын байрны түрээс, 2016.02.01-нд 500 000 орлого Ганхөлөгөөс 12 байрны түрээс, 2016.02.24-нд 500 000 орлого Ганхөлөгөөс 1 сарын байрны түрээс, 2016.04.28-нд 1 000 000 орлого 2,3 сарын байрны түрээс” гэжээ. /хэргийн 1 хавтас, 12-27-р хуудас/

Мөн 2011 оны 10 сарын 30-ний 1 500 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 05-ны 750 000 төгрөг, 31-ний 1 500 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 01-ний 1 500 000 төгрөгийг тус тус байрны хөлсөд төлсөн гэж нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн тул 2012 оны 07 сараас 12 сарыг хүртлэх 6 сарын хөлсийг дутуу төлсөн байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас, 12-18-р хуудас/

Иймд хариуцагч Б.Ганхөлөг нь орон сууцны 13 сарын хөлсөнд /2012 оны 7 сараас 12 сар хүртлэх, 2013 оны 06, 07, 08 сар, 2014 оны 01, 02, 03 сар, 2015 оны 02 сар/ нийт 6 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд үүнээс түүний 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 750 000 төгрөгний 250 000 төгрөгийг хасч, нийт 6 250 000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Нишино Ёошимаса, хариуцагч Б.Ганхөлөг нар нь 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хамтран бизнесийн үйл ажиллагааг явуулахаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь бизнес эрхлэхэд бэлнээр 43 000 000 төгрөг гарган хариуцагчид шилжүүлэх, мөн нэхэмжлэгч талын эзэмшлийн 10 000 000 төгрөгний үнэтэй солонгос улсын Стана маркийн 5150 УНМ улсын дугаартай техникийн бүрэн бүтэн машиныг хариуцагч талд шилжүүлж нийтдээ 53 000 000 төгрөгний 100 хувийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 1 хавтас, 8-9-р хуудас/

Зохигч талууд гэрээг байгуулсан талаараа маргаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлж хөрөнгө оруулалт болох 43 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, гэрээг нөхөн байгуулсан, мөн автомашиныг эзэмшилд шилжүүлсэн боловч буцаагаад авсан тул гэрээ хэрэгжээгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт болох 43 000 000 төгрөгийг болон автомашиныг шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээний хавсралт болох мөнгө болон машин хүлээлгэн өгсөн гэсэн баримтаар нотлогдоно гэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.3-д “нэхэмжлэгч тал нь хариуцагч талд өгсөн 43 000 000 төгрөг, солонгос улсын Стана маркийн 5150 УНМ дугаартай автомашиныг хүлээлгэн өгөхдөө хамтран ажиллах гэрээний хавсралтаар хүлээлгэн өгч, гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байх бөгөөд гэрээний хавсралтад “машин 10 000 000 төгрөг 5150 УНМ, бэлэн 43 000 000 төгрөг, нийт 53 000 000 төгрөг 100 хувь хөрөнгө оруулсан нь үнэн болно. Хөрөнгө оруулсан Нишино Ёошимаса, хүлээн авсан Ганхөлөг, орчуулагч Алтанзул” гэсэн байна. /хэргийн 1 хавтас, 9-р хуудас/

Нэхэмжлэгч нь 43 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулсан нь үнэн гэсэн боловч үүнийг баримтаар нотлоогүй, гэрээ байгуулахад буюу гэрээний хавсралтад нэр дурдсан орчуулагч Л.Алтанзул нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...уг мөнгийг өгөлцөж авалцахад байгаагүй, машиныг гэрээ байгуулахаас өмнө чихэр зарна гээд өгч байсан” гэсэн тул хариуцагчийн хөрөнгө оруулалт болох 43 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн гэрээний 1.2-д “хариуцагч нь ОХУ-аас орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдан авч, дээрх автомашинаар дэлгүүрүүдэд зарж борлуулалт хийж гэрээ байгуулсан өдрөөс хойш сар бүрийн 1-5-нд 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч талд бэлнээр Голомт 1605013644 дансаар бүрэн төлөхөөр тохиролцов” гэсэн байх бөгөөд хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж хариуцагч нь нэхэмжлэгчийн дансанд 1 500 000 төгрөгийг төлж байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүрэгт  2012 оны 10 сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн гэсэн боловч нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгаар 2012 оны 10 сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөгийг орлого Батхуягаас, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6 000 000 төгрөгийг Батхуягаас орлого, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг Батхуягаас орлого гэж тус тус шилжүүлсэн байх тул хариуцагчийг хамтран ажиллах гэрээний үүрэгт төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас, 12-27-р хуудас/

Нэхэмжлэгчийн дансны хуулгаар 2012 оны 7 сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 08-ны 1 000 000 төгрөгийг хариуцагч нь шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь уг мөнгийг хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй нь ойлгомжгүй, хариуцагчийн төлөөлөгч нь уг мөнгийг өмнөх зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарласан. 

Талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.4-д “гэрээний хугацаа 3 жил байна. Гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно» гэж заасан байх бөгөөд гэрээний 3.1-д “...гэрээг дуусгавар болоход автомашиныг анх хүлээн авсан байдлаар нэхэмжлэгч талд буцааж өгнө” гэж заасан боловч Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаанд “...5150 УНМ улсын дугаартай автомашин өмчлөгчдийн жагсаалтад 2011.05.03-2014.05.23 хүртлэх хугацаанд Нишино Ёошимаса, 2014.05.23-2014.9.04 хүртлэх хугацаанд Чимэддоржийн Батхуягийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 2 хавтас, 106-108-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээг 2014 оны 8 сард цуцласан гэсэн боловч үүнийг баримтаар нотлоогүй, хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагчид хөрөнгө оруулсан 5150 УНМ улсын дугаартай ногоон өнгөтэй үйлдвэрлэсэн SsangYong Istana маркийн автомашиныг 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр Ганзамын Батхуягт 5 000 000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 11-р хуудас/

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг машиныг хариуцагчийн эцэг болох Батхуягт шилжүүлсэн гэсэн боловч хариуцагчийн эцэг Батхуягийн овог нь Ганзам биш Чимэддорж болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 168-р хуудас/

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу 43 000 000 төгрөгний хөрөнгө оруулсан болох нь баримтаар тогтоогдоогүй, оруулсан хөрөнгө болох 5150 УНМ улсын дугаартай ногоон өнгөтэй үйлдвэрлэсэн SsangYong Istana маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшлээс буцаан авсан болох нь тогтоогдож байх тул хөрөнгө оруулсан 53 000 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллана” гэж заасан боловч хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. 

Иймд хариуцагч Б.Ганхөлөгөөс байрны хөлсөнд 6 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нишино Ёошимасад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хамтран ажиллах гэрээ цуцласнаас оруулсан хөрөнгө болох 53 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Ганхөлөг нь нэхэмжлэгч Нишино Ёошимасад холбогдуулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г дүр үзүүлэн, хууран мэхлэж, өмнөх гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн” хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг, мөн 56.1.3-д заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн” хэлцэл гэж тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийг ойлгоно.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээ нь дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх үндэслэлгүй бөгөөд зохигч талууд хамтын үйл ажиллагаа явуулахаар хамтран ажиллах гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулахаар гэрээний хөрөнгө оруулалт болох автомашиныг хариуцагч нь эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй”  гэж заасан боловч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хууран мэхлэж хийсэн гэх баримтгүй, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгч Нишино Ёошимасад холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар болон хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Б.Ганхөлөгөөс байрны хөлсний үлдэгдэл 6 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нишино Ёошимасад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 500 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч Б.Ганхөлөгийн нэхэмжлэгч Нишино Ёошимасад холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 619 650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 422 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганхөлөгөөс 114 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Д.ХУЛАН