Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0722

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0722

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Б.Адъясүрэн, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БМ***** ХХК, /РД:****/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э******, Ж.Э*****,

Өмгөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*****, Б.Т******* нарын хоорондын Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрийн БМ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э****, Ж.Э*****, өмгөөлөгч Б.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******, Б.Т*****, иргэдийн төлөөлөгч Х.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ЭТ**** ХХК-д С****** аймгийн Э******** сумын нутаг Е**** нэртэй 79 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын *****А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.

1.2. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр *****А тусгай зөвшөөрлийг БМ***** ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

1.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/3495 дугаар албан бичгээр Ээлжит төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой... гэх мэдэгдлийг БМ***** ХХК-д хүргүүлжээ.

1.4. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдээс АБ№21/001 албан бичгээр ...MV-0***** тоот Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөр болон алдангийг төлсөн... тухай мэдэгдэж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн АБ№21/003 албан бичгээр ...коронавируст халдварын тархалтын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа түр хугацаанд тасалдаж хэвийн ажиллах боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж манай MV-0***** тоот Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр байлгаж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү... гэх хүсэлтийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.

1.5. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын **** тоот шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын *****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, уг шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8/5248 дугаар албан бичгээр мэдэгджээ.

1.6. 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас 5/5261 тоот албан бичгээр ...MV-0***** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тул ээлжит жилийн төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэн.

1.7. БМ***** ХХК-иас анх 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрийн БМ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 43.2-т тус тус заасны дагуу БМ***** ХХК-ийн *****А тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 сарын 24-ний өдрийн **** тоот шийдвэрийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу гардуулаагүй болно. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8/5248 дугаар албан бичгээр ... Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 сарын 24-ний өдрийн **** тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдье гэсэн агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид ирүүлсэн боловч маргаан бүхий захиргааны акт болох Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 сарын 24-ний өдрийн **** тоот шийдвэрийг бидэнд өнөөдрийг хүртэл гардуулан өгөөгүй болно.

1. Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах болон оролцогчид ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд тус хуулийн 24.4-д зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор байна.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 сарын 24-ний өдрийн **** тоот шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа үүнд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаагүй, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй.

Манай компани нь Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлж, жил бүр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд урьдчилан төлсөөр ирсэн. Гэвч 2021 онд коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйд хүрч, тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн ээлжит төлбөрийг хоцроон төлсөн юм.

Тодруулбал, тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.У***** нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр коронавируст халдвар авч, гэртээ тусгаарлагдсан. Улмаар компанийн нягтлан бодогч Д.У***** нь коронавируст халдвар авч, гэртээ тусгаарлагдсаны дараа ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

Ийнхүү хариуцсан нягтлан бодогчгүй байх хугацаанд буюу 2021 оны 09 сарын 02-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал П.Д***** нь мөн л коронавируст халдвар авч, гэртээ тусгаарлагдсан:

Компанийн гүйцэтгэх захирал П.Д***** нь тусгаарлалтын хугацаагаа дуусган ажилдаа орсон даруйдаа буюу 2021 оны 09 сарын 15-ны өдөр З.Т****-ыг компанийн нягтлан бодогчоор ажилд томилсон. З.Т****- нь компанийн нягтлан бодогчоор 2021 оны 09 сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллах ёстой байсан боловч 2021 оны 09 сарын 16-ны өдөр түүний шинжилгээ хариу эерэг гарч мөн л коронавируст халдвар авч, гэртээ тусгаарлагдсан юм. З.Т****- нь ковидын дараах хүндрэлийн улмаас ажилд орох хугацаагаа хойшлуулсаар, 2021 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон болно.

Ийнхүү коронавируст халдварын тархалтын нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай компанийн үйл ажиллагаа 2021 оны 07 сарын 19-ний өдрөөс 11 сарын 08-ны өдрийг хүртэл хэсэг хугацаанд тасалдаж, төлбөр тооцоо гаргаж, гүйлгээ хийхийг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулах, гүйлгээ хийх эрх бүхий албан тушаалтан, ажилтангуй байснаас тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн ээлжит төлбөрийн хугацааг хоцроосон юм. Бидний зүгээс компанийн үйл ажиллагаа хэвийн болмогц буюу 2021 оны 11 сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн ээлжит төлбөрөө алдангийн хамт бүрэн төлж хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлсэн болно.

Бидний зүгээс 17 дахь жилийн ээлжит төлбөрөө хугацаа хоцроон төлсөн шалтгаан нөхцөлөө тайлбарлан, түүнийг нотлох баримтуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 11 сарын 09-ний өдөр АБ№21/001 тоот болон 2021 оны 11 сарын 17-ны өдөр АБ№21/003 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн болно.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь 17 дахь жилийн ээлжит төлбөрөө хугацаа хоцроон төлсөн бодит нөхцөл байдал болон оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ үл биелүүлж Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 24.4 дэх заалтыг тус тус зөрчсөн болно.

Хэрэв Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь шийдвэр гаргахдаа дээрх хуулиар тогтоосон журмыг биелүүлж, 17 дахь жилийн ээлжит төлбөрөө хугацаа хоцроон төлсөн бодит нөхцөл байдал болон оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийсэн бол манай тусгай зөвшөөрлийг цуцлах тухай хууль бус, бодит үндэслэлгүй шийдвэр гарахгүй байсан.

2. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар байх бөгөөд тус хуулийн 26.1-д зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.

Мөн түүнчлэн нарийвчилсан хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заахаар байна.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь тус хуульд заасан журмыг зөрчиж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой зааж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгөөгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.3-д зааснаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд тус хуулийн 56.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага нь 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэхээр байна. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь тус хуулийн 56.2-д заасан журмыг зөрчсөнтэй холбоотойгоор хоорондоо уялдаа холбоо бүхий шийдвэр гаргах дараа дараагийн журам болох тус хуулийн 56.3 болон 56.4-д заасан журам тус тус зөрчигдсөн юм.

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь 2021 оны 11 сарын 24-ны өдрийн **** тоот шийдвэрийг гаргахдаа холбоотой бодит нөхцөл, түүний үндэслэлийг тогтоогоогүй, тус шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тайлбар, баримт гаргуулж, оролцоог нь хангаагүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 24.1, 24.2, 24.4, 26.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3, 56.4 дэх заалтыг тус тус зөрчсөн хууль бус, бодит үндэслэлгүй шийдвэр гаргасан юм.

Энэхүү хууль бус, үндэслэлгүй шийдвэрийн улмаас манай компанийн Тусгай зөвшөөрөл цуцлагдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хуулиар олгосон тусгай зөвшөөрлийн хугацаагаа алдах үр дагаварт хүрээд байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрийн БМ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх өнөөдрийн цуцлагдсан гэх лицензийг анх 2005 онд авч байсан. Манай компани 2008 оны лицензийг авч байсан. Тус лицензийн тухайд 2005 оны 7 сарын 28-ны өдөр анх 30 жилийн хугацаатай олгогдож байсан. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн. 2021 онд 17 дах жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх асуудлаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хоцроосон асуудал байгаа. Хүндэтгэн үзэх асуудал ямар байсан бэ? гэхээр манай байгууллагын нягтлан болон гүйцэтгэх захирлууд удаа дараа ковид 19 өвчин туссан. Тухайн үед мөрдөгдөж байсан хэм хэмжээгээр заавал 10 хоног тусгаарлах журамтай байсан. Манай лиценз анх 7 сарын 28-ны өдөр олгосон учраас жил болгоны 7 сарын 28-ны өдөр төлөх ёстой байдаг. Хэрвээ энэ хугацаанд төлөхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 30 хоног хүртэл хугацаанд хараад энэ хооронд 30 хоногийн хугацаанд төлөхгүй бол цуцлах нөхцөл бүрдэж байгаа. Харин манай тохиолдолд тухайн үед манай нягтлангаар ажиллаж байсан н.У***** нь 7 сарын 19-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөөс өмнө нь ковид 19 өвчний халдвар авсан байгаа. Энэ талаар хэрэгт шинжилгээний хариу авсан байгаа. н.У***** 7 сарын 19-ний өдөр халдвар аваад 10 хоног тусгаарлаад тэгээд буцаад ажилдаа орохгүй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд ажлаа хаяад явсан. Энэ хугацаанд шинэ нягтлан авах гээд гүйцэтгэх захирал н.Д нь 9 сарын 02-нд ковид 19 өвчний халдвар авсан. Ковидын халдвар авсан талаарх шинжилгээний хариу мөн адил хэрэгт авагдсан. Ингээд н.Тгэх хүн ажилд орсон. н.Тыг 9 сарын 15-нд ажилдаа орохын өмнө тухайн үед ковид 19-ийн шинжилгээ авдаг байсан. Бүх байгууллага мөн адил тийм л журамтай ажиллаж байсан. Ингээд шинжилгээ авахад ковид 19 өвчин шинжилгээгээр илэрсэн байгаа. Шинжилгээний хариу мөн хэрэгт авагдсан байгаа.

9 сарын 16-ны өдөр ковид халдвар аваад 10 хоног мөн тусгаарлагдаад өвчний хүндрэлийн улмаас шууд ажилдаа орохгүй болоод ингээд 11 сарын 08-ны өдөр ажилдаа орсон. Учир нь нилээн настай хүн байгаа. Ингээд н.У***** нягтлангийн ажлуудыг аваад нэн тэргүүнд хийх ёстой жагсаалтыг гаргаад хамгийн эхэнд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн. Төлөхөөсөө өмнө манай лиценз цуцлагдсан болон төлөгдсөн үү үү гэдгийг шалгаж үзэхэд тусгай зөвшөөрлийн цуцалсан мэдэгдэл албан бичиг шийдвэр ерөөсөө гараагүй. 11 сарын 09-ний өдрийн байдлаар манай лиценз хүчин төгөлдөр лиценз байсан. Бид лицензийг хүчин төгөлдөр байхад нь дараа жилийн 11 сарын 09-нд төлөөд төлбөр төлсөн баримтаа эх хувиар хариуцагч байгууллагад өгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн хүсэлтээ тайлбарлаад хүсэлтийг хүлээж авах талаар хүсэлт гаргасан. Хариу өгөхгүй удсан учраас дахиад бид нар 11 сарын 17-нд мөн энэ хүсэлтээ гаргасан. Ингээд бичиг хэргийн ажилтантай очиж уулзах зэрэг байнгын эргэх холбоотой ажиллаж байсан. Гэтэл манай энэ хоёр хүсэлтэд хариу өгөхгүй байсан. 11 сарын 24-ны өдрийн **** дугаар шийдвэр гарсан талаар мэдэгдэл өгсөн. Ингээд лиценз цуцлахаас өмнө хууль ёсны дагуу бидэнд мэдэгдэх сонсох ажиллагаа явуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох гэдэг Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй. 11 сарын 09 болон 11 сарын 17-ны өдөр хүсэлт өгсөн учраас тус хүсэлтүүдийг хүлээж аваад шалгаад хүсэлтүүд үндэслэлтэй эсэх талаар хариулт өгсний дараагаар лиценз цуцлах шийдвэр гаргах талаар бодож байсан. Гэтэл энэ ажиллагаа алдагдсан. Бидэнд хүсэлтийг хариуг 11 сарын 29-нд өгсөн. Ашигт малтмалын газар шийдвэрээ гаргахад тус хүсэлтийг шийдвэрлэсэн. Ямар ч захиргааны байгууллага хэргийн оролцогчийн хүсэлтийг бодит нөхцөл байдлаар шийдвэрлээд эцсийн шийдвэр гаргадаг. Гэтэл хариуцагч байгууллага шийдвэрээ гаргаад араас нь хүсэлтээ шийдвэрлэсэн. Энэ бол процессийн маш том алдаа гаргасан. Хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байгаа.

Яагаад маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа вэ? гэхээр Ашиг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар лицензийн төлбөр төлөх хугацаа 30 хоногоор хэтрээд улмаар цуцлах үндэслэл бүрдэнэ гэж үзэж байгаа. Цуцлах үндэслэл бүрдэх юм бол цуцлахаас өмнө бидэнд мэдэгдэл өгөх ёстой. Ашигт малтмалын газраас 8 сарын 27-наас 9 сарын 10-ны хооронд бидэнд мэдэгдэл өгөх ёстой. Лицензийн төлбөр төлөх хугацаанд ашигт малтмалын газраас хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлэх ёстой. Энэ хугацаанд ашигт малтмалын газраас мэдэгдэл ирүүлээгүй. Мэдэгдэл ирүүлэхгүй байж байгаад цуцалсан асуудал байгаа. Мэдэгдэл аваагүй учраас захиргааны байгууллага үндэслэлгүй цуцалсан гээд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахад шүүх дээр ирээд бид мэдэгдлийг олж авсан. Энэ мэдэгдэл гэтэл бидэнд ирээгүй, гэдэг нь 2022 оны 9 сарын шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр харагдаж байна. Мэдэгдлээ 8 сарын 13-нд явуулаад шуудангаар буцаагдаад буцаад кадастрын хэлтэс дээр ирсэн. Энэ дугтуйтай бичиг нь ерөөсөө задлаагүй. Бид өнөөдрийг болтол цуцлагдах мэдэгдлийг аваагүй.

Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл дээр маргаан бүхий захиргааны актын дотоод хяналтын хуудас авагдсан. Захиргааны шийдвэр дүрэм журмын дагуу гарсан уу? гэдэг талаарх нотлох баримт бичиг болж байгаа. Тусгай зөвшөөрлийн хяналтын хуудсыг 8 сарын 13-нд нээсэн. 8 сарын 13 нд шүүлтээ хийсэн. Шүүлт хийхэд төлөгдөөгүй гэж байгаа. 11 сарын 16-нд маргаан бүхий захиргааны актын төслийг боловсруулсан. Гэтэл дотоод хяналтын хуудсыг хийгээд захиргааны актыг цуцлах шийдвэр гаргаад процессын явцад аль хэдийн төлбөр төлөгдсөн байсан. Гэтэл захиргааны байгууллага яасан бэ? гэхээр 9 сарын 13-нд төлбөр төлөгдсөн эсэхийг нь шалгаж үзээд 2 сарын дараа цуцлах шийдвэр гаргахдаа дахиж хянаж үзээгүй. Энэ хооронд манай төлбөр төлөгдсөн байсан. Захиргааны байгууллага энэ хугацаанд 11 сарын 24-нд шийдвэр гаргахаас өмнө төлбөр төлсөн талаар шалгаад үзсэн бол энэ шийдвэр гарахгүй байсан. Дотоод хяналт шалгалт явуулах ажиллагаа нь захиргааны байгууллагад байсан. Хяналтын хуудсаар төлбөр төлөгдсөн эсэхийг шийдвэр гаргахаас өмнө шалгасан эсэх баримт байхгүй. Аль хэдийн төлбөр төлөгдсөн байхад цуцлах тушаалыг бэлдээд явж байсан талаар харагдаж байгаа. Захиргааны байгууллага бидэнд урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдэл бидэнд ирээгүй буцаагдсан. Бид нараас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгдээгүй, төлбөр төлөгдсөн эсэх талаар бодид нөхцөл байдлыг тогтоогоогүй. Захиргааны байгууллагад тэр боломж нь байсан. 11 сарын 09-н д төлбөр төлсөн учраас төлбөр хариуцсан мэргэжилтнээс асуугаад явсан бол төлбөр төлсөн асуудал тогтоох боломжтой байтал захиргааны байгууллага энэ ажиллагааг хийгээгүй улмаас хууль бус шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 1.2.1-д зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмуудыг зөрчиж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 24-д заасан сонсох ажиллагаа явуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох тус ажиллагаануудыг хийгээгүй. Хуулийн 56.2-т заасан урьдчилсан мэдэгдэл өгөөд манайхаас хариу тайлбар авах ажиллагааг явуулаагүй. Энэ ажиллагааг явуулаагүй учраас тус шийдвэр хууль зөрчиж гарсан гэж үзэж байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуульд зааснаар тайлбарыг хэлж байна. Хуульд зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах эрх зүйн хүрээтэй байгаа. Тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа бүтэн 10 гаруй жил хийсэн ажлынхаа талаар ярьж байна. 2021 онд санхүүгийн тайлангаар нийт 2 тэрбум гаруй төгрөгийг гаргасан. Энэ бол бодит зардал юм. Энэ бол бага мөнгө биш. Нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч нар өөрсдийн үйл ажиллагаанаас дээрх хөрөнгийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар боломжтой хөрөнгийг гаргасан гэж үзэж байгаа. Би товчоод хэлье. Баримт нь угаасаа хэрэгт авагдсан байгаа. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэлийг заахдаа тусгай зөвшөөрлийн өөрийн хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн хүндэтгэн үзэх шалтгаан эсвэл давагдашгүй хүчин зүйл хүнд нөхцөлд байгаа талаар байхад төрийн захиргааны байгууллага цуцалсан нь хуульд заасан шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Хуулийн зорилго мөн чанарыг тооцохгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудал нь үндэслэл муутай байсан. Энэ байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ингээд хариуцагч газрын гаргасан шийдвэрийг хуульд нийцүүлнэ хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б********-эс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хадгалах хуулийн зохицуулалт байгаа. Хуулийн 31, 32, 33 дугаар зүйлд заасны дагуу шаардлагыг хангаж тусгай зөвшөөрлийг хадгалж ирж байгаа. Хуулийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэдэг хуулийн зохицуулалттай. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл буюу маргаан бүхий захиргааны актыг гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч компанийн тухайд тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан гэж ойлгож байна. Гагцхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч байхдаа төлбөрөө төлж төлбөр төлсөн баримтыг хууль ёсооор ашигт малтмалын газар хүргүүлснийг ашигт малтмалын лиценз цуцлах талаар бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн үзлэгээр тогтоогдсон. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийлгэх нөхцөл байдалд одоог хүртэл хариуцагч байгууллагаас хариу өгөөгүй. Хэдийгээр 11 сарын 09-ний өдрийн бүртгэл дээр зөвхөн шийдвэрлэсэн хэсэгт хаасан хэдий ч уг шийдвэрлэсэн албан бичиг 2021 оны 11 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтэд өгсөн хариугаар хаасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4 дэх хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэлийг тогтоохгүй талаарх баримтаар явуулж үүний дагуу холбогдох нарийвчилсан хуулийн дагуу албан тушаалтан шийдвэрлэх үүрэгтэй. Үндсэн хуульд зааснаар иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл гомдлыг заавал шийдвэрлүүлэх шаардлагатай. Хүсэлтийг шийдвэрлээгүй мөртлөө хожим гаргасан хүсэлтэд дурдсан нөхцөл байдалд дахиж хариу өгөх үү гэхэд 11 сарын 17-ны өдөр хүсэлтийг маргаан бүхий захиргааны акт гаргасны дараа гаргасан нь учир дутагдалтай байна. 11 сарын 24-ны өдрийн захиргааны акт гарахаас өмнө төлбөр төлөлтийг хүлээж авахгүй талаарх тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт бүрэн мэдэгдэх боломжтой байсан. Төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлсэн гэж нэхэмжлэгч компаниас үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 33.10-д Хуанлийн жил нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна гэж заасан. Хуулийн 32.1-д тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх хуулийн зохицуулалт байхгүй. Энэ ажиллагааг оролцогчоос санал авах, сонсох ажиллагаа явуулах шаардлагатай байсан. 11 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн мэдэгдэл хүргүүлснээс хойш сонсох ажиллагааг явуулах байсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг авах боломжгүй талаарх нөхцөл байдал үүссэн талаарх саналыг авч холбогдох тайлбарыг авах зайлшгүй шаардлага үүссэн.

Цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлж чадаагүй талаар маргаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан хуулийн зохицуулалтаар улсын дээд шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай гээд тайлбарласан байдаг. Захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасны дагуу мэдэгдсэн бол мэдэгдснээр байх талаар тусгасан байна. Захиргааны ерөнхийхуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан. Гагцхүү шууданчийн хаягт байхгүй гэдэг үгний асуудлаар дугтуйг задлан үзэхгүйгээр үүргээ биелүүлээгүй учир дутагдалтай. Монгол шуудангийн компанийн ажилтан гэрчээр өгсөн мэдэгдэлд С****** дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үйл ажиллагаа явуулдаг болохыг тодорхойлолт, Моннис цамхаг компанийн нэхэмжлэгч компанид хүргүүлсэн албан бичиг, түрээсийн гэрээ, ирсэн бичгийн бүртгэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч компани өнөөдрийг хүртэл тухайн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Мэдэгдээгүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан биш, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явц болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн бүртгэл төсвийн орлого болсон талаар тодорхой харагдана, төсвийн орлогод орсон төлбөрийг буцаагдсан эсэх талаар маргаан байхгүй. Төлбөр нь одоо орлого болоод явж байгаа. Цуцлах үйл ажиллагаанд нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч байгууллагатай байнгын харилцаатай байсан. Өөрөөр хэлбэл хүсэлтээ удаа дараа гаргаж төлбөр төлөх зэрэг байдлаар байнга хандаж байсан. Ямар нэгэн харилцаа холбоогүй байсан талаар байхгүй. Асуулт хариултын шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс системээр төлбөр төлөөд бүртгэгдсэн тохиолдолд бид нар цуцлахгүй гэж тайлбарласан. Санхүүгийн хэлтсээс ирүүлсэн бүртгэлийг систем руу оруулгүй ажилтны буруу гэж байна. Энэ нөхцөл байдалтай уялдуулаад маргаан бүхий захиргааны акт гарсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд шийдвэр гаргах үйл ажиллагаа нь бодит нөхцөл байдлыг тогтоох гэж байдаг. Шийдвэр гаргах ажиллагаа нь нотлох баримтыг цуглуулах, үнэлэх нь захиргааны байгууллагад байж байгаа. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн бүртгэлийг зөв байсан эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй. Үүнийг үнэлж дүгнэсэн захиргааны байгууллагын шийдвэр одоогоор байхгүй. Бодит нөхцөл байдалд тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад төлбөрөө төлсөн байхад төлөөгүй гэж цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нийцэхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж заасан. Маргаан бүхий захиргааны акт төлөөгүй гэж гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчимд нийцэхгүй байна. Мөн хуулийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасанд нийцэхгүй байна. Цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон хүсэлт холбогдох баримтаа ирүүлсээр байхад сонсох ажиллагаа явуулаагүй асуудал дээр бусдын эрх ашиг хууль ёсны сонирхол нь зөрчигдсөн талаар оролцоог хангах зарчмыг тус тус хангаагүй байгаа нь харагдаж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч, ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Бгаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

С****** аймгийн Э******** сумын нутаг Е**** нэртэй 79 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын *****А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ЭТ**** ХХК-д олгосон байна.

ЭТ**** ХХК нь ашигт малтмалын ашиглалтын *****А дугаартай тусгай зөвшөөрлийг БМ***** ХХК-д шилжүүлэх хүсэлтийг 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээр гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 208 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр БМ***** ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/3495 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг БМ***** ХХК-д мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрээр БМ***** ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8/5284 тоот албан бичгээр БМ***** ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын *****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрээр БМ***** ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. С****** аймгийн Эрдэнэ цагаан нутагт 79 гектар ашигт малтмалын ашиглалтын 102726 дугаартай тусгай зөвшөөрлийг 2005 оны 7 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч компанид олгосон. 2008 оны 3 сарын 28-ны өдрийн кадастрын хэлтсийн даргын 4 сарын 28-ны өдрийн 627 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч компанид хамааруулж бүртгэсэн. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд болон өмнөх шүүх хуралдааны ажиллагааны нотлох баримт нь хооронд ялгаатай нотлох баримт гарч ирсэн. Өчигдөр шүүхээс очиж үзлэг хийсэн. Үүнтэй холбоотой төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуульд болон Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг хийгдээгүй гэж тогтоосон. Шүүхээс үзлэг хийсэнтэй холбоотойгоор хариуцагч кадастрын хэлтсийн даргад тодорхой нөхцөл байдлыг танилцуулсан. Манайх сонсох ажиллагаа хийгээгүй юм байна, 11 сарын 24-ны өдрийн шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгч компаниас гаргасан 2021 оны 11 сарын 09-ний өдрийн албан бичиг, 17-ны өдөр кадастрын хэлтсийн даргад хандсан албан бичигт хариу өгөөгүй, шийдвэр гаргасны дараагаар тус албан бичгүүдийн хариуг нэг хариу болгон өгсөн гэдэг талаар танилцуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс итгэмжлэл олгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх итгэмжлэл олгогдоогүй, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэв.

 

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүртгэл хариуцсан мэргэжилтэн буюу тухайн үед ажиллаж байсан У.С гэдэг хүн ажиллаж байсан. Энэ мэргэжилтний талаар буруутгамааргүй байна. Хуулийн дагуу ажилласан. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд нь төлөөгүй учир бүртгээгүй юм шүү гэдгийг хэлмээр байна. Албаар бүртгээгүй асуудал байхгүй. Хоёрдугаарт хайгуулын ажлын зардалд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулсан маш их хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлж байна. Энэ асуудалтай санал нийлж байна. Хөрөнгө оруулалтын цаана маш их ажлын байр, ажиллах хүч шингэсэн байдаг. Цуцлах амархан боловч цаана нь бүхэл бүтэн компанийн үйл ажиллагаа тэр чигтээ явж байдаг. Энэ асуудлыг ойлгож байна. Тус компани хайгуулын нөөцөө тогтоогоод явсан нь баримтаар нотлогдож байгаа. Би өөрөө төрийн захиргааны байгууллагад ажилладаг хүн ойлгож байна. Улсын Их Хурлаас 2021 онд шинэ сэргэлтын бодлого гээд баталсан. Нэг сэргэлт нь бол боомтын сэргэлт байгаа. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл нь С****** аймагт байдаг. Э******** сум маш их баялагтай сум байгаа. Бичилтийн боомттой нэхэмжлэгчийн газар ойрхон байдаг. Эдийн засгийн хувьд ойлгож байна. Цаашидаа хөрөнгө оруулж ажлын шинэ байр бий болох юм. Олон төрлийн татварыг улсад төлөх байх. Тусгай зөвшөөрөл цуцлагдснаар тус талбайд дахиад өөр компани орвол хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгоно гэв.

 

Дөрөв. Иргэдийн төлөөлөгч Х.Ц*******-аас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Ашигт малтмал, газрын тосны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага алдалт, эргэж хяналт тавих үйл ажиллагааны хяналт сул, ажлын уялдаа холбоо муу, эргэж холбогдох оролдлого 1-2 удаа хийгээд орхисон, боломжит бүх мэйл хаяг, утас г.м сувгийг ашиглаагүй зэргээр дэс дараалал хариуцлага алдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Олон жилийн хөдөлмөр, хөрөнгө зарцуулалт шингэсэн ажлыг зогсооход харамсалтай санагдаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч БМ***** ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрийн БМ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- төлбөрийг хуулийн хугацаанд төлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан,

- төлбөр төлсний дараа цуцлах шийдвэр гаргасан нь бодит нөхцөл байдалд тохироогүй,

- тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй гэх агуулгаар тайлбарлан марган байгаа нь үндэслэлтэй байна.

2. БМ***** ХХК нь С****** аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Е**** нэртэй 79 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *****А тоот тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрийг жил бүрийн 7 дугаар сарын 28-аас өмнө төлөхөөр байсан ба 17 дахь жилийн төлбөрийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлбөрөө төлсөн байна.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр *****А тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан боловч уг шийдвэрийг гаргах үйл ажиллагааны журмыг мөн хуулийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж нарийвчлан зохицуулжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

5.1. Ашигт малтмал, газрын тосны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/3495 дугаар албан бичгээр *****А тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдэхээр Монгол шуудан ХК-д шилжүүлсэн боловч уг мэдэгдэл нэхэмжлэгчид хүргэгдээгүй, буцаагдсан болох нь БМ***** ХХК-д С****** дүүргийн 1 дүгээр хороо, Моннис цамхаг 14 давхарт гэсэн хаяг бүхий дугтуй задлагдаагүй хэвээр Ашигт малтмал, газрын тосны газрын архив, бичиг хэргийн баримтад хадгалагдаж байгаагаар, уг шууданг мөн сарын 20-ны өдрийн 11.03 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бичиг хэргийн ажилтан Д.Д*******д буцаан гардуулснаар,

5.2. Мөн маргаан бүхий актаар *****А тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөрийг, алдангийн хамт төлсөн боловч төлбөрийн мэргэжилтэн мэдээллийн системд бүртгэгдээгүй болох нь Ашигт малтмал газрын тосны газарт үзлэгээр,

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2021 оны 11 дүгээр сарын 09 болон 17-ний өдрүүдэд 2 удаагийн албан бичгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн болохыг мэдэгдсэн, уг албан бичгүүдийг хариуцагч хүлээн авсан болох нь ирсэн бичгийн хэвлэх хуудас болон Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргийн ажилтны компьютерт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдов.

6. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь БМ***** ХХК-иас гаргасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааг хэтрүүлж төлсөн талаарх шалтгаанаа тайлбарласан, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалахыг хүссэн хүсэлтүүд-ийг маргаан бүхйи актыг гаргахаасаа өмнө хүлээж авсан боловч уг шийдвэрийг гаргасаныхаа дараа 2021 оны 11 дүгээр сарын 29-нйи өдрийн 8/5261 тоот албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн байна.

7. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь маргаан бүхий **** дугаар шийдвэрийг гаргахдаа тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тайлбар санал гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

7.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр шууданд өгсөн байх боловч уг мэдэгдэл нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэгчид хүргэгдээгүй болох нь Монгол шуудан ХК-ийн шууданч Т.О*****-гийн ...С****** дүүргийн 1 дүгээр хороо, Моннис цамхаг 14 давхарт БМ***** ХХК гэж байхгүй... гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны талаарх хуульд заасан журам хангагдаагүй байна.

7.2. Тодруулбал, нэхэмжлэгч БМ***** ХХК-д Улаанбаатар хот, С****** дүүргийн 1 дүгээр хороо, Моннис цамхаг 14 давхар гэсэн хаягийг 2012 онд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн, уг хаяг өөрчлөгдөөгүй болох нь тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Оффиссын талбайн түрээсийн гэрээ-ээр тогтоогдож байгаагаас үзвэл, мэдэгдлийг хүлээж аваагүй, энэ нь нэхэмжлэгчээс үл хамаарсан гэж үзэхээр байна.

7.3 Иймд тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүлээж аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь бодит нөхцөл байдал тохирохгүй юм.

8. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь *****А тоот тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж байгаа, 2016 оны Егүзэрийн ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээд нь их хэмжээний зардал гаргасан гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх нөхцөл байдлыг болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн, энэ талаараа нэхэмжлэгчээс удаа дараа захиргааны байгууллагад мэдэгдсэн байхад маргаан бүхий актыг төлбөр төлөөгүй үндэслэлээр гаргасан нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалтаас хамаарсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

9. Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэл болсон төлбөр төлөөгүй гэх нөхцөл байдал арилсан байхад уг актыг гаргасан нь агуулгын хувьд алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцэхгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

10. Иймд иргэдийн төлөөлөгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага алдалт, эргэж хяналт тавих үйл ажиллагааны хяналт сул, ажлын уялдаа холбоо муу, эргэж холбогдох оролдлого 1-2 удаа хийгээд орхисон, боломжит бүх мэйл хаяг, утас г.м сувгийг ашиглаагүй зэргээр дэс дараалал хариуцлага алдсан гэж үзэж байна.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Олон жилийн хөдөлмөр, хөрөнгө зарцуулалт шингэсэн ажлыг зогсооход харамсалтай санагдаж байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул уг дүгнэлтийг хүлээж авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2- т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлах-өөр заасан, энэхүү хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч тодорхойлох боломжтойн дээр хуулийн этгээдийн хувьд төлбөр төлөх үйл ажиллагаа нь дан ганц хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалахгүй тул энэхүү тайлбар үндэслэлгүй, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчилсан зохицуулсан тул ерөнхийлөн зохицуулсан хууль болох Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй тул нэхэмэжлэгч талын төлбөрийг хуулийн хугацаанд төлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хэрэгжүүлээгүй хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч БМ***** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга/хуучин нэрээр/-ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрийн БМ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ