Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02091

 

Д.Т, “Т” ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01765 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Д.Т, “Т” ХХК нарын нэхэмжлэлтэй,

 

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд Д.Тт 25 538 188 төгрөг, “Т” ХХК-нд 58 863 845 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т, “Т” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ширнэнжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь 2005 оноос “Т” ХХК-ийн захирлаар ажилласан. Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.Тт түгээмэл тархацтай ашигт малтмал болох уулын дайргыг хууль бусаар олборлож, байгаль экологид 78 284 369 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1263 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Тыг хууль бусаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар 200 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил хорих ялаар шийтгэж, 21 063 845 төгрөгийг гаргуулж Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгож, “Т” ХХК-ийн эзэмшлийн автомашинуудыг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1036 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтын явцад Д.Тын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй нь тогтоогдож Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт тушаасан 21 063 845 төгрөг,

2. 2014 оны 6 сарын 16 өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “Т” ХХК-ийн эзэмшлийн автомашинуудыг битүүмжилснээс тус компанийн  тухайн үед гүйцэтгэж байсан Зүүнбаянгаас -Цагаан элсний орд хүртэлх 7,0 км авто замын барилга угсралтын ажилд  2014 оны 5 сарын сарын 26-10 дугаар сарын 01 хүртэл тухайн машин механизмуудыг  ашиглаж чадаагүй тул “Б” ХХК-аас гэрээ байгуулан машин механизм, техник түрээслэн ажиллуулсны нийт 27 800 000 төгрөг,

3. 2014 оны 10 сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногт / Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг  зааснаар/ 8 448 000 төгрөг,

4. 44 хоног цагдан хоригдсоноос эрүүл мэндийн байдал эрс муудаж Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар Японд очиж шинжилгээ эмчилгээ хийлгэсэн 1 090 188 төгрөгийг,

5. гэмт хэрэгт холбогдсоноос 3 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан.

- Ж.Бтод 4 000 000 төгрөг

- Г.Бд 5 000 000 төгрөг

- Ж.Эд 2 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөг,

6. Эрүүгийн хэрэгт үндэслэлгүй татагдаж, улмаар шүүхээр шийтгүүлсэн сэтгэл санааны хохирол, компанийн нэр хүндэд сэв сууж харилцагч байгууллагуудтайгаа хамтран ажиллахад хүндрэлтэй болсон. Цагдан хоригдсоноос компанийн бизнесийн үйл ажиллагаа тухайн хугацаанд зогссон. Мөн байгууллага нь авто зам гүүрийн барилгын ажлаас гадна авто замд ашиглагддаг машин механизм, техник түрээсийн үйлчилгээ явуулдаг тул нэр төр, алдар хүнд гутаасан болон сэтгэл санааны хохиролд Д.Т 5 000 000 төгрөг, “Т” ХХК-нд 10 000 000 төгрөг нийт 84 402 033 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Тыг “ Т ХКК нь ашигт малтмал хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрөлгүй атлаа 2012 оны 4 сараас 2013 оны 6 сар хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны орчмоос дайрга хууль бусаар олборлож, байгаль экологид 78 284 569 төгрөгийн хохирол учруулсан” гэж шалгах хууль зүйн үндэслэл байсан. Учир нь “Т” ХХК-д ашигт малтмал ашиглах, олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан бөгөөд байгаль экологид онц их хэмжээний хохирол учирсан. Иргэний хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Г.Бтай гэрээ байгуулж Б.Э, А.У, Ц.Г нараас өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байна. Тухайн үед эрүүгийн 2014260002045 дугаартай хэрэгт 3 хүнийг яллагдагчаар татан шалгаж байсан тул өмгөөллийн хөлсийг 3 хувааж төлсөн./ 5 000 000:3=1 666 000 төгрөг/ 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж өмгөөлөгч Ж.Бт 4 000 000 төгрөг төлсөн гэх боловч “ хүлээлгэн өгсөн М.Б” гэсэн байгаа нь Д.Тыг төлсөн гэхэд эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт “ Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх” гэсэн заалтын 1.1-д “ хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг нөхөн төлөхөөр заасан. Д.Т нь дээрх цалин хөлс хөдөлмөрийн бусад орлогын талаар нэхэмжлэл гаргаагүй тул цагдан хоригдсон 44 хоног 192 000 төг = 8 448 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Япон улсад очиж эмчилгээ шинжилгээ хийлгэсэн нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсантай шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй, сэтгэл санааны ямар хохирол учирсныг нотлох баримтгүй.

 

“Т” ХХК-ийн эзэмшлийн 2 автомашиныг битүүмжилсний улмаас өөр компаниас машин механизм түрээслэн ажиллуулж, төлбөр 27 800 000 төгрөгийг төлсөн нь Д.Тыг эрүүгийн хэрэг холбогдуулан шалгасантай холбоотой гэж үзэх үндэслэлгүй. Нийслэлийн БОНХГ-т тушаасан 21 063 845 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд байгаль орчинд учруулсан нөхөн сэргээлтийг хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд өмгөөлөгч Ж.Эд төлсөн 2 000 000 төгрөг Г.Бд төлсөн 1 666 000 төгрөгийг  гаргуулж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 8 892 920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт, 27 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 47 709 113 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Тын өмгөөлөгч Ж.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор  21 063 845 төгрөгийг гаргуулсан. Нэмэлт мөрдөн байцаалтын явцад гэм буруугүй нь тогтоогдож, гэмт хэрэгт хариуцлага хүлээх үндэслэлгүй болсон тул 21 063 845 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Мөн "хохирол" болон "нөхөн сэргээлтийн зардал" нь ялгаатай. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харвал "...шүүгдэгч нар нийт 78 284 369 төгрөгийн хохирлоос нөхөн сэргээлтийн зардал 36 158 200 төгрөгийг төлж барагдуулсан" гэж дурдсан байдаг. Үүнээс үзвэл тус 21 063 845 төгрөг нь нөхөн сэргээлтийн зардал биш болох нь харагдаж байна. Нөхөн сэргээлтийн асуудал нь тусдаа гэрээний харилцаа байтал уг гэрээний үүрэгтэй холбогдуулан 21 063 845 төгрөгийг суутган авч буй мэтээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь заалтын урьдчилсан нөхцөл нь хангагдахгүй байхад хэрэглэсэн нь буруу болсон байна.Д.Тт учирсан сэтгэл санааны хохирлыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Д.Тын гэм буруугүй болох нь тогтоогдсон байтал шүүхээс "гэм буруугийн хэмжээг харгалзаж, хохирлыг 50 хувиар тооцох нь зүйтэй" гэж үзсэн нь хуульд нийцэхгүй болсон.

 

Эрүүгийн хэргийг шалгаж, яллагдагчаар татсанаас эхлэн, гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох хүртэл хугацаанд компаний үйл ажиллагаа саатаж, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Жил гаруйн хугацаанд хууль бусаар дайрга олборлож байгаль орчинд 78.2 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.." гэх зэргээр мэдээллүүд цацагдсанаас компаний ажил хэргийн нэр хүнд унаж, хохирол учирсан. Түүнчлэн шүүхээс үзлэг хийсэн сайтууд дээрх мэдээлэл нь устгагдаагүй, цахим хайлт хийхээр одоог хүртэл илэрцүүд гарч ирсээр байна. Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй байсан бол мэдээллийн сайтууд дээр ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээллүүд түгэхгүй байсан бөгөөд тендерт материалаа өгөн шалгарахад ч эдгээр мэдээллүүдээс болж тендер цуцлагдах тохиолдол гарсан.

 

Иймд хохирлыг барагдуулж хуулийн дагуу шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хүсэлт гаргагч Д.Т, Т ХХК нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 58 863 845 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.Тт түгээмэл тархацтай ашигт малтмал болох уулын дайргыг хууль бусаар олборлож, байгаль экологид 78 284 369 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1263 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Тыг хууль бусаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар 200 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил хорих ялаар шийтгэж, 21 063 845 төгрөгийг гаргуулж Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгож, “Т” ХХК-ийн эзэмшлийн автомашинуудыг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэснийг  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1036 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

 

Ийнхүү нэмэлт мөрдөн байцаалтын явцад Д.Тын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1,208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ./ хх-ийн 27-28/

 

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Тт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 389 дүгээр зүйлийн 389.2.3-д заасны дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй зөв болжээ.

 

Д.Т нь “Т” ХХК-ийн захирал болох нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, хэргийн 90 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Мөн дээрх хууль зөрчсөн ажиллагааны явцад “Т” ХХК-ийн техник хэрэгслүүд битүүмжлэгдсэн болох нь шийтгэх тогтоол, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцахаар заасан тул “Т” ХХК нь шүүхэд хандан тээврийн хэрэгсэл битүүмжилсэнтэй холбоотой хохирол арилгуулахаар хүсэлт гаргасныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч Д.Тт холбогдох эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаа явагдах үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 379 дүгээр зүйлийн 379.1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байхгүй харин нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ. Иймд хариуцагчаар Засгийн газар оролцоогүй ч төрөөс буюу Засгийн газрын нөөцийн сангаас хохирлыг гаргуулж шийдвэрлэснийг, мөн прокурорыг төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг буруутгах боломжгүй. Түүнчлэн иргэн Д.Тын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй болохыг тогтоосон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, өөрөөр хэлбэл эрх зүйн үйл баримт маргаангүй юм. Харин гагцхүү хүсэлт гаргагчид нь өөрт учирсан гэх хохирлыг хэмжээг нотлох үүрэгтэй.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага нэг бүрт зөв дүгнэлт хийж, нотлох баримтыг зөв харьцуулан дүгнэж шийдвэрлэжээ. Хэргийн баримтаас үзэхэд “Т” ХХК-ийн камаз 55-11 авто хэрэгсэл, дугуйт эксковатор 61-44 зэрэг машин механизмууд мөрдөн байцаалтын явцад битүүмжлэгдсэн байх бөгөөд уг битүүмжлэлийн хугацаанд Б ХХК-иас гэрээ байгуулан машин механизм ажиллуулж түрээсийн төлбөрт 27 800 000 төгрөгийг төлсөн нь Хас банкны лавлагаа, 20 000 000 төгрөг цувуулж төлсөн баримт,хүсэлт гаргагчийн тайлбар, түрээсийн гэрээ зэргээр нотлогдсон. /хх30-32,хх77 -88, 103/. Энэ 27 800 000 төгрөгийн машин механизмыг түрээслэх болсон нь эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авсантай холбоотой байна.

 

Өмгөөлөгч н.Бд 5 000 000 төлсөн гэх боловч Монголын авто замчдын холбооноос 5 000 000 төгрөгийг төлсөн агуулгатай бичмэл баримт хэрэгт авагдсан, хамаарал нь тодорхойгүй тул анхан шатны шүүхээс өмгөөллийн хөлс төлсөн гэх нийт 11 000 000 төгрөгийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан диспозитив зарчимд нийцжээ. /хх-ийн 42-43,44,45/

 

Хүсэлт гаргагч Д.Тын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногт / Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг  зааснаар/ 8 448 000 төгрөг гаргуулах гэсэн бүрхэг шаардлагыг  анхан шатны шүүхээс тодруулан цалин хөлс, амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогын талаарх нэхэмжлэл гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 392 920 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэх хохирлын хувьд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн үндэслэл нь тодорхой бус боловч шийдлийн хувьд зөв байна. Ажил хэргийн нэр хүндэд учирсан гэх хохирол нь эдийн бус хохирол юм. Бодитойгоор ямар хэмжээтэй хохирол учирсныг эргэлзээгүй нотлох баримтаар нэхэмжлэгч нотолж чадаагүй. Иймээс нэхэмжлэлийн үнийн дүнг шүүхээс багасгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Шүүхийн шийтгэх тогтоолоор Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газарт үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэх 21 000 000 төгрөгийг төрөөс гаргуулах үндэслэлгүй. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолын үндсэн дээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө байна. Энэ мөнгийг шилжүүлсэн үндэслэл хийгээд тухайн шийтгэх тогтоол хүчингүй болсон тохиолдолд иргэний хэргийн ердийн журмаар,шилжүүлэн авсан этгээдэд холбогдуулан шаардлага гаргаж нэхэмжлэх эрхийг энэ шийдвэрээр хөндөхгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД