Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02122

 

Н.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02708 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Н.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бт холбогдох

 

2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин гаргуулах, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.С-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С нь 2017.05.01-ний өдөр БЗД-ийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст Зорилтот бүлгийн хүүхдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилогдож, №17 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.  Ажилд орсноос хойш цалин аваагүй, 2018.03.01 -ний өдөр  хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн Салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичиг албан тушаалд томилсон. Удаа дараа цалингаа нэхэж байсан ч өгөөгүй, 2018.03.01-ний өдөр тушаал гаргаж ажилд томилоод ажил хийлгэсэн хэрнээ тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, нэг сарын дараа буюу 2018.04.03-ны өдөр Б/29 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн.

 

Тухайн үед нэхэмжлэгч нь жирэмсэн байж байгаад ураг зулбасан цаашид хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлага гараад удирдлагаасаа учир байдлаа хэлээд чөлөө хүссэн боловч чамд чөлөө өгөхгүй чи өөрийн хүсэлтээр ажлаас гарна гэсэн хүсэлтээ бичиж өг гэж шаардсан тул эрүүл мэндээ бодоод 2018.04.02-ны өдөр хүсэлт бичиж өгөөд халагдсан. Н.Сийг ажлаас чөлөөлөхдөө Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн Салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичиг гэж заасан гэтэл энэ ажлын байранд  хөдөлмөрийн  гэрээ байгуулаагүй байж ажлаас халсанд гомдолтой. Иймд 2017.05.01-2018.04.03-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалин 6 040 210 төгрөг гаргуулж, БЗД-ийн ГБХЗХХ-ийн даргын 2018.04.03-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, 2018.04.03-аас ажилд эргэж томилогдох хүртэл хугацааны цалин гаргуулж, 2017.05.01-с ажилд эргэж томилогдох хүртэлх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 1-ны өдөр мэргэжилтнээр томилогдсон. 2017 оны 05 дугаар сараас 12 дугаар сард, 2018 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын цалинг сард 563 430 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа болно. Мөн хоол унааны нэмэгдлийг бодсон. Захиргааны хэргийн шүүх байгууллагын нэр өөрчлөгдсөн гэж үзсэн байдаг. Хуулийн этгээд болоогүй гэж байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Сүүлд шинээр бүтэц, төсөв баталсан нь өмнө нь энэ байгууллага байгаагүй гэж үзэхгүй гэжээ.

 

Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сард хэлтсийн даргыг томилсон боловч тухайн нэгжийн удирдлагын томилгоо, тамга, төсөвтэй холбоотой маргаан жил орчим үргэлжилж, тус хэлтсийн бүтэц, орон тоо, төсөв батлагдаагүй  үйл ажиллагаа бүрэн хэрэгжих нөхцөл бүрдээгүй  БЗД-ийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн А/57 дугаартай захирамжаар хэлтсийн бүтэц, орон тоо тодорхой болж, төсөв шийдвэрлэгдсэнээр сая үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломж бүрдсэн.

 

Тухайн үед томилогдсон С нь ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй. Н.С нь нэхэмжлэлдээ ажилласан хугацааны цалин гэсэн боловч нийт хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна.

 

Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэлтсийн даргын Б/22 дугаар тушаалаар Зорилтод бүлгийн хөгжил оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон болно. Нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд нийт цалин 2 429 849 төгрөг бодогдсон байна. /унаа хоолны нийт 540 000 төгрөг үндэслэлгүй бодогдсон/ 2017 оны 11, 12 дугаар cap, 2018 оны 01, 02 дугаар саруудад албан ажлаа гүйцэтгээгүй. Энэ нь албан хаагчдын цагийн бүртгэлээр нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Н.С нь 2017 оны 10 дугаар сараас хойш гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргалгүй 2018 оны 05 дугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

2018 оны 03 дугаар сарын цалин болох 502 209 төгрөгийг Н.Сийн Хаан банкны 5495362006 дугаар дансанд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр орсон. Н.С нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэлтсийн даргын нэр дээр 2018 оны 04 дугээр сарын 02-ны өдөр гаргасан. Цалин нь сар бүр бодогдож, өр үүсэж татварт тайлагнаж байсан. 2017 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. 2017.11-12, 2018.1-2 саруудад ажиллаагүй. Нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэнд муу байгаа тул эмчлүүлэх шаардлагатай гэсэн өргөдөл өгсөн. Ажил олгогчийн зүгээс ямар нэг дарамт шахалт байгаагүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Бт холбогдох Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Бт холбогдох 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх буруу харьцуулан дүгнэж, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байгаагүй гэж буруу шийдвэр гаргалаа. Гэрчийн мэдүүлэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч ажлаас чөлөө авч биеэ эмчлүүлэх шаардлага байсан гэдэг нь нотлогдсоор байтал “бичгээр чөлөө авах хүсэлт гаргаагүй” гэдэг үндэслэлээр иргэнийг бүтэн нэг жил цалин хөлсгүй ажиллуулсан, Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн ажил олгогчийг шүүх зөвтгөсөн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг зөв харьцуулан дүгнэсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Бт холбогдуулан ажилласан хугацааны цалин гаргуулах, тус хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 тоот ажлаас чөлөөлсөн  тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэж маргажээ. /хх-ийн 1, 21-22, 39, 41-42/

 

Нэхэмжлэгч Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хариуцагч Бт зорилтот бүлгийн хөгжил оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс тус хэлтсийн даргын Б/11 тушаалаар тус төвийн салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 7,10 /

 

Нэхэмжлэгч Н.С нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж, ажлаас чөлөөлсөн тушаал 2018 оны 4 сарын 3-нд гарчээ. /хх-ийн 23/

 

Дээрх хүсэлтийг гаргаснаас хойш цалин хөлстэй холбоотой өргөдлийг 2018 оны 4 сарын 19-нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргад гаргахдаа ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрээ гардаж авсан талаар дурджээ./хх 83/

 

Уг өргөдөл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш тооцсон ч нэхэмжлэгч  эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн гэж үзэх боломжтой бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай  хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан  ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилснаар цуцалж болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. Ажилтан 04 дүгээр сарын 02-ний өдрөөс яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул чөлөөлөхийг шаардсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 30 хоногийн хугацааг баримтлаагүйг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригоос гадуур, бусдын дарамт шахалтаар бичсэн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд дээрх байдлыг нотлох үүрэгтэй юм. Дээрх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарласан боловч гэрч П.Хишигжаргал, Б.Мягмарсүрэн нарын мэдүүлгээс үзэхэд дээрх байдлыг нотлоогүй” чөлөө авах гэхэд чөлөө өгөхгүй  байсан тухай сонсоогүй”, “ чөлөөний дагуу даргатай уулзаж байсан. Би тэр талаар асуугаагүй” гэх мэдүүлэг өгсөн  тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.  /хх -94,95,100-108/

 

Нэхэмжлэгчийн цалин хөлсний нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэх бөгөөд цалин хөлсний  шаардлага нь шүүхээр хянан шийдвэрлэхээс бусад маргаанд хамаарах юм. Шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмаа баримталж, дахин нэхэмжлэл гаргах эрхийг хөндөхгүй юм.

 

Мөн цалин хөлстэй холбоотой маргааныг шийдвэрлэхтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх асуудал яригдах учиртай юм. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй нь буруу байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байгаа учраас хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02708 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Бт холбогдох тус хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бт холбогдох 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                           ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД