Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/02708

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/02708

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.С

 

Хариуцагч: БЗДГБХЗХ

 

2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин гаргуулах, Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, гэрч Б.М, П.Х, хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн /ГБХЗХХ/ даргын 2018.04.03-ны өдрийн 5/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалым дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай.

 

Н.С би 2017.05.01-ний өдөр БЗД-ийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст Зорилтот бүлгийн хүүхдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд тус газрын даргын 2017.05.01-ний өдөр Дугаар 22 тоот тушаалаар томилогдож №17 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Ажилд орсон өдрөөс хойш цалингүй ажиллаж байгаад 2018.03.01 -ний өдөр өөр ажилд томилохоор болж Дугаар Б/11 тушаалаар Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн Салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичиг албан тушаалд томилсон. Цалингүй ажиллах хугацаандаа удаа дараа цалингаа нэхэж байсан ямарч цалин надад өгөөгүй 2018.03.01-ний өдөр тушаал гаргаж ажилд томилоод ажил хийлгэсэн хэрнээ тухайн ажлын байранд хөдөлмийн гэрээ байгуулалгүй ажилуулж байгаад нэг сарын дараа буюу 2018.04.03-ны өдөр Б/29 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Тухайн үед би жирэмсэн байж байгаад ураг зулбасан цаашид хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлага гараад удирдлагаасаа учир байдлаа хэлээд чөлөө хүссэн боловч чамд чөлөө өгөхгүй чи өөрийн хүсэлтээр ажлаас гарна гэсэн хүсэлтээ бичиж өг гэж шаардсан тул би өөрийн эрүүл мэндээ бодоод 2018.04.02-ны өдөр хүсэлт бичиж өгөөд халагдсан. Н.С намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн Салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичиг гэж заасан гэтэл энэ ажлын байранд надтай хөдөлмөрийг гэрээ байгуулаагүй байж хуулийн ямар үндэслэлээр энэ тушаалыг гаргаж байгааг би үнэндээ ойлгоогүй учир байдлаа хэлсээр байхад хүлээж авахгүйгээр шууд ажлаас халсанд гомдолтой байгаа болно.

 

Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн /ГБХЗХХ/ даргын 2018.04.03-ны өдрийн 5/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

 

Н.С би тус шүүхэд хандан Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан 2018.05.24-ний өдөр нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1.    2017.05.01-2018.04.03-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалин 6,040,210 төгрөг гаргуулах,

2.    БЗД-ийн ГБХЗХХ-ийн даргын 2018.04.03-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах,

3.    2018.04.03-аас ажилд эргэж томилогдох хүртэл хугацааны цалин гаргуулах,

4.    2017.05.01-с ажилд эргэж томилогдох хүртэлх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 1-ны өдөр мэргэжилтнээр томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Цалингүй ажиллаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 01-нд өөр ажилд томилогдсон. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тушаал гарч ажлаас чөлөөлсөн. Тухайн үед жирэмсэн байж байгаад ураг зулбаснаас эмчилгээ хийлгэх болсон. Чөлөө хүсэхэд өгөөгүй, харин чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэсэн тул бичиж өгөөд чөлөөлөгдсөн. 2017 оны 05 дугаар сараас 12 дугаар сард, 2018 оны 01 дугаар сараас 02 дугаар сарын цалинг сард 563 430 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа болно. Мөн хоол унааны нэмэгдэлийг бодсон. Захиргааны хэргийн шүүх байгууллагын нэр өөрчлөгдсөн гэж үзсэн байдаг. Хуулийн этгээд болоогүй гэж байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Сүүлд шинээр бүтэц, төсөв баталсан нь өмнө нь энэ байгууллага байгаагүй гэж үзэхгүй. Өөрөө өргөдөл гаргасан гэдэг. Өргөдөл гаргах шалтгаан нь ямар байсныг судлах хэрэгтэй гэж бодож байна гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.С нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс /хэлтсийн дарга А.Мөнхгэрэл/-ийг холбогдуулан тус хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/59 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Зарим баримтыг тодруулан дурдахад Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сард хэлтсийн даргыг томилсон боловч тухайн нэгжийн удирдлагын томилгоо, тамга, төсөвтэй холбоотой маргаан жил орчим үргэлжилсэн. Үүнээс үүдэж тус хэлтсийн бүтэц, орон тоо, төсөв батлагдаагүй хэлтсийн үйл ажиллагаа бүрэн хэрэгжих нөхцөл бүрдээгүй байсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг заасан байдаг. Энэхүү маргаан үргэлжилсээр БЗД-ийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн А/57 дугаартай захирамжаар хэлтсийн бүтэц, орон тоо тодорхой болж, төсөв шийдвэрлэгдсэнээр сая үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломж бүрдэж албан хаагчидтай хөдөлмөрийн харилцаа үүсгэх эрх зүйн боломж бий болсон. Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь Н.Сийг анх 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилсон гэх тухайн өдөр тус хэлтэс нь эрх эүйн байдлын хувьд байгуулагдаж, бүтэц, орон тоо, дүрэм /эрх, үүрэг/, тамга, төсөв, ахлын зохион байгуулалт зэрэг хуульд заасан хуулийн этгээдэд тавигдах наад захын шаардлага хангагдаж хараахан нэг мөр болж тогтоогүй. Нэгэнт хуулийн этгээд болж хараахан тогтоогүй этгээд ажил олгогч болж бусадтай хөдөлмөрийн харилцаа үүсгэх боломжгүй байснаас гадна тухайн үед томилогдсон С нь ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн нөгөө талаар ажилтанд цалин олгохгүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхгүй байх эрхтэй байсан гэж үзэж байна. Н.С нь нэхэмжлэлдээ ажилласан хугацааны цалин гэсэн боловч нийт хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. 5/29 тоот хэлтсийн даргын тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн тухайд Н.С нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэлтсийн даргын нэр дээр 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасныг хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болно.

 

Тус хэлтэст холбогдох нэхэмжлэгч Н.С нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж дахин нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

1.   2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан хугацааны цалин 6,040,210 /зургаан сая дөчин мянга хоёр зуун арван/ төгрөг гаргуулах тухай: Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэлтсийн даргын Б/22 дугаар тушаалаар Зорилтод бүлгийн хөгжил оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон болно.

2017 оны 05 дугаар сард- нийт 23 өдөр ажиллаж, гарт олгох цалин- 510,101 төгрөг, үүнээс хоол унааны хөнгөлөлт- 124,200 төгрег

2017 оны 06 дугаар сард - нийт 21 өдөр ажиллаж гарт олгох цалин - 501,353 төгрөг, үүнээс хоол унааны хөнгөлөлт-113,400 төгрөг

2017 оны 07 дугаар сард- нийт 17 өдөр ажилпаж гарт олгох цалин - 479,483 төгрөг, үүнээс хоол унааны хөнгөлөлт - 86,400 төгрөг

2017 оны 08 дугаар сард- нийт 9 өдөр ажиллаж гарт олгох цалин- 203,865 төгрөг, үүнээс хоол унааны хөнгөлөлт- 48,600 төгрөг

2017 оны 09 дүгээр сард- нийт 21 өдөр ажиллаж гарт олгох цалин- 501,353 төгрөг, үүнээс хоол унааны хөнгөлөлт- 113,400 төгрег

2017 оны 10 дугаар сард- нийт 10 өдөр ажилпаж, гарт олгох цалин- 233, 694 төгрөг, үүнээс хоол унааны хөнгөлөлт- 54,000 төгрөг нийт гарт олгох цалин - 2,429,849 төгрөг бодогдсон байна. /унаа хоолны нийт 540,000 төгрөг үндэслэлгүй бодогдсон/

2017 оны 11, 12 дугаар cap, 2018 оны 01, 02 дугаао саруудад албан ажлаа гүйцэтгээгүй. Энэ нь албан хаагчдын цагийн бүртгэлээр нотлогдож байна. Ямар шалтгаанаар ажилдаа ирээгүй нь тодорхойгүй, ажил олгогчийн зүгээс чөлөө олгосон чөлөөний хуудас, тушаал гаргаагуй байгааг харахад Н С нь ажил тасалсан гэж харагдаж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Н.С нь 2017 оны 10 дугаар сараас хойш гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргалгүй 2018 оны 05 дугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны А/57 дугаар захирамжаар тус хэлтсийн бүтэц, орон тоог батлан үйл ажиллагаа хэвийн явагдах боломж бүрдэж албан хаагчидтай хөдөлмөрийн харилцаа үүсгэх эрх зүйн боломж бий болсон бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Н.Сийг хэлтсийн даргын Б/11 дугаар тушаалаар тус хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн Салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичиг албан тушаалд томилсон. 2018 оны 03 дугаар сарын цалин болох 502,209 төгрөгийг Н.Сийн Хаан банкны 5495362006 дугаар дансанд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр орсон.

2.   Б/29 тоот хэлтсийн даргын тушаапыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн тухайд Н.С нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэлтсийн даргын нэр дээр 2018 оны 04 дугээр сарын 02-ны өдөр гаргасныг хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйпийн 38.1.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн тул Н.Сийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох үндэслэлгүй мөн нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гэрэлцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон боловч төсөв батлагдаагүй. Дүүргийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-нд захирамж гарч бүтэц орон тоог баталж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хуулийн этгээд болж бүтэц батлагдаагүй байсан. Улмаар ажил олгогч болсон. Нэхэмжлэгч нь мөн ажлаа бүрэн гүйцэтгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49-д зааснаар хөдөлмөрийн үр дүнд тохируулан цалин хөлс олгохоор байгаа. Цалин нь сар бүр бодогдож, өр үүсэж татварт тайлагнаж байсан. 2017 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. 2017.11-12, 2018.1-2 саруудад ажиллаагүй. Хоол, унааны мөнгө нь үндэслэлгүй байдаг. Нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэнд муу байгаа тул эмчлүүлэх шаардлагатай гэсэн өргөдөл өгсөн. Харин чөлөө авах хүсэлт өгч байгаагүй. Улмаар ажлаас гарах хүсэлт гаргасан. Ингээд гарсаны дараа яаманд өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдөлд маргааны талаар дурдаагүй, харин ажиллаж байх үеийн цалин гаргуулах тухай байдаг. Өнгөрсөн оны цалингийн талаар шүүхэд гомдол гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Тамга тэмдэг байхгүй гэж хэлээгүй. Тамга тэмдэг маргаантай болсон гэсэн. Ажил олгогчийн зүгээс ямар нэг дарамт шахалт байсан гэдэг. Иймд зүйл байгаагүй. Эрүүл мэндээ бодоод энэ маргаантай ажлыг больё гэж ярьж байсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин гаргуулах, Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2018 оны 03 дугаар сарын цалин хөлс олгогдсон болохыг зөвшөөрч, энэ хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагасаа татгалзсан. Ингээд 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан цалин хөлсийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл тус хэлтэс нь бүрэн байгуулагдаагүй, бүтэц зохион байгуулалт болон төсөв батлагдаагүй байсан, нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тул ажилд эгүүлэн томилох үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан цалин хөлсийг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хариуцагч Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст зорилтот бүлгийн хөгжил оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон болох нь зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй. Улмаар Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/11 тушаалаар тус хэлтсийн дэргэдэх залуучуудын хөгжлийг дэмжих төвийн салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн албан тушаалд томилогджээ. /хэргийн 10 дугаар тал/ Нэхэмжлэгч нь тус албан тушаалд ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн утга бүхий өргөдөл гаргасан байна. /хэргийн 23 дугаар тал/ Уг хүсэлтийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын Б/29 дүгээр тушаал гарч нэхэмжлэгч Н.Сийг тус хэлтсийн дэргэдэх залуучуудын хөгжлийг дэмжих төвийн салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн албан тушаалаас чөлөөлжээ. /хэргийн 7 дугаар тал/ Энэхүү тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 буюу ажилтаны ажлаас чөлөөлөгдөх хүсэлт болжээ.

 

Ийнхүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь ажил олгогчийн зүгээс эмчлүүлэх зорилгоор гаргасан чөлөө авах хүсэлтийг хүлээн авалгүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бич гэж шахалт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж тайлбарласан. Харин хариуцагч Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь ямар нэг байдлаар шахалт, нөлөөлөл үзүүлээгүй, нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу өргөдөл гаргасан гэж маргасан.

 

Хэрэгт нэхэмжлэгч нь чөлөө хүсэж байсан талаарх бичгэн нотлох баримт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь чөлөө олгохыг хүсэх үед чөлөөлөгдөх өргөдөл бич гэж зүй бусаар шахалт үзүүлсэн, үүнийг гэрчээд мэднэ гэж тайлбарласан. Гэрч П.Хишигжаргал нь нэхэмжлэгчийг чөлөө авах талаар ярьж байсныг мэдэхгүй, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байсан гэж, гэрч Б.Мягмарсүрэн нь 3 дугаар сарын үед чөлөө авах талаар ярьж байсан, харин хүсэлт бичиж байх үед би юу бичиж байсныг нь хараагүй, чөлөө хүссэн, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг мэдэхгүй гэж тайлбарласан. Үүнийг дүгнэвэл нэхэмжлэгч нь хэдийгээр Б.Мягмарсүрэнд 3 дугаар сард чөлөө авах талаар ярьсан гэж үзэхээр боловч 04 дүгээр сарын 02-ны өдөр чөлөө хүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчид чөлөө хүсээд, улмаар ажил олгогчийн зүгээс шахалт, зүй бус нөлөө үзүүлсэний улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлын үндэслэлийг эмчлүүлэх шаардлагатай болсон гэж тодорхойлсон байх бөгөөд хэрэгт байгаа нэхэмжлэгч талаас гаргасан амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, төлбөр төлсөн баримтын хуулбараар эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байна. Дээрхийг дүгнээд нэхэмжлэгч буюу ажилтан өөрөө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох санаачлага гаргасаны улмаас ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан гэж үзлээ. Мөн ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хэлбэрийн болон агуулгын хувьд хуульд нийцэж байх тул үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэлийн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэгэнт нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох ажиллаж байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан цалин хөлс гаргуулах шаардлагын хувьд уг шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д хамаарахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын дуустал ажил үүргээ гүйцэтгээгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байсан хугацааны цалин олгуулах тухай өргөдөл гаргасан байна. Уг өргөдлийг тус яам 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/135 дугаар албан тоотоор Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс нь 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 1/89 дугаар албан тоотоор нэхэмжлэгчид 2018 оны 03 дугаар сарын цалин хөлсийг олгосон бөгөөд бусад хугацааны цалин хөлсийг төсөв батлагдаагүй байсантай холбогдуулан олгох боломжгүй гэсэн хариу өгчээ. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 11-12 дугаар саруудад ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь хэргийн 29-30 дугаар талд байгаа цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон. Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч нь ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй холбогдох маргааны талаар хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй байна. Энэхүү шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед тогтоогдож байх тул уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст холбогдох Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст холбогдох 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД