Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 0050

 

П.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Хохирогчийн өмгөөлөгч О.Ц Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолтой, П.Э-т холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ү овогт П-н Э.

П.Э нь 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-19-59 тоотод оршин суух Ю.М-с “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч 30.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчааар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 болгон өөрчилж, Шүүгдэгч Ү овгийн П-н Э-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгө залилан мэхлэж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-г эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-с 27.800.000 төгрөг гаргуулж “ТОП МОСТ” ХХК-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Э давж заалдах гомдолдоо: “... Тус хэрэгт хохирогчоор оролцож буй Ю.М нь өөрөө санхүүгийн болон эрх зүйн боловсролтой, олон жил банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан, намайг бодвол санхүүгийн болон хуулийн сургууль төгссөн хүн бөгөөд надад залилуулаад байхаар гэнэн хүн биш. Харин надаас олон жил элдэв худал үнэн зовлон тоочиж мөнгө зээлж аваад эргүүлэн төлөлгүйгээр өдийг хүрсэн. Уг 2014 онд 10 сая төгрөгийг надад өмнөх өрөндөө тооцож шилжүүлэхдээ “барилгын материалын үнэ” гэж худал бичиж өгсөн боловч энэ нь өөрийгөө хамгаалж хожим надаас авсан мөнгөө өгөхгүйгээр хааж, өөрийнхөө өгсөн мөнгийг эргүүлж авах арга байжээ. Миний хувьд хүнд итгэмтгий, тусархаг байдлаасаа болж Ю.М-д олон жилийн өмнөөс тогтмол мөнгө зээлдүүлж ирсэн. Харин уг байдлыг прокурор урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулсан гэж бодит байдлаас эсрэгээр нь намайг буруутгаж үүнийг үндэслэн анхан шатны шүүх хэргийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ю.М-ын 2014 оноос эхлэн төлсөн өрөө эргүүлэн шаардаж, үүндээ намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болгох төлөвлөгөө гаргасныг олж харалгүй, мөрдөгчийн хууль зөрчиж авсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн худал мэдүүлэг, мэдүүлгээсээ зөрүүтэй гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл зэргийг үндэслэн прокурор болон хохирсон гэх Ю.М-н талд хэргийг шийдвэрлэсэн гомдолтой байна. Миний бие “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д насаараа ажиллаж эцэст нь хөдөлмөрийн чадвар алдаж тахир дутуугийн тэтгэвэрт гарсны дараа өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр бий хөрөнгө болон ах дүүсийн тусламж дэмжлэгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болсон. Уг бизнесийн үйл ажиллагааг эрхэлж байх үед хүн залилах нь битгий өөрөө харин хүнд тус дэм болж зарим О, М мэтийн зальт шунахай хүмүүст залилуулж өдийг хүрсэн. Ийм байтал надаас мөнгө байнга авч байсан Ю.М-г хохирогч гэж тогтоож түүний үгэнд бат итгэж, харин миний хэлсэн үгийг худал гэж тооцож Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч А.Г, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Шударга үнэнийг тогтоох шүүх Монгол улсад байгаа гэдэгт итгэж байна. Гэтэл Ю.М нь татварын байцаагч хууль бусаар архи худалдагч С лам гэх нэрээр бусдаас ашиг хонжоо олж явдаг А нарыг ашиглан худал мэдүүлэг цагдаад өгүүлж, үүнийгээ шүүх хуралдаан дээр зөрүүтэй байдлаар мэдүүлж, уг байдлыг үндэслэн анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцоод байна. Иймээс үнэн зөвийг ялган салгаж Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, О.Э нар давж заалдах гомдолдоо: “... Шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдлыг нотлох ёстой. Шүүх П.Э-г 2014 оны 10 дугаар сард Ю.М-с 30.000.000 төгрөгийг бэлнээр болон дансны гүйлгээгээр авсан үйл баримт тогтоогдож байна гэжээ. Хавтаст хэрэгт “Топмост” ХХК-ийн данснаас П.Э-н данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. Уг баримтын гүйлгээний утга хэсэгт барилгын материалын үнэ гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. 30.000.000 төгрөгийг П.Э-н данс руу шилжүүлсэн өөр баримт авагдаагүй, зөвхөн гэрч нарын мэдүүлгээр 30.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт “Топмост” ХХК-ийн дансны хуулга авагдсан бөгөөд уг хуулгаар 2014 оны 10 дугаар сарын үед “Топмост” ХХКийн данснаас П.Э-н данс руу 10.000.000 төгрөгийг барилгын материалын үнэ гэж шилжүүлсэн бусад гүйлгээ нь дандаа бэлнээр авсан гүйлгээ харагдаж байна. Үүнийг гэрч нарын мэдүүлгээр бэлнээр өгсөн байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заажээ. Ю.М нь П.Э-т 30.000.000 төгрөг шилжүүлсэн талаар хангалттай нотлох баримтгүй, гэрч нарын мэдүүлэг өөр бусад байдлаар нотлогдоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал бүрэн нотлогдоогүй байхад шүүх П.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлгүй юм. Тус хэрэгт хохирогчоор Ю.М-ыг тогтоосон. Шүүхийн шийдвэрт 27.800.000 төгрөгийг гаргуулж “Топмост” ХХК-д олгохоор заасан. П.Э-н данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн данс нь Ю.М-н өөрийн данс биш “Топмост” ХХК-ийн данс юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан. Хэрэв П.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцож байгаа бол уг гэмт хэргийн хохирогч нь “Топмост” ХХК байх ёстой. Мөрдөгч, прокурор “Топмост” ХХК-ийг хохирогчоор тогтоож, компанийн хууль ёсны төлөөлөгчийг томилж, хэрэг шалгах ажиллагаанд оролцуулах ёстой. Гэтэл “Топмост” ХХКийн захирал нь Ю.М учраас хохирогч нь Ю.М юм гэдэг үндэслэлээр хохирогчоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй юм. Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль аль нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг. П.Э-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж уг гэмт хэргийн арга хэрэгслийг тодорхойлсон. Тэгэхээр хохирогч болон П.Э нарын хооронд өмнө нь мөнгө зээлж, авч өгөлцдөг, байнгын зээлийн харилцаатай байсан байдлыг тогтоосон байх ёстой. Хэрэгт авагдсан дансны хуулгаар эдгээр хүмүүсийн хооронд байнгын зээлийн харилцаа байсан гэдэг нь харагддаггүй. Байнга мөнгө өгч, авч байгаад итгэл төрүүлчихээд байнгын харилцаатай байсан, энэ байдлаа ашиглан 30 сая төгрөг авчихаад өгөхгүй байгаа байдлыг тогтоогдоогүй. Шүүх П.Э-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх энэ хуулийн 7.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Шүүх уг хуулийг хэрэглэж, ялыг өршөөж байгаа бол хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэхгүйгээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэйгээр нээлттэй үлдээх ёстой. Гэтэл шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж байгаа мөртлөө хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн П.Э-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

П.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-19-59 тоотод оршин суух иргэн Ю.М-г “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч, түүнээс 5 удаагийн үйлдлээр нийт 30.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ю.М-н удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.А, Ч.С, Б.Г, Б.Н, Ж.Ж нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн113 дугаартай дүгнэлт, банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч П.Э түүний өмгөөлөгч М.Г, О.Э нар нь “... гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай нотлогдоогүй, ... нотлох баримтгүй, гэрч нарын мэдүүлэг өөр бусад байдлаар нотлогдоогүй ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан боловч дээрх гомдлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна. Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ю.М нь “Топмост” ХХК-ийн захирал бөгөөд П.Э-т 30.000.000 төгрөгийг уг компанийн данснаас шилжүүлсэн байх тул анхан шатны шүүх шүүгдэгчээс 27.800.000 төгрөг гаргуулж “Топмост” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин анхан шатны шүүх “...П.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ... өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй ... ” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 болгон өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь: П.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-19-59 тоотод оршин суух Ю.М-с “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч 5 удаагийн үйлдлээр нийт 30.000.000 төгрөгийг залилан авсан байна.

Дээрх гэмт хэрэг нь 2014 оны 10 дугаар сард буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн ба тухайн үед хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлж байсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөг байхаар тогтоож энэ хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөгджээ. Хохирогч Ю.М-д учруулсан 30.000.000 төгрөгийн хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “их хэмжээний хохирол”-д хамаарах байтал анхан шатны шүүх П.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгө залилан мэхлэж “үлэмж” хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч П.Э түүний өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.