Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/02247

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/02247

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2021 11 23 181/ШШ2021/02247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 21 байр 33 тоотод оршин суух, Хүннү овогт Гунгаажавын Цэцэнсанаа /РД:ЧЖ75080567/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэцэнсанаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 205 дугаартай шийдвэрээр Г.Цэцэнсанаагаас зээлийн гэрээний үүрэгт 160,672,071 төгрөг гаргуулж, Ачиткапитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 507 дугаартай гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болсон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 20280606 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэхийг 155-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Балжмаад зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 тооны үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч Г.Цэцэнсанаагийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Ачит капитал ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/165 дугаар тогтоолоор Голден пэйж аудит ХХК-ийг, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/166 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг дээрх хөрөнгүүдийг үнэлэх шинжээчээр тус тус томилсон байна.

Голден пэйж аудит ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082198 дугаартай, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 51 тоот хаягт байрлах, 58.52 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 109,938,113 төгрөгөөр үнэлсэн байна.

Мөнх-Оргил трейд ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол /14252/, нарны зам 41-р байр, 52 тоот хаягт байрлах, 84.2 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 285,873,600 төгрөгөөр үнэлсэн байна.

1. Голден пэйж аудит ХХК-ийн шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах асуудлууд гарч байна. Үүнд:

Үнэлж байгаа хөрөнгийг ашиглалтад орсноос нь хойш тогтмол хөлслүүлж байгаа байтал хөрөнгийн үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүй байна. Харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй байна. Үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй байна.

2. Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах асуудлууд гарч байна. Үүнд:

Харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй байна. Үнэлж байгаа хөрөнгийг апшглалтад орсноос нь хойш тогтмол хөлслүүлж байгаа байтал хөрөнгийн үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээний Голден пэйж аудит ХХК болон Мөнх-Оргил трейд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ мэдээллийн эх сурвалж буюу үнэлгээ хийхэд ашигласан баримт мэдээллээ тодорхой зааж өгөөгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална., 4.1.4-т хууль тогтоомжид нийцсэн байх гэснийг зөрчсөн, үнэлж байгаа хөрөнгүүдийг ашиглалтад орсноос нь хойш тогтмол хөлслүүлж байгаа байтал хөрөнгийн үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэснийг тус тус зөрчсөн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Үүний өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 09897 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд тус захирамжид заасан зөрчлийг арилгаад дахин нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Цэцэнсанаагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00205 дугаар захирамжаар Г.Цэцэнсанаагаас 162.233.381 төгрөгийг гаргуулж "Ачиткапитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Цэцэнсанаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082498 дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 51 тоот хаягт байршилтай 58,52 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20280606/4 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20280606/07 тоот тогтоолоор, мөн Г.Цэцэнсанаа, А.Номинзул нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 41 дүгээр байр, 52 тоот хаягт байршилтай 84,2 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20280606 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20280606/06 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 51 тоот хаягт байршилтай 58,52 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг төлбөр төлөгч Г.Цэцэнсанаа 175,560,000 төгрөгөөр, Г.Цэцэнсанаа, А.Номинзул нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 41 дүгээр байр, 52 тоот хаягт байршилтай 84,2 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг Г.Цэцэнсанаа, А.Номинзул нар тус тус 252.600.000 төгрөгөөр, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй байсан тул хулуьд зааснаар хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 25а байр, 51 тоот хаягт байршилтай 58,52 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082498 дугаартай, гурван өрөө орон сууцыг 109.938.113 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 41 дүгээр байр, 52 тоот хаягт байршилтай 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг 285.873.600 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны төлбөр төлөгч Г.Цэцэнсанаа, өмчлөгч А.Номинзул нарт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-155/17403 тоот албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/10, 10/11 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлд танилцуулан гарын үсэг зуруулан тэмдэглэл үйлдсэн байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Г.Цэцэнсанаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэцэнсанаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Голден пэйж аудит ХХК, Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжиж оролцсон бол, хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, шинжээч нарын тогтоосон үнэлгээ хууль зөрчөөгүй гэж маргасан.

Тус хэргийн нэхэмжлэгч Г.Цэцэнсанаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ...нэхэмжлэлийг гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүхий л эрхийг Н.Алтангэрэлд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлээр олгосноор Г.Цэцэнсанаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00205 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Цэцэнсанаагаас зээлийн гэрээний үүрэгт 160,672,071.5 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 961,310 төгрөг, нийлээд 161,633,381.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Ачиткапитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг төлбөр авагч албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ГХ2020/00507 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр болсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байтал төлбөрөө төлөөгүйн улмаас Шийдвэр гүйцэтгэгч нь:

Шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 20280606/4 тоот тогтоолоор төлбөр төлөгч Г.Цэцэнсанаагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22034082498 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25А байрны 51 тоот хаягт байрлах 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, уг орон сууцанд оршин сууж байгаа иргэн Б.Мөнхболдод хадгалалт, хамгаалалтыг хариуцуулсан ба Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Г.Цэцэнсанаад баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар тэмдэглэл үйлдэж хуульд заасан ажиллагааг хийсэн байна.

Төлбөр төлөгч Г.Цэцэнсанаа нь Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20280606 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан А.Номунзул, Г.Цэцэнсанаа нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 дугаар хороолол/14252/, Нарны зам 41 дүгээр байрны 52 тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг төлбөр төлөгчийн нөхөр Ц.Ононг байлцуулан битүүмжилж, түүнд хариуцуулж, Г.Цэцэнсанаад төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдлийг дамжуулан өгөхийг сануулж, гардуулан өгсөн талаар тэмдэглэл тус тус үйлдэж, хуульд заасан ажиллагааг хийжээ.

Гэтэл төлбөр төлөгч Г.Цэцэнсанаа нь төлбөрийг төлөөгүйн улмаас Шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 20280606/07 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.Цэцэнсанаагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22034082498 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25А байрны 51 тоот хаягт байрлах 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн өдрийн 20280606/06 тоот Эд хөрөнгө хураах тогтоолоор Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 дугаар хороолол/14252/, Нарны зам 41 дүгээр байрны 52 тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг хураах ажиллагааг тус тус хийсэн ба хадгалалт хамгаалалтыг Г.Цэцэнсанаагийн нөхөр Ц.Ононд үлдээж, Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлөх хугацаатай мэдэгдлийг түүнд гардуулан өгч хуульд заасан журмын дагуу тогтоол, тэмдэглэл үйлдэж ажиллагааг хийсэн байна.

Эдгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Г.Цэцэнсанаад төлбөрийг төлөх хугацаа олгох ажиллагааг удаа дараа хийсээр байтал төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4-155/14502 тоот Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг Г.Цэцэнсанаа, А.Номунзул нарт тус тус оршин суух хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч Г.Цэцэнсанаа нь 2021.08.13-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 дугаар хороолол/14252/, Нарны зам 41 дүгээр байрны 52 тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг 252,600,000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-22034082498 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25А байрны 51 тоот хаягт байрлах 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 175,560,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа талаар үнийн саналыг, мөн өмчлөгч О.Номунзул нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 дугаар хороолол/14252/, Нарны зам 41 дүгээр байрны 52 тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг 252,600,000 төгрөгөөр үнэлж байна гэсэн үнийн саналыг тус тус өгчээ.

Нэхэмжлэгч тал ...хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээчээр томилсон тогтоолд заасан 2 компанийг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлээгүй, хуульд заасан журманд нийцүүлж үнэлгээ хийгээгүй, үнэлсэн гэх үнэлгээ тодорхойгүй, 1993 онд ашиглалтад орсон байрыг харьцуулан тооцосноор үнэлгээний тооцоог бууруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон тул дараах байдлаар үнэлгээний компаниудын гаргасан үнэлгээнд дүгнэлт хийлээ.

1. Голден пэйж аудит ХХК-ийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзээд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/165 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан Г.Цэцэнсанаагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22034082498 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25А байрны 51 тоот хаягт байрлах 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр Голден пайж аудит ХХК-ийг томилж, шинжээч С.Оюунгэрэлд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор гаргаж, ирүүлэхийг даалгажээ.

Дээрх тогтоолоор шинжээчээр Голден пайж аудит ХХК-ийг томилж, шинжээч С.Оюунгэрэлд шинжилгээг хийхийг даалгасан боловч тухайн Голден пэйж аудит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нотолсон гэрчилгээний хуулбар авагдсан боловч хэнд, хэзээ олгогдсон талаархи бичвэр огт харагдахгүй, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалт хийгдээгүй 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгасан боловч уг хугацаа дууссан талаар баримт авагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан Голден пэйж аудит ХХК-ийг уг үнэлгээг хийсэн гэж үзэхгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээг хөндлөнгийн хараат бус мэргэшсэн үнэлгээчин гэх С.Оюунгэрэл, талбайн хэмжилт, тэмдэглэл, судалгаа, тооцооллыг үнэлгээчний туслах гэх Ц.Цацрал нарын хоёр үнэлгээчин ажиллаж, үнэлгээний тайланг гаргаж, түүнд тус тусын гарын үсгээ зурсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

Маргаан бүхий эд хөрөнгийн үнэлгээг хийж, шинжээчээр ажилласан /туслах үнэлгээчин/ Ц.Цацралд энэхүү хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /шийдвэр гүйцэтгэгч/ хийж гүйцэтгээгүй нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул эдгээр шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ.

Үнэлгээний тайлангийн 3.1.2. Зах зээлийн хандлагаарх тооцоолол-ын хүснэгт 5-ын хамгийн доод хэсгийн 3 хүснэгтэд бичигдсэн ...1,821,073..., 59, ...109,938,113... гэсэн тоонууд нь нэгж талбайн үнийг гаргасан гэх тоог үнэлж байгаа талбайгаар үржүүлэхэд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон 109,938,113 төгрөг гарахгүй 107,443,307 гэсэн тоо гарч байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх, мөн хуулийн 9.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлд дараах зүйлийг тусгана, 9.3.8-д шинжилгээ үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл тус тус тодорхой байхаар заасан заалтыг тус тус хангаагүй байна гэж үзлээ.

Хариуцагчийн ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан... гэж маргаж буй үндэслэл нь дээрх хуулийн заалт, хэргийн баримтаар няцаагдаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлийн талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч хуульд заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон үнэлгээчний туслах Ц.Цацралд эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг гүйцэтгээгүй, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/165 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон Голден пэйж аудит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар авагдаагүй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нотолсон гэрчилгээ хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй, шинжээчийн гаргасан үнэлгээ үндэслэл бүхий тодорхойгүй байх зэрэг хуульд заасан журмыг зөрчсөн байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан, Голден пэйж аудит ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Мөнх-Оргил трейд ХХК-ийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзээд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/166 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан Г.Цэцэнсанаа, А.Номунзул нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 дугаар хороолол/14252/, Нарны зам 41 дүгээр байрны 52 тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг томилж, шинжээч Б.Эрдэнэбаатарт Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус тайлбарлан танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор гаргаж, ирүүлэхийг даалгасан байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 9.1-д зааснаар шинжээч Б.Эрдэнэбаатар, Ч.Дарамбазар нарын мэдээллийг тодруулж, тэдгээрт Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4 дэх заалтыг тус тус танилцуулж, хүлээх хариуцлагыг нь тайлбарлан өгсөн баримтыг үйлдэж баталгаажуулжээ.

Шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь Улсын бүртгэлийн 9011106018 дугаарт бүртгэгдсэн, 2041537 дугаарын регистртэй, Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны чиглэлтэй, 1 гишүүнтэй, Бумбага овогтой Эрдэнэбаатарыг захирлаар томилсныг 2007.05.31-ний өдөр бүртгэсэн талаар Улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн шинжээч Ж.Дарамбазар нь Хөрөнгийн үнэлгээ хийх 071200078 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй бөгөөд Сангийн сайдын 2019 оны 262 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан талаар баримтууд тус тус авагдсан байх тул Мөнх-Оргил трейд ХХК болон эрх бүхий шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийсэн гэж үзнэ.

Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээчээр Ч.Дарамбазар ажиллаж, үнэлгээний тайланг гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 30/Ш тоот тайланг хүлээлцсэн баримт үйлдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж хуульчилсан.

Маргаан бүхий төлбөрт хураагдсан Г.Цэцэнсанаа, А.Номунзул нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 дугаар хороолол/14252/, Нарны зам 41 дүгээр байрны 52 тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцны эд хөрөнгийн үнэлгээг хийж, шинжээчээр ажилласан Мөнх-Оргил трейд ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар, шинжээч Ч.Дарамбазар нарт энэхүү хуульд заасан журмын дагуух эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн байх бөгөөд хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 30/ш дугаар тайланг шүүх шинжлэн судлаад хуульд заасан шаардлага хангасан байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч талын шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг ...үнэлснийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэхүү маргаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт баримт гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан заалтыг нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй байна гэж дүгнээд Мөнх-Оргил трейд ХХК-ийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь хоёр үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах хоёр хэсэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжид нэг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлсөн, нөгөө шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөөгүй байх тул хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хувиарлалтыг хийх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс, Голден пэйж аудит ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар хороолол, Улаанхуаран гудамж 25А байрны 51 тоот хаягт байрлах 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 109,938,113 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, Мөнх-Оргил трэйд ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол/14252/, Нарны зам 41 дүгээр байрны 52 тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022912 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг 285,873,600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тус шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2021/10728 дугаар Хүэслт шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2020/00205 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс 2021-09-13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цэцэнсанаад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ