Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00219

 

үнэлг 

 

 

 

 

 

 

 

Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02247 дугаар шийдвэртэй, Г.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2021 оны 08 сарын 24-ний өдрийн Г П А ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, мөн өдрийн М О Т ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-г тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 205 дугаартай шийдвэрээр Г.Ц-гаас зээлийн гэрээний үүрэгт 160,672,071 төгрөг гаргуулж, А К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчийн томилсон шинжээч Г П А ХХК, М О Т ХХК-ийн тус тус гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангууд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т тус тус заасныг зөрчсөн. Шинжээч нар нь харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй, үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй, үнэлж байгаа хөрөнгө нь ашиглалтад орсноос хойш тогтмол хөлслүүлдэг байхад орлогын хандлагын аргыг ашиглаагүй байх тул үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00205 дугаар шийдвэрээр Г.Ц-гаас 162,233,381 төгрөгийг гаргуулж А К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэгдэж, хураагдсан Г.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай,... хаягт байршилтай 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Г.Ц, А.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, ... хаягт байршилтай 84,2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнуудын үнэлгээг талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл, 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгч Г.Ц 175,560,000 төгрөгөөр, 4 өрөө орон сууцыг Г.Ц, А.Н нар тус тус 252,600,000 төгрөгөөр тус үнэлсэн. Төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй, хуульд зааснаар хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. Шинжээч нар 3 өрөө орон сууцыг 109,938,113 төгрөгөөр, 4 өрөө орон сууцыг 285,873,600 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 08 сарын 26-ны төлбөр төлөгч Г.Ц, өмчлөгч А.Н нарт 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 0тоот албан бичиг, 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 10/10, 10/11 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-д танилцуулан гарын үсэг зуруулан тэмдэглэл үйлдсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс, Г П А ХХК-ийн... хаягт байрлах 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 109,938,113 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, М О Т ХХК-ийн ...тоотод байрлах 84,2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг 285,873,600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс 2021-09-13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт М О Т ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.

а. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М О Т ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Б.Э-т хууль сануулж гарын үсэг зуруулсан боловч тухайн шинжээч хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зураагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн тайланг хийсэн шинжээч Ч.Д-т хууль сануулаагүй. Шүүх Ч.Д-ыг хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй гэж дүгнэсэн боловч тэрээр М О Т ХХК-тай ямар хамааралтай болох талаар дүгнээгүй. Түүний хийсэн үнэлгээг М О Т ХХК хийсэн гэж үзэхгүй.

б. Харьцуулж буй 3 хөрөнгийн мэдээллийн эх үүсвэрийг заагаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасныг зөрчсөн. Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийсэн хүснэгтийн 8 дугаар мөрөнд байгаа тохируулгын үзүүлэлтүүд хоосон. Үнэлгээнд тохируулгын ямар үзүүлэлт авсан нь тодорхойгүй байхад тооцоолсон байна.

в. Дээрх мөрний 8.2-т хамгийн үнэтэй буюу 1 дэх хөрөнгийн тохируулгын коэффициентыг 0.9 гэж, харин бага үнэтэй 2 хөрөнгийг 1.0 гэж авсны улмаас тооцоолол буурсан. Их үнэтэй хөрөнгө дээр 2 үзүүлэлтийг 0.9 гэж авсан үндэслэлээ тайлбарлаагүй. Хэрэв 1 дүгээр хөрөнгийг 0.9 биш нөгөө 2 хөрөнгөтэй нь ижил 1.0 гэж авсан бол шинжээчийн тооцоолсон үнэлгээнээс 23,800,000 төгрөгөөр илүү гарах боломжтой байсан байна.

г. Шинжээч хөрөнгийн тооцоолол хийхдээ алдаа гаргаж дүнг 2,240 төгрөгөөр зөрүүлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчсөн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учраас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

1. Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 08 сарын 24-ний өдрийн Г П А ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, мөн өдрийн М О Т ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-г тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ. /хх1-3, 56-57/

 

2. Хариуцагч байгууллага нь Г.Ц-гаас 162,233,381 төгрөгийг гаргуулж А К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00205 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 84,2 м.кв талбайтай 4 өрөө орон сууц тус бүрийн зах зээлийн үнийг тогтоолгохоор Г П А ХХК, М О Т ХХК-ийг шинжээчээр тус тус томилж, холбогдох үнэлгээг гаргуулсан байна. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх 67-150/ Харин тухайн 2 шинжээчийн гаргасан үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3. Анхан шатны шүүх Г.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүртгэлтэй 58,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 109,938,113 төгрөгөөр тогтоосон Г П А ХХК-ийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Г.Ц, А.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 285,873,600 төгрөгөөр тогтоосон М О Т ХХК-ийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

а. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 8/166 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх 104/, 2021 оны 08 сарын 18-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх108/, мөн өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх109/ гэсэн баримтуудад шинжээчээр томилогдсон М О Т ХХК-ийн захирал Б.Э, тус компанийн үнэлгээчин Ч.Д нар гарын үсгээ зурсан байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тайлан-д Ч.Д гарын үсгээ зурж, М О Т ХХК-ийн тэмдэг дарагдсан байна. /хх127/ Иймд шинжээч Б.Э тайланд гарын үсэг зураагүй, Ч.Д-т хууль сануулаагүй, Ч.Д-ын хийсэн үнэлгээг М О Т ХХК хийсэн гэж үзэхгүй гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

б. Түүнчлэн, нэхэмжлэгчийн тохируулгын ямар үзүүлэлтүүдийг авч үзсэн нь тодорхойгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь шинжээч дээрх үнэлгээг тогтоохдоо харьцуулж байгаа 3 хөрөнгийн мэдээллийн эх үүсвэрийг Зах зээлийн хандлагын үнэлгээний тооцоолол гэсэн хэсгийн Б.-д /хх124-125/ тодорхой заасан байх бөгөөд жишиг хөрөнгүүдийн тохируулгын хүчин зүйлүүдийг тусгаснаар үнэлж буй хөрөнгийн нэгж талбайн жигнэсэн дундаж үнийг гаргасан байна.

в. Мөн шинжээч нь дээрх мөрний 8.2-т 1 дэх жишиг хөрөнгийн тохируулгын коэффициентыг 0.9 хувиар тооцоолсон үндэслэлээ үнэлж байгаа хөрөнгөтэй харьцуулахад 2018 онд ашиглалтад орсон, сүүлийн үеийн шилэн фасадтай барилга гэж тайлбарласан /хх 124/ байх тул нөгөө 2 хөрөнгөтэй нь ижил 1.0 гэж авсан бол шинжээчийн тооцоолсон үнэлгээнээс 23,800,000 төгрөгөөр илүү гарах боломжтой гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

г. Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан-аас үзвэл, шинжээч тооцооллын алдаа гаргасан байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, жишиг 3 хөрөнгийн нийлбэр болох 10,185,500 төгрөгийг 3-т хуваахад 3,395,166.6 төгрөг болж үүнийг үнэлж буй хөрөнгийн 84.2 м.кв-ын хэмжээгээр тооцоход 285,873,033.3 төгрөг гарч байна.

 

4. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, М О Т ХХК нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 9 дүгээр зүйлийн 9.2.3, 9.3.8-д тус тус заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР