Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2022/0584/З |
Дугаар | 128/ШШ2022/0692 |
Огноо | 2022-09-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2022/0692
2022 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 128/ШШ2022/0692 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: НТТХ********** ****** НҮТББ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Н*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М******* нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н******, түүний өмгөөлөгч Б.Э*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар НТТХ********** ****** НҮТББ-д **** **** талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 2015 оны 04 сарын 27-ны өдрийн 2015/15 дугаар гэрчилгээгээр олгосон.
1.2. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/517 дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгосон талбайгаас **** м.кв газрыг ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, **** м.кв газрыг ашиглах эрхтэйгээр үлдээсэн.
1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2025 оны 04 дүгээр сарын 24-нийг хүртэл сунгасан талаарх тэмдэглэгээг 2015/15 тоот гэрчилгээнд бичиж тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас гарын үсэг зурсан.
1.4. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх бүхий иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгдсэн байна.
1.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 628 дугаар албан бичгээр мэдэгджээ.
1.6. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 628 дугаар албан бичгээр ... гэрээний үүргээ зөрчиж, газрын төлбөрөө төлөөгүй тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэх хариуг хүргүүлжээ.
1.7. НТТХ********** ****** НҮТББ-аас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 НТТХ********** ****** -ийн захирал Н.Т***** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Тус газар дээр НТ** аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөсний дагуу 2019 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллага болох ЕАЭ****** ХХК-иар хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч А.Э****, шүүмж хийсэн шинжээч Н.Э******* ***** нараар баталгаажуулан авсан. Тус газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Үүний дагуу уг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайланг ХЗ****** ХХК, Газар зохион байгуулалтын мэргэжилтэн А.С*****, Ургамал судлаач Д.З******, Хөрс судлаач Э.П******, Байгаль орчны мэргэжилтэн А.О***** нараар гаргуулан авсан.
Ийнхүү хуульд заасан нөхцөл шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж, НТ***л аялал жуулчлалын цогцолборын барилгын суурийн ажлаас эхэлж байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар манай газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай огтхон ч мэдэгдээгүй болно. Манай ашиглаж буй газар газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн сургаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 02/22-20 тоот бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргахад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 628 дугаартай албан бичгээр манай байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон болохыг мэдэгдсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын үндэслэл нь ... газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. А/50 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлүүд болон дээр дурдсан шалтгаан нөхцөлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. А/50 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэжээ. Энэ зохицуулалт нь эрх хэмжээний хэлбэрийг заасан ерөнхий зохицуулалт бөгөөд сайд зөвхөн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргахаар заажээ. Энэ нь сайд газар ашиглах эрх цуцлах эрх хэмжээтэй болохыг шууд олгосон зохицуулалт биш юм. Нөгөөтэйгүүр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хуулиар газар ашиглах эрх дуусгавар болгох эрх хэмжээг тусгайлан зааж олгосон зүйл байдаггүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сайд биш яамны зохион байгуулалтын чиг үүргийг тусгасан байдаг. Энэ нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ олгосон хэм хэмжээ биш юм.
2. Мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр хүчингүй болгох эрх хэмжээ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргынх байхаар хуульд заажээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалт болно. Манай газрын хувьд эзэмших биш ашиглах газар болно.
3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг тушаалын үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь газар ашиглагч биш эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбоотой зохицуулалт юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан яг ямар үндэслэл, шалтгаанаар цуцалсан гэдэг нь А/50 тушаалд бичигдээгүй нь А/50 тушаалын хууль бус болохыг харуулж байна.
4. Түүнчлэн А/50 тушаал 2021 оны 02 сарын 18-ны өдөр гарсан байхад манай байгууллагад огт мэдэгдээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчсөн, манай байгууллага буюу газар ашиглагчийг илт үл хүндэтгэсэн үйлдэл болж байна. Үүний улмаас захиргааны акт гаргах бодит үндэслэл, шалтгааныг тогтоолгүйгээр манай газар ашиглах эрхийг зөрчсөн байна.
5. А/50 тушаалд Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-з/5988 тоот зөвлөмж, мэдэгдэл зэргийг дурджээ. Манай байгууллагын зүгээс эдгээр албан тоотуудын талаар мэдэхгүй төдийгүй манай байгууллагад ямар нэгэн хяналт шалгалт, мэдэгдэл, зөвлөмж ирсэн зүйл байхгүй, эдгээр тоотуудыг тушаалын үндэслэл шалтгаан болгон дурдсан нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн төрөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргахыг шүүхээс хүсэж энэхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээд шатны байгууллагад гомдол гаргах хуулийн зохицуулалт байхгүй тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалын НТТХ********** ****** НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...НТТХ********** ****** ТББ нь 2015 оноос хойш өсвөр насны хүүхдүүдэд экологийн боловсрол олгох чиглэлээр буюу нийгэмд чиглэсэн ашгийн бус үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өмнө нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтарч 30 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Мөн БНСУ болон БНХАУ-ын төрийн бус байгууллагуудтай хамтарч өсвөр насны хүүхдүүдэд экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагааг хувь хүн, компаниас хөрөнгө босгож хийдэг байгууллага юм. Маргаан бүхий газарт өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалт судалгааны төв байгуулахаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас авсан байдаг. Тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгч төрийн бус байгууллагыг ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдсээр байж 110 хэдэн аж ахуй нэгжид хамруулан газар ашиглах эрхийг цуцалсан нь байж боломжгүй асуудал юм. Мөн тус газрын төлбөрийг би тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг хүний хувьд хувийн данснаас газрын төлбөрийг төлөөд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очин тооцоо нийлж, үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг 2020 оны 05 дугаар сард авсан байдаг.
Иймд өсвөр насны хүүхдүүдэд экологийг боловсрол олгохоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг хувийн ашиг сонирхолтой, орон сууцны барилга барьдаг хүмүүстэй хамруулж газар ашиглах эрхийг цуцалсанд гомдолтой байна гэв.
2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э****** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаал, мөн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2015 оны 15/15 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч ТББ нь Зайсангийн аманд 3117 га газрыг эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай авсан байдаг. Тус газарт НТТХ********** ******** аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөсний дагуу 2019 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллага болох ЕАЭ****** ХХК-иар хийлгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Н.Э******* , шүүмж хийсэн шинжээч Н.Э******* нараар баталгаажуулж авсан. Тус газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/574 дүгээр тушаалыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. Үүний дагуу газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны тайланг ХЗ****** ХХК-иар гаргуулж, хуульд заасан бүх үүргээ хэрэгжүүлж, газраа ашиглах эрх баталгаажуулсан. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон. Энэ хүчингүй болгосон шийдвэрийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас огт нэхэмжлэгчид мэдэгдээгүй ба 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/22 тоот бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргахад тус захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 628 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий А/50 дугаар тушаалд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэл болгосон. Тус заалт нь сайд тушаал гаргах тухай заасан ерөнхий зохицуулалт юм. Тэгэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Тусгай хамгаалалттай газрын тухай хууль болон Газрын тухай хуулиар газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн тусгайлсан эрх олгосон зүйл байдаггүй. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны чиг үүргийн тухай заалт байдаг, тухайн заалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой боловч энэ зүйл, заалтыг баримтлаагүй байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох эрх хэмжээ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх байхаар заасан. Өөрөөр хэлбэл газрыг эзэмших тохиолдолд гаргахаар зохицуулсан зохицуулалт болохоос биш газрыг ашиглах тохиолдолд тус заалт хамаарахгүй юм. Түүнчлэн маргаан бүхий А/50 дугаар тушаалд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 271 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11И3/5988 тоот зөвлөмж, мэдэгдэл зэргийг дурдсан байдаг. Эдгээр зөвлөмж, мэдэгдэл нь ямар хяналт шалгалт хийгдсэн талаар бид огт мэдээгүй, ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч ТББ-ын газар дээр ирж хяналт, шалгалт явуулсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгч талаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлүүдээ дэлгэрүүлж тайлбарлаж, нэмэлт тайлбар гаргасан. Үүнд маргаан бүхий А/50 тушаалыг нэг үндэслэл нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл байдаг. Тэгэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/574 дүгээр тушаалаар нэхэмжлэгч ТББ-ын газар ашиглалтад ямар нэгэн асуудал байхгүй гэж үзэн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан. Ийнхүү газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жил бололгүйгээр буюу 6 сарын дараа газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэлтэй таарахгүй байна. Газрын тухай хуульд ямар нэгэн тасалдалгүй дараалсан 2 жил байхаар тогтоосон, маргаан бүхий тушаалд яг аль 2 жилийн хугацаанд ашиглаагүй талаар тусгайлсан үндэслэлээ тайлбарлаагүй байна. Хоёрдугаарт: Нэхэмжлэгч ТББ нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/287 дугаартай гурван талт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дуустал байгуулсан. Энэхүү гурван талт гэрээ үйлчлэх хугацаанд газрын төлбөрөө бүрэн төлж байсан. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/570 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаснаас хойш дээрх гурван талт гэрээг дахин байгуулаагүй. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл сум, дүүргийн Засаг дарга болон хамгаалалтын захиргаа нь энэ гурван талт гэрээг байгуулах үүрэгтэй мөртөө энэ үүргээ биелүүлээгүй учраас газрын төлбөрөө төлөх эрх зүйн үндэс бүрдээгүй юм. Учир нь тус хуулийн 37 дугаар зүйлийн 2-т заасан гэрээг байгуулснаар тус гэрээнд газрын төлбөр, газар ашиглах талаар талуудын эрх үүргийг тодорхой заасан байдаг. Мөн тус гэрээний загварын 3 дугаар зүйлд аль банкны хэдэн тоот дансанд газрын төлбөр тушаах талаар заасан байдаг. Иймд тус гурван талт гэрээ байгуулагдаагүй учраас энэ талаарх мэдээлэл байхгүй. Тэгэхээр гэрээ байгуулагдаагүй учраас маргаан бүхий газрыг ашиглах, газрын төлбөрийг нь төлөх эрх зүйн орчин бүрдээгүй учраас 2020 оноос хойш газрын төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2001 оны А/218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам гэж байдаг. Энэ түр журмын 6.1-д гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах, хохирол хүлээлгэнэ гэсэн агуулгатай заалт байдаг. Үүнээс харахад гэрээ байгуулагдсан тохиолдолд нөгөө талаасаа газар ашиглахтай холбоотой үүргийг шаардах боломжтой гэж харж байна.
Шүүхээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас маргаан бүхий актыг мэдэгдсэн эсэх талаарх нотлох баримтыг шаардахад тус газруудаас сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн гэсэн агуулгатай тайлбарыг бичиж байсан. Гэтэл сонсох ажиллагаа биш маргаан бүхий захиргааны актыг гарсны дараа хэрхэн мэдэгдсэн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй. Тэгэхээр МШ**** ХХК-аас А149741819МН гэсэн бүртгэлийн дугаартай албан бичгийг Н.Ж****** гэх хүнд гардуулсан гэх агуулгатай бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичиг нь маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн мэдэгдэл мөн эсэх, ямар албан бичиг байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн тухай тайлбарыг ирүүлчихээд дээрх хуульд заасан маргаан бүхий захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Энэ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09/4662 дугаартай албан бичигтээ ...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас лавлана уу... гэсэн байдаг нь захиргааны байгууллага өөрөө мэдэгдэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулж мэдэгдсэн. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь сонсох ажиллагааны мэдэгдлийг гардуулах гэсэн боловч буцаж ирээд байсан гэдэг тайлбарыг л шүүхэд ирүүлсэн. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээгүй байна, мөн сонсох ажиллагааг ч бодитоор хийсэн зүйл байхгүй байна гэдэг нь харагдаж байна.
Мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны 1/7137 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас нэхэмжлэгч ТББ-ын газартай холбоотой үзлэг шалгалт хийсэн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа хийсэх эсэх талаар лавлахад 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8/6695 дугаартай албан бичгээр ...Энэ төрийн бус байгууллагатай холбоотой ямар нэгэн үзлэг шалгалт хийгээгүй, одоогоор яллагдагчаар татаж шалгасан зүйл байхгүй... гэсэн хариуг ирүүлсэн.
Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий захиргааны актыг гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн гэх боловч тэдгээр байгууллага нь хавсралт бичиг явуулснаас биш үзлэг шалгалт хийж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэдэг баримтаас харагдаж байна. Мөн энэ талаарх баримтыг ирүүлээгүй нь дээрх ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****-т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
"Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 ... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...", мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т "..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.3-т ... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ..., 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6-д"...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 10 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгуй байсныг ойлгоно", мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой уйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бегеед нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.
Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д "... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.
Гэтэл "НТТХ********** " ТББ-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон ба тус ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зуйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны едрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцуулж гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11дүгээр сарын 24-ний өдрийн 09/8001 тоотоор "НТТХ********** " ТББ-д хүргүүлсэн ба тус тоотыг МШ**** д 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шууданч Т.Б хүргүүлсэн.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18 ны едрийн А/50 дугаар "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч НТТХ********** НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, газар ашиглах эрхийг хүчингүй болгохоос өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, хариуцагч байгууллагад газар ашиглах эрхийг цуцлах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй, газар ашиглах эрхийг цуцлахад Газрын тухай хуулийн 40.1.5 заалтыг хамаарахгүй, газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй, газрын төлбөр төлсөн байхад газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т зааснаар газар ашиглагч газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх-ээр, 35.3.3-т зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх-өөр тус тус заасан байх ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үүргийн биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар, 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага ... захиргааны актыг ... хүчингүй болгож болно гэж тус тус заажээ.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар НТТХ********** ****** НҮТББ-д **** **** талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар анх олгосон байх ба мөн сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/517 дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгосон талбайгаас **** м.кв газрыг ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байна.
4. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2025 оны 04 дүгээр сарын 24-нийг хүртэл сунгасан тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
5. Дээрхээс үзвэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглуулахаар эрх олгох эрх хэмжээтэй байх ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрхийг цуцлах, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх харилцааг нарийвчлан зохицуулаагүй нь хариуцагчийн өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрхийг үгүйсгэхгүй, тухайн харилцааг ерөнхийлөн зохицуулсан хуулиудын зохицуулалтыг хэрэглэхээс татгалзах үндэслэл болохгүйн зэрэгцээ НТТХ********** ****** ТББ нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хооронд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ-ний Тав дугаар зүйлийн 4-т Газрын тухай хууль, ... ийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцлана гэж зохицуулсан байх тул нэхэмжлэгч талын хариуцагч байгууллагад газар ашиглах эрхийг цуцлах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй, газар ашиглах эрхийг цуцлахад Газрын тухай хуулийн 40.1.5 заалтыг хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй.
6. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар газар ашиглуулах шийдвэр гарснаар газар ашиглагчид газрын төлбөр төлөх үүрэг үүсэж байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд 2015 оныд байгуулсан гэрээний дагуу газрын төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий газрын төлбөрт 21,674,160 төгрөгийг төлсөн гэх боловч уг төлбөрийг хүлээн авах данс нь буруу шалтгаанаар буцаагдсан болох нь Төрийн банкнаас ирүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэх тул нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.
7. Мэдэгдэх сонсгох ажиллагааны хувьд хариуцагч захиргааны байгууллагаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, хоршоолол 5-3 хаягаар хүргүүлсэн мэдэгдлүүд нь нэхэмжлэгчид хүргэгдээгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 998 дугаартай албан бичигт ... МШ**** ХК-иас мэдэгдэл буцаж ирсэн гэснээр, МШ**** ХК-иар хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан Г.Жж нь уг албан бичгийг нэхэмжлэгчид дамжуулалгүй үрэгдүүлсэн болох нь түүнээс өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагыг мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүйд буруутгах боломжгүй юм.
8. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
8.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2020 оны 08 сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2025 оны 04 дүгээр сарын 24-нийг хүртэл сунгасан талаарх тэмдэглэгээг 2015/15 тоот гэрчилгээнд бичиж тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас гарын үсэг зурснаас хойш маргаан бүхий А/50 дугаар тушаал нь гарах хүртэл 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байжээ.
8.2. Мөн хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/517 дугаар тушаалаараа нэхэмжлэгчийн ашиглаж байсан газраас **** м.кв газрыг ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан атлаа энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гэрчилгээнд тэмдэглээ хийгээгүй, улмаар эрх бүхий этгээдээс Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулаагүй байх тул газар ашиглагч хуулийн этгээдийн төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан гэж үзэхээр байхад нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүйд буруутгах үндэслэлгүй.
9. Иймд хариуцагч нь багасгасан газрын хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг төлөх боломжтой эсэх, газрын төлбөрийг төлж газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригтой эсэхийг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын НТТХ********** ****** НҮТББ-д холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын НТТХ********** ****** НҮТББ-д холбогдох хэсгийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын НТТХ********** ****** НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ