Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/00358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /, М ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах, ХТП 0.4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд болон өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Юнайтад эйшн проперти ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/10/17 дугаартай гэрээ байгуулж Вэллмарт ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 10/0,4 кв-ын 4х800Ква чадалтай цахилгаан хангамжийн дэд станц байрлаж буй Э ХХК-д төлөх нийт төлбөр 150,000,000 төгрөгөөс үлдэгдэл 70,000,000 төгрөгийг газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлснээс хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01 дугаар бүхий 05/10/17 тоот гэрээний нэмэлт гэрээгээр Э ХХК нь тус ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгаа авч ашиглахаар харилцан тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/10/17 тоот гэрээний нэмэлт баталгаагаар ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг шаардлагатай үед нь Э ХХК-ийн объект руу өгөхөөр тохиролцож 05/10/17 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгийг төлөх хуваарийг гаргасан. Э ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар үүргээ гүйцэтгэсэн. Юнайтад эйшн проперти ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөх байсан 18,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх байсан 16,000,000 төгрөгийг төлсөн боловч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан 16,000,000 төгрөгийг төлөөгүй, ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулаагүй байна. Иймд М ХХК-иас 16,000,000 төгрөг гаргуулж, ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг Э ХХК-д ашиглуулахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Э ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах, ХТП 0.4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах, ХТП 0.4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, ХТП 0.4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглах хэрэгцээ гарсан. худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Юнайтед Эйшн проперти ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/10/17 дугаартай Хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах гэрээ байгуулж, Э ХХК /цаашид хамтрагч/, Юнайтед Эйшн проперти ХХК /хөрөнгө оруулагч/ гэж нэрлэж, уг гэрээний 1.2-т Хөрөнгө оруулагч нь хамтрагчаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хутаг дэвсгэрт байрлах, Веллмарт худалдаа үйлчилгээний төв баригдаж буй барилгын ар талын чанарын шаардлага, стандарт хангасан, бичиг баримтын зөрчилгүй, гуравдагч этгээдэд худалдагдаагүй, түрээслэгдээгүй, өвлөгдөөгүй 620м.кв талбай бүхий газрыг кадастрын зураг дээрх хэмжээ байршлын хамт, газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч тохирсон хөрөнгө оруулалтын төлбөрийг төлнө гэж тохиролцсон байх ба 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05/10/17 тоот гэрээний нэмэлт хавсралт №01 тоот гэрээ байгуулж, уг гэрээний нэмэлт хавсралтад Энэхүү гэрээний нэмэлт нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 05/10/17 дугаартай Хамтран ажиллах гэрээний хавсралт бөгөөд талуудын эрх, үүрэг, хариуцлага нь үндсэн гэрээний дагуу зохицуулагдана гэж, 1.3-т Хамтран ажиллагч нь ХТП 0.4 кВт-ын хүчин чадалтай хоёр ширхэг гаргалгааг авч ашиглана гэж, 1.4-т Хөрөнгө оруулагч тал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэн хамтран ажиллагч талд тус ХТП станц барих газрын эзэмших эрх шилжүүлэх нийт төлбөр 150,000,000 төгрөгнөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар урьдчилгаа хэлбэрээр 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж, 2.2-т талууд гарын үсэг, тамга дарснаар гэрээний хавсралт нь үндсэн гэрээний адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна/хх 6-7,8 тал/

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Хамтран ажиллах гэрээний талууд хураамж төлөх үүрэгтэй бөгөөд хураамжид мөнгө, хөрөнгө, үйлчилгээ байж болох бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д Энэхүү гэрээ байгуулагдсанаар үлдэгдэл төлбөрөөс 10,000,000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр Хамтран ажиллагч талын нэхэмжлэхийг үндэслэн Ариг банкин дах 2105014969 тоот дансанд шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлав.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэжээ.

 

Талууд дээрх гэрээний 1.3-т Хамтран ажиллагч нь ХТП 0.4 кВт-ын хүчин чадалтай хоёр ширхэг гаргалгааг авч ашиглана гэж тохиролцсон тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг Э ХХК-д ашиглуулахыг хариуцагч М ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх хүлээн авагч Юнайтед Эйшн проперти ХХК-тай Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 2190 ам дөрвөлжин метр талбай бүхий газрын 460 ам дөрвөлжин метр газрыг эрх шилжүүлэн авагчид шилжүүлнэ. Эрх бүхий байгууллагаас эзэмших /ашиглах/ эрх хүлээн авагч Юнайтед Эйшн проперти ХХК, газар эзэмших ашиглагч Э ХХК-ийн эзэмших эрх дуусгавар болно. Нэмэлт нөхцөл нийт 2190 м.кв газраас 460 м.кв салгаж 1730,46 м.кв Э ХХК-д үлдэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

Юнайтед Эйшн проперти ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/10/17 тоот гэрээний нэмэлтээр ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг шаардлагатай үед нь Э ХХК-ийн объект руу өгөхөөр тохиролцож 05/10/17 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгийг төлөхөөр Нэмэлт баталгаа гаргаж, төлбөр төлөх хугацааг заасан байна. /хх-ийн 9, 10 тал/

 

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн эсэх тухайд маргаагүй.

 

Иймд хариуцагч М ХХК-иас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч тал төлбөр төлөх хуваарьт заасан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх 16,000,000 төгрөгийг төлөөгүй. Дээрх гэрээний нэг тал болох Юнайтед Эйшн проперти ХХК нь М ХХК гэж нэрээ өөрчилсөн гэж тайларлав.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар /регистрийн дугаар 5932629/ Юнайтед Эйшн проперти ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр М ХХК гэж нэрээ өөрчилсөн бүртгэл хийлгэж, М ХХК-д дахин гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон бүртгэл хийгдсэн нь тогтоогдож байна. /хх-ийн 58-60 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг Э ХХК-д ашиглуулахыг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 308,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ