Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00609

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00609

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00358 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах, ХТП 0.4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э хариуцагчийн төлөөлөгч Г.Г хариуцагчийн өмгөөлөгч Л.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Ю ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/10/17 дугаартай гэрээ байгуулж В ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан 10/0,4 кв-ын 4х800Ква чадалтай цахилгаан хангамжийн дэд станц байрлаж буй Э ХХК-д төлөх нийт төлбөр 150 000 000 төгрөгөөс үлдэгдэл 70 000 000 төгрөгийг газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлснээс хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01 дугаар бүхий 05/10/17 тоот гэрээний нэмэлт гэрээгээр Э ХХК нь тус ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгаа авч ашиглахаар харилцан тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/10/17 тоот гэрээний нэмэлт баталгаагаар ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг шаардлагатай үед нь Э ХХК-ийн объект руу өгөхөөр тохиролцож 05/10/17 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 50 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 18 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16 000 000 төгрөгийг төлөх хуваарийг гаргасан. Э ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар үүргээ гүйцэтгэсэн. Юнайтад эйшн проперти ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөх байсан 18 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх байсан 16 000 000 төгрөгийг төлсөн боловч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан 16 000 000 төгрөгийг төлөөгүй, ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулаагүй байна. Иймд М ХХК-иас 16 000 000 төгрөг гаргуулж, ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг Э ХХК-д ашиглуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах, ХТП 0.4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 16 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, ХТП 0,4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг Э ХХК-д ашиглуулахыг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 308 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч компанийн төлөөлөгчид хурлын товыг мэдэгдэхдээ шүүхийн зүгээс шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх журмыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй байна. Хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн захирамж авагдсан бөгөөд уг захирамжаар Хариуцагч нь хаягтаа байхгүй учир шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулсан, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэхгүй хэмээн үндэслэлтэй дүгнэлт хийсэн ч уг дүгнэлтээ үгүйсгэн шүүх хуралдааныг хийсэн байна. Түүнчлэн шүүхийн зүгээс шүүх хуралдааныг хийхдээ шүүх хурлын товыг хорооны засаг даргад хүргүүлсэн учир товыг мэдсэн гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь алдаатай болжээ. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын зүгээс мэдэгдэх хуудас гардуулах боломжгүй талаар хариу албан бичиг хүргүүлсэн байхад шүүхээс товыг мэдэгдсэн гэж үзсэн, хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаггүй Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргад шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн зэрэг алдааг шүүх гаргасан байна. Хариуцагчийн хувьд шүүх хурлын товыг албан ёсоор мэдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн байна. Шүүхийн зүгээс хурлын товыг мессежээр мэдэгдсэн гэх боловч энэ нь хуульд заасан арга хэрэгсэл биш бөгөөд тухайн мессеж харилцааг ашиглах боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй байна. Ковид 19 цар тахлын хорио цээрийн дэглэмд иргэний хувьд чөлөөтэй зорчих эрхгүй байсан нөхцөл байдалд шүүх хуралдааныг хийж хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйн улмаас хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй буй иргэн, хуулийн этгээд нь тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой байх ёстой. Гэтэл шүүхийн зүгээс цахилгааны дэд станцыг 2 ширхэг гаргалгаа гаргуулах шаардлагыг хангасан хэрнээ тухайн цахилгаан холболт хийх ажил бодит нөхцөл дээр биелэгдэх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан тухайн ХТП 0.4 кВТ-3246 дэд станцаас 2 ширхэг гаргалгааг гаргах бодит боломж нь хариуцагч талд байгаа эсэхийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй тухайн дэд станцын өмчлөх, эзэмшигч ашиглагч нь М ХХК биш бөгөөд өөр этгээдийн өмчлөлийн хөрөнгө юм. Дээрх шүүхийн шийдвэр гарлаа гээд хариуцагчийн зүгээс тухайн дэд станцыг ашиглах эрхгүй хэвээр байх бөгөөд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болох юм. Шүүхийн шийдвэрт Газар эзэмших, ашиглах эрхээ шилжүүлсэн эсэхэд маргаагүй гэж мөн нийт төлбөрөөс 16 000 000 төгрөгийг төлөөгүй гэдгийг маргаагүй хэмээн дүгнэсэн нь алдаа болсон байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбараа хүргүүлсэн хэдий ч маргааны үндэслэлийн талаар аливаа байдлаар зөвшөөрөөгүй. Шүүхийн зүгээс газар эзэмших эрх шилжсэн эсэхийг тодруулалгүй гагцхүү маргаагүй гэх үндэслэлээр дүгнэж байгаа нь алдаатай болжээ. Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх болон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах, ХТП 0.4 кВт-3246 дэд станцаас хоёр ширхэг гаргалгааг ашиглуулахыг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хоорондох 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/10/17 дугаартай хамтран ажиллах гэрээнд 2014 онд иргэн Ж.Б , Э ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Веллмарт ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан Э ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлаж буй ХТП станц гэж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05/10/17 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтөд хариуцагч Ю ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-иас худалдан авсан газар дээр цахилгаан дамжуулах ХТП станц барьж ашиглалтад оруулна гэж, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/10/17 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтөд хариуцагч Ю ХХК нь өөрийн өмчлөлийн ХТП станцаас 0.4 кВт-ын хүчин чадалтай хоёр ширхэг гаргалгааг Э ХХК-д өгөхөөр тус тус тохиролцсон талаар дурджээ. /хх6-11/

 

Өөрөөр хэлбэл, дээрх гурван гэрээнд ХТП станцыг хөрөнгө оруулж барьсан этгээдийг өөр өөрөөр бичсэн нь эргэлзээтэй байгаагаас гадна уг ХТП станцыг хэний хөрөнгө оруулалтаар барьж, одоо хэний өмчлөлд байгаа болох нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулахдаа 2014 онд байгуулсан гэрээг үндэслэсэн учраас хэргийг хянан шийдвэрлэхэд уг гэрээ хэрэгт ач холбогдолтой гэж үзэхээр байхад уг гэрээ хэрэгт авагдаагүй байна.

 

Ийнхүү маргаж буй ХТП станцын өмчлөгч тодорхойгүй байхад уг ХТП станцаас хоёр гаргалгаа авч ашиглуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр заасан бөгөөд маргааны зүйл болох ХТП станц нь хариуцагч М ХХК-ийн өмчлөлийнх мөн эсэх нь эргэлзээтэй, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм.

 

Мөн талууд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь өөрийн эзэмшлийн 2190 м.кв газраас 460 м.кв газрыг салгаж Ю ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна. Иймд ХТП станц барьсан газрын эзэмшил хэний нэр дээр байгааг тодруулах шаардлагатай. Учир нь зохигчдын маргаж буй цахилгаан дамжуулах ХТП станц нь эрчим хүчний барилга байгууламж бөгөөд уг ХТП нь газрын бүрдэл хэсэгт хамаарах тул газар эзэмших эрх шилжсэн эсэхтэй холбоотой баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

 

Дээрх нотлох баримтууд бүрдээгүйгээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад маргааны зүйлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах хэсэгт зааснаар талуудыг мэтгэлцүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан өөрийн татгалзал, тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Шүүх хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгч, хэргийг танилцуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн хариуцагчийн шүүх хуралдааны тов мэдэгдэхдээ хуульд заасан журмыг шүүх зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Г-ийн шүүхээс нэхэмжлэл гардан авахдаа Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б байрны 25 тоот хаягийг өгсөн, уг хаягаар болон хуулийн этгээдийн байрлах Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайван найрамдлын ордоны 3 давхарын 317 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч дээрх хаягт байхгүйгээс буцаагдсан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11.00 цагт товлогдсон шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх тул хариуцагч нь шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа байхгүй бол уг хуудсыг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж энэ хуулийн 77.6-д заасан албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан. Анхан шатны шүүх хуулийн этгээдийн хаягаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргад, хариуцагч байгууллагын төлөөлөгч хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүй тул түүний оршин сүүлчийн оршиж сууж байсан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргад шүүхийн мэдэгдэх хуудас тус тус хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ