Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02988

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02988

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, БТ 7-309 тоотод оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяангүний гудамж, Даун таун оффис, 11 давхарт байрлах,*******-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ундрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, гэрч Ц.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ВСН констракшн ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах green villa амины орон сууцны нуур цөөрмийн хэсэгт шаардлагатай байсан 600 мкв ус тусгаарлах пелионкийг манай компаниас худалдан авч, тэр өдрөө бид нараар дэвсүүлж хийлгээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлбөрөө өгнө гээд өнөөдрийг хүртэл уг пелонкны үнийг төлөөгүй тул тус компаниас 600 мкв ус тусгаарлах пелонкны үнэ болох 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Натур гарден ХХК,******* нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний дагуу*******нь Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах green villa амины орон сууцны усны эрэг даланг байгалийн чулуун өрлөг, зохиомж, чулуун хүрхэрээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу ажлын урьдчилгааг тодорхой хувиар төлөхөөр болж эхлээд 10,000,000 төгрөгийг 2 удаа, дараа нь 15,000,000 төгрөгийг тус тус ажлын урьдчилгаанд гэж бичиж шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байдаг. Түүнээс биш ус тусгаарлах 600 м2 пелонкийг тухайн ажлыг гүйцэтгэж байх явцад шаардагдсаны улмаас худалдах худалдан авах гэрээний дагуу 600 м2-ыг нэг бүрийн үнийг 21,000 төгрөгөөр, нийт 12,600,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг 2019 оны 5 дугаар сарын 01, 19-ний өдрүүдэд 2 хувааж авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэргийн 3-4 дэх талд авагдсан 2 ширхэг нэхэмжлэхийн баримтаар нотлогддог.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа, 15,000,000 төгрөгийг төлсөн гэх баримт нь уг пелонкны үнэ биш, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн ажлын урьдчилгаа болох нь шилжүүлгийн баримтад бичигдсэнээр нотлогдож байх бөгөөд түүний төлсөн гэх тайлбар худал байна. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс гадна тусдаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байх тул гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаж буй 12,600,000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж Натур гарден ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Натур гарден ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь*******-иас Натур гарден ХХК-ийн Хаан банкны 5009660315 тоот дансанд 15,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг гээд нийт 3 удаагийн гүйлгээгээр 35,000,000 төгрөгийг гэрээт ажлын урьдчилгаа, гэрээт ажлын төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж төлбөрийг дууссан баримт хэрэгт авагдсан бөгөөд төлбөрийн тооцоогүй. Зохигч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэгчид нэмж төлөх төлбөргүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*******нь хариуцагч*******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн төлбөрийг нь төлсөн учир хүлээн зөвшөөрөхгүй гэж марган мэтгэлцсэн.

Шүүх, хэргийн үйл баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Маргалдагч талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх 102 дугаартай гэрээ байгуулагдаж, захиалагч болох ВСН констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаяр, гүйцэтгэгч Натур гарден ХХК-ийн захирал Б.Ундрах нар харилцан тохиролцож, Green villa амины орон сууцны хотхонд үерийн усны эрэг даланг байгалийн чулуун өрлөг, зохиомж, чулуун хүрхэрээ зэрэг байгууламж хийх тохижилтын ажилд хавсралт 1-д тусгагдсан графикт ажлуудыг хийж гүйцэтгэх, Ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулан эхний санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 30 хоног байх ба захиалагчаас шалтгаалж ажлыг түр зогсоох хийх ажлын дараалал өөрчлөлт хийх зэрэг хүчин зүйлс уг хоногт хамаарахгүй байхаар гэрээний хугацааг заасан байна. Гэрээний хавсралт 1-д тохижилтийн ажлын төсөв, үнийн саналын нийт дүнг 101,926,000 төгрөг, Хавсралт 2-т Санхүүжилтийн графикт эхний санхүүжилт /гэрээ баталсны дараа/ 30% нь 30,577,800 төгрөг, дундын санхүүжилт /ажлын гүйцэтгэл 30%/ 30% нь 30,577,800 төгрөг, дундын санхүүжилт /ажлын гүйцэтгэл 60%/ 20% нь 20,385,200 төгрөг, үлдэгдэл санхүүжилт /ажлын гүйцэтгэл 80%/ 20% нь 20,385,200 төгрөг байхаар тохиролцжээ./хх-ийн 46-49 дэх талд/

Хариуцагч тал нь дээрх гэрээний дагуу Хаан банкны 5220045058 тоот Би Си Эйч констракшны данснаас 2019.04.19-ний өдөр 10,000,000 төгрөгийг гүйлгээний утга хэсэгт ЕВ-Ландшафт гэрээт ажлын урьдчилгаа гэж, мөн 2019.04.30-ны өдөр 10,000,000 төгрөгийг гүйлгээний утга хэсэгт ЕВ-Ландшафт гэрээт ажлын урьдчилгаа гэж бичиж шилжүүлсэн бөгөөд 2019.05.28-ны өдөр Ганбаатар Санчирын 5006276670 данснаас 15,000,000 төгрөгийг гүйлгээний утга хэсэгт ЕВ-ВСН Construction Ажлын урьдчилгаа гэж бичиж нэхэмжлэгч Натур гарден ХХК-ийн 5009660315 тоот дансанд тус тус шилжүүлсэн талаар бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 38-40, 52-53 дахь талд/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуух ажлыг хийж гүйцэтгээгүй ажлаа хаяж явсан, тус 600 м2 пелонкийг хариуцагч компани хүлээн авсан боловч үнийг нь 2019.05.28-ны өдөр Ганбаатар Санчирын 5006276670 данснаас 15,000,000 төгрөгийг гүйлгээний утга хэсэгт ЕВ-ВСН Construction Ажлын урьдчилгаа гэж бичиж нэхэмжлэгч Натур гарден ХХК-ийн 5009660315 тоот дансанд шилжүүлэн төлсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар 15,000,000 төгрөг нь 600 м2 пелонкны үнийг төлөөгүй, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн баримт гэж тус тус тайлбарлаж, харилцан маргасан.

Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх 102 дугаартай гэрээний талаар талуудын хэн аль нь маргаагүй байх бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул тус гэрээний ажлын гүйцэтгэл, хөлс төлсөн байдлыг шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамруулах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ц.Болормаа ...2 нэхэмжлэхэд гарын үсэг зурж, нийтдээ 600 м2 пелонкийг хүлээж авсан үнэн, тус пелонкны үнийг манай нөгөө нягтлан н.Соёлмаа надтай утсаар яриад пелонкны үнийн төлж тооцоо хийчихсэн гэж хэлсэн... гэсэн мэдүүлгийг,

мөн гэрч Б.Мөнхтүвшин ...Натур гарден ХХК нь 2019 онд манай компаний Green villa амины орон сууцны хотхонд ус тусгаарлах ажлыг бүрэн хийсэн, чулуун өрлөг хийх ажлыг хийж байгаад хаяаад явсан. Төлбөр тооцооны асуудлыг би хариуцдаггүй учир мэдэхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус өгснийг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон талуудын тайлбар мэтгэлцээнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтын дагуу харьцуулан үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч*******нь хариуцагч*******-д 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ус тусгаарлах пелонк 540 м2-ийг нэг бүрийн үнэ 21,000 төгрөг, нийт 11,340,000 төгрөг, мөн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ус тусгаарлах пелонк 60 м2-ийг нэг бүрийн үнэ 21,000 төгрөг, нийт 1,260,000 төгрөгийн үнэ бүхий нийтдээ 600 м2 ус тусгаарлах пелонк 12,600,00 төгрөгийн үнэтэй бараа материалыг нийлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож байх бөгөөд хариуцагч энэхүү үйл баримтын талаар маргаагүй./хх-ийн 1, 3-4, 117-225 дахь талд/

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 600 м2 ус тусгаарлах пелонкны үнэ 12,600,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнээд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******-иас 12,600,000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Натур гарден ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын банкны 2600096425 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамж 216,550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Натур гарден ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ