Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00437

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00437

 

 

 

НТХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02988 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч НТХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ВКХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөлөөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ВКХХК нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн  байрлах Г ХХК-ийн амины орон сууцны нуур цөөрмийн хэсэгт шаардлагатай байсан 600 м.кв ус тусгаарлах ус тусгаарлах хальсыг манай компаниас худалдан авч, тэр өдрөө бид нараар дэвсүүлж хийлгээд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлбөрөө өгнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй тул тус компаниас 600 м.кв ус тусгаарлах хальс /плёнк/-ны үнэ болох 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааНТХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ВКХХК-иас НТХХК-ийн Хаан банкны  тоот дансанд 15 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг гээд нийт 3 удаагийн гүйлгээгээр 35 000 000 төгрөгийг гэрээт ажлын урьдчилгаа, гэрээт ажлын төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж төлбөрийг төлж дууссан баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчид нэмж төлөх төлбөргүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ВКХХК-иас 12 600 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч НТХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын банкны  тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ВКХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 216 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч НТХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ВКХХК нь НТХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан боловч гэрээт ажлаа эхлүүлээгүй хаяж явсан. Манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу НТХХК-ийн Хаан банкны  тоот дансанд 15 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг гээд нийт нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 35 000 000 төгрөгийг шилжүүлсэний 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 000 000 төгрөгийн гүйлгээг нь хамтатган усны хамгаалах ус тусгаарлах хальсны төлбөрийг шилжүүлсэн. НТХХК нь авсан төлбөрөө дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж шүүхэд худал нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвзрт өерчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч НТХХК нь хариуцагч ВКХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн ус тусгаарлах хальсны /плёнк/ үнэ 12 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үнийг бүрэн төлсөн гэж маргажээ./хх 1,30/

Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн  байрлах Г амины орон сууцны нуур, цөөрмийн хэсэгт шаардлагатай байсан 600 м.кв ус тусгаарлах ус тусгаарлах халсыг нэхэмжлэгчээс худалдан авсан, мөн өдрөө нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд ус тусгаарлах хальсыг шилжүүлж нуур цөөрмийн хэсэгт нь дэвсэж өгсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 1,73, 157/

Худалдан авсан ус тусгаарлах хальсны хэмжээ нь 600 м.кв, нийт үнэ 12 600 0000 төгрөг гэдэгт талууд маргахгүй байна./хх 1, 3-4, 117-225/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Талуудын хооронд энэхүү 600 м.кв ус тусгаарлах хальс худалдах-худалдан авахаас өмнө 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 102 тоот чулуун хийцийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 38-40/

Хариуцагч нь уг 102 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлбөртэй нийлүүлээд 600 м.кв ус тусгаарлах хальсны үнийг төлсөн гэж тайлбарлаж, нотлох баримтаар мөнгөн шилжүүлгийн баримт гарган маргажээ. /хх 46/

Нэхэмжлэгч нь зөвхөн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 600 м.кв ус тусгаарлах хальс худалдах-худалдан авах гэрээгээр шаардлага гаргасан, 102 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэл гаргаагүй гэж маргажээ.

Хэдийгээр 600 м.кв ус тусгаарлах хальс худалдах-худалдан авах, 102 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд нь тусдаа өөр өөр харилцаа боловч 102 тоот ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг төлсөн төлбөрт 600 м.кв ус тусгаарлах хальсны үнэ хамт орж төлөгдсөн эсэхэд талууд маргаантай байгаа тохиолдолд нотлох баримтыг анхан шатны шүүхээс харьцуулан үнэлэн үзсэнийг буруутгах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 3 удаагийн гүйлгээгээр

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг,

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг,

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зохигч эхний 2 удаагийн мөнгөн шилжүүлгийн гүйлгээнд маргаангүй. Харин сүүлчийн 15 000 000 төгрөгийн мөнгөн шилжүүлэгт 12 600 000 төгрөгийн ус тусгаарлах хальсны үнэ багтсан гэж нэхэмжлэгч тайлбарласан. /хх 38 /

Хариуцагч тал эхний хоёр гүйлгээний утгыг ЕВ-Ландшафт гэрээт ажлын урьдчилгаа гэж тодорхойлж гүйлгээ хийсэн бол сүүлчийн маргаан бүхий 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 000 000 төгрөгийн гүйлгээний утгыг тэрээр ЕВ-В ажлын урьдчилгаа гэж бичиж нэхэмжлэгч НТ ХХК-ийн  тоот дансанд шилжүүлжээ. /хх 38-40, 52-53/ Талууд 102 тоот чулуун хийцийн ажил гүйцэтгэх гэрээгээ ЕВ гэж нэрлэж харилцаж байсан талаар маргахгүй тайлбарлаж байх тохиолдолд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. ЕВ  Ажлын урьдчилгаа гэсэн үгийн шууд утгыг ус тусгаарлах хальсны үнэ гэж тайлбарлах боломжгүй юм. /хх 154-167/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Талуудын хэн аль нь ЕВ-Ландшафт гэх 102 тоот ажил гүйцэтгэх гэрээний биелэлт, гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, илүү дутуу төлсөн төлбөрийн хэмжээ, ажлын чанар зэрэг тухайн гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байна.

Анхан шатны шүүхээс 102 тоот гэрээний ажлын гүйцэтгэл, хөлс төлсөн байдлыг шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус заасантай нийцжээ.

Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ц.Б ... манай нөгөө нягтлан н.С надтай утсаар яриад ус тусгаарлах хальсны үнийг төлж тооцоо хийчихсэн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг нь хэрэгт ашиг сонирхолтой хариуцагч талын ажилтны мэдүүлэг байхаас гадна үйл баримтыг шууд нотлоогүй, бусад нотлох баримттай харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй. Иймд уг гэрчийн мэдүүлгээр хариуцагчийг мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй юм.

Гэрч Б.М ...Төлбөр тооцооны асуудлыг би хариуцдаггүй учир мэдэхгүй гэж мэдүүлсэн байна. Талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, гүйлгээний утга зэргийг харьцуулан дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр НТХХК нь авсан төлбөрөө дахин нэхэмжилсэн гэх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД