Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 141/ШШ2019/00285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П \онлайнаар\ нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц.Т, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Т Н Эт холбогдох Тушаал хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны оролцогчдоос түүний эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын эзгүйд шүүх хуралдааныг хийв.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т миний бие 1997 оноос Завхан аймгийн Т Н Эт ажиллаж байгаад 2011 оноос Т Н Эт их эмчээр, 2013 оноос дүрс оношилгооны их эмчээр одоог хүртэл, нийтдээ эрүүл мэндийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна.

Тус нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авсан байна. Гэвч клиник эмгэг судлалын хурал хийх журамгүй, клиник эмгэг судлалын хурал дээр сахилгын арга хэмжээ авч, цалингийн хувь бууруулна гэсэн шийдвэр тухайн үед гараагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх заалт нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн байхад хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний аль заалтыг үндэслэж сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. Ингэж тушаал гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш байна.

Б/39 тоот тушаалын хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.6 дахь заалтыг үндэслэсэн нь Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/05 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журамд 10.2.1, 10.2.6 гэсэн заалт байхгүй тул хууль зөрчиж тушаал гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5 дээр сахилгын шийтгэл ногдуулах тухай үндэслэлийг шалган тогтоож энэ тухай баримтыг үндэслэн ажилтанд танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан баримттай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт хийлгэхийг шаардаж болно гэсэн заалт байхад харилцан ярилцаж, сонсох үйл ажиллагаа явуулаагүй байж давуу эрхээ ашиглан сахилгын арга хэмжээ үндэслэлгүйгээр тооцож байгаад би гомдолтой байна.

Уг нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргахад сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 664 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай бичиг ирүүлсэн. Уг захирамжийн үндэслэл нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахаасаа өмнө хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагадаа хандаж урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн байсан. Захирамжийн дагуу нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороонд хандахад уг тушаалыг үйлдвэрчний эвлэл шийдэх боломжгүй учир дараа шатны байгууллагаар шийдэх болов гэсэн шийдвэрийн дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Дүрс оношилгооны эмчийн хувьд өвчний үндсэн оношийг шууд тавьдаггүй, дүрс оношилгоогоор тухайн өвчтөний эд эрхтэнд ямар өөрчлөлт байгааг нь л оношилдог. Эмчлэгч эмч нь дүрс оношилгооны эмчийн үзлэгт үнэлэлт хийж, бусад шинжилгээ болон өвчтөнд илрэх зовиур шаналгааг үндэслэн харьцуулалт хийсний үндсэн дээр үндсэн оношийг тавьдаг. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би өвчтөн Х.Мын биед үзлэг хийхэд 2 талын уушгины доод талбайд нэвчдэст сүүдэртэй, уушгины зураглал тархмал торлог хэлбэрээр олширсон, деформацтай, баруун межделовой шель зузаарсан, уг өргөссөн, деформацтай, зүүн талбай реакцтай байсан. Эдгээр өөрчлөлтүүдийг бүгдийг өвчний түүх дээр бичсэн. Эдгээр шинж тэмдэг нь хатгалгаа өвчинд ч, сүрьеэ өвчинд ч илэрдэг. Хатгалгаа өвчин, сүрьеэ өвчнийг шууд дүрс оношилгоогоор ялгах боломжгүй. Цэрийн шинжилгээ авч үнэлэлт хийснээр эдгээр өвчнүүдийг ялгах боломжтой байдаг. Өвчтөнөөс цэрийн шинжилгээ авах гэхэд цэр гарахгүй, шинжилгээ авах боломжгүй байсан, бусад шинжилгээгээр сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй гэж Б эмч ярьж байсан. Манай эмнэлэгт сүрьеэгийн эмчээр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга У эмч ажилладаг. У эмч хүртэл үзээд сүрьеэ биш гэсэн байдаг. Гэтэл Б эмч бид хоёрт сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Мөн өвчтөн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барж, тухайн өдөр эмгэг судлалын шинжилгээ ороод хатгалгаа биш сүрьеэ өвчнөөр нас барсан байна гэдэг нь тодорхой болсон байтал 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.6 дахь заалт, эмч нарын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн клиник эмгэг судлалын хурлын шийдвэрийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай эмнэлгийн дотоод журам 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдан мөрдөгдсөн ба уг журамд 10.2.1, 10.2.6 гэдэг заалтууд байхгүй. Удирдлагын зүгээс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дотоод журмыг шинэчлэн баталсан гэж байгаа боловч энэ талаар эмнэлгийн эмч ажилтнууд огт мэдэхгүй байгаа. Клиник эмгэг судлалын хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй. гэв.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие 2012 оноос Т Н Эт их эмчээр, 2015 оноос эхлэн дотрын их эмчээр одоог хүртэл, нийтдээ эрүүл мэндийн салбарт 7 дахь жилдээ ажиллаж байна.

Тус нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авсан байна. Гэвч клиник эмгэг судлалын хурал хийх журамгүй, клиник эмгэг судлалын хурал дээр сахилгын арга хэмжээ авч, цалингийн хувь бууруулна гэсэн шийдвэр тухайн үед гараагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх заалт нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн байхад хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний аль заалтыг үндэслэж сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. Ингэж тушаал гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш байна.

Б\39 тоот тушаалын хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.6 дахь заалтыг үндэслэсэн нь Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/05 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журамд 10.2.1, 10.2.6 гэсэн заалт байхгүй тул хууль зөрчиж тушаал гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5 дээр сахилгын шийтгэл ногдуулах тухай үндэслэлийг шалган тогтоож энэ тухай баримтыг үндэслэн ажилтанд танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан баримттай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт хийлгэхийг шаардаж болно гэсэн заалт байхад харилцан ярилцаж, сонсох үйл ажиллагаа явуулаагүй байж давуу эрхээ ашиглан сахилгын арга хэмжээ үндэслэлгүйгээр тооцож байгаад би гомдолтой байна.

Уг нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргахад сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 664 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай бичиг ирүүлсэн. Уг захирамжийн үндэслэл нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахаасаа өмнө хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагадаа хандаж урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн байсан. Захирамжийн дагуу нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороонд хандахад уг тушаалыг үйлдвэрчний эвлэл шийдэх боломжгүй учир дараа шатны байгууллагаар шийдэх болов гэсэн шийдвэрийн дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг

хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Б, Ц.Т нар нь Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт М гэх 52 настай эрэгтэй хүн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэвтэн, 2 талын уушгины хатгалгаа оношоор 16 хоног эмчлүүлж байгаад нас барсан билээ. Нас барсны дараа нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/55 тоот тушаалд заасан журмын дагуу эмгэг судлалын шинжилгээг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмгэг судлаач эмч Н.Мг дуудан, эмгэг судлалын шинжилгээг хийлгэсэн билээ. Эмгэг судлалын шинжилгээний хариу дүгнэлт гарсны дараа клиник эмгэг судлалын хурал хийж эмнэл зүйн үндсэн онош нь эмнэл судлалын оноштой хийсвэр шалтгаантай зөрсөн, эмчилгээ үйлчилгээний доголдол гаргасан гэх дүгнэлтийг гаргасан билээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж хуульчлан заажээ. Гэвч дүрс оношилгооны их эмч Ц.Т, дотрын их эмч, эмчлэгч эмч Б.Б нар нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас оношилгоо, эмчилгээний алдаа гаргаж хүний амь нас эрстсэн билээ. Ц.Т нь тухайн үйлчлүүлэгчийн цээжний эгц урдаас харсан рентген зурагт сүрьеэ гэж оношлох оношилгооны ач холбогдол бүхий зүйлийг зураг уншсан дүгнэлтдээ тусгалгүй мэргэжлийн эмчийн алдаа гаргасан. /Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмч А.Ууганбаатар эмчийн дүгнэлт болон эмгэг судлалын дүгнэлтээр нотлогдох болно./ Сүрьеэ өвчин бол эдгэрдэг өвчин юм. Хэрэв нас барсан үйлчлүүлэгчийн оношийг зөв тавьж тухайн оношдоо тохирсон эмгэг жамын эмчилгээг хийсэн бол энэ хүн өдийд амьд явах байсан ч юм билүү гэдэг эргэлзээ төрж байна. Ийм учир клиник эмгэг судлалын хурал хийж оношилгоо эмчилгээний алдаа гаргаж оношийн зөрүү болон эмчилгээ үйлчилгээний доголдол гаргасан эмч нарт сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тоот тушаал үйлдэгдсэн билээ.

Нэхэмжлэгч нар нь клиник эмгэг судлалын хурал хийх журамгүй, клиник эмгэг судлалын хурал дээр арга хэмжээ авч, цалингийн хувь бууруулна гэсэн шийдвэр гаргаагүй болно гэх үндэслэлтэй зүйл бичсэн байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/207 тоот тушаал, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/55 тоот тушаал, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/14 тоот тушаал хүүхдийн эндэгдлийн магадлан хэлэлцэх комиссын бүрэлдэхүүн журам батлах тухай нийтлэг дагаж мөрдөх журмуудтай адилтган үзэж хурлыг хийдэг билээ.

Нэхэмжлэгч Б.Б, Ц.Т нар нь хүчингүй болсон дотоод

журмыг үндэслэн нэхэмжлэлдээ тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй юм. Үүнээс гадна шүүхэд хүчингүй болсон дотоод журмыг нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа нь хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж үзэж болохоор байна.

Нэхэмжлэгч Б.Б, Ц.Т нар нь өөрийн гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд тушаал хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргаад байгаад ихээр гайхаж байна. Хүний амь нас эрүүл мэндийг нэхэмжлэгч Б.Б, Ц.Т нарын хувьд 1 сарын цалинг бууруулахаас дорд үзэж байгаа нь эмч хүний хувьд байж болохгүй сэтгэл юм. Ийм тохиолдолд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц гэдэг хувь хүн арга хэмжээ авч байна гэж бодох хэрэггүй юмаа. Төр хариуцлага хүлээлгэж байна гэж бодох хэрэгтэй гэж хэлмээр байна.

Эмч хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй гэж дахин хэлмээр байна.

Их эмч Б.Б, Ц.Т нар нь эмчийн алдаа зөрчил гаргасан хангалттай үндэслэл нь нотлогдсон тул хууль журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан билээ. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дүгээр заалтад зааснаар ажил олгогч нь хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэх эрхтэй байдаг. Тийм учраас ажил олгогч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн баталсан гэдэг дээр нэхэмжлэгч тал маргадаг. Дотоод журамд болон хөдөлмөрийн гэрээнд ажилтны үүрэг гэж байдаг, тэр хэсэгт ажилтны үүргийг тодорхой заагаад өгчихсөн. Ажилтан нь ажлын байранд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэх, Монгол улсын хууль болон хөдөлмөрийн тухай хууль, эмнэлгийн тухай хууль, тушаал, шийдвэр, заавар, зөвлөмж, журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө гэж заасан. Тэр зүйлийг зөрчөөд оношилгоо, эмчилгээний алдагдал гараад хүний амь нас эрстсэн асуудал гаргасан. Энэ асуудлыг болохгүй байдлаар тайлбарлаж байна. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцох нь ажил олгогчийн эрх байдаг. Зүгээр байгаа хүнд бид нар арга хэмжээ аваагүй, асуудал гаргасан болоод арга хэмжээ авсан. Хавтаст хэрэгт авагдсан байгууллагын эмгэг судлалын хурал хийх удирдамжаа өөрөө боловсруулаад батлуулсан. Уг удирдамжийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Бид нар дотоодоо алдаа эндэгдлээ ярилцаад аудит хийсэн. Аудит хийсний үндсэн дээр энэ хүний ажил үүргийн хуваарийн дагуу алдаа эндэгдэл гарсан гэдгийг тогтоогоод, түүнийхээ дагуу арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан байдаг. Гол үндэслэл нь тийм юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Дотоод журмын 13.3.8-д ажилтан мэдлэг, ур чадвараа дайчилж ажиллана гэж заасан байдаг. Энэ бол өөрийнх нь үүрэг. Алдаа гаргасан үйл баримтад тулгуурлаж арга хэмжээ авсан. Өвчтөн эмнэлэгт ирж хэвтсэн өдөр дүрс оношилгооны эмч Т үзлэг хийсэн байдаг. Гэвч сүрьеэ өвчнийг илрүүлж чадаагүй. Сүүлд аймгийн эмнэлгийн дүрс оношилгооны эмчид зургийг уншуулахад сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэн уншсан. Иймд түүнийг оношийн зөрүү гаргасан гэж үзсэн. Харин өвчтөний эмчлэгч эмчээр ажилласан Б эмч нь стандартад заагдсаны дагуу цэрийн шинжилгээ авах ёстой байсан боловч аваагүйгээс өвчнийг бүрэн оношилж чадаагүй, оношийн зөрүү гаргасан гэж үзсэн. Өвчтөн амь аврагдах, үгүй байсан нь чухал биш. Гол нь тэр хүн өвчнөө бүрэн дүүрэн, үнэн зөв оношлуулаад, тохирсон эмчилгээгээ хийлгэх ёстой байсан. У эмчийн тухайд сүрьеэгийн асуудал хариуцсан эмчээр томилогдон ажиллаж байгаа нь үнэн боловч сүрьеэгийн чиглэлээр нарийн мэргэшилгүй. Түүнчлэн манай байгууллагын дотоод журам 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдаад мөрдөгдөж байсан боловч алдаатай бичигдсэн байсан учир 2019 оны 3 дугаар сарын 20-нд дахин шинэчлэн баталсан. Клиник эмгэг судлалын хурлыг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хийгээд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулах үед 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотоод журам мөрдөгдөж байсан учир уг журмын заалтуудыг баримтлан тушаал гаргасан нь үндэслэлтэй. гэв

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т, Б.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Т Н Эт холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүхээр шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч Ц.Т, Б.Б нар нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нар нь Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн салбар хороонд гомдлоо гаргасан боловч 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооноос шийдвэрлэх боломжгүй, дараа шатны байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариу өгсөн байх тул сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай Ц.Т, Б.Б нарын гомдлыг шүүх шийдвэрлэх нь үндэслэлтэй.

Иймд шүүх Ц.Т, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Т Н Эт холбогдох иргэний хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээ Т Н Эт холбогдуулан гаргасан тул тус эмнэлэг нь Ц.Т, Б.Б нарын нэхэмжлэлийн хариуцагч этгээд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Т.Пид Ц.Т, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Т Н Эт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн эдлэх бүх эрхийг эдлүүлэхээр 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно... гэж тус тус хуульчилсан ба Т Н Э нь Т.Пид итгэмжлэл олгож, хариуцагчийн эдэлбэл зохих бүх эрхийг эдлүүлсэн байх тул түүнийг хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн гэж шүүх үзэв.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар дотрын тасгийн их эмч Б.Б, дүрс оношилгооны их эмч Ц.Т нарыг Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс үндсэн оношийн зөрүү, оношилгоо, эмчилгээний дутагдал гаргаж эмнэлгийн тусламж үйлчилгээний хожимдол үүсгэсэн үндэслэлээр сарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд дүрс оношилгооны их эмч Ц.Т, дотрын их эмч Б.Б нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өвчтөн Х.Мын биед үзлэг хийсэн, дотрын их эмч Б.Б нь өвчтөн Х.Мын эмчлэгч эмчээр ажилласан, өвчтөн Х.Мт 2 талын уушгины хүнд явцтай хатгалгаа онош тавьж, эмчилгээ хийсэн боловч тэрээр нас барж, эмгэг судлалын шинжилгээгээр өвчтөн сүрьеэ өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон нөхцөл байдлуудын талаар маргахгүй байв.

Харин нэхэмжлэгч Ц.Т нь ...Дүрс оношилгооны эмчийн хувьд өвчний үндсэн оношийг шууд тавьдаггүй, дүрс оношилгоогоор тухайн өвчтөний эд эрхтэнд ямар өөрчлөлт байгааг нь л оношилдог. Эмчлэгч эмч нь дүрс оношилгооны эмчийн үзлэгт үнэлэлт хийж, бусад шинжилгээ болон өвчтөнд илрэх зовиур шаналгааг үндэслэн харьцуулалт хийсний үндсэн дээр үндсэн оношийг тавьдаг. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би өвчтөн Х.Мын биед үзлэг хийхэд 2 талын уушгины доод талбайд нэвчдэст сүүдэртэй, уушгины зураглал тархмал торлог хэлбэрээр олширсон, деформацтай, баруун межделовой шель зузаарсан, уг өргөссөн, деформацтай, зүүн талбай реакцтай байсан. Эдгээр өөрчлөлтүүдийг бүгдийг өвчний түүх дээр бичсэн. Эдгээр шинж тэмдэг нь хатгалгаа өвчинд ч, сүрьеэ өвчинд ч илэрдэг. Хатгалгаа өвчин, сүрьеэ өвчнийг шууд дүрс оношилгоогоор ялгах боломжгүй. Цэрийн шинжилгээ авч үнэлэлт хийснээр эдгээр өвчнүүдийг ялгах боломжтой байдаг. Өвчтөнөөс цэрийн шинжилгээ авах гэхэд цэр гарахгүй, шинжилгээ авах боломжгүй байсан, бусад шинжилгээгээр сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй гэж Б эмч ярьж байсан. Манай эмнэлэгт сүрьеэгийн эмчээр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга У эмч ажилладаг. У эмч хүртэл үзээд сүрьеэ биш гэсэн байдаг. ...Өвчтөн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барж, тухайн өдөр эмгэг судлалын шинжилгээ ороод хатгалгаа биш сүрьеэ өвчнөөр нас барсан байна гэдэг нь тодорхой болсон байтал 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Мөн тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.6 дахь заалт, эмч нарын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн клиник эмгэг судлалын хурлын шийдвэрийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай эмнэлгийн дотоод журам 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр батлагдан мөрдөгдсөн ба уг журамд 10.2.1, 10.2.6 гэдэг заалтууд байхгүй. Удирдлагын зүгээс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дотоод журмыг шинэчлэн баталсан гэж байгаа боловч энэ талаар эмнэлгийн эмч ажилтнууд огт мэдэхгүй байгаа... гэж,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат нь ...Дүрс оношилгооны эмч бол техник хэрэгслээр үзлэг хийгээд, эд эрхтэнд гарсан өөрчлөлтүүдийг илрүүлдэг. ...Эмчлэгч эмчийн тухайд дүрс оношилгооны эмчийн үзлэгийн тэмдэглэлийг өвчтөнд илрэх өвчний шинж тэмдэг, бусад шинжилгээтэй харьцуулснаар үндсэн оношийг тавьдаг. ...Т эмчийн тухайд үзлэг хийгээд 2 талын уушги нэвчдэст сүүдэртэй гэдгийг илрүүлсэн байдаг. Энэ шинж тэмдэг нь хатгалгаа өвчинд ч, сүрьеэ өвчинд ч илэрдэг шинж тэмдэг. Сүрьеэ өвчнийг цэрийн шинжилгээ авч давхар баталгаажуулдаг. Гэтэл өвчтөн цэрээ өгч чадахгүй учир цэрийн шинжилгээ хийгдээгүй байдаг. Бусад шинжилгээгээр сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй байсан. Иймд шууд сүрьеэ гэсэн онош тавих боломжгүй. Тэгээд ч сүрьеэгийн асуудал хариуцсан эмч нь сүрьеэ биш гэсэн байсан. Б эмчийн хувьд хатгалгаа, сүрьеэ өвчний аль нь ч байж болох талтай гэж үзээд дараагийн шатлалын эмнэлэгт явж онош тодруулах шаардлагатай гэсэн боловч өвчтөний ар гэр боломжгүй гээд яваагүй байдаг. ...Монгол улсын томоохон эмнэлгүүд ч хатгалгаа, сүрьеэ өвчнийг бүрэн дүүрэн ялгаж оношилж чадахгүй байгаа. Өвчтөн олон эрхтний дутагдлаар нас барсан байсан. Өвчнийг илрүүлж, оношийг зөв тогтоосон байсан ч амь аврагдах боломжгүй. Өвчтөн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас бараад тухайн өдөр нь аймгийн эмнэлгээс эмгэг судлалын эмч ирж задлан шинжилгээ ороод хатгалгаа биш, сүрьеэ өвчнөөр нас барсан байна гэдгийг илрүүлээд явсан байдаг. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу. ...Мөн клиник эмгэг судлалын хурал бол бид юун дээр алдав, алдаагаа яаж засах вэ гэдэг талаар хийдэг хурал болохоос сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцдэг хурал биш. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дотоод журам шинэчлэн батлагдсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Уг дотоод журамд нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэл болгосон заалтууд байдаггүй. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэсэн огноотой дотоод журмыг хариуцагч талаас гаргаж өгч байгаа. Байгууллага өөрөө хариуцагчаар оролцож байгаа, тамга тэмдэг, гарын үсэг зурах эрх бүхий субьект нь хариуцагч талд байгаа учир үнэн зөв баримт гэж үзэхэд эргэлзээтэй. ...Нэгэнт задлан шинжилгээ ороод онош нь тодорхой болсон асуудалд аймгийн дүрс оношилгооны эмчээр зургийг уншуулж тэмдэглэлд бичсэн байдаг. Сүрьеэ өвчнөөр хүн нас барлаа гэдэг нь задлан шинжилгээгээр тодорхой болчихсон байхад тэр эмч сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлж уншихаас, хатгалгаа гэж уншихгүй нь лавтай. ...Т, Б нарын тухайд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа нь өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан, мөн шийдвэр гараагүй хурлын тэмдэглэл, дотоод журамд байхгүй заалтуудыг баримтлан тушаал гаргасан нь үндэслэлгүй учир тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан, маргаж байв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нь ...Өвчтөн эмнэлэгт ирж хэвтсэн өдөр дүрс оношилгооны эмч Т үзлэг хийсэн байдаг. Гэвч сүрьеэ өвчнийг илрүүлж чадаагүй. Сүүлд аймгийн эмнэлгийн дүрс оношилгооны эмчид зургийг уншуулахад сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэн уншсан. Иймд түүнийг оношийн зөрүү гаргасан гэж үзсэн. ...Харин өвчтөний эмчлэгч эмчээр ажилласан Б эмч нь стандартад заагдсаны дагуу цэрийн шинжилгээ авах ёстой байсан боловч аваагүйгээс өвчнийг бүрэн оношилж чадаагүй, оношийн зөрүү гаргасан гэж үзсэн. Өвчтөн амь аврагдах, үгүй байсан нь өнөөдөр чухал биш. Гол нь тэр хүн өвчнөө бүрэн дүүрэн, үнэн зөв оношлуулаад, тохирсон эмчилгээгээ хийлгэх ёстой байсан. У эмчийн тухайд сүрьеэгийн асуудал хариуцсан эмчээр томилогдон ажиллаж байгаа нь үнэн боловч сүрьеэгийн чиглэлээр нарийн мэргэшилгүй. ...Манай байгууллагын дотоод журам 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдаад мөрдөгдөж байсан боловч алдаатай бичигдсэн байсан учир 2019 оны 3 дугаар сарын 20-нд дахин шинэчлэн баталсан. Клиник эмгэг судлалын хурлыг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хийгээд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулах үед 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотоод журам мөрдөгдөж байсан учир уг журмын заалтуудыг баримтлан тушаал гаргасан нь үндэслэлтэй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, маргаж байв.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.6 дахь заалт, Эмч нарын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Клиник эмгэг судлалын хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж болох тухай ерөнхий заалт юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж хуульчилсан. Хуульд заасан эрхийнхээ хүрээнд ажил олгогч нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байх ба гэрчийн мэдүүлэг өгсөн эмч, ажилтнууд хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан талаар мэдээгүй гэх боловч нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарахаас өмнө буюу 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгийн дотоод сүлжээнд тавигдсан байсан талаар гэрч Д.Б мэдүүлсэн тул ажил олгогч нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг гаргахдаа уг дотоод журмын холбогдох зүйл заалтыг үндэслэл болгосныг шүүх буруутгах боломжгүй юм.

Харин 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг гаргахдаа Эмч нарын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Клиник эмгэг судлалын хурлын шийдвэрийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв. Учир нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс тодорхой шийдэл бүхий хурлын тэмдэглэлийг нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангасан байдлаар шүүхэд ирүүлсэн боловч тухайн хуралд суусан гэх эмч нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө уг хурлаас Ц.Т, Б.Б нарт сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гараагүй талаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл уг хурлын тэмдэглэлийг үйлдэж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулах давуу эрх хэмжээ хариуцагч талд байгаа учир уг давуу эрхийнхээ хүрээнд үйлдсэн байж болох баримт бичиг байна гэж шүүх үзсэн болно.

Өвчтөн Х.М нь Т Н Эт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэвтэж, 2 талын уушгины хүнд явцтай хатгалгаа оношоор эмчлүүлж байгаад 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барж, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын эмч Н.М эмгэг судлалын шинжилгээ орж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч рентген зургийг уншсан болох нь хэрэгт авагдсан Х.Мын өвчний түүхийн хуулбар, эмгэг судлалын шинжилгээний протоколын хуулбараар нотлогдож байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмч Ц.Т нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу өвчтөн Х.Мыг эмнэлэгт хэвтэх үед рентген зураг авахуулж, зургийг уншиж, илэрсэн шинж тэмдгийг өвчний түүхэд бичжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч нь өвчтөний цогцост задлан шинжилгээ хийсний дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зургийг уншиж, эмгэг судлалын шинжилгээний протоколд илэрч буй шинж тэмдгийг бичсэн байна. Энэ байдлаас үзвэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч рентген зургийг уншаад өвчний шинж тэмдгийг үнэн зөв оношилж байхад эмч Ц.Т нь рентген зургийг уншаад өвчний шинж тэмдгийг үнэн зөв оношилж чадаагүй гэсэн үндэслэлээр Ц.Тт сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам-ын 2.1 дэх хэсэгт Цогцсын эмгэг судлалын шинжилгээг (autopsy) эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авч эмчилгээ, оношилгоо хийлгэж байгаад нас барсан тохиолдолд нас барагчийн цогцсыг эмнэлгийн бичиг баримт (өвчний түүх, эрүүл мэндийн дэвтэр)-ыг үндэслэн шинжилж, үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор хийнэ. гэж, 1.4 дэх хэсэгт Эмгэг судлаач эмч нь өвчний түүх, эрүүл мэндийн дэвтэр, амбулаторийн карт, эмгэг эд, эсийн материалыг ашиглан шинжилгээ хийж, төгсгөлийн оношийг нотолж, дүгнэлт гарган,тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ.гэж, 2.6.1-д Эмгэг судлаач эмч нь эмгэг судлалын шинжилгээг хийж дууссаны дараа нас барагчийн үхлийн шалтгаан, үндсэн өвчин, түүний хүндрэлийн талаар эмчлэгч эмчид урьдчилсан байдлаар танилцуулна. Хэрэв оношийн зөрүү гарсан тохиолдолд түүний шалтгааныг тайлбарлаж өгнө гэж зааснаас үзвэл 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буюу эмгэг судлалын шинжилгээ хийгдсэн өдөр оношийн зөрүү гарсан нь тодорхой болсон байтал уг өдрийн дараа өдөр аймгийн дүрс оношилгооны эмчид зургийг уншуулж, зөрсөн оношийг тавиулж протоколд бичсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн Монгол улсын стандарт MNS5348:2016 Сүрьеэгийн тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт-ын 7.6.1 дэх хэсэгт Уушгины сүрьеэтэй байж болзошгүй тохиолдлоос цэрний 2 удаагийн сорьц авч чанарын баталгаатай лабораторид нян судлалын ба эсвэл молекул биологийн шинжилгээг хийж оношийг тодруулна. гэж зааснаас үзвэл дүрс оношилгооны шинжилгээгээр сүрьеэ өвчнийг шууд оношлох зохицуулалтгүй байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн их эмч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өвчтөн Х.Мыг эмнэлэгт хүлээн авч, өвчний түүх нээж, эмчилгээг хийсэн байх бөгөөд өвчний түүхийн ялган оношлох эмгэгүүд хэсэгт сүрьеэ, хавдар... гэж бичсэн хэдий ч ялган оношлох арга хэмжээ авсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Т ...Цэрийн шинжилгээ авч үнэлэлт хийснээр эдгээр өвчнүүдийг ялгах боломжтой байдаг. Өвчтөнөөс цэрийн шинжилгээ авах гэхэд цэр гарахгүй, шинжилгээ авах боломжгүй байсан, бусад шинжилгээгээр сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй гэж Б эмч ярьж байсан. Манай эмнэлэгт сүрьеэгийн эмчээр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга У эмч ажилладаг. У эмч хүртэл үзээд сүрьеэ биш гэсэн байдаг... гэж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат ...Сүрьеэ өвчнийг цэрийн шинжилгээ авч давхар баталгаажуулдаг. Гэтэл өвчтөн цэрээ өгч чадахгүй учир цэрийн шинжилгээ хийгдээгүй байдаг. Бусад шинжилгээгээр сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй байсан. Иймд шууд сүрьеэ гэсэн онош тавих боломжгүй. Тэгээд ч сүрьеэгийн асуудал хариуцсан эмч нь сүрьеэ биш гэсэн байсан. Б эмчийн хувьд хатгалгаа, сүрьеэ өвчний аль нь ч байж болох талтай гэж үзээд дараагийн шатлалын эмнэлэгт явж онош тодруулах шаардлагатай гэсэн боловч өвчтөний ар гэр боломжгүй гээд яваагүй байдаг... гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзвэл Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь эмч Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахаасаа өмнө цэрийн шинжилгээ хийх талаар ажил зохиогдсон эсэх, яагаад уг шинжилгээ хийгдээгүй талаар нягталж тогтоох шаардлагатай байжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам-ын 8.2 дахь хэсэгт Оношийн зөрүүний шалтгаан нь бодит байвал эмчийн үйл ажиллагааны дутагдалд үл тооцно гэж заасан тул эмч Б.Б нь цэрийн шинжилгээ хийгээгүй шалтгааныг тогтоож, энэ байдалд хүндэтгэн үзэх шалтгаан байсан тохиолдолд оношийн зөрүү гарсан нь бодит эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байжээ.

Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Дотоод журмын 10.2.5 дахь хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулах тухай үндэслэлийг шалган тогтоож энэ тухай баримтыг ажилтанд танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан баримттай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт хийлгэхийг шаардаж болно гэж заасан байхад ажил олгогч тал сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нарийн шалган тогтоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Ц.Т, Б.Б нарт сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Тодруулбал, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эмгэг судлалын шинжилгээг эмгэг судлаач эмч Н.М орж, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр эмгэг судлалын шинжилгээний протоколыг албан ёсоор үйлдсэн байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам-ын 2.6.3 дахь хэсэгт Эмгэг судлаач эмч нь эмгэг судлалын онош, дүгнэлтийг хуанлийн 21 хоногийн дотор гаргасан байна гэж заасан. Гэвч эмгэг судлаач эмч Н.М нь дүгнэлтээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дотор гаргах ёстой байсан боловч 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд эмгэг судлалын дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлсэн талаар маргахгүй байгаа учир энэ асуудалд шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Харин эмгэг судлалын дүгнэлт гарсан өдрийг буюу оношийн зөрүү гарсан талаар албан ёсны баримт бичиг үйлдэгдсэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг зөрчлийг илрүүлсэн өдөр гэж үзэх үндэслэлтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан тул Ц.Т, Б.Б нарт оношийн зөрүү гарсныг илрүүлсэн \2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр\-ээс хойш 1 сарын хугацаа хэтэрсний дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үндсэн оношийн зөрүү, оношилгоо, эмчилгээний дутагдал гаргаж эмнэлгийн тусламж үйлчилгээний хожимдол үүсгэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Ц.Т, Б.Б нараас Т Н Эт холбогдуулан гаргасан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж хуульчилсан.

Дээрх хуулийн заалтуудын үндсэн дээр нэхэмжлэгч Ц.Т, Б.Б нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд харин хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй тул улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т, Б.Б нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН