Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 205/МА2020/00006

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: С.*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Б.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 478 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Б.******* нарын давж заалдах гомдлоор шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний нөхөр ******* овогт ******* ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* банкнаас 5 жилийн хугацаатай 27.000.000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Уг зээлд хамтран зээлдэгчээр ******* овогт *******гийн ******* миний бие гарын үсэг зурсан. Миний нөхөр нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан тул үүнээс хойш 5, 6, 7, 8 дугаар сарын төлбөрүүдийг төлж явсан ба одоо цаашид төлөх нөхцөл боломж бага байгаа тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* банкнаас 5 жилийн хугацаатай 27.000.000 төгрөгийн цалингийн зээлийн хүүг зогсоож, үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээг багасгаж өгч тус болно уу. Одоо үлдэгдэл үндсэн мөнгө 24.173.170 төгрөгийн хүү 9.802.704.32 төгрөг болох мөнгийг зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* банкны Завхан салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******ийн Цалингийн зээлийн хүүг зогсоолгон, эргэн төлөлтийг багасгах шаардлага бүхий нэхэмжлэлд хариуцагч ******* банкны Завхан салбарын зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар ******* банкны Завхан салбарыг татсан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна, 29.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тус тус заасны дагуу ******* банкны Завхан салбар нь эрх зүйн чадваргүй, хуулийн этгээдийн эрхгүй тул хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй юм. ******* банкны Завхан салбар 2018 оны 11-р сарын 12-ны өдөр Завхан аймаг Улиастай сум 6-р баг Өлзийт тоотод оршин суух зээлдэгч тоот регистрийн дугаартай Н.******* /зээлдэгч/, тус хаягт оршин суух тоот регистрийн дугаартай С.******* /хамтран зээлдэгч/ нартай дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 27.000.000 төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэн олгосон. Хамтран зээлдэгч С.******* нь зээлдэгч Н.*******г 2018.04.8-ны өдөр нас барсан тул зээлийн хүүг зогсоож, төлбөрийн хэмжээг багасгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон буюу зээлдэгч нас барсан тохиолдолд хуулийн дагуу Зээлэдгчийн өв , хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ Гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй гэж заасан тул хамтран зээлдэгч С.******* нь зээлийн үлдэгдэл төлбөрийн хүүгийн хамт төлөх үүрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл үндсэн зээлдэгч нас барсан нь зээлийн хүүг зогсоох, төлбөрийн хэмжээг багасгах, хамтран зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийнг 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт банкинд төлөх үүрэгтэй болно.

Иймд банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн банк хариуцагчаар оролцох эрх зүйн субьект биш болно гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр асан Н.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нд ******* банкнаас 27.000.000 төгрөгийн зээл авч Хас банкнаас авсан зээлээ хаасан. Манай хүн эрчимд ажилладаг байсан учраас цалингаа барьцаалж зээл авч байсан. Банкнаас зээл аваад эргэн төлөлтүүдээ хугацаанд нь хийдэг байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 18-нд манай хүн нас барсан. Тэрнээс хойш би 2019 оны 5, 6, 7, 8-н саруудын эргэн төлөлтүүдийг хийсэн. Одоо би энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй байна. Иймээс 2019 оны 08 дугаар сарын 26-нд зээлийн хүүг зогсоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би энэ зээлийг хүүтэй нь төлөх гэхээр 3 жилийн дараа миний бага хүүхэд оюутан болно. Гэтэл би зээлээ төлж дуусаагүй байхад оюутантай болох учраас хүүг нь зогсоолгох гэж нэхэмжлэлээ гаргасан. Хэрэв зээлийнхээ хүүг зогсоолгочих юм бол оюутны сургалтын төлбөрөөс өмнө үндсэн зээлээ дараад дуусгачих юм байна. Тийм учраас зээлийн хүүг зогсоолгож үндсэн төлбөр болох 23.400.000 төгрөгийг 4 жилийн дотор сард 500.000 төгрөгөөр эргэн төлөлт хийх байдлаар зээлээ төлж дуусгая гэсэн хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байгаа. Энэ үндэслэлүүдийн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэсэн ийм заалт байна. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч буюу үндсэн зээлдэгч нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Тиймээс үүргийг гүйцэтгэвэл зохих хүн нас барсан учраас хүү төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг зүйлийг хариуцагч байгууллагын төлөөлөгч ...цалингийн зээл бол зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой хэлсэн. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрээнд заасан заалтуудаас салшгүй холбоотой гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл гэрээнд заасны дагуу талийгаачийн зээлийг нь цалингаас нь автоматаар суутгаж авдаг. Тэгэхээр энэ нь яах аргагүй цалингийн зээлд хамаарахаар байна. Яагаад барьцаат зээл гэж үзсэн гэхээр өндөр дүнтэй учраас гэж нэхэмжлэгч тайлбарласан. Өөрөөр хэлбэл цалингийн зээлийг өндөр дүнтэй гаргадаггүй учраас барьцаа хөрөнгө барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна. Үндсэн зээлдэгч болох Н.******* нас барсан учраас цалингийн зээлийн хүүг зогсоох боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн *******гээс 27.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй олгож өгөх хүсэлтийг гаргасан байдаг. Үүний дагуу холбогдох зээлийн судалгаа хийгдээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 27.000.000 төгрөгийн зээлийг 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон. Зээлд үндсэн зээлдэгчээр Н.*******, хамтран зээлдэгчээр С.******* нар гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас гаргаж өгсөн анкет дээр өрхийн гишүүд хэсэгт тухайн зээлдэгч С.*******ийг тусгаж өгсөн байдаг. Өрхийн бусад гишүүдийг дурдаагүй байдаг. Гаргаж өгсөн анкетаа баталгаажуулаад өргөдлийн маягт дээр хамтран зээлдэгч гарын үсэг зурсан байна. Ерөнхий процессийн хувьд банкнаас зээл авах гэж байгаа хүн холбогдох өөрийн өрхийн мэдээлэл болон холбогдох зарим мэдээллийг гаргаад гарын үсгээ зураад явж байгаа. Үүний дагуу зээлдэгчийн зээлийн мэдээлэл дээр ам бүл 2 гэж байгаа. Зээлийн барьцаанд Завхан аймгийн Улиастай сум Өлзийт багийн Залгамжлагч хэсгийн тоотод орших 85 мкв талбайтай хашаа байшин, тус хаягт байрших 1188 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан байгаа. Үүн дээр холбогдох гэрээнүүд хийгдсэн. Зээлдэгч болон хамтран зээлдэгч гарын үсэг зурж барьцааны болон зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан байна. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээлдэгчийн харилцах данс руу зээлийн гүйлгээ хийгдсэнээр тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Ерөнхийдөө хариу тайлбарыг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр хүргүүлсэн байгаа. Утга санааны хувьд авч үзвэл барьцаат зээлийн гэрээний 3.2.4-т Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон буюу зээлдэгч нас барсан тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбоотой гарсан бусад төлбөр зардлыг хариуцан барагдуулах үүрэгтэй гэж заасан. Нөгөө талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1-д банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт банкинд төлөх үүрэгтэй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн зээлдэгч нас барсан нь зээлийн хүүг зогсоох, төлбөрийн хэмжээг багасгах, хамтран зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж банкны зүгээс үзэж байна. Холбогдох хариугаа хүргүүлсэн. Ерөнхийдөө банкнаас гаргасан хариунд дурдагдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан байгаа юм гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тайлбар байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Н.*******гийн ******* банкны Завхан салбараас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авсан 4 дугаартай цалингийн зээлийн хүүг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зогсоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 278537 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.*******, Б.******* нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Гомдлын шаардлага:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 488 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох

Гомдлын үндэслэл:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 488 дугаар шийдвэрээр Н.*******гийн ******* банкны Завхан салбараас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авсан 4 дугаартай цалингийн зээлийн хүүг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зогсоож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. ******* банкны Завхан салбар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие дааж оролцох эрх зүйн үндэслэлгүй тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчаар ******* банк ХХК-ийг бус ******* банкны Завхан салбарыг татан оролцуулсан. Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу заримыг нь гүйцэтгэдэг нэгжийг салбар гэх бөгөөд ******* банкны Завхан салбар нь өөрийн нэрээр бие даасан эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай хуулийн этгээд биш юм.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тус тус заасны дагуу ******* банкны Завхан салбар бие дааж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадваргүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хувь хүн, хуулийн этгээд нь бие даасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаарддаг. Шүүх дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасны дагуу хариуцагчийг солих ажиллагаа хийх боломжтой байхад тус ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

1.    Н.*******гийн цалингийн зээлийн хүүг зогсоох тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгчийн зээлийн төлбөр болон хүү төлөх үүрэгтэй тухай заалтыг үндэслэсэн боловч нэхэмжлэгч нь зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн хүү бууруулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтад Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу зээлдэгч Н.******* нас барснаар зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болно гэж үзэн зээлийн хүү зогсоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр Хас банкны зээлийн хүү өндөр байсан тул Хас банкны зээлийг хаагаад арай хүү багатай банкнаас зээл авья гэж ярилцаад ******* банкнаас зээл авсан. Би энэ зээлийг хүүтэй нь төлөх гэхээр 3 жилийн дараа бага хүү оюутан болох учир төлж чадахгүй гэсэн тайлбарыг гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийг аваагүй болон зээлийн хариуцан төлөх үүрэггүй гэж маргаагүй, зээлийг авч ашигласан буюу Хас банкны зээлийг төлснөө хүлээн зөвшөөрсөн болно. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг ашигласан тул үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэг нь үүрэг гүйцэтгэгч нь ажил үүргийг зайлшгүй биечлэн гүйцэтгэх шаардлагатай, гуравдагч этгээд гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд цалингийн зээлийн гэрээний үүргийн үндсэн үүрэг гүйцэтгэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын аль аль нь биелүүлэх үүрэгтэй, боломжтой болно. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалтад Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар... үүснэ242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон буюу зээлдэгч нас барсан тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв , хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсаны хувьд болон хууль ёсны өв ийн хувьд С.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй болно.

Тиймээс үндсэн зээлдэгч нас барсан ч хамтран үүрэг гүйцэтгэгч С.******* зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй тул зээлийн хүүг зогсоох хууль, эрх зүйн үндэслэлгүй болно.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 478 дугаартай шийдвэр болон хариуцагчийн давж заалдах гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

******* банк өөрийн салбар нэгжээ бие даасан эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй субъект гэж тодорхойлсон байна. Тэгвэл ямарваа зээлийн гэрээний харилцаанд эрх эдэлж үүрэг хүлээлгээгүй буюу зээл олгох, зээлийн гэрээ байгуулах эрхгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо.

Эрх олгогдоогүй байхад бусад зээл олгосон, бусдаас хариуцлага нэхэх эрх бүхий этгээд биш юм бол энэ салбараас зээл авсан олон мянган харилцагчийг хууран мэхэлж зээл олгосон этгээд хэн бэ? Түүний байгуулсан зээлийн гэрээ хүчинтэй юу гэдэг дээр шүүх анхаарах хэрэгтэй.

Нөхцөл байдлыг эхнээс нь шалгавал талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх зээлийн гэрээний зориулалт ач холбогдол юунд байсныг онцлон анхаарах хэрэгтэй. Банкны зээлийн гэрээний эхний хэсгээс харвал цалингийн зээл гэж тодорхойлсон байдаг. Мөн зээлийн хэмжээ гэсэн хэсэгт нэмэлт зээлийн хэмжээ 27.000.000 төгрөг гэж бичсэн. Гэтэл бид энэ зээлийг нэмэлтээр огт аваагүй өмнөх зээлийн харилцаа огт байхгүй байхад нэмэлтээр зээл олгосон мэт байгаа нь энэ зээлийн гэрээ бүхэлдээ хүчингүй байна.

Учир нь банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд банкны зээлийн гэрээнд юу юу тусгахыг тодорхойлон заасан байна.

Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Зээлийн гэрээнд зээлдэгч зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар зориулалт зээлдэх мөнгөн дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тусгана гэж заасан.

Гэтэл нэмэлтээр зээл олгосон бол өмнөх зээлийн гэрээний эрх үүрэг дуусгавар болсон эсэх тодорхойгүй зээлийн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Үндсэн зээлдэгч Н.******* 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж үзэхдээ зөвхөн цалингийн зээлийн хүүг зээлдэгчтэй салшгүй холбоотой учраас дуусгавар болгохоор дурдсан байна.

Ингэж шийдвэрлэхдээ үүрэг гэж юу вэ? нас барсан зээлдэгчийн үүрэгт үндсэн зээл хүү нэмэгдүүлсэн хүү бүгд хамаарах уу? зээлдэгч нас барснаар түүний ямар ямар үүрэг дуусгавар болох вэ? ямар үүрэг бусдад шилжих вэ? гэдгийг тодорхойлж чадаагүй байна. Зөвхөн зээлийн хүүг нас барсан зээлдэгчийн үүрэг мэтээр ойлгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Зээлийн гэрээний харилцаанд үндсэн үүрэг нь үндсэн зээл байна. Харин нэмэлт үүрэг нь зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү байж болох юм. Үүнийг нийтэд нь үүрэг хэмээн ойлгохоор хуульчилсан байгааг анхан шатны шүүх зөв ойлгож тайлбарлаж чадаагүй байна.Цалингийн зээл бол цалин авч байгаа этгээдтэй салшгүй холбоотой, түүний ажиллаж хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлого билээ. Тиймдээ ч банкинд зөвхөн цалингийн орлогосоо зээлийг төлж байсан нь дансны хуулга болон бусад баримтаар тодорхой байна. Гэтэл цалин авагч этгээд нас барснаар уг үүргийн харилцаа бүхэлдээ дуусгавар болох буюу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээл төлөхгүй болсон билээ.

Хэдийгээр миний бие хамтран зээлдэгч мөн боловч надад ногдох үүргийг буруу хувиарлан анхан шатны шүүх шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд зөвхөн зээлийн хүүг үндсэн зээлдэгчийн нийт үүрэг хэмээн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үүргийг хэрхэн хувиарласан нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.5 дугаар заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухай бүр нь асуултанд хариулаад явах саналтай байна гэв.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* банкны Завхан салбар нь бие даан эрх эдлэх, үүрэггүй субъект гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. Цалингийн зээлийн гэрээн дээр анх 27 сая төгрөгийн зээл авч байгаа гэсэн боловч шийдвэр дээрээ дахин нэмэгдүүлсэн зээл олгосон гэсэн шийдвэр гаргасан байгаа. Урьд өмнө нь манай гэр бүл ******* банктай харилцаж байгаагүй анх удаа л харилцаж цалингийн зээл авсан. 20-оос дээш сая төгрөгийн зээл авахаар бол барьцаа хөрөнгө шаардлагатай болсон тул хашаа байшингаа барьцаалсан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* банкны Завхан салбарт холбогдуулан талийгаач нөхөр Н.*******гийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай цалингийн зээлийн хүүг зогсоолгож, үндсэн зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг бууруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан үйл баримт нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаа нь талуудын хооронд үүссэн эдийн болон эдийн бус маргаантай харилцааг зохицуулдаг ба нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* банкны Завхан салбарын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн ямар нэгэн зөрчил үүсээгүй тул Иргэний хуульд заасан шаардах эрхийн үндэслэл байхгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар ...гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтөй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй... гэж заасан байна. Энэ зарчмын агуулга нь гэрээ байгуулагч талууд өөрсдөө сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн тодорхой үр дагавар бий болгох, гэрээний нөхцөл, гэрээгээр эдлэх эрх, хүлээх үүргээ өөрсдөө тодорхойлох эрх нь чөлөөтөй байдаг.

Гэтэл нэхэмжлэгч С.******* нь зээлийн гэрээний хүүг зогсоолгох, төлбөрийн эргэн төлөлтийг бууруулах хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргах боломжтой бөгөөд талууд хэрхэн тохиролцох нь тэдний шийдвэрлэх асуудал байхад шүүх, нэхэмжлэгч С.*******ийн банкны хүү зогсоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь талуудын гэрээний чөлөөт байдлын зарчим, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчимыг алдагдуулсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна.

Нөгөө талаар зээлдэгч Н.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан байх бөгөөд зохигч нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх ид шилжсэн байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч С.******* нь хүү зогсоолгох, төлбөрийн эргэн төлөлтийг бууруулах шаардлагыг хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж, харилцан тохиролцох боломжтой эсэх талаар дүгнээгүй анхан шатны шүүх С.*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.10 дахь хэсэгт хэсэгт заасантай нийцээгүй байгааг мөн дурьдах нь зүйтэй байна.

Хэрвээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой хэдий ч нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсэх үндэслэл болохгүй шаардах эрхийн зохицуулалтгүй, эрхийн зөрчилгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 478 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 280.745 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД  Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР