Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/02756

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/02756

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Виста оффис барилгын 4 дүгээр давхарт оршин байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 8а байр 14 тоотод оршин байрлах,*******-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34,405,110 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Анусервис ХХК нь*******-д 2015 оноос эхлэн сантехникийн бараа материалын үнэ 12,492,310 төгрөг, мөн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 19\14 тоот гэрээг байгуулж 22,856,000 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн. Энэхүү гэрээгээр*******нь нийлүүлэгчийн үүргийг хүлээж, Чех улсад үйлдвэрлэгдсэн гадна бохир усны хоолойг худалдан авагч Эрхэт наран ХХК-д захиалгаар нийлүүлэх,******* нь гэрээнд заасан үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Анусервис ХХК нь 2017 онд тус компанийн авсан бараа материалыг зарлагын падаанаар хүлээлгэн өгч байсан, мөн гэрээгээр авсан бараа материалыг 2019 оны 07 дугаар сарын 19-нд*******-д бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. 2017 онд авсан бараа материалын үнэ 12,492,310 төгрөг, мөн 2019 оны Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 3-д зааснаар гэрээний үнэ 22,856,000 төгрөг байх бөгөөд уг үнэнд нийлүүлсэн бараа материалын үнэ, НӨАТ зардал багтсан.

2017 онд түр хугацаагаар зээлээр авсан бараа материалын үнийг санхүүжилт орж ирэхээр төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн, мөн 2019 оны гэрээний үнийг гэрээ байгуулахад урьдчилгаа 30 хувь буюу 6,856,800 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 70 хувь 15,999,200 төгрөгийг төлөхөөр Гэрээний Тусгай нөхцөлийн 4 дүгээр заалтаар харилцан тохиролцсон. Гэвч******* нь гэрээний үнийг гэрээнд заасан нөхцөл, хэмжээгээр төлөөгүй, энэ хугацаанд тус компанид албан тоотоор, харилцах утсаар төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч санхүүжилт удахгүй орно гэсээр өнөөдрийг хүрч, мөн харилцах утсаа авахгүй, албан тоотуудад хариу ирүүлсэнгүй. 2017 онд авсан бараа материалын үнэ 12,492,310 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 19/14 тоот гэрээний үлдэгдэл 16,856,000 төгрөг байгаа бөгөөд уг төлбөрүүдийг сайн дураар төлж барагдуулахгүй байх тул шүүхэд хандаж байна.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 7-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс тооцох алданги 0,10 хувь, гэрээний ерөнхий нөхцөлийн 5.2-т Захиалагч төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болон гэрээгээр хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэх алданги, төлбөрийн хэмжээний дээд тал нь гэрээний дүнгийн 30%-тай тэнцүү байхаар заасан.

Иймд Иргэний хуулийн 232.3, 232.6 дугаар заалтыг үндэслэн гэрээний төлбөр 16,856,000 төгрөгийн 30% буюу 5,056,800 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй. 2019 оны 07 сарын 19-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ тул Иргэний хуулийн 243.1, 232.6 дах заалтыг тус тус үндэслэн нийлүүлсэн бараа материалын үнийн үлдэгдэл 16,856,000 төгрөг, алданги 5,056,800 төгрөг, 2017 онд авсан бараа материалын үнэ 12,492,310 төгрөг нийт 34,405,110 төгрөгийг нэхэмжилж байгааг ЭрхэтнаранХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч компанийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:*******-д холбогдуулан Анусервис ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлээр нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Анусервис ХХК нь хариуцагч*******-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34,405,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1. Нэхэмжлэгч Анусервис ХХК нь хариуцагч*******-д 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 43,499,770 төгрөгийн сантехникийн бараа материал захиалгаар нийлүүлсэн байх бөгөөд уг үнийн дүнгээс нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид 31,007,460 төгрөгийг төлөх ёстой байсан өр төлбөртөө суутгуулж, үлдэх 12,492,310 төгрөгийг бэлэн мөнгөөр авахаар тохиролцсон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн эхний хэсгийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж 12,492,310 төгрөг гаргуулахаар шаардсан байдал нь ...хоёр компанийн нягтлан бодогч нарын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан Тооцоо үлдэгдлийн баталгаа-ны баримт, мөн*******-ийн захиалгын дагуу Анусервис ХХК-иас нийлүүлсэн бараа материалын тооцоо 2015.12-2017.12 гэсэн баримт болон Зарлагын 2017.05.15, 2017.11.03, 2017.10.07-ны өдрийн падаан зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 11-14 дэх талд/

Зохигч талууд нь ...тус байгууллагын хооронд 2018 оны 12 сарын 31 өдрийг дуустал хугацаанд гарсан ажил гүйлгээг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Эрхэт наран ХХК нь /арван нэгэн сая дөрвөн зуун наян есөн мянга гурван зуун арван/ гарсныг харилцан батлав, материалын үнэ 11,489,310 төгрөг гэсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны баримт үйлдсэн 2 өөр үнийн дүн бүхий баримт хэрэгт авагдсан боловч энэхүү баримтаар тооцсон 11,489,310 төгрөг нь 2020 оны 06 сарын 23-нд тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны баримтад ...материалын үнэ 12,492,310 төгрөг, 2.Тооцооны баримтын жагсаалт хэсгийн хүснэгтэнд Авсан материалыг он, сар, өдөр үнийн дүнгээр жагсаан бичигдсэний 2017.03.24-ний өдөр 1,003,000 төгрөг-ийн тооцоог орхигдуулсныг сүүлчийн тооцоог нийлэхэд баримтаар гаргаж, нэмэгдүүлээд 12,492,310 төгрөг-ийн үлдэгдэлтэй байсныг тооцсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодруулан эдгээр 2 үнийн дүн зөрүүтэй баримтуудыг тайлбарласныг шүүх хүлээн авч, бусад баримтуудтай харьцуулан үнэлээд, эхний хэсгийн нэхэмжлэлийн шаардлага 12,492,310 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Мөн хариуцагч буюу захиалагч*******, нэхэмжлэгч буюу нийлүүлэгч Анусервис ХХК нар нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 19/14 дугаартай гэрээг байгуулж, тус гэрээгээр Чех улсад үйлдвэрлэгдсэн бохир усны PVC турба /гэрээний хавсралт-1/-г нийлүүлэгч нийлүүлэх үндсэн үүрэг хүлээж, захиалагч нь гэрээний үнэ 22,856,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээхээр заасан бөгөөд гэрээний тусгай нөхцөлдөө: Төлбөрийн хуваарийг Урьдчилгааг гэрээ баталгаажсанаар гэрээний үнийн дүнгийн 30% болох 6,856,800 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний дотор гэрээний үнийн дүнгийн 70% болох 15,999,200 төгрөгийг төлөх, Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс тооцох алданги 0,10% гэж, Гэрээний ерөнхий нөхцөлийн 5.2-т Захиалагч нь төлбөр төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэх алданги, төлбөрийн хэмжээ нь дээд тал нь гэрээний дүнгийн 30%-тай тэнцүү байна гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-9 дэх талд/

Ийнхүү зохигч талуудын хооронд 2015-2017 онуудад болон 2019 онд байгуулсан дээрх гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч******* нь тус тусын гэрээгээр хүлээн авсан сантехникийн бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч Анусервис ХХК нь гэрээний үүргийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон В.Гэрэлт-Одод шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардуулан өгч эрх, үүрэг тайлбарлаад, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүргийг хуульд заасан журмын дагуу хүлээлгэсэн атал*******-ийн захирал Б.Мөнхтулга нь 2020.09.29-ний өдөр Эрхэтнаран ХХК-д холбогдуулан Анусервис ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлээр нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбарыг ирүүлснээс өөрөөр татгалзлаа нотолсон бичгийн баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Зохигч талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгт хариуцагчийн төлөх үнийн дүн болон төлөгдөөгүй үлдэгдэл /12,492,310+16,856,000/ нийт 29,348,310 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч тайлбарлан маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Хариуцагч компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анх В.Гэрэлт-Одод итгэмжлэл олгосон учир шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9:00 цагт хийхээр товлон зарласныг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 80100331 дугаарын утсаар залгаж мэдэгдэхэд За ойлголоо гэсэн хариу өгснийг тэмдэглэл үйлдэж бааталгаажуулсан байхад товлогдсон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч шүүх зохигч талуудыг мэтгэлцүүлэх боломж олгож нэг удаа тус шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагт хийхээр хойшлуулж, товыг мөн утсаар нь мэдэгдэж, баримт үйлдсэн. Гэтэл В.Гэрэлт-Од нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагт хийхээр хойшлогдсон шүүх хуралдаантай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн тус өдрийн 16:00 цагт болох Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцох шүүх хуралдаан давхацсан талаар хүсэлт, тус шүүхийн мэдэгдэх хуудсыг и-мэйлээр ирүүлсэн учир тус шүүх хуралдааны товыг өөрчилж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагт хийхээр хойшлуулан товлож, түүнд мэдэгдэн баримт үйлджээ.

Тус шүүх хуралдаанд хариуцагч компани нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон В.Гэрэлт-Одоос татгалзаж, Л.Цэндийг оролцуулахаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэл олгосны улмаас шүүх хуралдаанд оролцсон Л.Цэнд өмгөөлөгч сонгон авч оролцох хүсэлт гаргаснаар тухайн шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлож, зохигч талуудад мэдэгдсэн атал хариуцагч компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөө сонгон аваагүй ба энэхүү шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19/14 дугаартай гэрээний үүргийн үнийн дүн 22,856,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Эрхэт наран ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зарлагын падаан үйлдэж, Анусервис ХХК-ийн Б.Цэрэнханд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хэсэгт гарын үсгийн тайлал бичигдээгүй зөвхөн гарын үсэг зурагдсан баримтаар гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт нотлогдон тогтоогдож байна./хх-ийн 15-17 дахь талд/

Хариуцагч нь гэрээний тусгай нөхцөлийн 4-т заасны дагуу урьдчилгаанд үнийн дүнгийн 30% болох 6,856,800 төгрөг төлөх ёстойгоос 6,000,000 төгрөгийг 2019.07.19-ний өдөр төлсөн, үлдэгдэл нь 16,856,000 төгрөг төлөөгүй байдал нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд гарсан ажил гүйлгээг хоёр байгууллагад хөтлөгдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 16,856,000 төгрөг гарсныг харилцан баталж, 2 байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны баримт, Анусервис ХХК нь 2019.09.30-ны 18/314 дугаартай албан бичгээр*******-д хүргүүлсэн мэдэглэл, мөн 2020.06.16-ны 20/205 дугаартай мэдэгдэл зэргээр нотлогдон тогтоогдож байна./хх-ийн 10, 15, 16-17 дахь талд/

Нэхэмжлэгч тал гэрээний тусгай нөхцөлийн 7-д Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс тооцох алданги 0,10% гэж, ерөнхий нөхцөлийн 5.2-т Захиалагч нь төлбөр төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэх алданги, төлбөрийн хэмжээ нь дээд тал нь гэрээний дүнгийн 30%-тай тэнцүү байна гэж тус тус тохиролцсоноор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар төлбөл зохих үлдэгдэл 16,856,000 төгрөгийн 30%-иар тооцож 5,056,800 төгрөгийн алдангийг хариуцагч талаас гаргуулахаар шаардсан нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймээс, дээрх үндэслэлээр хариуцагч*******-аас /12,492,310+16,856,000+5,056,800/ нийт 34,405,110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Анусервис ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч*******-иас 34,405,110 /гучин дөрвөн сая дөрвөн зуун таван мянг нэг зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Анусервис ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,976 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч*******-иас 329,976 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Анусервис ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ