Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00196

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02756 дугаар шийдвэртэй,

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 405 110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК нь “Б” ХХК-д 2015 оноос эхлэн сантехникийн бараа, материал нийлүүлсэн ба гэрээ байгуулахаас өмнө 12 492 310 төгрөгийн үнэ бүхий бараа материал, мөн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу 22 856 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлсэн, уг үнэд НӨАТ багтсан.

“Б” ХХК нь 2017 онд түр хугацаагаар зээлээр авсан бараа материалын үнийг санхүүжилт орж ирэхээр төлнө гэсэн боловч төлөөгүй.

Харин 2019 онд гэрээ байгуулахад урьдчилгаа 30 хувь буюу 6 856 800 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 70 хувь 15 999 200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч мөн л гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч албан бичгүүдэд хариу ирүүлээгүй.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 7-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги 0,10 хувь, гэрээний ерөнхий нөхцөлийн 5.2-т захиалагч төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болон гэрээгээр хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэх алданги, төлбөрийн хэмжээний дээд тал нь гэрээний дүнгийн 30 хувьтай тэнцүү байхаар заасан. Иймд үндэслэн гэрээний төлбөр 16 856 000 төгрөгийн 30 хувь буюу 5 056 800 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр 2017 онд авсан бараа материалын үнэ 12 492 310 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн бараа материалын үнийн үлдэгдэл 16 856 000 төгрөг, алданги 5 056 800 төгрөг, нийт 34 405 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 34,405,110 /гучин дөрвөн сая дөрвөн зуун таван мянг нэг зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,976 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Б” ХХК-иас 329,976 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг нэхэмжлэгчтэй 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр бид барилгын гадна бохир усны хоолой худалдан авсан. Бид гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийг гэрээ байгуулсан өдөр төлсөн бөгөөд үүнээс өмнө нэхэмжлэгч компанитай ажил хэргийн харилцаатай байсан болно.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 07 дугаар сараас өмнөх ажил хэргийн харилцаанаас үүссэн төлбөр тооцооны асуудлыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан гэрээний үлдэгдэл төлбөрөөс гадна бидний хооронд 12 492 310 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж үүнийг нэмсэн байдлаар нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 34 405 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 405 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Ө” ХХК нь “Б” ХХК-д 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 43 499 770 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлсэн, уг үнийн дүнгээс “Ө” ХХК нь “Б” ХХК-д төлөх ёстой төлбөр 31 097 800 төгрөгийг суутган тооцсон, “Б” ХХК нь “Ө” ХХК-д 12 492 310 төгрөгийн өр төлбөртэй талаарх үйл баримтыг анхан шатны шүүх “Б” ХХК-ийн захиалгын дагуу “Ө” ХХК-аас нийлүүлсэн бараа материалын тооцоо 2015.12-2017.12 гэх бичгийн баримт, 2017 оны 05 дугаар сарын 15, болон мөн оны 10 дугаар сарын 07, 11 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын падаан гэх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх12-14/

 

Мөн “Ө” ХХК нь “Б” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Ө” ХХК нь 22 856 000 төгрөгийн үнэ бүхий 4 нэр төрлийн 325 ширхэг хоолойг худалдан авагч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Б” ХХК нь урьдчилгаа төлбөр 6 856 800 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөр 15 999 200 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Талууд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж, уг баримтаар “Б” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх төлбөрийн үлдэгдэл 12 492 310 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 16 856 000 төгрөг болох талаар баталгаажуулжээ. /хх10-11/

 

Талууд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний тусгай нөхцөлийн 7-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой, гэрээний ерөнхий нөхцөлийн 5.2-т захиалагч нь төлбөр төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэх алданги, төлбөрийн хэмжээ нь дээд тал нь гэрээний дүнгийн 30 хувьтай тэнцүү байна гэж тохиролцсон байна. Энэхүү тохиролцоо нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагад тус тус нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үнэд 29 348 310 /12 492 310 + 16 856 000/ төгрөг болон алдангид 5 056 800 /16 856 000 * 30%/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Б” ХХК-аас 34 405 110 төгрөгийг гаргуулж “Ө” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндэд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд шүүх хуралдаанд биечлэн оролцох болон хууль зүйн туслалцаа авах талаар хүсэлтийг гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА