Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2019/00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Үенч суманд 1982 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Нарийнгол багт оршин суух, ******* дугаар регистртэй,******* овогт*******ын*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга ажилтай, Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, ПК76101812 дугаар регистртэй,******* овогт*******ийн Батсүхэд холбогдох Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзул, нэхэмжлэгч Б.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ууганбаяр нь шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлдээ: Миний бие 1999-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр, 2006-2008 онд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн резидентур, 2010 онд Эх барих эмэгтэйчүүдийн чанд авиан

шинжилгээ, 2011 онд Эх барих эмэгтэйчүүд судпал /мэс засал/-аар мэргэжил дээшлүүлсэн, 2013-2014 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын ангид суралцаж төгссөн. 2017-2018 онд эмэгтэйчүүдийн хавдар судлалаар төрөлжсөн мэргэжил эзэмшсэн.

Ховд аймгийн Үенч сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дүгээр тушаалаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон ажиллаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 273 тоот албан бичиг, Эрүүл мэндийн газрын даргын саналаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Ховд аймгийн Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж ажиллаж байгаад 2016 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин орон нутгийн сонгууль зохион байгуулагдах хугацаанд эрүүл мэндийн төвийн даргын ажлаас түр чөлөөлөгдөн эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллан, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж, нийт 10 жил Үенч сумын Эрүүл мэндийн төвд ажилласан. Ажиллах хугацаандаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ ажилласан билээ.

Гэтэл миний бие албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байхад 2018 оны 09 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Т.Батсүх нь МАН-аас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон их эмч М.Батдэлгэртэй хамтран ажиллана, 2 захирамжийн нэгийг сонго, 13 цагт хариугаа өг гэж тулгаж дарамталсан ба Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нь чи өөрөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөгдсөн нь дээр байдаг гэж утсаар ярьсан.

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон их эмч М.Батдэлгэрийн төрсөн эгч, тус байгууллагад статистикч бага эмч, архив бичиг хэргийн ажилтан М.Машбат жинхэнэ захирамж гэж Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг өгсөн.

Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Т.Батсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн Б/07 дугаартай 3 захирамжаар миний биеийг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд заасан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

...Би 2008 оноос хойш тус эмнэлэгт ажиллаж байгаа. Энэ хугацаанд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Сонгон шалгаруулалт зарлагдсан бол би оролцох байсан. Би 2018 оны 06 дугаар сар хүртэл Улаанбаатар хотод суралцаж байсан. Ингээд 2018 оны 07 сарын 04-нд шалгалтаа өгөөд 2018 оны 07 сарын 06-ны өдөр Үенч суманд ирээд Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Энхоюун болон бусад ажилтан нартай уулзахад сумаас 150 км хол Сөнхөлийн зусланд тусламж үйлчилгээ үзүүлэхээр явах гэж байна гэсэн. Тэгээд бид явсан. Маргааш нь буюу 07 сарын 07-ны өглөө эх өвдөж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага аваад очиход эх баригч Буянхишиг очсон байсан. Эх төрөх дөхсөн байсан тул тээвэрлэх ямар ч боломжгүй байсан. Тэгээд гэрт нь төрүүлсэн. Төрөлт хэвийн байсан. Мөн 07 дугаар сарын 21-нд сумын төвөөс 100 км хол газар Мэндсайхан гэдэг эх өвдсөн дуудлага ирсэн. Тэр эх 07 дугаар сард төрөх хувиаргүй, 08 сарын 21-нд төрөх хувиартай байсан болохоор дутуу төрөлт гээд очиход тус багийн 2 эмч нь ирсэн байсан. Тухайн үед эх даралт ихтэй, тээвэрлэх боломж, цаг хугацаа байхгүй тул гэрт нь төрүүлсэн. Төрөлт хэвийн явагдсан гэв.

Хариуцагч Т.Батсүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Т.Батсүх би Б.Ууганбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан аваад бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдөр Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгаварыг гаргаж хэрэгжилтийг ханган ажиллахыг гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллагуудад даалгасан байдаг. Уг албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн Засаг арга, Аймгийн Эрүүл мэндийн газраас зохих шийдвэр, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 32 дугаар тогтоол гарган 2018 оныг хариуцлагын жил болгон зарлаж, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол гаргасан байдаг.

Дээрх Засгийн газрын тогтоол, албан даалгавар зэрэгт 2018 оныг хариуцлагын жил болгож, албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, төрийн албаны сахилга дэг журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан. Нэхэмжпэгч Б.Ууганбаяр нь Үенч сумын Эрүүл мэндийн төвийн дарга, төсвийн шууд захирагчийнхаа тухайд төрийн албанд сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, 2018 оныг хариуцлагын жил болгох Засгийн газар, харьяа яамны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцон тайлагнах ажлыг зохион байгуулаагүй сахилгын зөрчил |гаргасан. Үенч сумын Эрүүл мэндийн төв нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, ураг, нярайд эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх эх барихын тусламж, үйлчилгээг зохих заавар, журмын хүрээнд зохион байгуулах үүрэггэй.

Үенч сумын Эрүүл мэндийн төв нь удаа дараагийн гэрийн төрөлт гаргаж, эрсдэлт нөхцөл байдал үүсгэж, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээний зааврыг зөрчсөн.

Хариуцагч Үенч сумын Засаг дарга Т.Батсүх би Эрүүл мэндийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах чиг үүрэгтэй Засаг төрийн төлөөлөгчийнхөө тухайд төрийн албаны сахилга, дэг журмыг зөрчсөн дээрх үйл ажиллагааны хариуцлагыг Үенч сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагаас нэхэж, түүнд хариуцлага тооцсон.

Иргэнд хүрч буи эрүүл мэндиин тусламж, үилчилгээ чанар хүртээмжтэй, аюулгүй, найдвартай, сахилга дэг журамтай, хариуцлагатай байдлыг Үенч сумын Эрүүл мэндийн дарга хариуцан зохион байгуулах хууль, гэрээгээр хүлээсэн тодорхой үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих хариуцлага хүлээх эрх зүйн үр дагавар үүснэ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т сумын Эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Үенч сумын Засаг даргын албан бичгээр Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцсөн. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжтэй, аюулгүй найдвартай байх зарчмыг баримтлан сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах Засгийн газрын бодлого, шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1.4.2-т заалтын хүрээнд Үенч сумын Эрүүл мэндийн даргын асуудлыг шийдвэрлэх хариу ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам- ын 1.2, 1.4.2, 8.4 дэх заалтуудад төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах сумын Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэжээ.

Нэхэмжпэгч Б.Ууганбаяр нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруултад оролгүйгээр Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон нь журмын дээрх заалтад нийцээгүй, Үенч сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Уртнасан нь өөрт хамаарал бүхий этгээд болох гэрийн бүлийнхээ хүнд давуу эрх эдлүүлж, ашиг сонирхлын зөрчил гаргасан байдаг. Иймээс Засгийн газраас баримталж буй төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах бодлогыг хэрэгжүүлж, хариуцлага тооцох шаардлагатай болсон тул арга буюу Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халсан. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Б.Ууганбаярын Ховд аймгийн Үенч сумын засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагч Т.Батсүх, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ууганбаяр нь шүүхэд Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Батсүх, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь удаа дараа гэрийн төрөлт гаргасан, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээний журам зөрчсөн, Засгийн газар, харъяа яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцон тайлагнах ажлыг зохион байгуулаагүй сахилгын зөрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халагдсан буюу буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэж заасны дагуу Б.Ууганбаяр нь Засаг дарга Т.Батсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг хүчингүй болгуулах гомдлоо 2018 оны 09 сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна гэж үзнэ.

Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Б.Ууганбаяр нь 2016 оны 10 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Э.Уртнасантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан болох нь тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Үенч сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай ажилд томилох тухай захирамж, №000238331 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Үенч сумын Засаг дарга Т.Батсүх нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай, Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирамжуудаар Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журмын 1.2, 8.4 дэх заалт, Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгаврын 2.4 дэх заалт, 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлах тухай Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 32 тоот тогтоолын 2.3, 2.5 дахь заалт, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын зөвшилцсөн албан бичиг зэргийг үндэслэн Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой учраас шүүхээс хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна.

Хэрэгт ажил олгогч Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга, ажилтан Б.Ууганбаяр нарын хооронд байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх бөгөөд уг гэрээнд ...ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цуцлахаар заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Ууганбаяр нь хэзээ ямар сахилгын зөрчил гаргасныг хэн хэзээ илрүүлж түүнд ямар байдлаар хэдэн удаа сахилгын шийтгэл оногдуулсан болох нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагчийн тайлбарт Үенч сумын Эрүүл мэндийн төв нь удаа дараа гэрийн төрөлт гаргаж, эрсдэлт нөхцөл байдал үүсгэж, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээний зааврыг зөрчсөн гэх бөгөөд Б.Ууганбаярын хувьд гэрийн төрөлт гарахад санаатай болон санамсаргүй байдлаар нөлөөлсөн, түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэх талаарх холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, мөн хуулийн байгууллагын гэм буруутайг нь нотолж, тогтоосон шийдвэр тус тус гараагүй байна

Ажилтанг ажлаас чөлөөлөхдөө ажилтаны гаргасан гэх зөрчил нь үйлдсэн цаг хугацаа, илэрсэн хэлбэрийн хувьд тодорхой байхаас гадна ажил олгогч уг зөрчлийг шалгаж тогтоосон байх шаардлагатай юм. Ингэснээр шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээний заалтууд, зөрчлийн шинж чанар зэргийг харьцуулан дүгнэх боломжтой болох юм. Ажил олгогч нь ямар ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцох болон сахилгын зөрчил гаргасныг нотлох, уг зөрчил гарсан болон илрүүлснээс хойш шийтгэлийг хугацаанд нь оногдуулсан гэдгээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баталсан байна. Уг журмын 1 дэх хэсгийн 1.4.2-т ...Аймаг, нийслэл, сум дүүрэг дэх бусад төсвийн байгууллага /хүн эмнэлэг, театр, чуулга, музей, соёлын төв, номын сан зэрэг/-ын дарга /захирал, эрхлэгч/-ын албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл тус тус зохион байгуулахаар заасан байна.

Журмын 2.1-д Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томлогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг нийслэлийн боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ гэжээ.

Үүнээс дүгнэхэд Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргыг томилох эрх бүхий этгээд уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалга өгснөөр сонгон шалгаруулалт зарлагдахаар зохицуулсан байна. Гэтэл хариуцагч Үенч сумын Засаг дарга Т.Батсүх нь Б.Ууганбаярыг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан атлаа дээрх журмын дагуу ажилтныг сонгон шалгаруулах захиалга өгсөн, сонгон шалгаруулалт хэзээ зарлагдсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Т.Батсүх нь нэг өдөр нэг дугаартай 3 захирамж гаргаж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байх тул 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай, Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 3 захирамжыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ууганбаярыг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон тул тэрээр ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтыг ажил албан тушаалд нь эгүүлсэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор.. олгоно, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу нэхэмжлэгч Б.Ууганбаярын нийгмийн даатгалын дэвтэрийг үндэслэн тооцоход сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар /нэмэгдлийг оруулсан/ тооцвол (655.327933.318+1.048.513)/3=879.053 төгрөг, ажлын нэг өдөрт ноогдох цалин хөлсний дундаж 879053/21,5=40886 төгрөг байна. Иймд ажилтаны ажилгүй байсан нийт хугацаанд олгох нөхөх олговорт (879053 х 3сар) + (40886 х 20 ажлын өдөр) = 3.454.879 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ууганбаярын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.223.000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн тул 3.223.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т заасан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3.223.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 66518 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Ууганбаярыг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Б.Ууганбаярт ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.223.000 /гурван сая хоёр зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 3.223.000 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцвол зохих шимтгэл хураамжийг суутган авч ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Үенч сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Үенч сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд 66518 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ