Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ууганбаярын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2019/00001 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Үенч суманд 1982 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Нарийнгол багт оршин суух, УС82111026 дугаар регистртэй, Тайжийнхан овогт Баатарнямын Ууганбаярын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багторшин суух, ПК76101812 дугаар регистртэй, Донжноохон овогт Түмтийн Батсүхэд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ууганбаяр түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга:Миний бие 1999-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр, 2006-2008 онд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн резидентур, 2010 онд Эх барих эмэгтэйчүүдийн чанд авиан шинжилгээ, 2011 онд Эх барих эмэгтэйчүүд судлал /мэс засал/-аар мэргэжил дээшлүүлсэн, 2013-2014 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын ангид суралцаж төгссөн. 2017-2018 онд эмэгтэйчүүдийн хавдар судлалаар төрөлжсөн мэргэжил эзэмшсэн.

Ховд аймгийн Үенч сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дүгээр тушаалаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон ажиллаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 273 тоот албан бичиг, Эрүүл мэндийн газрын даргын саналаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Ховд аймгийн Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж ажиллаж байгаад 2016 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин орон нутгийн сонгууль зохион байгуулагдах хугацаанд эрүүл мэндийн төвийн даргын ажлаас түр чөлөөлөгдөн эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллан, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж, нийт 10 жил Үенч сумын Эрүүл мэндийн төвд ажилласан. Ажиллах хугацаандаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ ажилласан билээ.

Гэтэл миний бие албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байхад 2018 оны 09 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Т.Батсүх нь МАН-аас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон их эмч М.Батдэлгэртэй хамтран ажиллана, 2 захирамжийн нэгийг сонго, 13 цагт хариугаа өг гэж тулгаж дарамталсан ба Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нь чи өөрөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөгдсөн нь дээр байдаг гэж утсаар ярьсан.

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон их эмч М.Батдэлгэрийн төрсөн эгч, тус байгууллагад статистикч бага эмч, архив бичиг хэргийн ажилтан М.Машбат жинхэнэ захирамж гэж Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг өгсөн.

Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Т.Батсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн Б/07 дугаартай 3 захирамжаар миний биеийг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд заасан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Т.Батсүх би Б.Ууганбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан аваад бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдөр Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгаварыг гаргаж хэрэгжилтийг ханган ажиллахыг гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллагуудад даалгасан байдаг. Уг албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн Засаг арга, Аймгийн Эрүүл мэндийн газраас зохих шийдвэр, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 32 дугаар тогтоол гарган 2018 оныг хариуцлагын жил болгон зарлаж, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол гаргасан байдаг.

Дээрх Засгийн газрын тогтоол, албан даалгавар зэрэгт 2018 оныг хариуцлагын жил болгож, албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, төрийн албаны сахилга дэг журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан. Нэхэмжпэгч Б.Ууганбаяр нь Үенч сумын Эрүүл мэндийн төвийн дарга, төсвийн шууд захирагчийнхаа тухайд төрийн албанд сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, 2018 оныг хариуцлагын жил болгох Засгийн газар, харьяа яамны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцон тайлагнах ажлыг зохион байгуулаагүй сахилгын зөрчил |гаргасан. Үенч сумын Эрүүл мэндийн төв нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, ураг, нярайд эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх эх барихын тусламж, үйлчилгээг зохих заавар, журмын хүрээнд зохион байгуулах үүрэггэй.

Үенч сумын Эрүүл мэндийн төв нь удаа дараагийн гэрийн төрөлт гаргаж, эрсдэлт нөхцөл байдал үүсгэж, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээний зааврыг зөрчсөн.

Хариуцагч Үенч сумын Засаг дарга Т.Батсүх би Эрүүл мэндийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах чиг үүрэгтэй Засаг төрийн төлөөлөгчийнхөө тухайд төрийн албаны сахилга, дэг журмыг зөрчсөн дээрх үйл ажиллагааны хариуцлагыг Үенч сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагаас нэхэж, түүнд хариуцлага тооцсон.

Иргэнд хүрч буи эрүүл мэндиин тусламж, үилчилгээ чанар хүртээмжтэй, аюулгүй, найдвартай, сахилга дэг журамтай, хариуцлагатай байдлыг Үенч сумын Эрүүл мэндийн дарга хариуцан зохион байгуулах хууль, гэрээгээр хүлээсэн тодорхой үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих хариуцлага хүлээх эрх зүйн үр дагавар үүснэ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т сумын Эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Үенч сумын Засаг даргын албан бичгээр Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцсөн. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжтэй, аюулгүй найдвартай байх зарчмыг баримтлан сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах Засгийн газрын бодлого, шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1.4.2-т заалтын хүрээнд Үенч сумын Эрүүл мэндийн даргын асуудлыг шийдвэрлэх хариу ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам- ын 1.2, 1.4.2, 8.4 дэх заалтуудад төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах сумын Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэжээ.

Нэхэмжпэгч Б.Ууганбаяр нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруултад оролгүйгээр Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон нь журмын дээрх заалтад нийцээгүй, Үенч сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Уртнасан нь өөрт хамаарал бүхий этгээд болох гэрийн бүлийнхээ хүнд давуу эрх эдлүүлж, ашиг сонирхлын зөрчил гаргасан байдаг. Иймээс Засгийн газраас баримталж буй төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах бодлогыг хэрэгжүүлж, хариуцлага тооцох шаардлагатай болсон тул арга буюу Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халсан. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Б.Ууганбаярын Ховд аймгийн Үенч сумын засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2019/00001 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Ууганбаярыг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Б.Ууганбаярт ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.223.000 /гурван сая хоёр зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 3.223.000 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцвол зохих шимтгэл хураамжийг суутган авч ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Үенч сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Үенч сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд 66518 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хэргийг хэтэрхий нэг талыг барьснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Үенч сумын Засаг дарга нэхэмжлэгч Б.Ууганбаярт сахилгын шийтгэл ногдуулж, Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас халсан нэг захирамж гаргасан. Энэ байдлыг нотлохоор хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу Үенч сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж буй Үенч сумын Засаг даргын 2018 оны “А”, “Б” захирамжийн бүртгэл нэхэмжлэгч Б.Ууганбаярыг ажлаас халсан захирамжид үзлэг хийлгэх хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Үзлэг нь зөвхөн шүүхийн эрх хэмжээнд хамааралтай, хэргийн оролцогч бие даан хийх боломжгүй нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон захирамж гарсан эсэхийг шүүх хөндлөнгийн байр сууринаас үзлэг хийж, зохигчийн маргаж буй асуудлыг нэг мөр болгон мухарлах шаардлагатай байсан. Мөн шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчиж, ямар ч мэтгэлцээнгүйгээр шүүх хуралдаан явуулсаны улмаас шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримт гаргах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, өмгөөллийн үг хэлэх боломж хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр зүйлүүдийг зөчиж, мэтгэлцэх зарчимгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ууганбаяр нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай “Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” гурван захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Үенч сумын Засаг дарга Т.Батсүх, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б.Ууганбаяр нь удаа дараа гэрийн төрөлт гаргасан, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээний журам зөрчсөн, Засгийн газар харьяа яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцон тайлагнах ажлыг зохион байгуулаагүй сахилгын зөрчил гаргасан” гэж тайлбарлажээ.

            Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай “Б.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” гурван захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ууганбаярыг урьд эрхэлж байсан Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болсон байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Ууганбаяр нь сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд “удаа дараа гэрийн төрөлт гаргасан, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээний журам зөрчсөн, Засгийн газар харьяа яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцон тайлагнах ажлыг зохион байгуулаагүй” эс үйлдлүүдийг сахилгын зөрчилд тооцохоор талууд урьдчилан тохирсон талаар хариуцагч тал нотолж чадаагүй байна.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн тамга дээр Н.Бат-Эрдэнэ гэж Үенч сумын Санхүүгийн албаны дарга ажилтай хүн Тамгын газрын даргыг орлож байх үед нь гэрчлүүлсэн баримтыг анхан шатны шүүх үнэлж шийдвэр гаргасан. Мөн хариуцагч өөрөө тусдаа давж заалдах гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээж авсан атлаа давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй” гэх тайлбарууд нь  баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл №115 бүртгэлийн дугаартай нотариатчийн   2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн бичиг баримт гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон баримт,  мөн анхан шатны шүүх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан талаарх баримт тус тус хэрэгт авагдаагүй байна.  

Хариуцагчийн өмгөөлөгч намайг эрүүл мэндийн улмаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн гэх тайлбар гаргасан боловч шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус 2 удаа хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч хурал хойшлуулсан байна. Иймд анхан шатны шүүхийг “хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй” гэж буруутгах боломжгүй байна.

            Харин давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар “...зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах”-ад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг зөв бодсон боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дутуу бодсон дүнгээр тооцож гаргасан, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдаа гаргасныг тус тус зөвтгөж шийдвэрт зохих өөрчлөлт орууллаа.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2018/00001 дугаар шийдвэрийн “Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 гэснийг хасаж”, 2 дахь заалтын “3.223.000 төгрөг гаргуулан” гэснийг “3.454.879 төгрөг гаргуулан” гэж, 3 дахь заалтын “3.223.000 “төгрөгөөс” гэснийг “3.454.879 төгрөгөөс” гэж, 4 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг нэмж, “66518 төгрөг гаргуулж” гэснийг “70228 төгрөг гаргуулж”  гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг ханахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

          

 

 

 ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ТУЯА

 

                      ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

 

                                                                                     М.НЯМБАЯР