Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2017/00222

 

2017 оны 01 сарын 25 өдөр

        Дугаар 184/ШШ2017/00222

       Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хороолол ... байрны ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт А-ийн Д /рд: ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Т овогт А-ийн П /рд.../-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, хариуцагч А.П, хариуцагчийн өмгөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Д миний бие А.Пт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Улмаар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... байрны .. тоот орон сууцыг барьцаалсан юм. Зээлдэгч нь гэрээний хугацаанд хүүгээ төлж байсан боловч үндсэн зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул цаашаа дахин 6 сарын хугацаагаар сунгасан юм. Зээлийн гэрээний хугацаанд нийт 6.650.000 төгрөгийн хүү, үүнээс хойш 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 4.600.000 төгрөгийн үндсэн зээлийг төлсөн. Мөн миний авсан 150.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Нийт 11.400.000 төгрөг авсан талаараа маргахгүй. Миний тооцоогоор үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 10.400.000 төгрөг, дутуу хүүгийн төлбөрт 2.350.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг болж байгаа. Ямар ч тохиолдолд хариуцагчаас нийт 17.500.000 төгрөгийг гаргуулах, мөн шаардлагаа барьцаа хөрөнгөөс хангуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.П би 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн байраа барьцаалж А.Дгээс 15.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэн авч найз Х.А, М.Э нарт өгсөн. Нийт 11.400.000 төгрөгийн зээл төлсөн талаараа маргахгүй. 4.600.00 төгрөгийг үндсэн зээлд, 6.750.000 төгрөгийг 9 сарын хүү болгож төлсөн. Гэвч сүүлд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой. Учир нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг сунгахаар нотариат дээр очиход А.Д байхгүй байсан. Нотариатч А.Дгийн эзгүйд гэрээг баталсан тул энэ гэрээг хүчингүй гэж үзэж байна. Иймд 2016 оны 2 дугаар сараас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 8.150.000 төгрөгийн үндсэн зээл, 4.075.000 төгрөгийн алданги, нийт 12.225.000 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Д нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 10.400.000 төгрөг, алдангид 7.500.000 төгрөг, нийт 17.900.000 төгрөг шаардаж,, шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.П нь, зээлийн гэрээг сунгах тухай 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн тохиролцоог нотариатч гэрчлэхдээ А.Дгийн эзгүйд гэрчилсэн тул зээлийн гэрээг сунгагдаагүй гэж үзнэ. Иймд хугацаа дууссанаас хойш төлсөн хүүгийн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой гэх үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс 8.150.000 төгрөг, алдангид 4.075.000 төгрөг, нийт 12.225.000 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөгийг 1 сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүрийн 25-нд зээлийн хүүг төлөх нөхцөлтэйгөөр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... байрны .. тоотхаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 4-5 дугаар тал/

Дээрх гэрээг сунгахаар тохиролцсон 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хэлцлийг нотариатч гэрчлэх үед зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч А.Д байгаагүй  болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн байхад хангаллтай байна. Иймд нотариатч нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн эсэх нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар, гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал /А.П/ гарын үсгээ зурсан баримтыг нөгөө тал /А.Д/ хүлээн авснаар бичгээр байгуулах гэрээ байгуулагдсанд тооцдог байх ба нэхэмжлэгч А.Дгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээний сунгалт” баримтад хариуцагч тал гарын үсгээ зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг талууд 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 12 сарын хүүг үндсэн зээлийн хамтаар, түүнчлэн хэтрүүлсэн хугацааны алдангийн хамтаар шаардах эрхтэй ба зээлдэгч А.П нь зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 9.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг зээлдүүлэгч А.Дд төлөх үүрэг хүлээсэн байна.

Зээлийн гэрээний дагуу, 2015 оны 8 дугаар сарын 10-нд 1.250.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-нд 750.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-нд 900.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 15-нд 750.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-нд 750.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 16-нд 750.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 8-нд 750.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-нд 750.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 1-нд 4.600.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөгийн төлөлт хийгдсэн, эдгээрээс гадна нэхэмжлэгч А.Д нь үндсэн зээлийн төлбөрт 150.000 төгрөгийг нэмж авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй юм.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу, төлсөн мөнгийг төлөх ёстой үүргээс хасаж тооцвол хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 10.250.000 төгрөг /15.000.000-4.600.000-150.000/, хүүгийн төлбөрт 2.350.000 төгрөг /9.000.000-6.650.000/, нийт 12.600.000 төгрөгийг төлөх ёстой байна.

Талуудын гэрээгээр харилцан тохиролцсон хүү нь зээл ашигласны хариу төлбөр тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийг үндсэн зээлийн төлбөрөөс тооцох нь зүйтэй юм. Ийнхүү тооцвол хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нь 5.125.000 / 120 хоногоор алданги тооцвол 10.250.000 төгрөгийн 50%-иас илүү гарч байна / төгрөгийн алданги төлөхөөр байна.

Иймд хариуцагчаас нийт 17.725.000 /10.250.000+2.350.000+5.125.000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан А.Пээс 17.725.000 төгрөгийг гаргуулан А.Дд олгож, нэхэмжлэлээс 175.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004379 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... байрны .. тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А.Пээс 246.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Дд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ХИШИГБААТАР