Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 785

 

А.Даваахүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/00222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Даваахүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Пүрэвдэлгэрт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 900 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Амархүү,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Саранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа.нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Пүрэвдэлгэрт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Улмаар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58А байрны 48 тоот орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээний хугацаанд хүүгээ төлж байсан боловч үндсэн зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул дахин 6 сарын хугацаагаар сунгасан. Зээлийн гэрээний хугацаанд нийт 6 650 000 төгрөгийн хүү, үүнээс хойш 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4 600 000 төгрөгийн үндсэн зээлийг төлсөн. Мөн миний авсан 150 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоход татгалзах зүйлгүй. Нийт 11 400 000 төгрөг авсан талаар маргахгүй. Миний тооцоогоор үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 10 400 000 төгрөг, дутуу хүүгийн төлбөрт 2 350 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг болж байгаа.Ямар ч тохиолдолд хариуцагчаас нийт 17 500 000 төгрөгийг гаргуулах, мөн шаардлагаа барьцаа хөрөнгөөс хангуулах хүсэлттэй байна гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Пүрэвдэлгэр би 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн байраа барьцаалж А.Даваахүүгээс 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэн авч найз Х.Амархүү, М.Энхбаяр нарт өгсөн. Нийт 11 400 000 төгрөгийн зээл төлсөн талаараа маргахгүй. 4 600 000 төгрөгийг үндсэн зээлд, 6 750 000 төгрөгийг 9 сарын хүү болгож төлсөн. Гэвч сүүлд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг сунгахаар нотариат дээр очиход А.Даваахүү байхгүй байсан. Нотариатч А.Даваахүүгийн эзгүйд гэрээг баталсан тул энэ гэрээг хүчингүй гэж үзэж байна. Иймд 2016 оны 2 дугаар сараас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 8 150 000 төгрөгийн үндсэн зээл, 4 075 000 төгрөгийн алданги, нийт 12 225 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх:Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан А.Пүрэвдэлгэрээс 17 725 000 төгрөгийг гаргуулан А.Даваахүүд олгож, нэхэмжлэлээс 175 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201004379 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58А байрны 48 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А.Пүрэвдэлгэрээс 246 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Даваахүүд олгож гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Пүрэвдэлгэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан. Шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмын дагуу явагдаагүй. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас давж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад 17 500 000 төгрөг байсан. Шүүх сайн дураар 250 000 төгрөг нэмж шийдвэрлэснээс харж болно. Миний бие удаа дараа гэрч, нотариатч оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Мөн түүнд гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргахад сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт илүү гаргасан 250 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхгүй. Шүүх хариуцагч миний гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд хариуцагч би туйлын гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

 Нэхэмжлэгч А.Даваахүү нь барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулах, зээлийн гэрээний үүрэгт 17 900 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянаж шийдвэрлэх явцад 17 500 000 болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийг 1 сарын 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүрийн 25-нд зээлийн хүүг төлөх нөхцөлтэйгөөр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байх тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58А байрны 43 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч мөнгөө төлөөгүйгээс хугацааг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгажээ. /хх 4-5,34/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд бичгийн гэрээгээр тохиролцсон хүү, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 15 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 4 750 000 төгрөг, хүүнд 6 650 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.           

 

Нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн эсэх нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Учир нь хүү тогтоосон гэрээг бичгээр хийх тухай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн зохицуулалтаар бичгийн хэлцлийн хэлбэрийг заасан бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хуулиар тогтоогоогүй байна. Иймд дээрх гэрээг сунгахаар тохиролцсон 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хэлцлийг нотариатч гэрчлэх үед зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч А.Даваахүү байгаагүй  зээлийн гэрээг бичгээр хийсэн байхад хангалттай юм.

 

Хэргийн 34 дүгээр талд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээний сунгалт” баримтад талууд гарын үсгээ зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг талууд 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан гэж үзсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Талуудын гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг гэрээний үндсэн үүрэг буюу үндсэн зээл, хүүгийн нийлбэрээс бус зөвхөн үндсэн зээлийн төлбөрөөс тооцсон нь зөв биш боловч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй тул өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин хариуцагч зээлийн төлбөрт 10 250 000 төгрөг /15 000 000-4 600 000-150 000/, хүүгийн төлбөрт 2 350 000 төгрөг алдангид 5 125 000 /10 250 000 :2/ нийт 17 725 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 17 500 000 төгрөг болгон багасгасан байхад шүүх энэ шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Шүүх хариуцагчид хуульд заасан эрх, үүргийн талаар тайлбарлаж танилцуулсан, түүний гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх гомдлыг хангах боломжгүй.  

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/00222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Пүрэвдэлгэрээс 17 500 000 төгрөгийг гаргуулан А.Даваахүүд олгосугай” гэж, 4 дэх заалтын “...246 575...” гэснийг “...245 450...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

             

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                           ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                      Б.НАРМАНДАХ