Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2018/01012

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2018/01012

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух ........ овогт З.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... тоотод оршин суух ..... овогт Г.Д-д холбогдох,

Гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э, түүний өмгөөлөгч Л.Баасан, Б.Энхбаяр, хариуцагч Г.Д , түүний өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч З.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие иргэн Г.Д ын хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба гэрээг Монгол улсын Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу харилцан тохиролцож байгуулсан.

Г.Д  нь үндсэн зээлсэн 11,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж, 10,000,000 төгрөг болон түүний сар бүрийн хүүг зээлийн гэрээний хугацаандаа төлөхгүй нэхүүлж байж төлдөг байсан. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүтэй нийлээд 15 төгрөг төлсөн боловч үндсэн зээл болох 9,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүйгээр намайг хохироож байна.

Иргэн Г.Д тай холбогдож зээлээ төлөхийг хүсэхэд өнөө, маргаашгүй өгнө, тун удахгүй өгнө гэх мэт арга саам хийж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул өөрийн эрх ашгаа зөрчигдсөн байна хэмээн эрхээ хамгаалуулахаар Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн Г.Д аас зээлийн гэрээний дагуу өгсөн үндсэн зээл 9,200,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д  нь хариу тайлбартаа:

Г.Д  би 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр З.Эгээс 11,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан. 2014 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард хүүнд 1,100,000 төгрөг өгөх ба үндсэн мөнгөнөөсөө 1,000,000 төгрөгийг 11 сарын 25-нд хасаж өгч, Улмаар 10,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлэн 1,050,000 төгрөг, өөр бараа 50,000 төгрөг, нийт бэлнээр 17,200,000 төгрөг, бараагаар 1,100,000 төгрөг, нийт 18,300,000 төгрөгийг өгсөн болно.

Энэ хугацаанд Энхээ эгч чамтай байгуулсан гэрээгээ би алга болгосон байна. Чи эгчдээ дахиад өнөөдөр бичээд өгчих гэж лангуун дээр ирж байсан. Тэгэхээр нь би Сүндалай ингэж бичлүүлээд цагдаад өгч байсан. Би дахин бичихгүй гэж хэлсэн. Харин 7 хоногийн дараа цагдаагаас намайг дуудаж Энхээ гэдэг хүн өргөдөл өгсөн гэж хэлсэн. Би бүх нотлох баримтаа үзүүлж материалаа өгсөн. Ямар ч хохиролгүй учир хэрэгсэхгүй болгосон. Дараа нь эвлэрүүлэн зуучлахад өгсөн. Би энэ үед зөвшөөрөхгүй намайг цагдаад өгсөн учир цагдаагаараа явахдаа та хохирсон гэсэн байсан. Би гэтэл таньд 18,300,000 төгрөг өгсөн байдаг. Одоо нэгэнт би Энхээ эгчид 18,300,000 төгрөг өгсөн учир хуулиар үнэн зөвийг минь шийдвэрлэж өгнө үү. Үндсэн 11,000,000 төгрөг дээр нэмж 7,300,000 төгрөг, бүгд 18,300,000 төгрөг өгсөн болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч З.Э нь Г.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа хариуцагч Г.Д  нь нэг жилийн хугацаатай зээлийн гэрээний хүүнд 12,200,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг, хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 10, 11, 12 сар, 2016 оны 01 дүгээр сарын хүүнд 4 удаа буюу 4,000,000 төгрөг, бэлэг худалдан авах хэлбэрээр 1,000,000 төгрөгийг, нийт 18,200,000 төгрөгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлав.

Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагчийн илүү төлсөн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон, гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

Хариуцагч Г.Д  нь Өмнө нь 11,000,000 төгрөгийн 2 сарын хүүнд 2,200,000 төгрөг, үндсэн зээлээс 1,000,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг, дараа нь сар бүр хүүнд 1,000,000 төгрөгөөр тооцож, 14 удаа буюу 14,000,000 төгрөг, бэлэг худалдан авах хэлбэрээр 1,050,000 төгрөг /30,000 төгрөгөөр 35 ширхэг/-өөр З.Эгийн зөвшөөрлөөр охинд нь өгсөн, З.Э өөрөө 50,000 төгрөгөөр бэлэг авч, нийт бэлгэнд 1,100,000 төгрөг болсон. Нийлбэр дүнгээрээ нэхэмжлэгч З.Эд 18,300,000 төгрөг өгсөн гэж шүүх хуралдааны үеэр тайлбарлав.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа тайлбарлахдаа Хариуцагч Г.Д  нь нэхэмжлэгч З.Эд нийт 18,300,000 төгрөгийг буцаан төлсөн. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.2-д зааснаар гэрээг хугацаатай байгуулсан. Талуудын байгуулсан гэрээ нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусна. Хугацаа дууссанаас хойш 4 сая төгрөг өгчихсөн, мөн бараа хэлбэрээр 1,100,000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь анз нь алданги, торгууль хоёр хэлбэртэй. 18,300,000 төгрөг өгчихсөн учраас Иргэний хуулийн 232.4-д зааснаар үүргийн гүйцэтгэл 50 хувиас хэтэрсэн буюу 3,000,000 төгрөгийг илүү төлчихсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч З.Э, хариуцагч Г.Д  нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатай, үндсэн зээлийн 11,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө буцаан төлж барагдуулсан байх, алданги тооцохгүй байх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-5 хуудас/

Хариуцагч Г.Д  нь нэхэмжлэгчээс 11,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр аваагүй, 5,000,000 төгрөг авсан, 6,000,000 төгрөг нь өмнө нь зээлсэн мөнгөний үлдэгдэл байсан гэж маргаж, нэхэмжлэгч нь 11,000,000 төгрөгийг бэлнээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж тус тус маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч З.Э нь өөрийн шаардлагын үндэслэл болгож талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр талууд бичиж, гарын үсгээ зурсан бичилт бүхий Зээлийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээ №88 гэсэн бичмэл нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэн, хэрэгт хавсаргасан байх ба хариуцагч тал нь өөрийн татгалзлын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөн хөрөнгийг буюу 11,000,000 төгрөгийг хариуцагч Г.Д  нь нэхэмжлэгч З.Эгээс хүлээн авсан ба мөнгөн хөрөнгө нь нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид бүрэн шилжсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэв.

Зээлийн гэрээг нэг талаас зээлдэгч Г.Д , нөгөө талаас зээлдүүлэгч З.Э нар байгуулсан байх ба талууд тэгш эрхтэй бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч Г.Д  нь 11,000,000 төгрөгний нэг сарын хүү 1,100,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 11 дүгээр сарын 23-ны өдөр хүүнд 1,100,000 төгрөг, үндсэн зээлд 1,000,000 төгрөгийг, нийт 3,200,000 төгрөг төлсөн, энэ тухай гэрээнд тэмдэглэл хийж, зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг болсон тухай бичилтийг хийж хоёр тал гарын үсэг зурсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгч З.Э нь энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч, энэ тухай маргаагүй болно.

Зээлдүүлсэн зээлийн 11,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөг болсноос хойш хүүнд 14,000,000 төгрөг өгсөн гэдэг дээр талууд маргаагүй, зээлийн үлдэгдлийг зохигчид 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр харилцан тооцож, зөвшөөрсөн баримтад талууд гарын үсэг зурсан бөгөөд энэ үйл баримтын талаар маргаагүй болно. /хх-5 хуудасны ар тал/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дэх заалтад 10 хувийн хүүтэй гэж тохиролцсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал нь хүү шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж маргаагүй, зээлийн хүүг багасгах хүсэлт гаргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дахь заалтад талууд алданги 0 хувь байхаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх ба энэ талаар хожим өөрөөр тохиролцсон тухай хэн аль нь маргаагүй байна. /хх-5 хуудас/.

Харин хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа анз нь алданги, торгууль хэлбэртэй бөгөөд үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй учраас 3,000,000 төгрөгийг илүү төлсөн гэж маргаж байх хэдий ч алдангид хэдэн төгрөг, хүүнд хэдэн төгрөгийг хэрхэн төлж, үндсэн зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байхыг нотлоогүй, алданги төлсөн тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талаас алданги нэхэмжлээгүй байна.

Дүгнэвэл нэхэмжлэгч тал нь 11,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч тал нь эхний хоёр сарын хүүг тохиролцсон хугацаанд бүрэн төлж, мөн үндсэн зээлээс 1,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний үлдсэн хугацаа буюу 10 сарын хүүнд 10,000,000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нь 1,000,000 төгрөгөөр бэлэг авсан гэж, хариуцагч тал нь 1,100,000 төгрөгөөр бэлэг авсан гэж маргаж байх хэдий ч, хариуцагч нь татгалзлын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрлийн хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Г.Д  нь зээлийн үлдэгдэл болох 10,000,000 төгрөгөөс 4 сарын хүү хэлбэрээр 4,000,000 төгрөг, бараа хэлбэрээр 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлсөн гэж зохигч талууд харилцан хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч З.Эд үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 4,200,000 төгрөгийг хариуцагч Г.Д аас гаргуулахаар багасгасан байх учир шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу 4,200,000 төгрөгийг хариуцагч Г.Д аас гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.      Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Д аас зээлийн гэрээний үүрэгт 4,200,000 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д аас 82,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Д.МӨНХБҮРЭН