Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00643

 

З.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШШ2018/01012 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/0030 дугаар магадлалтай,

З.Эгийн нэхэмжлэлтэй

Г.Дт холбогдох

Гэрээний үүрэгт 9 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Д, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, Б.Энхбаяр, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч З.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Г.Дын хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба гэрээг Монгол улсын Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу харилцан тохиролцож байгуулсан. Г.Д нь үндсэн зээлсэн 11 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж, 10 000 000 төгрөг болон түүний сар бүрийн хүүг зээлийн гэрээний хугацаандаа төлөхгүй нэхүүлж байж төлдөг байсан. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүтэй нийлээд 15 000 000 төгрөг төлсөн боловч үндсэн зээл болох 9 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүйгээр намайг хохироож байна. Иргэн Г.Дтай холбогдож зээлээ төлөхийг хүсэхэд өнөө, маргаашгүй өгнө, тун удахгүй өгнө гэх мэт арга саам хийж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул өөрийн эрх ашгаа зөрчигдсөн байна хэмээн эрхээ хамгаалуулахаар Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн Г.Даас зээлийн гэрээний дагуу өгсөн үндсэн зээл 9 200 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Д би 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр З.Эгээс 11 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан. 2014 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард хүүнд 1,100,000 төгрөг өгөх ба үндсэн мөнгөнөөсөө 1 000 000 төгрөгийг 11 сарын 25-нд хасаж өгч, Улмаар 10 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлэн 1 050 000 төгрөг, өөр бараа 50 000 төгрөг, нийт бэлнээр 17 200 000 төгрөг, бараагаар 1 100 000 төгрөг, нийт 18 300 000 төгрөгийг өгсөн болно. Энэ хугацаанд З.Э эгч чамтай байгуулсан гэрээгээ би алга болгосон байна. Чи эгчдээ дахиад өнөөдөр бичээд өгчих гэж лангуун дээр ирж байсан. Тэгэхээр нь би Сүндалай ингэж бичлүүлээд цагдаад өгч байсан. Би дахин бичихгүй гэж хэлсэн. Харин 7 хоногийн дараа цагдаагаас намайг дуудаж З.Э гэдэг хүн өргөдөл өгсөн гэж хэлсэн. Би бүх нотлох баримтаа үзүүлж материалаа өгсөн. Ямар ч хохиролгүй учир хэрэгсэхгүй болгосон. Дараа нь эвлэрүүлэн зуучлахад өгсөн. Би энэ үед зөвшөөрөхгүй намайг цагдаад өгсөн учир цагдаагаараа явахдаа та хохирсон гэсэн байсан. Би гэтэл таньд 18 300 000 төгрөг өгсөн байдаг. Одоо нэгэнт би З.Э эгчид 18 300 000 төгрөг өгсөн учир хуулиар үнэн зөвийг минь шийдвэрлэж өгнө үү. Үндсэн 11 000 000 төгрөг дээр нэмж 7 300 000 төгрөг, бүгд 18 300 000 төгрөг өгсөн болно гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШШ2018/01012 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Даас зээлийн гэрээний үүрэгт 4 200 000 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даас 82 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Эд олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/0030 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 151/ШШ2018/01012дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 /наян хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Д, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар хяналтын гомдолдоо: Магадлал, шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 заасан үндэслэлээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр доорх гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Даас ззэлийн гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Г.Д би 2014.09.23-ны өдөр яг бэлнээр 11 000 000 төгрөгийг З.Эгээс аваагүй юм. Харин 2014.09.23-ны өдрөө 4 250 000 төгрөгийг бол би бэлнээр авсан. 2014.09.23-ны өдөр бэлнээр 4 250 000 төгрөгийг өгөхдөө Г.Д надад: /урьд нь: 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 4-н сарын хугацаанд буюу, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай, хүүтэй 6-н удаагийн үйлдлээр нийг 6 750 000 төгрөгийг хүүтэй/ өгсөн. Энэ талаар З.Эг анхан шатны шүүхэд авсан гэдгээ хэлж түүн дээр нэмж 2014.09.23-ны өдөр 4 250 000 төгрөг авсан гэж шүүхийн өмнө үнэнээ хэлнэ гэж бодсон чинь З.Э шүүх хурал дээр урьд нь авсан мөнгөн дээр нэмж өгөөгүй, тэр өдрөө л би 11 000 000 төгрөг авсан гэж хуулийн өмнө худал мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан. - 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 4-н сарын хугацаанд буюу, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай, хүүтэй 6-н удаагийн үйлдлээр цувуулж өгсөн 6 750 000 төгрөгний хүүг надаас авахдаа З.Э нь өөрийн ломбардны баримт бичиг дээр тухай бүр тэмдэглэн надаар гарын үсэг зуруулж авч байсан. Энэ тэмдэглэл нь зөвхөн З.Эд бий энэ баримтыг би шүүхэд өгөх, боломжгүй. Гэтэл шүүх хурал дээр З.Э энэ баримт надад байхгүй гэж бас хэлсэн. Энэ баримтуудаас З.Э бидний хооронд хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн төгрөг өгч авалцсан, хүүд хэдэн төгрөг өгсөн зэрэг нь нарийн гарна. Би З.Эг төрийн нэрийн өмнөөс явагддаг шүүх хурал дээр худлаа яриад байхаар нь давж заалдах өргөдөл бичихээс өмнө өөрийн дансны хуулгаа түүж үзэхэд 2014.05.05-ний өдрөөс эхлэн 2014.09.05-ны өдөр хүртэл 6-н удаагийн үйлдлээр З.Эгээс сарын хугацаатай 10%-ийн хүүтэй нийт 6 750 000 авсан байсан. Жишээ нь хамгийн сүүлд 2014.09.05-ны өдөр 750 000 төгрөгийг 1 сарын хугацаатай авсан байдаг. Энэ мөнгөний 1 сарын хугацаа 2014.10.05-ны өдөр дуусна. Энэ мөнгөний 1 сарын хугацаа дуусаагүй байхад 2014.09.23-ний өдөр надад дахин 11 000 000 төгрөг өгсөн юм шиг худал ярьж байгаа нь дээрх мөнгийг өгөөгүй гэдэг нь нотлогдох болно. Тэгвэл 2014.09.05-ны өдрөөс 2014.10.05-ны хоорондох 750 000 төгрөгийг хүүгийн хамт хэзээ яаж төлсөн талаарх нотолсон баримтаа шүүхэд нотлох баримт болгож өгөөгүй, энэ талаар ч давж заалдах шат анхаарч хараагүй. Дээрх 6 750 000 төгрөгний хүүг би сар бүр З.Эд тогтмол өгч явсан. Энэ 6 750 000 төгрөгөө дахин надад хүүлэх зорилгоор 2014.09.23-ны өдөр өгсөн 4 250 000 төгрөг дээрээ нэмж нэгтгээд энэ өдрөө 11 000 000 төгрөгийг надад бэлнээр өгсөн юм шиг надтай гэрээ хийж дахин хүү тооцно гэсэн. Миний хүүхэд хүндээр өвдөөд тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учир би тэр өдрөө түүний гуйлтаар түүнээс 11 000 000 төгрөгийг бэлнээр авсан юм шиг ломбардны гэрээнд гарын зурсан. Гэтэл одоо эргээд бодоход мөн хуульч хүнээс зөвлөгөө авч асуухад өөртөө илт хохиролтойгоор өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулж хууль зөрчиж гэрээ хийсэн гэдгээ мэдлээ. Учир нь би З.Эд 2014.08.23-ны өдрөөс хойш гэрээ хийсэн 11 000 000 төгрөгөнд 2014.10.23-ны өдөр түүний нэг сарын хүү болох 10%-ийн хүүд 1 100 000 төгрөг, 2014.11.23-нд мөн сарын хүүд 1 100 000 төгрөг энэ мэтчилэн сар бүр хүүг өгсөөр байгаад 14-н удаа нийт 12 200 000 төгрөг өгсөн нь урьд 6-н удаа өгсөн нийт 6 750 000 төгрөгөө дахин хүүлж өгсөн байна. Иймд би энэ өдөр хийсэн хэлцлийг иргэний хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүхээр тогтоолгуулахаар хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү? гэж давж заалдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд дутуу дүгнэлт хийж хариуцагч талыг хохирсон дээр нь хохироож нэхэмжлэгч талд хэт ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн үндэслэл болгосон ИХ-ийн 281.1-д заасанчлан Зээлийн гэрээгээр З.Э нь Г.Дын өмчлөлд 2014.09.23-ны өдөр 11 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлээгүй, харин 4 250 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн гэж маргаад энэ талаарх нотлох баримтаар өгөх, нөгөө талаас нотлох баримт гаргуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү? гэж давж заалдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх мөн л ИХ-ийн 281.1-д заасан харилцаа талуудын дунд үүссэн байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Г.Дыг хэлцэл хийн зөвшөөрч гарын үсэг зурсан байна гэж дүгнэсэн боловч энэ хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж хариуцагч үзэж байна. Энэ талаарх баримтууд тухайлбал: Урьд 6-н удаагийн үйлдлээр цувуулж өгсөн 6 750 000 төгрөгийн хүүг өгч байсан талаар З.Э эгч тухайн үедээ өөрийнхөө ломбардны баримт бичиг дээр тухай бүр тэмдэглэн надаар гарын үсэг зуруулж авч байсан тэмдэглэл нь З.Эд бий. Тийм учраас эдгээр баримтыг би шүүхэд өгөх боломжгүй байсан. З.Эд байгаа энэ баримтуудаас З.Эгээс Г.Д нийт хэдэн төгрөгийг хэдий хугацаанд хэдэн удаа, хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдний хооронд, хэдэн сарын хугацаатай хэдэн хувийн хүүтэй авсан, хүүг нь яаж өгч байсан талаар тодорхой харагдана. З.Э эгч 2014.09.23-ны өдөр надаар ломбардны бичиг дээрээ 11 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай өгсөн гэж гарын үсэг зурж гэрээ хийсэн. Гэтэл бас нотариат дээр очоод мөн 1 жилийн хугацаатай 11 000 000 төгрөг гэж бас нэг өөр гэрээ хийсэн. Гэтэл одоо тэр өдөр хийсэн ломбардын бичиг дээрх 30 хоногийн хугацаатай гэж надаар гарын үсэг зуруулсан гэрээ нь надад болон мөн шүүхэд нотлох баримтаар одоо байгаа. Энэ хоёр гэрээнд шүүх дүгнэлт өгч чадаагүй, Одоогийн байдлаар Г.Д З.Эд нийт 17 200 000 бэлнээр бараагаар 1 100 000 төгрөг нийт 18 300 000 төгрөг өгсөн юм. Иймд энэ хэргийг Г.Д урьд нь хэдэн удаа, хэд хэдэн сард яаж зээл авч байсан, урьд зээлсэн мөнгөний хүүд хэдэн төгрөг өгсөн, Урьд хүүлсэн мөнгөө дахин хүүлсэн эсэх, хариуцагчийн маргаж байгаа нотлох баримтыг гаргуулах, сөрөг нэхэмжлэл бичих, талуудыг гаргаж өгөх нотлох баримтанд тулгуурлан мэтгэлцүүлэх боломж олгох, нэхэмжлэгчээс шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулж авах үүднээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч Г.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ багасгаж, 4 200 000 төгрөг болгож, уг хэмжээнд шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна.

Хариуцагч Г.Д нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөг авсан, өмнөх зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөгийг нэмж, гэрээнд 11 000 000 төгрөг гэж тусгасныг зөвшөөрч, 18 300 000 төгрөгийг буцааж төлсөн тул үүргээ биелүүлсэн гэж үзжээ.

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, 11 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ. Зохигчдын байгуулсан гэрээг зээлийн гэрээ гэж үзэж, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох Иргэний хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зээлдэгч Г.Дын гэрээний дагуу хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд бүрэн нийцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...11 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, өмнөх 6 750 000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн байхад дахин хүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 4 250 000 төгрөгийг зээлж авахад нэмж 11 000 000 төгрөг болгон гэрээнд бичсэн, ...нийт 18 300 000 төгрөгийг буцааж төлсөн, ...ломбард эсвэл иргэн зээл олгосон нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй 2 гэрээ байгуулагдсан, ...нэхэмжлэгч зохих баримтыг гаргаагүйгээс зээлийн тооцоолол бодитой биш, ...сөрөг нэхэмжлэл гаргах, хариуцагчаас нотлох баримт гаргуулах боломжийг олгоогүй, ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн үндэслэлийг дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна. Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгчээс авсан зээлийг, гэрээгээр тохирсон нөхцөлөөр эргүүлэн төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч Г.Д нь нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, шүүх өөрийн санаачлагаар уг ажиллагааг явуулдаггүй тул шүүхийг буруутгах боломжгүй болно. Шүүх зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-тхүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.гэж заасан тул хариуцагч буюу зээлдэгч өөрөө энэ талаар хүсэлт гаргаагүй байхад шүүх хүүг багасгах үндэслэлгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШШ2018/01012 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/0030 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                                     П.ЗОЛЗАЯА