Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2018/01320

 

 

 

 

  2018 оны 06 сарын 19 өдөр

      Дугаар 182/ШШ2018/01320

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Г.Г

 

Хариуцагч: “У” ХХК

 

  8.464.681 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь хариуцагч “У” ХХК-тай 2014 оны 09 сарын 26-ны өдөр “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4-р байр, С блокны 48 тоот хаягт байрлах 41.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1.990.000 төгрөг буюу нийт 82.585.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ийнхүү тухайн орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаа 30 хувь буюу 24.775.500 төгрөгийг төлж үлдэгдэл 57.800.000 төгрөгийг Төрийн банктай 61/01 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу төлбөрийг 100 хувь “У” ХХК-д төлж улсын бүртгэлийн Ү-2204083439 дугаарын гэрчилгээтэйгээр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Г.Г нь тус орон сууцны талбайн хэмжээ нь худалдах, худалдан авах гэрээнд заасан метр квадратаас дутуу байж болзошгүй эргэлзээ төрсөн тул зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий “А” ХХК-аар хэмжилт хийлгэхэд тус компаний 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 17/114 тоот тэмдэглэл, дүгнэлтээр MNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал”-аар нийт нийлбэр талбай нь 37.65 м.кв байна” гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс харахад худалдагч “У” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 3.85 м.кв-ын үнэ 7.661.500 төгрөгийг нэхэмжлэгчээр илүү төлүүлсэн байна. Талбайн зөрүүд илүү төлсөн дээрх мөнгө нь банкны зээл байсан бөгөөд зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 7.661.500 төгрөгийн зээлийн хүүнд 803.181 төгрөгийг төлсөн.

Иймд “У” ХХК-аас орон сууцны м.кв-ын зөрүүд илүү төлсөн 7.661.500 төгрөг, мөн үүний улмаас учирсан хохирол болох 803.181 төгрөг, нийт 8.464.681 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь 2014 оны 09 сарын 26-ны өдөр Г.Гтай “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах” 16/00289 тоот гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 8-р хороо “Х-Апартмент” байрны С блокны 48 тоот 41.5 м.кв-ийг 1.990.000 төгрөгөөр тооцож нийт 82.585.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож талууд 2016 оны 11 сарын 02-ны өдөр “Байр хүлээлцэх акт” үйлдэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл “У” ХХК нь Ү-2204083439 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч талын нэр дээр гаргаж өгч, орон сууцаа акт үйлдэн хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйл 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан бөгөөд байр хүлээлгэн өгөхөд доголдлын талаар мэдэх боломжтой байсан. Г.Г нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд ийнхүү нэхэмжлэгч талын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “А” ХХК-ийн байрны м.кв-ийг тогтоосон үнэлгээ, байр хүлээлцсэн акт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад        

            ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн м.кв-ын зөрүүд илүү төлсөн гэх 7.661.500 төгрөг, мөн үүний улмаас учирсан хохирол болох 803.181 төгрөг, нийт 8.464.681 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ 41.5 м кв талбайтай орон сууц худалдан авсан боловч А компаний хэмжилтээр орон сууцны талбай 37.65 м кв байна, энэ зөрүүтэй м кв-ын үнэ болон дутуу м кв-д оногдох орон сууцны зээлийн хэсгийг нэхэмжилнэ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээснийг хүлээн авсан бол худалдагч гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж заасан гэж үндэслэж байна.

Хариуцагч гэрээний дагуу орон сууцыг актаар хүлээлгэн өгсөн, доголдолтой гэж үзсэн бол тухайн үедээ мэдэх боломжтой байсан, гомдол гаргаж байгаагүй, шаардах эрхээ алдсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Г.Г 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ хийж, “У” ХХК-аас Б дүүргийн 8-р хороо, Улаанхуаран, Энхтайвны өргөн чөлөө гудамж, байр, С блокны 48 тоот хаягт байрлах 41.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 82.585.000 төгрөгөөр худалдан авч, орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн авсан нь гэрээ, байр хүлээлцсэн акт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Байр хүлээн авсан актад Г.Ггийн нөхөр А.Га гарын үсэг зурсан байна. Дээрх орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Г, А.Г нарын өмчлөлд бүртгэсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйл 255.1.1.-д “..эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.

Г.Г нь байрны талбайн хэмжээний талаар байрыг хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Түүнийг мэдэх боломжгүй нөхцөл байхгүй, үүсээгүй байна. Тэр байрыг хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн авсан ба байрны талбай зөрүүтэй байна гэдэг шаардлагыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргажээ. Г.Г хуулийн дээрх заалтын дагуу шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүнтэй холбоотойгоор хариуцагч гэрээнд зааснаас дутуу талбайтай байр нэхэмжлэгчид өгснөөс  803.181 төгрөгийн хохирол учирсан гэсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1.  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан Г.Г-ийн хариуцагч “У” ХХК-д холбогдуулан гаргасан 8.464.681 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 150.385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД