Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01867

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01867

 

 

Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01320 дугаар шийдвэртэй, Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй Улаанбаатар пропертиз ХХК-д холбогдох 8 464 681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Гантуяа нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Улаанбаатар пропертиз ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4-р байр, С блокны 48 тоот хаягт байрлах 41.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 990 000 төгрөг буюу нийт 82 585 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож тухайн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 24 775 500 төгрөгийг төлж үлдэгдэл 57 800 000 төгрөгийг Төрийн банктай 61/01 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу төлбөрийг 100 хувь Улаанбаатар пропертиз ХХК-д төлж улсын бүртгэлийн Ү-2204083439 дугаарын гэрчилгээ авч, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Тус орон сууцны талбайн хэмжээ нь худалдах, худалдан авах гэрээнд заасан метр квадратаас дутуу байж болзошгүй эргэлзээ төрсөн тул зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий Арккад ХХК-аар хэмжилт хийлгэхэд тус компанийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 17/114 тоот тэмдэглэл, дүгнэлтээр MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалаар нийт нийлбэр талбай нь 37.65 м.кв байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс харахад худалдагч Улаанбаатар пропертиз ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 3.85 м.кв-ын үнэ 7 661 500 төгрөгийг нэхэмжлэгчээр илүү төлүүлсэн байна. Талбайн зөрүүд илүү төлсөн дээрх мөнгө нь банкны зээл байсан бөгөөд зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 7 661 500 төгрөгийн зээлийн хүүнд 803 181 төгрөгийг төлсөн. Иймд Улаанбаатар пропертиз ХХК-аас орон сууцны м.кв-ын зөрүүд илүү төлсөн 7 661 500 төгрөг, мөн үүний улмаас учирсан хохирол болох 803 181 төгрөг, нийт 8 464 681 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар пропертиз ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Гантуяатай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах 16/00289 тоот гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 8-р хороо Х-Апартмент байрны С блокны 48 тоот 41.5 м.кв-ийг 1 990 000 төгрөгөөр тооцож нийт 82 585 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож талууд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Байр хүлээлцэх акт үйлдэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар пропертиз ХХК нь Ү-2204083439 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч талын нэр дээр гаргаж өгч, орон сууцыг акт үйлдэн хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйл 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд байр хүлээлгэн өгөхөд доголдлын талаар мэдэх боломжтой байсан. Г.Гантуяа нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд ийнхүү нэхэмжлэгч талын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гантуяагийн хариуцагч Улаанбаатар пропертиз ХХК-д холбогдуулан гаргасан 8 464 681 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 150 385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасны дагуу худалдан авагч буюу Г.Гантуяа нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзжээ. Гэвч шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэд хэдэн зүйлийг харгалзан үзээгүй байна. Үүнд: 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 16/00271 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний талууд нь Г.Гантуяа болон Улаанбаатар пропертис ХХК нар болно. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн Байр хүлээлцэх акт гэх бичиг баримтад А.Галбадрах гарын үсэг зурсан.

Хэдийгээр А.Галбадрах нь Г.Гантуяагийн нөхөр боловч хууль зүйн хувьд эхнэрээ бүрэн төлөөлөх эрх байхгүй болно. Иймд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хулээн авсанд тооцно заасны дагуу тухайн орон сууцыг гэрээний нэг тал болох худалдан авагч Г.Гантуяа хүлээн авах ёстой ба ийнхүү хүлээж аваагүй болохийг анхаарах хэрэгтэй. Мөн дээрх байр хүлээлцэх актад уг байрны талбайн хэмжээний тухай нарийвчлан тусгасан заалт, тэмдэглэл байхгүй болно. Арккад ХХК-ийн дүгнэлт гарсан даруйд Г.Гантуяа нь "Улаанбаатар Пропертиз" ХХК-д орон сууцны талбайн зөрүүтэй холбогдуулан удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Гэтэл хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хариуцагч талаас нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээс харахад маргаан бүхий орон сууцны метр квадратын дутуу талаар маргадаггүй.

Хариуцагч Улаанбаатар пропертиз ХХК нь анхнаасаа тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулах, мөн улсын бүртгэлд бүртгүүлэх, А.Галбадрахтай Байр хүлээлцэх акт үйлдэхдээ орон сууцны талбайн хэмжээ нь дутуу талаар мэдэж байсан бөгөөд мэдсээр байж санаатайгаар уг орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн тохиолдолд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 дэх хэсэгт хамаарахгүй заасан нөхцөл байдал үүсэх ёстой. Шүүх уг нөхцөл байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн. Дээрх байдлуудыг харахад анхан шатны шүүх Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй Улаанбаатар пропертиз ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ маргааны нөхцөл байдлыг бодитойгоор тогтоолгүй хэт нэг талыг барьж, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа нь Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгон хэрэглэж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Г.Гантуяа нь хариуцагч Улаанбаатар Пропертиз ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 8 464 681 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

Г.Гантуяа нь Улаанбаатар пропертиз ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4-р байр, С блокны 48 тоот хаягт байрлах 41.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 990 000 төгрөг буюу нийт 82 585 000 төгрөгөөр худалдаж авахаар Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 02ы өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна./хх-ийн 5-6, 7-9, 34-35 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хүлээлгэн өгсөн орон сууцны талбайн хэмжээ гэрээнд тохирсон 41.5 м.кв-аас бага гэж маргасан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасны дагуу худалдсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг дутуу байгаа нөхцөлд хүлээн авсан тал нь дутуу байгаа хэмжээнд хувь тэнцүүлээд дутуу эд хөрөнгийн үнийг буцаан шаардах эрхтэй гэж шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон нь зөв байна.

Худалдан авагч нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр "Арккад" компаниар хэмжилт хийлгэн гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар MNS6058:2009 стандартын дагуу 41.5 м.кв талбайтай байхаас 37.65 м.кв талбайтай болж 3.85 м.кв дутуу болохыг тогтоолгосон байна./хх-ийн 15-17 дугаар тал/

Шүүх зохигчдын маргааныг худалдах худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргасан гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ. Эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж тодорхойлсон.

Орон сууцны талбайн хэмжээ нь мэргэжлийн, тусгай зөвшөөрөл бүхий этгээд хэмжилт хийсний үр дүнд тогтоогдох нөхцөл байдал учраас орон сууцны талбайтай холбоотой доголдлыг энгийн хүн шууд хараад мэдэх боломжгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, орон сууцыг хүлээн авах үедээ талбайн хэмжээ дутуу гэдгийг хараад мэдэх боломжтой гэж үзэх нь учир дутагдалтай. Ийм дутагдлын хувьд эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргахаар дээрх хуульд заасан тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дууссан байна. Учир нь нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, орон сууцыг бодитоор 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. /хх-ийн 14, 34-35 дугаар тал/ Гэтэл тэрээр 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрхтэй ч хариуцагчийн гомдлын шаардлага гаргах хугацааг алдсан үндэслэлээр орон сууцны талбайн зөрүү төлбөрт 7 661 500 төгрөгийг төлөхөөс татгалзсан тайлбар үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан учир доголдлоос учирсан гэх хохирол 803 181 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй болох талаар шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан талаар гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн орон сууцыг Г.Гантуяагийн нөхөр болох А.Галбадрах хүлээн авсан байх бөгөөд тэрээр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Түүнчлэн Галбадрах нь орон сууцыг хүлээлгэж өгсөн тухай актад гарын үсэг зурсан, энэ талаар нэхэмжлэгч гомдол, маргаан гаргаж байгаагүй байна. Эдгээр нөхцөл байдалд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасны дагуу худалдагч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч худалдагч эд хөрөнгийг шилжүүлэхдээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан, орон сууцны талбайн зөрүүтэй холбогдуулан удаа дараа хүсэлт гаргаж байсан гэх гомдол тайлбар гаргасан боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй, хариуцагч доголдлыг нуун дарагдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын маргаанд хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөж залруулна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1, гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ