Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 0059

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Ц.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ж.Ш

Нарийн бичгийн дарга                             Д.Билэгсайхан нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Нд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Нын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, З овогт Ц-н Н.

 

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 4-39 тоот хашаанд иргэн Г.Г-тай хэрэлдэж маргалдан зодолдож Г.Г-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч З овгийн Ц-ны Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Наас 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгож,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Н давж заалдах гомдолдоо:

 

... Би Г-н биед учирсан гэмтлийг надаас шалтгаалж үүссэн гэж үзэхгүй байна. Намайг очиход согтолтын зэрэг маш өндөр байсан. Намайг очсоны дараа хамт архидаж байсан гурван хүүхэн хоорондоо зодоон хийж байхыг харсан гэрч байдаг.

Мөн Г нь маргааш өдөр нь бас архидан согтуурсан гэх мэт олон шалтгаан байна.

Гэрчийн мэдүүлэг өгч байгаа Б, Х нар нь Г-н дотны найзууд бөгөөд харин ч Г Х-тай нийлж намайг зодсон бөгөөд Б мэдүүлэг өгөхдөө зодоон болохыг нүдээрээ харсан гэрч мэт мэдүүлэг өгсөн байна.

Энэ хэргийг нотлох цорын ганц гэрч насанд хүрээгүй гэрч болох миний охин Л.Э байсан боловч түүний мэдүүлгийг авч хэлэлцэхгүй зөвхөн Б, Х нарын мэдүүлгийг үндэслэн намайг яллаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн эсэх нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрхи хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь “З” овогт Ц-ны Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

        

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

         Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоотын 4-39 тоотод Г.Г-тай хэрэлдэж маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

         Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

 

         Шүүгдэгч Ц.Н нь “...Г, Х-тай нийлж намайг зодсон. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

         Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 822 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “... Г.Г-н биед тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн хөмсөг дээр 4 тооны зулгаралт, баруун өвдөг, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.

 

         Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Г.Г-н “... Удалгүй хашааны хаалга нүдээд байхаар нь Х бид хоёр гартал нэг эмэгтэй үгийн зөрөөгүй чи муу банзал хүний нөхөртэй явалдаад гээд миний үснээс зулгаагаад газар унагаачихаад толгой руу гараараа цохиод байсан. Энэ үед би хэсэг ухаан балартсан. Гэтэл Х боль гээд тэр эмэгтэйг салгаад бид хоёр гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх 12-13/,

        

         Тухайн үйл баримт болох үед хэргийн газарт байсан гэрч Б.Х-н “... Г эгчийн хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь Г эгч бид хоёр гарсан чинь нэг эмэгтэй хүн хүүхдээ дагуулчихсан ирсэн ба бид хоёрын хэн нь Г вэ гэхэд Г эгч би байна гэтэл тэр эмэгтэй Г эгчийн хувцаснаас нь татаад улмаар газар унагаачихсан” гэх мэдүүлэг /хх 14-15/,

 

         Насанд хүрээгүй гэрч Л.Э-н “... Ээж нэг айлын хаалга цохисон чинь 2 эмэгтэй хүн гарч ирсэн ба тухайн үед тэр хоёроос архи үнэртээд байсан нэг нь ээжийг ээжийг хэл үгээр доромжлоод нэг нь заамдаад авсан. Улмаар тэр гурав зодолдоод эхэлсэн ба ээж намайг цагдаа дууд гэхээр нь би машин руугаа утас авах гээд явсан ба эргээд иртэл Г гэх эмэгтэй газар уначихсан хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 20/ зэргээр Ц.Нын давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн биед “хэвлийн урд доод хэсэг, зүүн гуянд цус хуралт” үүссэн гэх гэмтлүүд учирсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, мөн насанд хүрээгүй гэрч Л.Э-н “... Ээж тэр айлын хаалгыг нь цохих үед хоёр эмэгтэй гарч ирсэн ба ээжтэй нэг нь маргалдаад нэг нь заамдчихсан зогсож байгаад ээжийг газар унагаачихсан байсан ...” гэх мэдүүлэг болон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 825 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ба дээрх гэмтлүүдийг шүүгдэгч, хохирогч нарыг хэрэлдэж, маргалдах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй боловч шүүгдэгчийн биед учирсан гэмтлүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 453 дугаартай дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болох нь тогтоогджээ.

 

         Иймд шүүгдэгч Ц.Нын “... Г, Х-тай нийлж намайг зодсон. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                                  Ё.БЯМБАЦЭРЭН

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                З.ХОСБАЯР