Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Ц.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нд холбогдох эрүүгийн 1825008390086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Ц.Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 11 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын тоот хашаанд иргэн Г.Гтай хэрэлдэж маргалдан зодолдож Г.Г-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г манай нөхөртэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгээд 2 жил болсон байсан. Би энэ үед нь Солонгос явдаг байсан. Манай охин ч энэ талаар мэдэж байсан. Гэртээ дагуулж ирсэн гэж охин хэлсэн. Одоо хэвийн байсан амьдралыг ийм болгосон. 2 хүүхдийг өнчрүүллээ. 2018 оны 11 сарын 19-ний өдөр нөхөр Оросоос ирж усанд орж байсан. Энэ үед нь би нөхрийнхөө утсыг аваад үзсэн чинь Г харьцаж калл хийж, зураг хөргөө солилцсон байсан. Тэгэхээр нь Г руу залгаж энэ талаар нь хэлэхэд уулзъя гэсэн. Тэгээд охиноо дагуулж гэр рүү нь очсон. Тэгтэл Хулан гэдэг хүүхэн хаалга нээж намайг элдэв үгээр доромжилсон. Араас нь Г гарч ирээд элдэв үгээр хэлж шууд л намайг нийлээд зодсон. Би охиноо цагдаа дуудаарай гэсэн. Охин утас авчирч өгөөд би цагдаа дуудсан. Маргааш нь би хот руу явсан. Хотод очиж эмнэлэгт үзүүлсэн. Намайг тархи доргилттой байна, хэвтрийн дэглэм сахь гэсэн. Би ажил төрөлтэй байсан учир Эрдэнэтэд ирсэн. Гэтэл Г цагдаад өргөдөл гаргасан байсан. Энэ байдлаас болж одоо гэр бүл салсан байгаа. 2 хүүхдээ өнчрүүлсэн. 17-той охин маань 2 удаа амиа хорлох гэж оролдсон. Нөхөр Лхагважавыг орой үдэш дуудаад л аваад явчихдаг. Миний хажууд ч ярьцгаадаг. Намайг хүн чинээ боддоггүй. Гд үүссэн гэмтлийн хувьд нилээн согтуу гуйвж дайван явж байгаад өөрөө унасан гэж бодож байгаа. Г газар хэвтэж байсан. Согтуу болоод л тэгсэн байх. Би үсэнд нь хүрээгүй. Хулан миний дээр гараад суусан. Би хөдлөх боломжгүй байсан. Харин Г энэ үед миний хөл рүү цохиж байсан. Тэр үед харилцан зодоон болоогүй. Ер нь ярилцах гэж очсон болохоос зодолдох гэж очоогүй. Г зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаагүй юм шиг байна лээ. Энэ зодооноос хойш Г нөхөр Лхагважаваас мөнгө нэхсэн байсан. Мөн нөхөр Лхагважавыг шордож байгаад намайг зодуулсан. Миний хамрыг хугалж толгой хагалсан. Гэхдээ энэ талаар гомдол гаргаагүй. Би Гд ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй, үснээс нь зулгаагаагүй, газар унагаагаагүй. Гэрчүүд үгсэн хуйвалдаж зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт унагаж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2018 оны 11 сарын 19-ний орой гэртээ байж байтал манай хоёр найз Хулан Батцэцэг 2 манайд ирсэн ба тухайн үед тэр 2 гаднаас орж ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн.Тэгээд бид 3 юм ярьж сууж байгаад авчирсан архийг нь задлаад байж байтал Хулан миний компьютер гацаад байна гэхээр нь танил компьютер янзалдаг Лхагважав гэх залуугийн 99361726 дугаарын утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Ингээд би мод оруулах гээд гарсан хойно Лхагважавын дугаараас залгах үед нь манай найз Хулан аваад ярьсан чинь эмэгтэй хүн залгаад одоо очиж ална 10 минутын дараа гадаа гараад ир гэсэн байсан. Удалгүй хашааны хаалга нүдээд байхаар нь Хулан бид хоёр гартал нэг эмэгтэй үгийн зөрөөгүй чи муу банзал хүний нөхөртэй явалдлаа гээд миний үснээс зулгаагаад газар унагаачихаад толгой руу гараараа цохиод байсан. Энэ үед би хэсэг ухаан балартсан. Гэтэл Хулан боль гээд тэр эмэгтэйг салгаад бид хоёр гэртээ орсон гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,

 

-Гэрч Ч.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 11 сарын 19-ний өдөр Г эгчийнд очтол манай найз Хулан Г эгч 2 байсан. Улмаар би тэднийд очихдоо нэг шил 0.75 граммын Болор нэртэй архи авч очсон ба бид 3 тэр архийг нь задлаад ууж байгаад Г эгч гараад мод авах гээд явсан хойгуур Г эгчийн утас нь дуугарсан чинь манай найз Хулан утсыг нь аваад “чи одоо юу гээд байгаан” гээд залгасан хүнтэй нь маргалдаад байх шиг байсан. Удалгүй Г эгчийн хашааны хаалгыг хүн хүчтэй цохиод байсан чинь Г эгч Хулан 2 гарсан ба тэр 2 орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гартал Г эгч хашааныхаа үүдэнд дөрвөн хөлөлчихсөн нэг эмэгтэй Г эгчийг үснээс татаад доош нь дарчихсан, харин Хулан Г эгчийг татаж босгох гээд зогсож байсан. Энэ үед Хулан Г эгчийн хүүхдийг нь дуудаадах гэхээр нь би гэрт нь ороод хүүхдийг нь дуудсан. Удалгүй Г, Хулан нар гэрт орж ирсэн. Энэ үед Г эгчийн хувцас нь шороо болчихсон дух нь халцарч цус гарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Гэрч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн өдөр Батцэцэг гэх найзтайгаа Г эгчийнд нэг шил архитай очсон. Ингээд бид 3 архиа залдаад дээрээс нь нэг нэг рүнкийг уучихаад миний комюпьтер гацаад байна янзалдаг хүн байна уу гэхэд Г эгч надад таньдаг хүн байгаа асуугаад үзье гээд залгасан чинь тухайн хүн нь утсаа аваагүй. Энэ үед Г эгч гараад явсан ба утас нь дуугараад байхаар нь би Г эгчийн утсыг автал нэг эмэгтэй хүн янхан банзал гээд доромжилоод байхаар нь та дугаар андуураад байгаан биш үү гэтэл худгийн ард талд байдаг янхан чинь чамайг танихгүй хэн байдаг юм би 10 минутын дараа очлоо гараад ирээрэй гэж хэлчихээд утсаа салгасан. Удалгүй Г эгчийн хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь Г эгч бид 2 гарсан чинь нэг эмэгтэй хүн хүүхдээ дагуулчихсан ирсэн ба бид хоёрын хэн нь Г вэ гэтэл Г эгч би байна гэтэл тэр эмэгтэй Г эгчийн хувцаснаас нь татаад улмаар газар унагаачихсан.Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор Г эгчийг яаж унасныг нь би хараагүй. Намайг хартал Г эгч газар хэвтэж байхаар би тэр эмэгтэйг болиоч ээ гээд очтол Г эгчийн үснээс нь зулгаачихсан байсан ба намайг очоод салгах гэтэл мөн миний үснээс зулгаасан. Би арай гэж тавиулаад гүйж ороод Г эгчийн 2 хүүхдийг дуудаад гаргаж иртэл Г эгч ухаан алдсан бололтой газарт хэвтэж байсан. Ингээд 2 хүүхэд нь Г эгчийг аваад гэртээ оруулсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,

 

-Гэрч Э.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би усанд орж байх үед манай эхнэр хүнтэй утсаар яриад орилж хашхираад байсан. Уснаас гартал манай охин ээж нөгөө хүүхэнтэй чинь яриад байна гэтэл манай эхнэр Насанжаргал намайг хүрээд ир гэж байна би очиж үзүүлээд өгнө гээд гарсан ба араас нь манай охин гарсан. Би ядарсан байсан тул хүнтэй маргалдаад байх юм өвчтэй юм уу чи гэж хэлтэл эхнэр тэр балай хүүхэнтэй чинь зодолдоод гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  орой харанхуй болсон байхад хашааны хаалгыг хүн цохиод байхаар нь манай ээж Г найз Хулантайгаа гарсан. Тэр хоёр гадаа удаад байхаар нь би дүүгээ гараад хараадах гэтэл ээжийг хүн зодоод байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би гартал хашааны буланд ээж доошоо харчихсан хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/

 

-Насанд хүрээгүй гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 11 сарын 19-ний өдөр ээж дүү нарын хамт гэртээ байж байтал манай аав Лхагважав Оросоос ирсэн ба аав усанд орж байх үед аавын утас дуугарахаар нь ээж очоод утсыг нь автал нэг эмэгтэй хүн ярьж байсан ба чи чаддаг юм бол хүрээд ир гэж хэл үгээр доромжлоод байсан. Ингээд ээж гарч явах гээд байхаар нь би ээжийг та ганцаараа явж яах юм бэ гээд цуг явсан. Ээж нэг айлын хаалга цохисон чинь 2 эмэгтэй хүн гарч ирсэн ба тухайн үед тэр хоёроос архи үнэртээд байсан нэг нь ээжийг хэл үгээр доромжлоод нэг нь заамдаад авсан. Улмаар тэр гурав зодолдоод эхэлсэн ба ээж намайг цагдаа дууд гэхээр нь би машин руугаа утас авах гээд явсан ба эргээд иртэл Г гэх эмэгтэй газар уначихсан хэвтэж байсан. Би яагаад унасаныг нь бол хараагүй  гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

 

-Шинжээч эмч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Амбулаторын картанд бичигдсэн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн гавлын ясны 2 байрлалын рентген зургийг уншсан бичлэгт судасны зураглал олширч хуруу дардасны шинж шинэ тэмдэг илэрсэн гэсэн нь тархины дотоод даралт ихдэлтийн шинж тэмдэг бөгөөд энэ нь тархи доргилтын үед үүсдэг шинжүүдийн нэг болно. Эмч хүн өвчтөнг оношлохдоо эхлээд өгүүлэмж авна, дараа нь зовиурыг асууна, дараа нь үзлэг хийнэ, шаардлагатай үед онош тодруулах, баталгаажуулах зорилгоор нэмэлт шинжилгээ болох рентген зураг компьютер томографикийн шинжилгээ хийлгэнэ. Оношийг зөвхөн нэмэлт шинжилгээгээр тавихгүй эмч өөрийн үзлэгээ үндэслэн оношилно. Миний хохирогчид хийсэн үзлэгээр Г.Г 2019 оны 11 сарын 19-ний өдөр бусдад зодуулсан гэх өгүүлэмжтэй, толгой өвдөнө, хүзүү хөдлөхөд төвөгтэй, халуулна, эм ууж байгаа гэсэн зовиуртай, үзлэгт нүдний алимны чичирхийлэлт илэрсэн, Маннагийн шинж тэмдэг илэрч байсан. Маннагийн шинж гэдэг нь гавал тархины битүү гэмтлийн үед тархины дотоод даралт ихдэсний улмаас нүдний алимыг ухархай дотор эргэлдүүлэхэд толгойн өвдөлт нэмэгдэх байдлаар илэрдэг шинж тэмдэг юм гэсэн мэдүүлэг /хх 135-136 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 822 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Ггийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн хөмсөг дээр 4 тооны зулгаралт, баруун өвдөг, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

З. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 28 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 825 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ц.Нын биед хэвлийн урд доод хэсэг, зүүн гуянд цус хуралт үүсчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Уг гэмтэл нь 6-10 хоногийн өмнө үүссэн байхаар байна гэсэн дүгнэлт /хх 32 ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 173 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Ггийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой байна.

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 822 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 40-41 ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 184 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Нын биед амбулаторын картанд бичигдсэн эмчийн үзлэгээр дүгнэлтийг гаргах боломжгүй байна. Учир нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй, нэмэлт шинжилгээ хийгдээгүй байна гэсэн дүгнэлт /хх 45 ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 453 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Нын биед хэвлийн урд доод, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

  1. Уг гэмтэл нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой

3. Уг гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх 129-131 ху/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 675 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч Г.Ггийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн хөмсөгний зулгаралт, баруун өвдөг, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн хүний биед хийсэн үзлэг, Медипас эмнэлгийн толгойн КТГ зургаар тодорхойлогдож байна.

2. Хохирогч Г.Ггийн толгойн КТГ-ийн зурагт тархи доргилтын шинж болох тархины хаван илэрсэн байна.

3. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Тархи доргилт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Уг гэмтэл нь гоо сайхан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Учирсан гэмтлүүд нь шинэ бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 822 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 173 дугаартай дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх 147-149 ху/.

 

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 ху/

-Ц.Ныг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 74-78 ху/

              -Хохирлын баримт /хх 82-84 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 11 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 4-39 тоот хашаанд иргэн Г.Гтай хэрэлдэж маргалдан зодолдож Г.Ггийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Ггийн “...хашааны хаалга нүдээд байхаар нь Х бид хоёр гартал нэг эмэгтэй үгийн зөрөөгүй чи муу банзал хүний нөхөртэй явалдлаа гээд миний үснээс зулгаагаад газар унагаачихаад толгой руу гараараа цохиод байсан. Энэ үед би хэсэг ухаан балартсан. Гэтэл Хулан боль гээд тэр эмэгтэйг салгаад бид хоёр гэртээ орсон” /хх 12-13 ху/ гэсэн мэдүүлэг,  гэрч Ч.Батцэцэг /хх 21 ху/, Б.Хулан /хх 14-15 ху/, Э.Лхагважав /хх 19 ху/, насанд хүрээгүй гэрч Л.Энхзул /хх 20 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн хөмсөг дээр 4 тооны зулгаралт, баруун өвдөг, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 822 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 825 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 173, 184, 453, 675 шинжээчийн дүгнэлтүүд,ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Гд үүссэн гэмтлийн хувьд нилээн согтуу гуйвж дайван явж байгаад өөрөө унасан гэж бодож байгаа. Г газар хэвтэж байсан. Согтуу болоод л тэгсэн байх. Би үсэнд нь хүрээгүй. Ер нь ярилцах гэж очсон болохоос зодолдох гэж очоогүй. Г зөрчлийн хуулиар арга хэмжээ  авагдаагүй юм шиг байна лээ. ...Би Гд ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй, үснээс нь зулгаагаагүй, газар унагаагаагүй. Гэрчүүд үгсэн хуйвалдаж зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт унагаж байна” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

 

            Шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Ч.Батцэцэгийн “...Г эгчийн утас нь дуугарсан чинь манай найз Хулан утсыг нь аваад “чи одоо юу гээд байгаан” гээд залгасан хүнтэй нь маргалдаад байх шиг байсан. Удалгүй Г эгчийн хашааны хаалгыг хүн хүчтэй цохиод байсан чинь Г эгч Хулан 2 гарсан ба тэр 2 орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гартал Г эгч хашааныхаа үүдэнд дөрвөн хөлөлчихсөн нэг эмэгтэй Г эгчийг үснээс татаад доош нь дарчихсан, харин Хулан Г эгчийг татаж босгох гээд зогсож байсан” гэсэн /хх 21 ху/, гэрч Б.Хулангийн “...Г эгч гараад явсан ба утас нь дуугараад байхаар нь би Г эгчийн утсыг автал нэг эмэгтэй хүн янхан банзал гээд доромжилоод байхаар нь та дугаар андуураад байгаан биш үү гэтэл худгийн ард талд байдаг янхан чинь чамайг танихгүй хэн байдаг юм би 10 минутын дараа очлоо гараад ирээрэй гэж хэлчихээд утсаа салгасан. Удалгүй Г эгчийн хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь Г эгч бид 2 гарсан чинь нэг эмэгтэй хүн хүүхдээ дагуулчихсан ирсэн ба бид хоёрын хэн нь Г вэ гэтэл Г эгч би байна гэтэл тэр эмэгтэй Г эгчийн хувцаснаас нь татаад улмаар газар унагаачихсан.Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор Г эгчийг яаж унасныг нь би хараагүй. Намайг хартал Г эгч газар хэвтэж байхаар би тэр эмэгтэйг болиоч ээ гээд очтол Г эгчийн үснээс нь зулгаачихсан байсан ба намайг очоод салгах гэтэл мөн миний үснээс зулгаасан. Би арай гэж тавиулаад гүйж ороод Г эгчийн 2 хүүхдийг дуудаад гаргаж иртэл Г эгч ухаан алдсан бололтой газарт хэвтэж байсан” гэсэн /хх 14-15 ху/, гэрч Э.Лхагважавын “...усанд орж байх үед манай эхнэр хүнтэй утсаар яриад орилж хашхираад байсан. Уснаас гартал манай охин ээж нөгөө хүүхэнтэй чинь яриад байна гэтэл манай эхнэр Насанжаргал намайг хүрээд ир гэж байна би очиж үзүүлээд өгнө гээд гарсан ба араас нь манай охин гарсан. Би ядарсан байсан тул хүнтэй маргалдаад байх юм өвчтэй юм уу чи гэж хэлтэл эхнэр тэр балай хүүхэнтэй чинь зодолдоод гэж байсан” гэсэн /хх 19 ху/,  насанд хүрээгүй гэрч Э.Аын “...орой харанхуй болсон байхад хашааны хаалгыг хүн цохиод байхаар нь манай ээж Г найз Хуцлантайгаа гарсан. Тэр хоёр гадаа удаад байхаар нь би дүүгээ гараад хараадах гэтэл ээжийг хүн зодоод байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би гартал хашааны буланд ээж  доошоо харчихсан хэвтэж байсан” гэсэн /хх 18 ху/, насанд хүрээгүй гэрч Л.Энхзулын “...аавын утас дуугарахаар нь ээж очоод утсыг нь автал нэг эмэгтэй хүн ярьж байсан ба чи чаддаг юм бол хүрээд ир гэж хэл үгээр доромжлоод байсан. Ингээд ээж гарч явах гээд байхаар нь би ээжийг та ганцаараа явж яах юм бэ гээд цуг явсан. Ээж нэг айлын хаалга цохисон чинь 2 эмэгтэй хүн гарч ирсэн ба тухайн үед тэр хоёроос архи үнэртээд байсан нэг нь ээжийг хэл үгээр доромжлоод нэг нь заамдаад авсан. Улмаар тэр гурав зодолдоод эхэлсэн ба ээж намайг цагдаа дууд гэхээр нь би машин руугаа утас авах гээд явсан ба эргээд иртэл Г гэх эмэгтэй газар уначихсан хэвтэж байсан. Би яагаад унасаныг нь бол хараагүй”  гэсэн /хх 20 ху/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Энэ хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй, Тухайн үед байсан гэрчүүд Хулан, Батцэцэг нар үгсэж тохирсон юм шиг байдаг. Хүн болгон уг үйл явдлыг өөр өнцгөөс хардаг. Тэгэхээр хүүхдийн хувьд үнэнийг хэлдэг. Насанжаргалын хувьд зодуулсан учраас цагдаа дуудсан байгаа” гэсэн дүгнэлтийг гаргаж Насанжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байх боловч шүүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн хөмсөг дээр 4 тооны зулгаралт, баруун өвдөг, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 822 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 825 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 173, 184, 453, 675 шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Ц.Ныг энэ гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Хохирлын хувьд хохирогч Г.Г нь үзлэг оношлогооны төлбөр 170.000 төгрөгийг нэхэмжилснийг төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Наас 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Овоотын 4-39 тоотод оршин суух Г.Гд  /РД:ГЮ80092763/ олгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА