Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2018/00339

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2018/00339

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Д.Алтантуул, шүүгч Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .......... оршин суух, ........ овгийн Ш.Д-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ............. гэх газар байрлах А ХХК-д холбогдох

            Гэм хорын хохирол 4 157 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвжав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ганбаатар, хариуцагчийн төлөөлөгч Б.Нямбаатар, гэрч С.Болдбаатар, гэрч С.Ундрахбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сард иргэн Н.Нямбаатар гэдэг хүнээс ... бэлтгэсэн өвснөөс нь 400 боодлыг ... 2017 оны 01 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд худалдаж аваад 61 тооны үхэртээ өгсөн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 4 бяруу маш муу, бөөлжсөн, гэдэс нь дүүрсэн, халуурсан байсан. Сумын малын эмч Алтанхутгад дуудлага өгөөд эмчийг ирэхэд 1 бяруу үхсэн, 3 бяруу хүнд байсан. Эмч 3 бяруунд тариа хийгээд, үхсэн бяруунд задлан хийж, дээж авч явсан. Гэтэл 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд 2 бяруу нэмж үхсэн байсан, тэр болгонд эмч дуудан ирүүлсэн бөгөөд эмч хэлэхдээ задлан хийсэн бярууны ходоод нь улаан хүрэн өнгөтэй болсон байсан, ямар нэг зүйлээс хордсон байх магадлалтай гэж хэлээд биднээс малдаа ямар тэжээл өгч байгаа талаар асуусан. Бид малдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Улаанбаатар ХХК-ийн хивэг, Дарханаас авсан улаан буудай, өөрсдөө бэлтгэсэн өвсөөр 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тэжээсэн, хэрэв үүнээс болсон бол энэ үед яагаад нэг ч мал үхэж хорогдоогүй байсан бэ гэдгийг хүн ойлгох байх. Эмч худалдаж авсан өвснөөс 5 боодлоос дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид /УМЭАЦТЛ/ шинжлүүлэхэд хариу нь аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илэрсэн гэх хариу гарсан. Шинжилгээний хариу ирэхээс өмнө малд өвс өгөхгүй байхыг эмч зөвлөсөн боловч өөр өгөх тэжээлгүйгээс өвс өгсөөр байсан, нийт 16 үхэр өвдөж, 3 бяруу үхсэн.

            Бид өвс худалдаж авсан Б.Нямбаатартай утсаар удаа дараа ярьж, мал үхээд байна гэхэд огт тоохгүй байсан. Ирж уулз гэхээр нь очиход өөрөө ирээгүй. Бид аргаа бараад худалдаж авсан өвснөөс үлдсэн 240 боодлыг УМЭАЦТЛ-ийн шинжилгээний бичигтэй, сумын цагдаагийн тодорхойлолт хавсаргаад аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан үлдсэн 240 боодол өвсийг устгаж өгөхийг хүссэн. Гэтэл өвсний эзэн Б.Нямбаатар гэнэт ухаан орсон юм шиг хотоос эмч авчирж өөрийнхөө өвснөөс дээж авч явж шинжлүүлхэд хариу нь мөн л мөөгөнцөртэй гэж гарсан. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ундрахбаяр, Ганболд нар өвсний эзэн Б.Нямбаатарыг дагуулж ирээд дахиад өвс, хивэг, будаанаас дахин дээж авч явсан. Энэ хариу нь мөн адил мөөгөнцөртэй буюу 3 дээжний хариу нэг ижил гарсан. Бид шинжилгээний хариунд эргэлзээгүй. Харин хүргэж өгсөн дээжинд эргэлзэж байна. Яагаад гэвэл бид тэжээлээ Таван богд буюу Улаанбаатар ХХК-с олон жил авч хэрэглэж ирсэн. Хэрэв хивэгнээс янз бүрийн хор, мөөгөнцөр илэрсэн бол Мэргэжлийн хяналтын газар цаг алдалгүй очиж шалгах ёстой. Б.Нямбаатар нь өөрийн зарсан өвсөө шаардлага хангахгүй болохыг мэдмэгц өрөөлийн бараа бүтээгдэхүүнийг хортой гаргахыг завдсан үйлдэл буруу байна. Энэ хүний өвсний хадгалалт буруу, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэргийн оролцогчдийн хүсэлтээр шүүх бүрэлдэхүүн 240 боодол өвснөөс дээж авах ёстой гэсэн шийдвэрийн дагуу шинжээч өвснөөс дээж авсан байдаг. Үүний хариу нь мөөгөнцөр бол хаа сайгүй байдаг. Энэ нь мал үхэх шалтгаан болохгүй гэсэн байдаг. Энэ шинжилгээний хариунд би гомдолтой байгаа. Ийм л зүйл болсон юм. Иймд 400 боодол өвсний үнэ 1 960 000 төгрөг, өвс тээвэрлэлтийн хөлс 160 000 төгрөг, малын эмчийн дуудлага 50 000 төгрөг, малын эмчилгээнд 100 000 төгрөг, мал устгахад зарцуулагдсан машины шатахууны 150 000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэлгээ 1 үхрийг 800 000 төгрөг, 1 бяруу 400 000 төгрөг нийт 4 157 500 төгрөгийг хариуцагч А ХХК-с гаргуулах, мөн 240 боодол өвсийг устгуулахыг хариуцагчид даалгах хүсэлтэй байна. гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Пүрэвжав, Ш.Д.нар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Атлас женерал ХХК-иас 400 боодол өвс 1 боодол тус бүрийг нь 4 900 төгрөгөөр худалдан авсан байдаг. Үүн дээр ямар нэг маргаан байхгүй. 01 дүгээр сарын 17-ны өглөө 4 тооны үхэр нь шүлс нь гоожсон, гэдэс нь дүүрсэн, халуурсан байдалтай байхад иргэн Ш.Д.малын эмч Б.Алтанхутгыг дуудаж үхсэн малаас дээж авхуулаад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори руу дүгнэлтийн хамт явуулсан байдаг. Мал эмнэлэг, ариун цэврийн улсын төв лаборатори нь бид үхсэн малын элэг, уушиг дотор эд эрхтнээс шинжилгээ авч байж тодорхой хариу өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байдаг. Харин сумын эмч Б.Алтанхутга тухайн үед нь дээжээ аваад Төв лаборатори луу явуулсан байдаг ба энэ нь лабораторийн архивт нь байгаа. Гэтэл үүнийг сүүлд шинжээч томилох шийдвэр гаргасан шүүх бүрэлдхүүн анхаарч үзээгүй байдаг. Энэ бол анхаарч үзэх ёстой асуудал. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б.Нямбаатар нь Төв аймгийн Мэргэжлийн хянатын газрын ажилтан Э.Ганболд, С.Ундрахбаатар нарыг дагуулж ирж өвс, хивэг, будаанаас дээж аваад явсан байдаг. Урд нь зөвхөн өвснөөс дээж аваад явсан. Гэтэл өвс, хивэг, будаанаас бүгдээс нь мөөгөнцөр илэрсэн, нэхэмжлэгч нь хивэг, будаагаа Таван богд ХХК-иас худалдан авсан байдаг. Урд нь хивэг, будааг өгч байхад ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Тэр дээжийг Б.Алтанхутга, С.Ундрахбаатар нар 14 хоногт хүргүүлсэн, тэгэхээр авсан дээжиндээ бус хүргүүлсэн дээжиндээ янз бүрийн зүйл орчихоогүй байгаа гэсэн хардлага байна. Яагаад гэвэл С.Ундрахбаатар, Б.Нямбаатартай найзын холбоо байдаг юм шиг байгаа юм. Энэ бас анхаарах ёстой асуудал. Нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүн, мөн нэхэмжлэгчийн хэлснээр хашаанд байгаа 240 боодол өвсийг хариуцагчаар устгуулах саналтай байна. Нэхэмжлэгч талаас өөрт байгаа бололцоогоо ашиглан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талаас хэдий шинжээчийн дүгнэлтээр яриад байгаа боловч, яг ямар үндэслэлээр татгалзаад байгаа вэ гэдгээ нотолж чадахгүй байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК 2011 онд байгуулагдсан цагаасаа малын тэжээл бэлтгэж 21 аймаг, 100 гаруй сумдад өвс тэжээл нийлүүлсээр ирлээ. Энэ хугацаанд 25 700 тонн өвсийг технологийн дагуу бэлтгэж ирэхэд нэг ч удаа гомдол, шүүмжлэл гарч байгаагүй. ... 2016 оны 09 дүгээр сард бид Цонжин болдог дахь өөрийн аж ахуйн хашаанд 7 000 боодол өвс нөөцөлж хадгалсны нэг нурууг иргэн Т.Манжаа улсын нөөцийн үнээр буюу 4 900 төгрөгөөр бодож авсан байдаг. ... өвс бэлтгэхэд нэг боодол өвсний зардал 4 630 төгрөг болж байсан. ... Манайхаас өвс авахдаа 3 хүн хувааж авсан байдаг бөгөөд дээд хэсгээс 300 боодол өвсийг Т.Манжаа, дунд хэсгээс 400 боодлыг Ш.Дархижав, улны хэсгээс фермер Мөнхтуяа 300 боодол авсан. Хураасан өвсний дунд хэсгээс малчин Ш.Д.400 боодол өвс авсан бөгөөд хамгийн чийг авах боломжтой ул хэсгээс Мөнхтуяа авахдаа эхлээд 150 боодол өвс аваад боломжийн өвс байна гээд дахин ирж 150 боодол өвс авсан. Өвс авсан Манжаа, Мөнхтуяа нарын малаас ганц ч мал өвдөөгүй гэдгийг тэд нар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдад хэлсэн байдаг. Манаач Амарбаатар 2016 оны 01 сард над руу утасдаж өвсний талаар гомдол ирлээ гээд Ш.Дархижавыг надтай яриулсан, тухайн үед миний ээж хүнд өвчтэй байсан тул уулзах боломжгүй гэдгээ хэлээд өвс өгөхөө зогсоогоод буцаагаад авчраад буулгачих гэж хэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 27-нд Ш.Дархижавын гомдлын дагуу нийслэлийн мал эмнэлгийн 3 ажилтан очиж газар дээр нь ажиллах гэсэн боловч хот явж байна, хүнгүй байгаа, сумын малын эмч Б.Алтанхутгыг авч очихгүй бол очоод хэрэггүй гэсэн. Б.Алтанхутга эмч рүү ярьсан боловч ирээгүй.

            Төв аймгийн мал эмнэлгийн улсын байцаагч С.Ундрахбаатар, таримал үр сортын хяналтын улсын байцаагч Э.Ганболд нартай 2016 оны 03 дугаар сарын 31-нд хамт байлцан малчин Ш.Дархижавын өвс, будаа, хивэгнээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээнд өгөх гэхэд Ш.Д.тухайн улсын байцаагчдад үл итгэсэн байдалтай байхаар нь хамт яв гэхэд завгүй гээд яваагүй. 2016 оны 04 дүгээр сарын 20-оор Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний хариу гарсныг дуулгахад 3 дээжээс бүгдээс нь мөөгөнцөр илэрсэн бөгөөд уг үхрийн уушиганд хордлогын шинж илрээгүй гэхээр нь тайвширсан болно. 3 дахь шижилгээг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээч эмч Сэржмядаг гэдэг хүн ирж аваад явсан байдаг. Сарын дараа хариу гартал мөн л мөөгөнцөр илэрсэн. Мөөгөнцөр илэрхээр яадаг вэ гэж намайг асуухад, бүх л өвсөнд мөөгөнцөр байдаг, мөөгөнцөргүй өвс гэж хаа ч байхгүй гэж хэлсэн. Эцэст нь хэлэхэд шинжилгээний хариунаас харвал өвс идсэнээс мал үхэх шалтгаан огтхон ч биш юм. Тухайн өвс хадсан Хоньчийн нурууны өвснөөс манайх 1000 боодлыг хэрэглэж байгаа мал хорогдоогүй, өвдөөгүй эрүүл саруул байгаа. Би нэхэмжлэгчийг тухайн үедээ өвс өгөхөө зогсоогоод манайд ирээд буулгачих гэж хэлсэн. Тэгэхэд 160 боодол өвс өгчихөөд байхад 3 үхэр үхээд бусад нь зүгээр байдаг. Үнэхээр манай байгууллагын буруу байгаа бол нэхэмжлэгчид хохирлыг барагдуулна. Манай байгууллага улсын өвсний нөөцийн 30-40 хувийг хангадаг, бидэнд бизнесийн нэр төр гэж зүйл байдаг. Манай компани байгалийн юмыг үнэгүй авдаг хүмүүс биш, улсад татвар төлдөг хууль ёсны байгууллага юм. Жилийн жилд Мэргэжлийн хяналтад дээж өгч шинжлүүлдэг. Ямар ч байгууллага өвсөө гадаа хадгалдаг, үүн дээр асуудал байдаггүй. Би нэгдүгээрт шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зөв гэж бодож байна. Малын эмч үхсэн малаас 5 цулын шинжилгээ хийсэн байдаг. Ингэхэд уушгинд нь юу ч илрээгүй байдаг. Хордлого авсан мал заавал уушгинд нь хордлого илрэх ёстой байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:     

Нэхэмжлэгч Ш.Д.хариуцагч А ХХК-д холбогдуулан 400 боодол өвсний үнэ 1 960 000 төгрөг, өвс тээвэрлэлтийн хөлс 160 000 төгрөг, малын эмчийн дуудлага 50 000 төгрөг, малын эмчилгээнд 100 000 төгрөг, мал устгахад зарцуулагдсан машины шатахууны 150 000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэлгээ 1 үхрийг 800 000 төгрөг, 1 бяруу 400 000 төгрөг нийт 4 157 500 төгрөгийг хариуцагч А ХХК-с гаргуулах, мөн 240 боодол өвсийг устгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан байна. /х.х-ийн 1-3 тал/

Нэхэмжлэгч Ш.Д.нь Ц.Пүрэвжавт Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн эхнэр Ц.Пүрэвжавд намайг төлөөлөн өвсний талаар нэхэмжлэл гаргаж, Төв аймаг, иргэний хэргийн шүүхэд хандаж хохирол барагдуулах шүүх хуралд орох итгэмжлэл олгожээ. /х.х-ийн 7 тал/

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ... А ХХК-ийн бэлтгэсэн өвснөөс 400 боодлыг худалдан авч өөрийн 61 тооны үхэрт 01 сарын 14-ний өдрөөс өгөхөд 3 дахь хоногоос хордлогын шинж тэмдэг илэрч, 17-ны өглөө 1 бяруу үхсэн, малын эмчид хандаж эмчлүүлсэн, өвснөөс авсан дээжээс аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илэрсэн тул зогсоосон. Ингээд манай 3 тооны бяруу үхэж, 17 үхэр өвдсөн. Өвс өгөхөө зогсоож, урьд нь хэрэглэж байсан Улаанбаатар ХХК-ийн будаа, хивэгийг өгөхөд өвчлөл гараагүй тул учирсан гэм хорын хохирлыг гаргуулна гэж,

Хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... манай компани олон жил улсын өвс тэжээлийг бэлтгэж ирсэн туршлагатай компани, тухайн өвс хадсан Хоньчийн нурууны өвснөөс хэрэглэж байгаа миний өөрийн мал хорогдоогүй, өвдөөгүй эрүүл саруул байна. Үнэхээр манай байгууллагын буруу байгаа бол нэхэмжлэгчид хохирлыг барагдуулна. Манай бэлтгэсэн өвснөөс үхэр хордож үхсэн бол таван цул, уушиганд нөлөөлөх ёстой, тийм зүйл илрээгүй, нэхэмжлэгчийн будаа хивэгэнд ч мөөгөнцөр илэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын Цэмбэл-Эрдэнэ мал эмнэлэгийн Мал, амьтаны өвсний хордлого өвчин гарсан тухай акт, / х.х-ийн 5-р тал/, Төв аймаг, Эрдэнэ сумын Цэмбэл-Эрдэнэ ХХК-ийн малын эмч Б.Алтанхутгын Үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолт, /х.х-ийн 6-р тал/, Гэрэл зураг үхсэн үхрийн зураг /х.х-ийн 8-р тал/ зэрэг баримтаар нэхэмжлэгч Ш.Дархижавын 3 тооны үхэр, бяруу үхсэн болох нь нотлогдож байна.                       

Хариуцагч А ХХК-иас өвс худалдаж авсан иргэн Т.Манжаа, н.Мөнхтуяа, Ш.Д.нарын өвснөөс аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илэрсэн болох нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 17-680 дугаар шинжилгээний дүнгийн хуудсанд Өсгөвөрлөх шинжилгээгээр Алтернари мөөгөнцөр илрэв. /х.х-ийн 10 тал/, 17-256 дугаар шинжилгээний дүнгийн хуудсанд ... алколойд илрэгүй, хар тугалга, кадми зөвшөөрөгдөх хэмжээнд, аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илрэв. /х.х-ийн 92 тал/, 17-648 дугаар шинжилгээний дүнгийн хуудсанд өсгөвөрлөх шинжилгээгээр Алтернари төрлийн мөөгөнцөр илрэв. /х.х-ийн 104 тал/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №19-02-008-316 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтээр Өвс техникийн шаардлага MNS-0592-2008 стандартын 6, техникийн шаардлага 6.3 заалтын шаардлага хангахгүй байна /х.х-ийн 12 тал/ гэх баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч Эрдэнэ сумын малын эмч Б.Алтанхутга Дуудлагын дагуу очиход нэг үхэр үхсэн, гурван үхэр өвчилсөн байсан. Үхсэн үхэрт задлан хийж, ... дээж авсан. Хордлогын шинж илэрч байсан. Лабораториос хариу ирсэн. ... Эд эрхтэн дээр хордлого илрээгүй. ... тэгээд өвснөөс хордоод байна гэж тодорхойлсон. Өвсийг шинжилгээнд өгөхөд мөөгөнцөр илэрлээ гэсэн хариу ... ирсэн. Миний тогтоосон эхний акт, тодорхойлолт бол хүчин төгөлдөр ... Индотоксин гэдэг хор ялгаруулдаг мөөгөнцөр юм. Мал эмнэлгийн лаборатороос өөр өөр хариу гараад байгаа. Тэрийг би ойлгохгүй байна. Би өөрийнхөө мэдрэхүйн эрхтнээр өвснөөс хордоод байна гэдгийг тогтоосон /х.х-ийн 77, 182-188 тал/,

Гэрч, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Э.Ганболд ... өвснөөс мөөгөнцөр илэрсэн тул эхлээд стандарт бус гэж дүгнэлт гаргасан, ... 1 нуруунаас авсан 3 айлын 2 айлын мал нь үхээгүй, 1 айлынх нь мал үхсэн байдаг. Удсан өвс мөөгөнцөр үүсэх шалтгаан байдаг гэх мэдүүлэг /х.х-ийн 131 тал/,

Гэрч Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ш.Батболд ... 2017 оны цагаан сараас өмнө 300 боодол өвс, цагаан сараас хойш 300 боодол өвс авсан. Манай малд хордсон зүйл байхгүй. Манжаа ахынх бас худалдаж авсан. Тийм асуудал гаргаагүй. Огт үхээгүй гэх мэдүүлэг /х.х-ийн 171-172 тал/,

Гэрч Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Т.Манжаа Дархижавынх бас манайх Нямбаатараас өвс авсан. Над руу мал үхлээ, олон мал өвдсөн гэж утсаар ярьсан нь үнэн ... Миний 3 адуу үхсэн нь үнэн. Цаг хугацааны хувьд 2017 оны 4 дүгээр сараас хойш манай мал үхсэн, ... би хэрэг зарга болгоод яах вэ угаасаа шийдэгдэхгүй юм чинь гэж хэлсэн. Нөгөө талаар би бизнес хийж байгаа Нямбаатарын нэрийг бодсон. гэх мэдүүлэг /х.х-ийн 189-190 тал/

Гэрч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мөөгөнцөр судлаач, эмч С.Болдбаатар ... Үхүүлэх тун гэж байдаг. Сүүлийн 60 жил микотоксимийн судалгаа хийгдэж байгаа. Монголд энэ талаар судалгаа шинжилгээ бага байдаг, ... аспергиллус нигер нь хорт хавдар үүсгэдэг бодис мөн, гэхдээ бодисын агууламжийн хэмжээнээс хамаарна ... жил хадгалсан өвсөнд цаг уурын байдал, чийг, хуурайшилтаас болж микотоксим өсч, үржиж байдаг. Монгол улсын стандартаар ийм өвсийг өгнө, ийм өвсийг өгөхгүй гэсэн хэмжилт зүй байдаггүй. Гэхдээ яг одоогоор энэ өвсийг өгвөл мал шууд үхүүлэх хэмжээнд хүрэхгүй ч удаан хугацаагаар хордлого өгөх, мал өвдөх магадлалтай, микотоксимийн хэмжээ үхүүлэх хэмжээнээс 20 дахин бага байхад мал амьтанд гаж нөлөөгүй гэх мэдүүлэг /х.х-ийн 198-199 тал/,

Гэрч, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Ундрахбаатар ... иргэн Т.Манжаагийн өвс болон Ш.Дархижавын өвс, хивэг, будаанаас дээж авсан, шинжилгээний хариугаар бүгдээс нь мөөгөнцөр илэрсэн байдаг ... Хэн нэгнийг буруутгах эрх байхгүй. Өвснөөс нь мөөгөнцөр илэрсэн гэж /х.х-ийн 200 тал/ тус тус мэдүүлжээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч А ХХК-ийн бэлтгэсэн өвс болон нэхэмжлэгч Ш.Дархижавын малдаа өгч байсан будаа, хивэгнээс аспергиллус нигер, алтернари төрлийн мөөгөнцөр илэрсэн нь тогтоогдож байх боловч эдгээр төрлийн мөөгөнцөр ялангуяа аспергиллус нигер төрлийн мөөгөнцөртэй өвс нь бяруу, үхэр үхэлд хүргэх үр дагавартай эсэх нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Д.өөрийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг учруулсан этгээдээс нэхэмжлэн эрхтэй байх боловч хохирол учруулсан этгээд нь А ХХК болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 3 тооны үхэр, бяруу үхсэн гэх үйл баримт тогтоогдож байх хэдий ч хариуцагч А ХХК-ийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бяруу, үхэр үхсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас /х.х-ийн 9,11 тал/ нь хуульд заасан нотлох баримтыг эхээр нь эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх заалтыг зөрчсөн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна. гэж заасан байх бөгөөд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлт нь /х.х-ийн 147-151 тал/ байгууллагын тэмдэг, дардасгүй, шинжээчийн гарын үсэг зурагдаагүй, хуулийн шаардлага хангахгүй тул дээр дурдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дархижаваас Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээчийн зардал 364 800 төгрөг, гэрч Б.Алтанхутга, гэрч Т.Манжаа нарыг Төв аймгийн Эрдэнэ суманд очиж асуусан тээврийн зардал 59 160 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар заасан боловч зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан /х.х-ийн 63-64 тал/, хүсэлт хэвээр байх тул /х.х-ийн 67, 129, 194 тал/ мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйгээр шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ш.Дархижавын нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох 400 боодол өвсний үнэ 1 960 000 төгрөг, өвс тээвэрлэлтийн хөлс 160 000 төгрөг, малын эмчийн дуудлага 50 000 төгрөг, малын эмчилгээнд 100 000 төгрөг, мал устгахад зарцуулагдсан машины шатахууны үнэ 150 000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэ 800 000 төгрөг, 1 бярууны үнэ 400 000 төгрөг нийт 4 157 500 төгрөг гаргуулах, 240 боодол өвс устгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дархижаваас Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээчийн зардал 364 800 төгрөг гаргуулан Төрийн сан банк, Ариун цэврийн төв лабораторийн 100900019030 дугаар дансанд, гэрчийн тээврийн зардал 59 160 төгрөг гаргуулан Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын дансанд оруулсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ А.ЭНХТӨР

 

                                    ШҮҮГЧ Б.ЦОЛМОН

                                   

                                    ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ