Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 10

 

2018 оны 05 сарын 30 өдөр

 Дугаар 223/МА2018/00010

 

 

Ш.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч  Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/00339 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

“Гэм хорын хохирол 4 157 500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 01 дүгээр сард иргэн Н.Нямбаатар гэдэг хүнээс ... бэлтгэсэн өвснөөс нь 400 боодлыг ... 2017 оны 01 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд худалдаж аваад 61 тооны үхэртээ өгсөн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 4 бяруу маш муу, бөөлжсөн, гэдэс нь дүүрсэн, халуурсан байсан. Сумын малын эмч Алтанхутгад дуудлага өгөөд эмчийг ирэхэд 1 бяруу үхсэн, 3 бяруу хүнд байсан. Эмч 3 бяруунд тариа хийгээд, үхсэн бяруунд задлан хийж, дээж авч явсан. Гэтэл 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд 2 бяруу нэмж үхсэн байсан, тэр болгонд эмч дуудан ирүүлсэн бөгөөд эмч хэлэхдээ задлан хийсэн бярууны ходоод нь улаан хүрэн өнгөтэй болсон байсан, ямар нэг зүйлээс хордсон байх магадлалтай гэж хэлээд биднээс малдаа ямар тэжээл өгч байгаа талаар асуусан. Бид малдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Улаанбаатар ХХК-ийн хивэг, Дарханаас авсан улаан буудай, өөрсдөө бэлтгэсэн өвсөөр 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тэжээсэн, хэрэв үүнээс болсон бол энэ үед яагаад нэг ч мал үхэж хорогдоогүй байсан бэ гэдгийг хүн ойлгох байх. Эмч худалдаж авсан өвснөөс 5 боодлоос дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид /УМЭАЦТЛ/ шинжлүүлэхэд хариу нь аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илэрсэн гэх хариу гарсан. Шинжилгээний хариу ирэхээс өмнө малд өвс өгөхгүй байхыг эмч зөвлөсөн боловч өөр өгөх тэжээлгүйгээс өвс өгсөөр байсан, нийт 16 үхэр өвдөж, 3 бяруу үхсэн.

Бид өвс худалдаж авсан Б.Нямбаатартай утсаар удаа дараа ярьж, мал үхээд байна гэхэд огт тоохгүй байсан. Ирж уулз гэхээр нь очиход өөрөө ирээгүй. Бид аргаа бараад худалдаж авсан өвснөөс үлдсэн 240 боодлыг УМЭАЦТЛ-ийн шинжилгээний бичигтэй, сумын цагдаагийн тодорхойлолт хавсаргаад аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан үлдсэн 240 боодол өвсийг устгаж өгөхийг хүссэн. Гэтэл өвсний эзэн Б.Нямбаатар гэнэт ухаан орсон юм шиг хотоос эмч авчирж өөрийнхөө өвснөөс дээж авч явж шинжлүүлхэд хариу нь мөн л мөөгөнцөртэй гэж гарсан. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ундрахбаяр, Ганболд нар өвсний эзэн Б.Нямбаатарыг дагуулж ирээд дахиад өвс, хивэг, будаанаас дахин дээж авч явсан. Энэ хариу нь мөн адил мөөгөнцөртэй буюу 3 дээжний хариу нэг ижил гарсан. Бид шинжилгээний хариунд эргэлзээгүй. Харин хүргэж өгсөн дээжинд эргэлзэж байна. Яагаад гэвэл бид тэжээлээ Таван богд буюу Улаанбаатар ХХК-с олон жил авч хэрэглэж ирсэн. Хэрэв хивэгнээс янз бүрийн хор, мөөгөнцөр илэрсэн бол Мэргэжлийн хяналтын газар цаг алдалгүй очиж шалгах ёстой. Б.Нямбаатар нь өөрийн зарсан өвсөө шаардлага хангахгүй болохыг мэдмэгц өрөөлийн бараа бүтээгдэхүүнийг хортой гаргахыг завдсан үйлдэл буруу байна. Энэ хүний өвсний хадгалалт буруу, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрэлдэхүүн 240 боодол өвснөөс дээж авах ёстой гэсэн шийдвэрийн дагуу шинжээч өвснөөс дээж авсан байдаг. Үүний хариу нь мөөгөнцөр бол хаа сайгүй байдаг. Энэ нь мал үхэх шалтгаан болохгүй гэсэн байдаг. Энэ шинжилгээний хариунд би гомдолтой байгаа. Ийм л зүйл болсон юм. Иймд 400 боодол өвсний үнэ 1 960 000 төгрөг, өвс тээвэрлэлтийн хөлс 160 000 төгрөг, малын эмчийн дуудлага 50 000 төгрөг, малын эмчилгээнд 100 000 төгрөг, мал устгахад зарцуулагдсан машины шатахууны 150 000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэлгээ 1 үхрийг 800 000 төгрөг, 1 бяруу 400 000 төгрөг нийт 4 157 500 төгрөгийг хариуцагч Атласженерал ХХК-сгаргуулах, мөн 240 боодол өвсийг устгуулахыг хариуцагчид даалгах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Пүрэвжав, Ш.Дархижав нар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Атлас женерал ХХК-иас 400 боодол өвс 1 боодол тус бүрийг нь 4 900 төгрөгөөр худалдан авсан байдаг. Үүн дээр ямар нэг маргаан байхгүй. 01 дүгээр сарын 17-ны өглөө 4 тооны үхэр нь шүлс нь гоожсон, гэдэс нь дүүрсэн, халуурсан байдалтай байхад иргэн Ш.Дархижав малын эмч Б.Алтанхутгыг дуудаж үхсэн малаас дээж авахуулаад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори руу дүгнэлтийн хамт явуулсан байдаг. Мал эмнэлэг, ариун цэврийн улсын төв лаборатори нь бид үхсэн малын элэг, уушиг дотор эд эрхтнээс шинжилгээ авч байж тодорхой хариу өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байдаг. Харин сумын эмч Б.Алтанхутга тухайн үед нь дээжээ аваад Төв лаборатори луу явуулсан байдаг ба энэ нь лабораторийн архивт нь байгаа. Гэтэл үүнийг сүүлд шинжээч томилох шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байдаг. Энэ бол анхаарч үзэх ёстой асуудал. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б.Нямбаатар нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Э.Ганболд, С.Ундрахбаатар нарыг дагуулж ирж өвс, хивэг, будаанаас дээж аваад явсан байдаг. Урд нь зөвхөн өвснөөс дээж аваад явсан. Гэтэл өвс, хивэг, будаанаас бүгдээс нь мөөгөнцөр илэрсэн, нэхэмжлэгч нь хивэг, будаагаа Таван богд ХХК-иас худалдан авсан байдаг. Урд нь хивэг, будааг өгч байхад ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Тэр дээжийг Б.Алтанхутга, С.Ундрахбаатар нар 14 хоногт хүргүүлсэн, тэгэхээр авсан дээжиндээ бус хүргүүлсэн дээжиндээ янз бүрийн зүйл орчихоогүй байгаа гэсэн хардлага байна. Яагаад гэвэл С.Ундрахбаатар, Б.Нямбаатартай найзын холбоо байдаг юм шиг байгаа юм. Энэ бас анхаарах ёстой асуудал. Нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүн, мөн нэхэмжлэгчийн хэлснээр хашаанд байгаа 240 боодол өвсийг хариуцагчаар устгуулах саналтай байна. Нэхэмжлэгч талаас өөрт байгаа бололцоогоо ашиглан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талаас хэдий шинжээчийн дүгнэлтээр яриад байгаа боловч, яг ямар үндэслэлээр татгалзаад байгаа вэ гэдгээ нотолж чадахгүй байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Атласженерал ХХК 2011 онд байгуулагдсан цагаасаа малын тэжээл бэлтгэж 21 аймаг, 100 гаруй сумдад өвс тэжээл нийлүүлсээр ирлээ. Энэ хугацаанд 25 700 тонн өвсийг технологийн дагуу бэлтгэж ирэхэд нэг ч удаа гомдол, шүүмжлэл гарч байгаагүй. ... 2016 оны 09 дүгээр сард бид Цонжин болдог дахь өөрийн аж ахуйн хашаанд 7 000 боодол өвс нөөцөлж хадгалсны нэг нурууг иргэн Т.Манжаа улсын нөөцийн үнээр буюу 4 900 төгрөгөөр бодож авсан байдаг. ... өвс бэлтгэхэд нэг боодол өвсний зардал 4 630 төгрөг болж байсан. ... Манайхаас өвс авахдаа 3 хүн хувааж авсан байдаг бөгөөд дээд хэсгээс 300 боодол өвсийг Т.Манжаа, дунд хэсгээс 400 боодлыг Ш.Дархижав, улны хэсгээс фермер Мөнхтуяа 300 боодол авсан. Хураасан өвсний дунд хэсгээс малчин Ш.Дархижав 400 боодол өвс авсан бөгөөд хамгийн чийг авах боломжтой ул хэсгээс Мөнхтуяа авахдаа эхлээд 150 боодол өвс аваад боломжийн өвс байна гээд дахин ирж 150 боодол өвс авсан. Өвс авсан Манжаа, Мөнхтуяа нарын малаас ганц ч мал өвдөөгүй гэдгийг тэд нар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдад хэлсэн байдаг. Манаач Амарбаатар 2016 оны 01 сард над руу утасдаж өвсний талаар гомдол ирлээ гээд Ш.Дархижавыг надтай яриулсан, тухайн үед миний ээж хүнд өвчтэй байсан тул уулзах боломжгүй гэдгээ хэлээд өвс өгөхөө зогсоогоод буцаагаад авчраад буулгачих гэж хэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 27-нд Ш.Дархижавын гомдлын дагуу нийслэлийн мал эмнэлгийн 3 ажилтан очиж газар дээр нь ажиллах гэсэн боловч хот явж байна, хүнгүй байгаа, сумын малын эмч Б.Алтанхутгыг авч очихгүй бол очоод хэрэггүй гэсэн. Б.Алтанхутга эмч рүү ярьсан боловч ирээгүй.

Төв аймгийн мал эмнэлгийн улсын байцаагч С.Ундрахбаатар, таримал үр сортын хяналтын улсын байцаагч Э.Ганболд нартай 2016 оны 03 дугаар сарын 31-нд хамт байлцан малчин Ш.Дархижавын өвс, будаа, хивэгнээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээнд өгөх гэхэд Ш.Дархижав тухайн улсын байцаагчдад үл итгэсэн байдалтай байхаар нь хамт яв гэхэд завгүй гээд яваагүй. 2016 оны 04 дүгээр сарын 20-оор Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний хариу гарсныг дуулгахад 3 дээжээс бүгдээс нь мөөгөнцөр илэрсэн бөгөөд уг үхрийн уушиганд хордлогын шинж илрээгүй гэхээр нь тайвширсан болно. 3 дахь шинжилгээг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээч эмч Сэржмядаг гэдэг хүн ирж аваад явсан байдаг. Сарын дараа хариу гартал мөн л мөөгөнцөр илэрсэн. Мөөгөнцөр илрэхээр яадаг вэ гэж намайг асуухад, бүх л өвсөнд мөөгөнцөр байдаг, мөөгөнцөргүй өвс гэж хаа ч байхгүй гэж хэлсэн. Эцэст нь хэлэхэд шинжилгээний хариунаас харвал өвс идсэнээс мал үхэх шалтгаан огтхон ч биш юм. Тухайн өвс хадсан Хоньчийн нурууны өвснөөс манайх 1000 боодлыг хэрэглэж байгаа мал хорогдоогүй, өвдөөгүй эрүүл саруул байгаа. Би нэхэмжлэгчийг тухайн үедээ өвс өгөхөө зогсоогоод манайд ирээд буулгачих гэж хэлсэн. Тэгэхэд 160 боодол өвс өгчихөөд байхад 3 үхэр үхээд бусад нь зүгээр байдаг. Үнэхээр манай байгууллагын буруу байгаа бол нэхэмжлэгчид хохирлыг барагдуулна. Манай байгууллага улсын өвсний нөөцийн 30-40 хувийг хангадаг, бидэнд бизнесийн нэр төр гэж зүйл байдаг. Манай компани байгалийн юмыг үнэгүй авдаг хүмүүс биш, улсад татвар төлдөг хууль ёсны байгууллага юм. Жилийн жилд Мэргэжлийн хяналтад дээж өгч шинжлүүлдэг. Ямар ч байгууллага өвсөө гадаа хадгалдаг, үүн дээр асуудал байдаггүй. Би нэгдүгээрт шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зөв гэж бодож байна. Малын эмч үхсэн малаас 5 цулын шинжилгээ хийсэн байдаг. Ингэхэд уушгинд нь юу ч илрээгүй байдаг. Хордлого авсан мал заавал уушгинд нь хордлого илрэх ёстой байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ш.Дархижавын нэхэмжлэлтэй Атласженерал ХХК-д холбогдох 400 боодол өвсний үнэ 1 960 000 төгрөг, өвс тээвэрлэлтийн хөлс 160 000 төгрөг, малын эмчийн дуудлага 50 000 төгрөг, малын эмчилгээнд 100 000 төгрөг, мал устгахад зарцуулагдсан машины шатахууны үнэ 150 000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэ 800 000 төгрөг, 1 бярууны үнэ 400 000 төгрөг нийт 4 157 500 төгрөг гаргуулах, 240 боодол өвс устгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1,53.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дархижаваас Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээчийн зардал 364 800 төгрөг гаргуулан Төрийн сан банк, Ариун цэврийн төв лабораторийн 100900019030 дугаар дансанд, гэрчийн тээврийн зардал 59 160 төгрөг гаргуулан Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын дансанд оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвжав давж заалдах гомдолдоо: “...Ш.Дархижавын нэхэмжлэлтэй “Атласженерал” ХХК-д холбогдох 4157500 төгрөг гаргуулахаар 2017-оны 06-р сард Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн гэтэл Шүүгч А.Энхтөр манай хурлыг даргалан шүүхээр томилогдсон. Энэ шүүгчээр шүүлгэсэндээ туйлын их харамсаж байна. Учир нь хурлын зохион байгуулалт муу 2017 оноос хойш хурал 2 удаа болж 5-н удаа хойшлогдсон. Үүнээс 4-н удаа хариуцагч талын хүсэлтээр нэг удаа манай өмгөөлөгч хуралтай байсан учир хойшлогдсон. 2017 оны 10 сарын 23-ны өдөр 10:00-н цагт хурал эхэлж 12:30-д дууссан энэ явцад хурал болж шийдвэр гаргах байсан. Гэтэл УМЭАЦТЛ-н 4н удаагийн шинжилгээ байсаар байтал үлдэгдэл 240 боодол өвснөөс дахин дээж авна гээд хурлыг УМЭАЦТЛ-т шинжээчээр томилон шинжээчийн дүгнэлт иртэл түр хугацаагаар түдгэлзүүлсэн нь надад таалагдаагүй. Яагаад гэвэл УМЭАЦТЛ-н 240 боодол өвснөөс дээж авсан 4-н удаагийн хариу байхад дахин дээж авна гэдэг нь нэгийг бодогдуулж байна. 2017 оны 12 сарын 26-д УМЭАЦТЛ-оос Сэржмядаг эмчээр ахлуулсан нийт 3-н малын эмч ирж өвөлжөө хаваржааны зураг авч бичлэг хийж өвснөөс 5 дахь удаагийнхаа дээжийг авч явсан. Дээжний хариу 14 хонож гардаг байтал энэ хариу 70 хонож гарсан бөгөөд дүгнэлт нь олон төрлийн мөөгөнцөр илэрсэн боловч мал үхэх шалтгаан болохгүй мал турж эцэж муудан хээл хаядаг гэж бичээд АНУ-н шинжилгээ судалгааг тавьсан байна. АНУ-н шинжилгээний жишиг нь 1984, 1986-н оных байх бөгөөд 20 гаруй жилийн өмнөх жишээ тавьж байгаа нь анхаарал татаж байна. Би Монголдоо монгол бэлчээрийн мал үзүүлж байгаа гэтэл хэдий хэмжээтэй мөөгөнцөр идэж мал үхэх талаар эрдэмтэд өнөөг хүртэл судалж хэмжиж дээд доод хэмжээг тогтоогоогүй байдаг талаар УМЭАЦТЛ-н мөөгөнцөр судлалын их эмч Болдбаатар шүүх хурал дээр ярив. Ийм болчимгүй нэг талыг баримтлан ярьж буй эмч шүүгч нарыг би ойлгохгүй байна. Тов аймаг Эрдэнэ сумын Цэмбэл эрдэнэ ХХК-н захирал малын их эмч Алтанхутаг нь мөөгөнцөр олон янз байдаг гэвч "Аспергулис нигер " төрлийн мөөгөнцөр нь хор ялгаруулдаг ба өвсөнд огт илрэх ёсгүй байдаг. Ийм ч учраас 2017 оны 02 сарын 06-ны 17-256 тоот шинжилгээний хариуг үндэслэн үхсэн 3-н малд шинжилгээ хийж акт тогтоож уг өвсийг дахин малд өгөхийг хориглосон гэж гэрчээр асуухад хэлсэн ба миний акт өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр гэв. Төв аймаг МХ-н газар ургамал судлалын их эмч н.Ганболд малын их эмч н.Ундрахбаатар 2 дүгнэлт гаргахдаа өвсний хадгалалт буруу гэж дүгнэлт гаргасан ба МХГ-н дарга Мөнхсүлд дээр би 2 асуулт асуухаар орсон:

1.         240 боодол өвсөө өгөх үгүйг

2.         Уг өвсөө МХГ-аар устгалд оруулах зорилгоор орсон боловч н.Мөнхсүлд дарга 2 эмчээ дуудаж ирээд мөөгөнцөр хортой юу, энэ өвсийг малд өгч болох уу гэсэн 2 асуултанд 2эмч мөөгөнцөр хортой нэгэнт хортой өвсийг өгч болохгүй гэхдээ өвс устгах талаах шүүхийн дүгнэлтээр тогтооно гэж хэлсэн. Хэрэв шүүх устга гэвэл манай байгууллага хяналт тавьж устгах ёстой гэж дарга нь хэлсэн. Тэгээд дүгнэлтээ бичиж өгөхийг 2 эмчдээ хэлсэн. 2 эмч нь дэр дороо надад дүгнэлт бичиж өгөөгүй. Дараа нь бичээд Эрдэнэ сум руу явуулна гээд хоцорсон. Энэ эмч нар н.Нямбаатар гэдэг хүнтэй ОХУ-н оюутны найз, ургамал тариалж байхдаа ажил хэргийн түншүүд учраас даргынхаа өрөөнд хэлсэн бүхнээ дүгнэлтэндээ дурдаагүй байсан. Мөн 2017.03.30 өдөр Нямбаатар 2 эмчийг дагуулж манайд ирээд дээж авч явсан ба уг дээж нь битүүмжлэл байхгүй. хонох ёсгүй дээжийг өрөөндөө хонуулсан гээд маш олон зүйлийг зөрчсөн. Өвс хамт авсан Манжаа гэгч нь гэрчийн мэдүүлгэндээ УМЭАЦТЛ-ын эмч н.Сэржмядаг нарт 2017 оны 04 сард миний 3 адуу үхсэн. Би тоогоогүй юунаас болж үхсэнийг нь мэдэхгүй, чанар муутай өвс идэж байгаа мал үхэлгүй яахав, миний авсан өвснөөс бүгд л дээж авсан бас л мөөгөнцөр илэрсэн гэж хэлсэн. Шүүхийн нотлох баримтыг үзэхэд 80 хувь нь манай гаргаж өгсөн бодит үнэн материал байгаа ба 20 хувь нь шүүхийн бичиг баримт байгаа. Нямбаатарын зүгээс нэг ширхэг ч нотлох баримт байхгүй. Уг хадлан хадаж байхдаа өвсөө шинжилгээнд өгсөн баримт ч байхгүй байхад шүүх бүрэлдэхүүн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож харин ч 423960 төгрөгний хохирол нэмж гаргаж байгаад маш их гомдолтой байна. Хөдөөний малчин хүнийг ингэж доромжилж болох уу? 2018 оны 03 сарын 29- ны өдрийн шүүх хурал эхлэхдээ шийдвэр нь аль хэдийнээ гарчихсан байсан. Шүүгч нар асуулга асуухдаа надаас л асуугаад байсан ба хариуцагчаас танайх 240 боодол өвсөө эргүүлж авах уу? нэгэнт хийсэн наймаа гээд орхих уу? Гэж асууж байгаа нь уур бухимдлыг ихээр хүргэж байна. Төр төмөр нүүрээ харуулах ёстой биш үү? Бас гэрч Ундрахбаатар согтуу мэдүүлэг өгөөд гарсан. Хурал түр зуур завсарлах явцад манай охин Энхтөр шүүгчид согтуу гэрчийг шүүх хуралд оруулж болдог юмуу гэж асуусан. Гэтэл шүүгч Энхтөр нь эргүүлээд согтуу байсан юмуу гэж биднээс асуусан. Ингэж болох уу? Мөн А.Энхтөр шүүгч надаас адуу өвс иддэг мал уу? гэж асуусан нь энэ хүн ямар боловсролтой болохыг тодоос тод харуулж байна. Болдбаатар эмчээс би 3 асуулт асуусан.

1.         Маллаа өвс өгөх эсэхийг

2.         Нигер төрлийн мөөгөнцөр хортой юу?

3   Өвс өгөөд мал үхвэл хэн хариуцах талаар асуусан

Эмч ярихдаа: мөөгөнцөр хортой, нэгэнт хортой юм чинь малд өгөөд хэрэггүй, идээд мал үхвэл бид хариуцахгүй, өвсийг буцаах, устгах талаар ч би мэдэхгүй гэв. Тэгвэл энэ 3 асуултын хариуг хэн мэдэх талаар шүүх тунгаан хэлж өгнө үү? Малын эмчээс чинь өөр нотлох мэргэжлийн байгууллагын дүгнэлт бий юу гэж Алтантуул шүүгч асуув. Уг нь эмчийн тодорхойлолт,  лабораторийн хариунууд байсаар байна гээд хурал завсарлав. Ер нь бидний мал өвдвөл манай малын эмчээс өөр хэн ч ирж үзэхгүй. Гэтэл энэ хүний тодорхойлолт яагаад хүчин төгөлдөр баримт болдоггүй юм бэ? Өвсийг шинжлэхэд буруутай эзнээр нь төлбөрийг нь төлүүлдэг юм байна. Тэгвэл Нямбаатарын компаниас авсан өвс хортой гараад байхад 364800 төгрөгийг намайг төл гэдэг нь ямар учиртай юм бэ? Хортой өвс зарсан эзэн өөрөө төлөх ёстой бус уу. Гэрч этгээдийг хурал дээр дуудаж авч ирэх эрх нь Энхтөр шүүгчид байсан боловч очоод асуучихаж болно биздээ гэсэн. Гэтэл 2018.03.21-нд очиж Алтанхутаг эмчийг гэрчээр асуусан боловч суман дээр өөр 2 шүүх хуралтай явсан байж бинзенд 59160 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд бас дахин харамсаж байна. Хөдөөний шүүгч нар малчин хүнийг мэдрэл муутай гэж дүгнэдэг юм биш биздээ. Нямбаатар гэдэг хүн нь биднийг өвсөө аваад ир гэж хэлсэн бол бид хүргэж өгөөд өөр өвс сольж авах буюу мөнгөө буцааж авах боломж байсан. Гэтэл биднийг тоогоогүй ба уулзахыг ч хүсээгүй. Янз бүрийг шалтаг хэлж цаг хугацаа алдагдуулсан. Нямбаатарын авч ирсэн гэрч Батболд ярихдаа Манжаа бид 2 өвсөө хамт 1 нуруунаас зэрэг авсан. Бас 1 хүн авна гээд ярьж байсан. Биднийг өвсөө аваад явахад тэр хүн ирээгүй гэж хэлсээр байхад Нямбаатар нь улны өвсийг Батболд авсан. дунд хэсгийн сайн өвсийг Дархижав авсан гээд жоохон хүүхэд шиг юм яриад сууж байх юм. Тэр нуруулдсан өвс нь дээд, доод, дунд гэлтгүй хор илрээд байгааг мэдэхгүйдээ яриад байна уу? Эсвэл өөр ярих зүйлгүй учир эргээд байна уу? Мөнгөтэй танилтай хүнийг малчин бид гүйцэхгүй ч гэсэн үнэн үг хэзээд ялдаг гэдгийг санах хэрэгтэй. Өвлийн хүйтэнд хэцүү цагаар мал хоолгүй болж малчин бид сэтгэл санааны гүн хямралд орсон байхад

1-рт дээж авсан байгууллага нь ямар эмч шинжилгээ хийсэн нь мэдэгдэхгүй гарын үсэг, тамга тэмдэггүй. канондсон бичиг баримт явуулсан.

2-рт муу өвс зарснаас болж гэм хорын хохиролд 4157500 тогрөгний хохирол учруулсан

3-рт өвс шинжүүлнэ гэж хүсэлт тавиагүй байхад 2017 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хурлыг учир шалтгаангүй түдгэлзүүлэн байж 364800 төгрөгөөр нэхэмжилж,

4-рт гэрч асуусан нэртэй 59160 төгрөгөөр нэмж хохироож байна. Иймд 2018 оны 03 сарын 29-ны өдрийн  151/ШШ2018/00339 дугаартай шийдвэрийг нягтлан үзэж үнэн зөв шийдвэр, магадлал гаргаж өгнө. ” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар давж заалдах гомдолдоо:  “...Өмгөөлөгчийн зүгээс Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/00339 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Үүнд:

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн зохигч биш этгээдийг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар "Атлас женерал" ХХК-ийг татсан ба үүний дагуу шүүх хариуцагч "Атлас женерал" ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шүүхээс хариуцагч "Атлас женерал" ХХК-д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахдаа хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй Б.Нямбаатарт гардуулан, үүнийг нь тодруулалгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Компанийн захирал гэж байгаа боловч түүнийг нь нотолсон албан бичиг хэрэгт тусгагдаагүй байдаг

Мөн хариуцагчаар хуулийн этгээд болох "Атлас женерал" ХХК байхад иргэн Б.Нямбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулан, түүний гаргасан хүсэлтийн дагуу гэрчээр Ш.Батболдыг асууж, уг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26,40 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн байна. /хх-38 тал/

2. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчаас өвс худалдаж авсан. Нэхэмжлэгчийн үхэр уг өвсийг идсэний дараа үхсэн, хариуцагчаас худалдаж авсан өвс нь стандартын шаардлага хангаагүй. хортой мөөгөнцөртэй байсан гэдэг нь хангалттай тогтоогдсоор байхад шүүх "...нэхэмжлэгчийн 3 тооны үхэр үхсэн гэх үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагчийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс бяруу. үхэр үхсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна" гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон малын эмчийн акт тодорхойлолтууд. гэрчийн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотолж байгаа ба үүнийг үгүйсгэх нотлох баримтын шаардлага хангасан нэг ч баримт хэрэгт байхгүй болно.

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс шинжээч томилох ажиллагаа хийхдээ заавал зохигчийн хүсэлтийг дагуу шинжээч томилох хуулийн зохицуулалттай байдаг.

Гэтэл анхан шатны шүүх 2017 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд талуудын аль нь ч шинжээч томилох хүсэлт гаргаагүй байхад 00069 дугаартай тогтоол гаргаж. шүүх өөрийн санаачлагаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг шинжээчээр томилсон нь дээрх хуулийг зөрчсөн.

Шүүхийн энэхүү тогтоолын дагуу Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори шинжилгээ хийн дүгнэлт гарган 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 36 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн боловч уг шинжилгээг ямар албан тушаалтай, ямар мэргэжилтэй. хэн гэдэг шинжээч гаргаад байгаа нь ойлгомжгүй, шинжээчийн нэр, тамга тэмдэпүй дүгнэлт ирсэн.

Мөн уг шинжилгээг хийгээд байгаа шинжээч нарт шүүх хууль сануулж, гарын үсэг зуруулаагүй. мөн ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, уг шинжилгээг хийхэд хориглох зүйл байгаа эсэх талаар шүүх шалгаагүй зэргээс үзэхэд уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 36 тоот дүгнэлт нь байгууллагын тэмдэг. дардасгүй. шинжээчийн гарын үсэг зурагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно" гэжээ. хх-148-151 тал/

Шүүх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл эсхүл хариуцагчийн татгалзлын үндэслэлийн алийг нь нотолж байгаа талаар дүгнэлт өгч шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгох учиртай. Гэтэл шүүх уг нотлох баримтыг нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн хэрнээ нотлох баримтаар үнэлээд, үнэлсэн нотлох баримтаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байгааг ойлгохгүй байна.

4. Анхан шатны шүүх өөрийн санаачлагаар шинжээч томилчхоод шүүхийн шийдвэрээрээ шинжээчийн зардлыг 100 хувь нэхэмжлэгч талаас гаргуулсанд гомдолтой байна. Учир нь уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч талаас гаргуулахаар хүсэлт гаргаагүй байхад шинжээчийн зардлыг нэхэмжлэгч талаар төлүүлж, хохирсон дээр нь дахин хохироохоор шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

5 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй Улсын төв лаборатори руу Төв аймгийн МХГазраас явуулсан шинжилгээний дээжийг хуульд зааснаар лацдаж ломбодохгуйгээр явуулсан байдгийг хэлсээр байтал огт анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн Улсын төв лаборатор руу хордсон малын 5 н цулын эд эрхтэнг сумын малын эмч Б.Алтанхутга өөрийн биеэр аваачин өгсөөр байтал уг байгууллага хадгалалтын горимоо зөрчиж, комисс томилолгүйгээр, чухам ямар шалтгаанаар устгасан байдаг нь анхаарал их татдаг. Үүнийг нэхэмжлэгч тал хэлсээр байтал шүүх бүрэлдэхүүн огт анхааралгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн энэхүү эргэлзээтэй, үндэслэлгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөрчилтэй дүгнэлтүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдлүүдээс шүүх хариуцагчийн эрх ашгийг хамгаалан ажилласан, талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаагийн зэрэгцээ дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 151/ШШ2018/00339 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож. хэргийг дахин анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн шаардах эрхийн агуулгыг хууль зүйн үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүй, бүх шаардлагыг гэм хороос үүсэх шаардлага гэж үзсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тогтоохгүйгээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Ш.Дархижав хариуцагч “Атласженерал” ХХК-д холбогдуулан  анх 4 457  500 төгрөгийн шаардлага гаргахдаа хариуцагчаас худалдан авсан 400 боодол өвсний үнэ 1 960 000 төгрөг, өвс тээвэрлэлтийн зардалд 160 000 төгрөг, малын эмчийн дуудлагын хөлс 50 000 төгрөг, малын эмчилгээний 100 000 төгрөг, мал устгахад зарцуулсан машины шатахууны зардалд 150 000 төгрөг, өвсөнд хордож үхсэн 3 үхрийн үнэ 1 600 000 төгрөг /1 үнээ-1 000 000 төгрөг, 2 бяруу 1 000 000 төгрөг/ гэж тодорхойлжээ. Мөн хэрэглээгүй байгаа 240 боодол өвсийг устгуулах шаардлагыг гаргажээ.

 Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт шаардлагаа 4 157 500 төгрөг болгож, шаардлагаа 300 000 төгрөгөөр багасгасан байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр малын үнэлгээний комиссоос тогтоосон 3 үхрийн үнэлгээний дагуу үхсэн 3 үхрийн үнийн шаардлагыг багасгасан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж тодруулсан болно.

Хариуцагч “Атласженерал” ХХК нь худалдсан өвснөөс шалтгаалж үхэр үхээгүй тул гэм хорын хохирлыг хариуцахгүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

           Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлсноор  тухайн шаардах эрхийг зохицуулж буй Иргэний хуулийн хэм хэмжээг зөв сонгон хэрэглэх боломжтой болох юм.

Нэхэмжлэгч мөнгөөр тооцож 6 төрлийн шаардлага гаргасан ба тэдгээр шаардлагыг гэм хорын хохирлын шаардлага гэж үзэх эсэхийг Иргэний хуульд нийцүүлэн зөв тодорхойлоогүйгээс шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл,нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоож чадаагүй, хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн 4 157 500 төгрөгийн шаардлагаас 4 020 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин 137 500 төгрөгийн шаардлага болон 240 боодол өвсийг устгуулах гэсэн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-115.2.3. дахь хэсэгт заасан шийдвэрийн аль шийдвэрийг гаргасан нь ойлгомжгүй болжээ.

Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийсэн шүүх хуралдаанаас шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 151/ШТ2017/00069 дугаар шүүхийн тогтоолоор Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг дүгнэлт гаргуулахаар шүүх санаачлагаараа шинжээчээр томилох ажиллагаа явуулсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын мэтгэлцэх зарчим болон шүүх хөндлөнгийн байх зарчмуудыг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх заалтыг буруу хэрэглэсэн алдаа гэж үзнэ. Тухайн шүүх хуралдаан дээр зохигчид шинжээч томилуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна./хх-ийн 128-136-р тал/ Шинжээчийг зөвхөн зохигчийн хүсэлтээр томилох асуудал нь зохигчийн өөрийн шаардлага, татгалзлыг шүүхэд өөрөө нотлох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.,38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүрэгтэй холбоотой юм.

            Шүүх нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж ирүүлсэн “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас” гэх баримт /хх-ийн 10, 91 104-р тал/ -ыг шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь бичмэл нотлох баримтын талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.дэх хэсгийн “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэсэн заалтыг буруу хэрэгжүүлсэн, нотлох баримтыг үнэлэх тухай  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг  бүрэн хэрэгжүүлээгүй алдаа гаргажээ.

Дээрх бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., 6.1.2., 6.1.5.,7 дугаар зүйлийн 7.1., 7.2., 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан шүүхийн шинжилгээ, шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийн буюу  шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1., 37.2.-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдох нотлох баримтанд хамаарах юм.

Анхан шатны шүүхийн гаргасан алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах хуулийн үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2018/00339 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвжавын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАА                    

                                          ШҮҮГЧИД                                        Г.БОЛОРМАА

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР