Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02151

 

"О" ХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01755 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: "О" ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: "Н" ХХК-нд холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч "О" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах,000323248 тоот дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, орон сууц, контор, үйлчилгээний зориулалттай 1,240 м.кв газрыг “К" ХХК-аас худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна.

 

 

 

Тус 1,240 м.кв газар дээр “Н” ХХК нь барьж байгаа барилгынхаа баруун хойд талын 56,2 м.кв талбайг нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт барьсан. Анх худалдаж авах үед 56,2 м.кв талбай, нүдэнд ил харагдахгүй болсон байсан бөгөөд сүүлд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэмжилт хийж, газрын цэгийг байршуулах үед мэдэгдсэн. Энэ үйлдэл нь хууль зөрчиж дур мэдэн барилга, байгууламж барьж манай компанийн газар эзэмших эрхэд халдсан үйлдэл байна. Хариуцагчийн хууль бусаар барьсан объектыг албадан буулгах талаар Нийслэлийн засаг даргад хандаж хариу авсан.

 

 “Н” ХХК нь барилгын захиалагч болох “М” ХХК-ийн охин компани бөгөөд барилгын ажлын зураг төслийг өөрсдөө хийлгэж, тэг тэнхлэгийг байршуулаад ажлыг гүйцэтгэхдээ манай газар руу оруулж барьсан байна.

 

Иймд  56,2 м.кв талбай бүхий барилгыг “О” ХХК-ийн эзэмших эрх бүхий 1,240 м.кв талбайтай газраас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь захиалагч “М” ХХК-ийн захиалгаар автомашины гараж, орон сууцны зориулалттай барилга барихаар ажиллаж байгаа бөгөөд тухайн барилгыг барихтай холбогдуулан холбогдох журмын дагуу “Т” ХХК-аар “Тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай” акт үйлдүүлэн барилгын ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил явагдаж, В1 давхрын цутгалт 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэнээр 2017 оны ажил зогссон.

 

“Н” ХХК захиалагчийн даалгасан ажлыг зураг төслийнх нь дагуу гүйцэтгэж байгаа. Газрын өмчлөгч нь Н.Мишээл гэж иргэн, барилгын захиалагч нь “М” ХХК юм. Манай компанийн барьж буй барилгын ажил 2017 оны 6 дугаар сард эхэлсэн, тус компани 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн газар эзэмших эрхийг олж авсан,тухайн газарт барилга баригдсан байгааг мэдэх боломжтой байсан, шаардлага гаргах эрхээ алдсан гэжээ.

 

                 Шүүх: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай “Н” ХХК-ийн барьж байгаа барилгын 56,2 м.кв талбай бүхий барилгыг өөрийн эзэмших эрх бүхий 1,240 м.кв талбайтай газраас чөлөөлүүлэхийг хүссэн “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 261 657 төгрөгийг гаргуулж Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгохоор шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдссэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагчдаас шаардах байсан гэж дүгнэсэн. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаад “О” ХХК болон газрын өмнөх эзэмшигч Кны хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах ямар нэгэн гэрээ авагдаагүй байхад шүүх ямар нотлох баримтыг үндэслэж худалдах худалдан авах гэрээ байсан гэдгийг дүгнэсэн нь  ойлгомжгүй. Худалдах худалдан авах гэрээ байсан ч уг гэрээний харилцаа дуусгавар болсоны дараа хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан этгээд эрхийг зөрчиж байгаа этгээдэд хандаж шаардах эрхийг хэрэгжүүлэх, эсвэл худалдагчаас шаардах эрхийг хэрэгжүүлэх нь түүний сонгон хэрэгжүүлэх, өрсөлдөх хэм хэмжээ байдаг. Газар эзэмших гэрээ, гэрчилгээ хүчинтэй байхад шүүх 1183,8 m2 газрыг эзэмших эрхтэй гэж тогтоон, улмаар 56,2 m2 газрын хасч шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн харьяалал, холбогдох бусад хуулийн заалтын зөрчсөн шийдвэр болсон. Н ХХК-ийг хариуцагч биш гэж дүгнэхдээ зөвхөн барилга байгууламжийн тэг тэнхлэгийг тогтоох актыг үндэслэж, Нар- Урт ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гэж хэрэгт авагдаагүй баримтыг үнэлсэн. Хэрэгт М ХХК-ийг хариуцагч буюу газрыг эзэмшиж байгаа эсвэл барилгыг бариулж байгаа баримт байхгүй, зөвхөн Н ХХК-ийн тайлбарт дурьдсан. Хэрэгт авагдсан барилга байгууламжийн тэг тэнхлэг тогтоосон акт нь өөрөө захиалагч Монполимент ХХК, Гүйцэтгэгч Н ХХК, Захиалагч Н ХХК зэрэг эргэлзээтэй агуулга бүхий акт байсан. Нэхэмжлэгч нь “М” ХХК-д холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг этгээд хариуцагч биш болох нь тогтоогдвол бидний зүгээс “Н” ХХК-ийн дахин хариуцагчаар татах боломжийг энэхүү шийдвэр хязгаарласан,  Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж цаашид олон сөрөг үр дагавар агуулах болж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж мэтгэлцээнийг бүрэн явуулаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Н ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт тус компани 56,2 м.кв нэвтэрч барилгын суурь цутгасан/барилга барьсан/ тул газрыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч “ ... манайх уг газрын эзэмшигч, өмчлөгч биш,зөвхөн гэрээгээр барилгын ажил гүйцэтгэж байгаа. Барилгын тэг тэнхлэг тавих, хаана барилга барих газрыг нэхэмжлэгчийн хөрш залгаа газрын  өмчлөгч, эзэмшигч нь зааж өгсөн” гэсэн агуулга бүхий татгалзал гаргажээ.

 

Тухайн хэрэгт  хөршийн хил нэвтэрсэн үйлдэл байгаа эсэх, хариуцагчийн гүйцэтгэж буй  барилгын ажил буюу барилгын хэсэг нэхэмжлэгчийн эзэмшил  газарт хэдий хэмжээнд нэвтэрч баригдсан болох/ давхацлыг/ тодруулахаар шүүхээс шинжээч томилжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэжээ. Тухайн хэрэгт шинжээч томилсон шүүгчийн захирамж 2018 оны 3 дугаар сарын 14-нд гарсан, шинжээчдийн ажлын хэсэг 3 дугаар сарын 30-нд бүрдсэн,  захирамжийн дагуу шинжилгээ хийж, зарим хэмжилт хийх ажиллагааг  шинжээчид  2018 оны 5 дугаар сарын 8-нд  хийсэн, дүгнэлтээ нэгтгэж 2018 оны 6 дугаар сарын 4-нд эцсийн дүгнэлт бичсэн, шинжээч нарт хууль сануулах ажиллагааг 2018 оны 6 сарын 4-нд хийжээ. /хх 55-75/

Шинжээч нарт урьдчилан хууль сануулсан гэж дүгнэх боломжгүй, хууль сануулаагүй байхад хийсэн ажиллагааг буюу хууль зөрчин гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцэхгүй. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулах боломжгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хөршийн эрхийн дагуу шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй юм. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхээр хамгаалуулахаар шаардаж буй  эрхийн хүрээгээ хэрхэн юугаар тодорхойлж байгаа нь тодорхой бус, бүртгэлд үндэслэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь хэн болох, хөршийн хил нэвтрэн суурь цутгасан ажиллагааны буруутай этгээд нь хэн болох, эсхүл суурь цутгасан ажиллагааг Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх зохицуулалттай нэхэмжлэгч хэрхэн уялдуулан тайлбарлаж байгаа зэргийг тодруулж, тухайн асуудлаар талуудыг бүрэн мэтгэлцүүлэх нь шүүхээс хэргийг агуулгаар нь зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Тухайн хэрэгт талууд нэхэмжлэгчийн хөрш залгаа газрын өмчлөгч,эзэмшигчийг иргэн Мишээл, М ХХК, М ХХК-ийн охин компани болох Н ХХК, Н ХХК зөвхөн барилгын ажлын гүйцэтгэгч гэх мэтчилэн зөрүүтэй тайлбарласан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

 Нэхэмжлэгчийн “М” ХХК-д холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг этгээд хариуцагч биш болох нь тогтоогдвол бидний зүгээс “Н” ХХК-ийн дахин хариуцагчаар татах боломжийг энэхүү шийдвэр хязгаарласан” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг   хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01755 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Т.ТУЯА

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД