Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00414

 

“О ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01755 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2151 дүгээр магадлалтай,

            "О" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             “Н ” ХХК-д холбогдох

             Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэвдорж, Ч.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “О ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах, 000323248 тоот дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, орон сууц, контор, үйлчилгээний зориулалттай 1,240 м.кв газрыг “Капитал банк" ХХК-аас худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч 2017 оны 12 сарын 04-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна. Тус 1,240 м.кв газар дээр “Н " ХХК нь барьж байгаа барилгынхаа баруун хойд талын 56,2 м.кв талбайг нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт барьсан. Анх худалдаж авах үед 56,2 м.кв талбай, нүдэнд ил харагдахгүй болсон байсан бөгөөд сүүлд 2017 оны 12 сарын 08-ны өдөр хэмжилт хийж, газрын цэгийг байршуулах үед мэдэгдсэн. Энэ үйлдэл нь хууль зөрчиж дур мэдэн барилга, байгууламж барьж манай компанийн газар эзэмших эрхэд халдсан үйлдэл байна. Хариуцагчийн хууль бусаар барьсан объектыг албадан буулгах талаар Нийслэлийн засаг даргад хандаж хариу авсан. “Н " ХХК нь барилгын захиалагч болох “Монполимет” ХХК-ийн охин компани бөгөөд барилгын ажлын зураг төслийг өөрсдөө хийлгэж, тэг тэнхлэгийг байршуулаад ажлыг гүйцэтгэхдээ манай газар руу оруулж барьсан байна. Иймд 56,2 м.кв талбай бүхий барилгыг “О " ХХК-ийн эзэмших эрх бүхий 1,240 м.кв талбайтай газраас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь захиалагч “Монполимет” ХХК-ийн захиалгаар автомашины гараж, орон сууцны зориулалттай барилга барихаар ажиллаж байгаа бөгөөд тухайн барилгыг барихтай холбогдуулан холбогдох журмын дагуу “Топкад” ХХК-аар “Тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай” акт үйлдүүлэн барилгын ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил явагдаж, В1 давхрын цутгалт 2017 оны 10 сарын 06-ны өдөр хийгдсэнээр 2017 оны ажил зогссон. “Н ” ХХК захиалагчийн даалгасан ажлыг зураг төслийнх нь дагуу гүйцэтгэж байгаа. Газрын өмчлөгч нь Н.Мишээл гэж иргэн, барилгын захиалагч нь “Монполимет” ХХК юм. Манай компанийн барьж буй барилгын ажил 2017 оны 6 дугаар сард эхэлсэн, тус компани 2017 оны 12 сарын 04-ний өдрөөс эхлэн газар эзэмших эрхийг олж авсан. Тухайн газарт барилга баригдсан байгааг мэдэх боломжтой байсан, шаардлага гаргах эрхээ алдсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01755 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай “Н ” ХХК-ийн барьж байгаа барилгын 56,2 м.кв талбай бүхий барилгыг өөрийн эзэмших эрх бүхий 1,240 м.кв талбайтай газраас чөлөөлүүлэхийг хүссэн “О ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2151 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар, Ц.Энхтүвшин нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2151 тоот магадлалыг бүхэлд нь үл зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01755 шийдвэрийг хэвээр үлдээж өгөх гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бүх нөхцөл байдлыг гүйцэд дүгнэн нэхэмжлэлийн хүрээнд, талуудын тайлбар, мэтгэлцээний хүрээнд нотлох баримтыг зөв үнэлэн шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь бус хэргийн зарим нэг нөхцөл байдлыг үндэслэн магадлал гаргасан нь бүхлээрээ учир дутагдалтай болжээ. Шүүх бол нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлдог байгууллага биш. Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргадаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч шүүх хуралдааны үед тайлбарлуулан, тодруулан хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өөрийн шаардах эрхээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дагуу тодорхойлон нэхэмжлэл гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн Хөршийн хил нэвтэрсэн үйлдэл байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхэд чиглэл өгсөн, нэхэмжлэгчид зөвлөгөө өгсөн шинжтэй байна. Давж заалдах шатны шүүхийн энэ магадлал нь нэхэмжлэгч, хариуцагчийн эрхэнд халдсан магадлал болжээ. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлон, үндэслэлээ гаргах ёстой байтал шүүх хөндлөнгөөс үүнд оролцсон байж болохоор харагдаж байна. Нөгөөтэйгүүр хариуцагч хариу тайлбараа мөн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын дагуу гаргах, нотлох эрхэд мөн халджээ. “Н ” ХХК нь уг хэргийн хариуцагч биш гэдэг нь хэрэгт цугласан нотлох баримтаас хангалттай тодорхой байдаг. Ийнхүү хариуцагч биш болох нь нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байхад “...нэхэмжлэгчийн “Монполимет” ХХК-д холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг этгээд хариуцагч биш болох нь тогтоогдвол бидний зүгээс “Н ” ХХК-ийн дахин хариуцагчаар татах боломжийг энэхүү шийдвэр хязгаарласан" гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангалаа...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Энэ дүгнэлт нь мөн анхан шатны шүүхэд хэрэг хэрхэн шийдвэрлэх талаар чиглүүлэг өгсөн, таамагласан шинжтэй учир хуулийн шаардлага хангахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн үр дүн, гарсан м.кв-ийн хэмжээ дээр талууд маргахгүй байхад шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн нь мөн учир дутагдалтай байна. Нотлох баримт болон талуудын тайлбарт зөрүүтэй зүйл байхгүй байхад зөрүүтэй байна гэж давж заалдах шүүх үндэслэлгүй дүгнэжээ. Анхан шатны шүүх "Н " ХХК-ийг хариуцагч биш гэж үзсэн, нэхэмжлэгчийг худалдан авах гэрээний дагуу доголдолтой газартай холбогдох асуудлаа худалдагчид хандан гарга гэж шийдвэрлэсэн туйлын зөв шийдвэр юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “О ” ХХК нь хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай “Н ” ХХК-ийн барьж байгаа барилгын 56,2 м.кв талбай бүхий барилгыг өөрийн эзэмшлийн 1,240 м.кв талбай бүхий газраас чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... барьж буй барилгын өмчлөгч биш, гүйцэтгэгч компани тул хариуцагч биш, ... шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0036- 18644310075585 дугаар бүхий 1,240 м.кв талбайтай газрыг орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 15 жилийн хугацаагаар “О ” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гарч, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсаны дагуу Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000323248 тоот гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарч, газрын байршлын кадастрын зураг үйлдэгджээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дээрх газрын эзэмших эрхийг “Капитал банк” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан ба тус газрын хил залгаа байршилтай газарт “Монполимет” ХХК-ийн захиалгаар “Н ” ХХК нь орон сууц, автомашины зогсоолын зориулалт бүхий барилгын ажлыг гүйцэтгэж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хил залгаа эзэмшил газрын хувьд хариуцагчийн гүйцэтгэж барьж  буй барилгын хэсэг нэхэмжлэгчийн 55,14 м.кв газарт давхцал байгаа эсэхийг  тодруулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн шинжээч томилсон тухай захирамж гарсан, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шинжээчдийн  ажлын  хэсэг бүрдсэн ба шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ, хэмжилт хийх ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийж, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлт гарсан, шүүхээс шинжээч нарт хууль сануулах ажиллагааг 2018 оны 6 сарын 04-ний өдөр хийсэн байна.

Анхан шатны шүүхээс шинжээч нарт урьдчилан хууль сануулсан гэж дүгнэх боломжгүй буюу хууль сануулаагүй байхад гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т нийцжээ.

Түүнчлэн хариуцагч талаас дээрх шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг эс зөвшөөрч,  маргасан тухай тайлбар хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүхээс тодруулаагүйгээс  талуудын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжсэн гэж үзэхэд учир дутагдалтай, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2151 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч "Нар-Урт" ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН