Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2018/00411

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух, ......... овгийн Б.Н -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... байрлах А ХХК,

Хариуцагч:............. тоотод оршин суух, ....... овгийн Ц.Ц нарт холбогдох

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 56 550 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н., түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, “А” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ц.Ц., түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие 2008 оноос эхлэн "А" ХХК-ийн захирал Ц.Ц. ахыг таньдаг бөгөөд би ажил хэргийн байнгын холбоотой байсан. Ц.Ц. 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 2014 оны 5 дугаар сар хүртэлхи хугацаанд надруу утсаар байнга ярьж, биечлэн уулзаж ... Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа хөрөө рамыг тусгай зөвшөөрөл, 3000 га ойн сангийн хамт худалдан аваач, би ашигтай ажилладаг хөрөө рамаа тусгай зөвшөөрөл, ойн сангийн хамт хаа хамаагүй хүнд зармааргүй байна, чамд л зармаар байна. 100 сая төгрөгийн үнэ хүрэхээр хөрөө рамаа тусгай зөвшөөрөл, ойн сангийнх нь хамт 70 сая төгрөгөөр зарья, чи худалдаж ав, маш их ашигтай ажилладаг, ... тусгай зөвшөөрөл, ойн сангийн баримт бичгийн талаар ямар нэгэн зөрчил, маргаантай асуудал байхгүй гэж олон удаа гуйж, итгэл үнэмшил төрүүлсэн учраас 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ц.Ц.д урьдчилгаа 30 000 000 төгрөг өгч гэрээгээ хийе гэхэд тэрээр морь мал гээд завгүй байна, дараа хийе гээд компанийнхаа тусгай зөвшөөрөл, ойн сангийн зургийг конандаж өгөх зэргээр худал ярьж, хуурч мэхэлсээр байгаад гэрээг хийлгүйгээр дахин 26 550 355 төгрөгийг авсан. Нийт 56 550 355 төгрөгийг аваад өгөхгүй байгаа. Энэ асуудлаар Төв аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч тус аймгийн прокурорын болон Улсын Ерөнхий прокурорын газраас ... Ц.Ц.д холбогдох Эрүүгийн 201626011095 дугаартай хэргийг ... Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал байна, ... өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би 26 550 355 төгрөгийг өөрөөсөө гаргаж хөрөө рам, автомашин, бусад техник хэрэгсэл, ажилчдын байр, хөрөө рамны гадна хашаа, ойжуулалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Ц.Ц.д 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ц.Ц. ах банз, палк мод хэрэгтэй байна чи үлдэгдэл 40 000 000 төгрөгнөөсөө хасаад тооцоорой гэж хэлээд 10 020 500 төгрөгний үнэ бүхий банз, палк модыг авсан. Анх өгсөн 30 000 000 төгрөг болон энэ хугацаанд өөрийнх нь хүсэлт, гуйлтаар зарцуулсан мөнгөө буцааж аваад тооцоогоо дуусгая гэж олон удаа гуйсан боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Тэгээд ч тусгай зөвшөөрөл, ойн санг бусдад дур мэдэн худалдаж болдоггүй гэдгийг Ц.Ц. мэдсээр байж, ... ах нь зохицуулж өгнө хүлээж бай, чи компанийн нэр дээр ажиллаж бай, би шилжүүлээд өгнө гэх зэргээр хуурч мэхлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй байгаад гомдолтой байна.

Ц.Ц. бэлнээр авсан 30 000 000 төгрөг, банз, палк модыг өөрийн үүсгэн байгуулсан "А" ХХК-н үйл ажиллагаанд зарцуулж, уг компанийн хөрөө рам, машин, техник, тоног төхөөрөмжинд сэлбэг хэрэгсэл авахуулах, засвар, үйлчилгээ хийлгэх, ажилчдын байр, хашааг засуулж, тохижуулах, ойжуулалт хийлгэх зэрэг ажлуудыг надаас мөнгийг нь гаргуулан, надаар хийлгэж гүйцэтгүүлсэн нь үнэн. Иймд "А" ХХК-иас 56 550 355 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ./хх1-2/

Хариуцагч А ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... АХХК-ийн захирал Ц.Ц. миний бие 2014 оны 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл олон жил хамтран ажиллаж байсан Б.Н.тэй уулзаж би нэг хоёр жилдээ хөрөө рамаа ажилуулах хэрэгцээгүй байна. Хүүхэд өвчин ороогоод осолд ороод нэг л болохгүй байна, чи модны ажил мэддэг хүн хэдэн төгрөг өгөөд ажилуулах юм бол ажиллуул, би модны зөвшөөрлөө сумаас өгөх хэмжээнд нь авч өгнө. Хэрэв тохирвол чи одоо бүрэн эвдрэлгүй ажиллаж байгаа Зил-131 чиргүүлтэй хоёр машин, хөрөө рам, ажилчид байрлах байр, ойн сан зэргийг ашиглаж болно гэхэд тэрээр хэсэг хугацааны дараа би эхлээд 30 000 000 төгрөг өгье ажилуулж байгаад худалдан авах эсэхээ шийднэ гэж тохироод манай компаний эвдрэл гэмтэлгүй техник, эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан юм. Манай компани нь модны чиглэлээр 20 гаруй жил зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа туршлагатай компани билээ. Манай ажилчдыг Б.Н. бүгдийг өөрчлөн шинээр хүн авч тайлан тооцоогоо бид хийнэ, манай нөхөр санхүүгийн ажилтан гээд 2014 оны 06 дугаар сарын 30-ны сумын засаг даргын А/277 тоот захирамжаар 100 м3 хэрэглээний мод, 50м3 галын түлээний мод хийхээр 0053525, 0053526 тоот эрхийн бичгээр эхлүүлсэн болно. Энэ хугацаанд тэрээр жолооч Сүхбаатар, Эрдэнэцогт, Бек нараар уулнаас мод тээвэрлүүлэн хөрөө рам дээр оруулдаг байсан. Энэ хугацаанд нийт 36 удаа тээвэр хийж цэвэр банз ЗЗОм3, Бохир банз 66м3 хийж, мөн гурван тэвш 4м урттай гуалин орж ирүүлэн зарсан бөгөөд, тухайн үеийн банзны ханшаар бодоход тэрээр дээрх модноос 28 832 000 төгрөгний ашигтай ажилласан байдаг. Энэ талаар жолооч нарын болон Гурван цагаан далай шатахуун түгээх станцын түгээгч нарын баримтаас мөн манай ажилтан нарын мэдүүлгээр нотлогдоно.

Тэрээр ямар нэг эвдрэлгүй явж байсан 29-02 ТӨА улсын дугаартай, чиргүүлтэй машиныг эвдэж, манайд өгөөгүй байгаа учир уг машиныг чиргүүлийн хамт 12 000 000 төгрөгөөр, 49-08 ТӨА дугаартай машины хойд бөгс аккумльятор шинээр авхад 1 060 000 төгрөг, цахилгааны үнэ, дэлгүүрт тавьсан өр 520 000 төгрөг төлсөн. Одоогоор нийт 14 973 439 тегрөг төлөөд байна. Энэ нь бидний үндсэн хөренгөө түр ашиглуулсаны барьцаанд авсан 30 000 000 төгрөгнөөс төлсөн мөнгө болно. Б.Номинчимгээс хүлээлгэн өгөөгүй Зил-131 машин чиргүүлтэй хамт 12 000 000 авах. Манай байгууллагаас нийт 26 973 439 төгрөгийг төлбөр тооцоонд өгөөд байна.

Мөн Б.Н. нь ашигүй ажилласан хууран мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гарасан боловч өөрөө дахин ажиллах хүсэлт гарган өргөдлөө хаалгаж 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 05 ны хооронд 20м3 хэрэглээ, 50м3 галын түлээ бэлтгэж 2 473 500 төгрөгний ашигтай ажиллах байтал чиргүүлтэй 3 удаа, чиргүүлгүй 10 удаа явж 160м3 мод хийсэн. Энэ нь гурван цагаан далай шатхуун түгээх станцаас авсан баримтаар тогтоогдож, 18 240 000 төгрөгний ашигтай ажилласан. Б.Н. нь дээрх хоёр хугацаанд нийт 49 545 500 тегрөгний орлого олсон байна.

Хашааны засвар гэх 8 657 550 төгрөг, авто машинд засвар үйлчилгээ хийсэн 1 992 200 төгрөг, ойжуулалт 3 077 000 төгрөг, зөвшөөрөлгүй тавьсан хөрөө 5 850 000 эдгээрийг зөвшөөрөх боломжгүй учир нь тэр хүмүүс өөрсдөө амьдарч байгаа орчиноо болон ашиглаж байгаа техникийн засвар, авсан модны оронд ойжуулалтаа өөрсдөө хийсэн. Үүнийгээ бид хийнэ гээд ажлаа зогсоохгүй гэж байсан. Мөн хөрөө дур мэдэн мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөлгүй тавьсан тул тэд хариуцлагаа өөрсдөө хүлээж хөрөөгөө авсан ч болно. Бид 137 009 500 төгрөний банз аваагүй.

1. Б.Н. нь хоёр удаагийн зөвшөөрлөөр хэрэглээ 120м3, түлээ 100м3 хийхээс хэрэглээ 358м3 , түлээ 98м3 хийсэн нь хэрэглээний мод 238м3, гурван тэвш 4м урттай гуулиан илүү хийж хууль зөрчсөн байгаа юм.

2.Тухайн үеийн ханшаар хэрэглээний банз 358м3 * 120000 төгрөгөөр бодоход 42 960 000 төгрөг, халтар зах банз 98м3 * 90000 төгрөгөөр бодход 8 820 000 төгрөг тэрээр нийт 51 780 000 төгрөгний ашигтай ажилласан байна.

3. А ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар, сэлбэг дэлгүүрийн өр зэрэгт 14 973 439 төгрөг төлсөн, байхгүй болгосон 29-02 ТӨА улсын дугаартай Зил-131 маркын машин, чиргүүлийн хамт 12 000 000 төгрөгөөр үнэлэн Б.Номинчимгээс гаргуулан авах, хэрэв тэр төлөхгүй бол дахин машин авахад 2 000 0000 төгрөгөөр авах, ингэж үзвэл манай байгууллага 34 973 439 төгрөгний зарцуулалтай, түүнээс 4 973 439 төгрөгний авлагатай болоод байна. Иймд Б.Н.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно гэжээ. /1хх-91-92/.

Нэхэмжлэгч Б.Н. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа ...А ХХК-ийн захирал Ц.Ц. болон иргэн Б.Н.ийн хооронд ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах талаарх хэлцэл хийгдсэн байх бөгөөд үүнийг хууль бус, хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

30 сая төгрөгийн мөнгөн дүнгээс иргэн Ц.Ц. өөрийн гэр бүлийн хүмүүсээрээ дамжуулан хувийн хэрэгцээндээ 10 сая төгрөгийг зарцуулахаар авсан. Үлдсэн 20 сая төгрөгийг Ц.Ц. өөрийн биеэр бэлнээр авч гарын үсэг зурж А ХХК-ийн тамга, тэмдэг даран баталгаажуулсан.

Хэлцэл хийгдсэнээс хойшхи хугацаанд А ХХК-ийн захирал Ц.Ц.тэй хийсэн хэлцэл, тохиролцооны дагуу 2014 оны 06 дугаар сараас мөн оны 08 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд өөрийн зардлаар бэлтгэсэн болон Титэм ХХК, Хандгай зоо ХХК-нуудаас худалдаж авч өгсөн палк, банз, пүрүүсийн 10 020 500, Ойжуулалтын зардалд 3 077 000 төгрөг, Зил-131 маркийн машинд шинээр сэлбэгт 1 992 200, Тоног төхөөрөмж буюу мод зүсэгч Ц-6 маркийн зүсэгч, хөрөө, харуул 1 ширхэг нийт 5 850 000 төгрөг, Гоожингийн үнэ нийт 2 588 605 төгрөг, Цахилгааны үнэ 654 200 төгрөг, А ХХК-ийн ажилчдын 8x3 м2 байрны засварын төлбөр 865 750 зэрэг нийт 26 550 355 төгрөг зарцуулсан. Иймд дээрхи үйл явдал, үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гарсан. Хариуцагч Ц.Ц. нь иргэнийхээ хувьд ч, А ХХК-ийн үүднээс ч надтай харилцаж мөнгө өгөлцөж авсан учир хариуцагчаар тус тус татагдах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа А ХХК-нд 20 сая төгрөгийг шилжүүлсэн, иргэн Ц.Ц. хувийн хэрэгцээндээ 10 сая төгрөг авсан эдгээр харилцаагаа нэгтгэн 30 сая төгрөгөөр А ХХК-нийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул тухайн хэлцлийг иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлээр тооцуулж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай шинээр тоног төхөөрөмж худалдаж авсан, бусад зардлууд 26 550 355 төгрөг, нийт 56 550 355 төгрөгийг гаргуулахаар" "А" ХХК, иргэн Ц.Ц. нараас тус тус нэхэмжилж байгааг үүгээр тодруулж байна гэжээ. /1хх-124-125/

Хариуцагч Ц.Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Миний бие харилцан тохиролсоны дагуу өөрийн хүлээсэн үүргийн мод хийх, хөрөө рам тээвэрлэх, Зил-131маркийн 2 автомашин чиргүүлийн хамт, мөн ойн сан, трактор, сумын засаг даргын зөвшөөрөл зэргийг Б.Н.т өгсөн. 30 000 000 төгрөгийг өөрийн эд хөрөнгийн барьцаа болон хэрвээ манай компанид хохирол учирч магадгүй гэдэг үндсэн дээр ирээдүйд болох эрсдлээс урьдчилан сэргийлж авсан үнэн болно.

Титэм ХХК, Хандгай зоо ХХК-наас мод авах тэрний өөрийн эрх, Тэр мод хийж ашгаа авсан тул гоожингийн үнэ, ойжуулалтын зардал, цахилгааний үнэ амьдрах орчиноо өөрөө засах сажруулах зэрэг төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд би түүний 56 550 355 төгрөг болон авсан 30 000 000 төгрөг гэж буцаагаад машинаа засах татварт төлөх гээд гаргасан зардалд орсон тул 56 550 355 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ./1хх-157/,

Хариуцагч Ц.Цоггэрэол 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт хариу тайлбартаа ... А ХХК-ийн захирал Ц.Ц. миний бие 2014 оны 07 дугаар сард Б.Н.тэй харилцан тохиролцон аман хэлцэл хийж өөрийн ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшлийн эрх бүхий 1600 га газар, мод бол боловсруулах хөрөө рам, хашаа, эрчим хүчний дэд станц 04клват, уулын трактор, ЗИЛ-131 маркын 29-02 ТӨА, 49-08 ТӨА улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт 2014 онд 100м3 хуурай хэрэглээний, түлээний 50м3 мод, 2015 онд хэрэглээ 20м3 мод тус тус бэлтгэх зөвшөөрлийг түүнд өгч хөлслүүлэн ажлуулсан. Хөлсөнд 30 000 000 төгрөг Б.Н. надад өгсөн.

Тэрээр Б.Н. нь 2014 оны 07 дугаар сараас, мөн оны 10 дугаар сарын хооронд 100м3 хэрэглээ, 50м3 галын түлээ бэлтгэх бичиг авч

2014 оны 07 дугаар сарын 03 нд 920 000 төгрөг 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 920 000 төгрөг 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 212 500 төгрөгийг Төрийн банкинд тушааж мод бэлтгэсэн байна.

100 м.куб хэрэглээний модноос

80 хувийн цэвэр банз 80м.куб Х170000 төгрөг =13600000 төгрөг

10хувийн хашааны банз м.куб х135000 төгрөг= 1350000 төгрөг

5хувийн бохир банз 5x30000=150000 төгрөг нийт дүн 15100000 төгрөг

Талын хэрэглээний 50м.куб бэлтгэсэн 50x35000=1750000төг

2014 онд 16850000 орлоготой ажилласан.

2015 оны 11 дүгээр сард 20м.куб хэрэглээ, 50 м.куб модны эрхийн бичиг авсан.

2015 оны 11 дугаар сарын 20-нд 180 000 төгрөг 2015 оны 11 дүгээр сарын 25-нд 180 000 төгрөг Терийн банкинд тушааж мод бэлтгэсэн

20 м.куб хэрэглээний модноос

80 хувийн цэвэр банз 16м.куб х170 000 төгрөг=27 200 000 төгрөг

10 хувийн хашааны банз 2м.куб х135 000 төгрөг= 270 000төгрөг

5 хувийн бохир банз 1 м.куб х30000=30000 төгрөг нийт дүн 302 000 төгрөг

Галын хэрэглээний 50м.куб бэлтгэсэн 50x35000=1750000төгрөг

2015 онд 4770000 төгрөгний орлоготой ажилласан.

Зөвшөөрөлтэй 2 удаагийн үйл ажиллагаанаас 21 620 000 төгрөгийн орлоготой ажилласан.

2014 онд хууль бусаар Б.Н. нь мод бэлтгэсэн нь эрүүгийн 201626011095 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Сүхбаатарын мэдүүлэгээр нотлогдож тэрээр 4м гуалин 3 тэвш, тэвшиндээ 40ш ачихад 120ш гуалин орж ирнэ. 120 х20 000 төг =2 400 000 төгрөг болно

33 рейс хийсэн гэж гэрч мэдүүлснээс зөшөөрөлтэй 15 рейсийг хасахад 18 рейс мод зөвшөөрөлгүй орж ирсэн байна. Үүнийг бодоход 180м.куб мод болно

180 м.куб хэрэглээний модноос

80хувийн цэвэр банз 144м.куб х170000 төгрөг=24480000 төгрөг

10хувийн хашааны банз 18м.куб х135000 төгрөг= 2430000төгрөг

5хувийн бохир банз 9м.куб х 30000=27000 төгрөг нийт дүн 27 120 000 төгрөг

Гуалин 2400000+27120000=2952000 төгрөгийг хууль бусаар орлого олсон байна.

2014 онд Б.Н. нь зөвшөөрөлтэй 16 850 000 төгрөг, зөвшөөрөлгүй 29 520 000 төгрөг, нийт 46 370 000 төгрөгний орлоготой ажилласан байна.

2015 онд хууль бусаар Гурванцагаан далай шатхуун түгээх станцаас авсан бензинээр харахад 13 удаа рейс хийснээс 7 удаагийн зөвшөөрөлтэй явсан гэж хасч үзвэл 6 удаа хууль бусаар хэрэглээний мод оруулж ирсэн байна. 1 рейс модыг 10м.куб мод гэж үзвэл

60 м.куб хэрэглээний модноос

80хувийн цэвэр банз 48м.куб х170 000 төгрөг=81 600 000 төгрөг

5хувийн бохир банз Зм.куб х30 000=90 000 төг Нийт дүн 9 060 000 гөг

2015 онд Б.Н. нь зөвшөөрөлтэй 4 670 000 төгрөг, зөвшеөрөлгүй 9 060 000 төг, нийт 13 730 000 төгрөгний орлоготой ажилласан байна.

Б.Н. дээрхи хугацаанд нийт 60 100 000 төгрөгний орлоготой ажилласан байна гэж үзэж байна.

1.Титэм Ой ХХК, Хандгай зоо ХХК-даас 10 020 500 төгрөгний палк банз авч иргэн Ц.Ц.д өгсөн нь тус компаний захирлуудын албан тоот бичгүүдээр үгүйсгэгдэж байгаа тул манай тал хариуцахгүй.

2.Ойжуулалтын зардалд 3 077 000 төгрөг төлсөн тухай үед үйл ажиллагаа явуулж байгаа иргэн ойжуулалтаа хийх ёстой. Энэ нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Байгаль орчны газрын даргын ойжуулалын ажлыг хүлээн авсан №16 тоот актаар болон МУИС-ын Хэрэглээний шинчлэх ухаан инженерчлэлийн сургуулийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр Төв аймгийн Цагдаагийн газар хүргүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны 10/393 тоот албан бичгүүдээр нотлогдож байгаа тул манай тал хариуцахгүй.

3. Б.Н. мод бэлтгэх үйл ажиллагааг бие даан явуулж 6 010 000 төгрөгний орлого олсон тул үйл ажиллагааны урсгал зардлыг манай тал хариуцахгүй гэж үзэж байна. Учир нь тус компанид тухай бүр мэдэгдээгүй тул 13 452 855 төгрөгийг бид зөвшөөрөхгүй. Тус А ХХК нь 2014, 2015 онуудад үйл ажиллагаа явуулсан санхүүгийн тайлангаар нийгэм даатгалд 97 77 518.80 төгрөг төлсөн нь Нийгэм даатгалын улсын байцаагч Б.Түмэнгэрэлийн тодорхойлолт, Үндэсний татварын албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны тодорхойлолтоор батлана.

Б.Н. нь манай компаний өгсөн дээр дурдсан техник, хөрөө рам зэргийг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй үүнээс болоод хөрөө рамын мотор алдагдаж 800 000 төгрөг, 29-02 ТӨА улсын дугаартай ЗИЛ-131 автомашин нь чиргүүлийн хамт алга болж дахин худалдан авахад 12 000 000 төгрөг, 49-08 ТӨА автомашиныг засварлаж хөдөлгөөнд оруулахад 6 000 000 төгрөг зарцуулсан байна. Нийт 28 577 751 төгрөгийг зардал гарна. Иймд бид Б.Н.ийн нэхэмжилсэн 56 550 355 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /1хх-193-196/

Нэхэмжлэгч Б.Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь мод худалдаалах чиглэлээр 10 гаран жил ажиллаж байгаа. А ХХК-ийн захирал Ц.Ц. ахыг таньдаг, олон жил хамтран ажиллаж байсан. 2014 оны 05 сард Ц.Ц. компанийхаа модны тусгай зөвшөөрлийг худалдах гэсэн юм, чи ажлаа сайн мэддэг хүн чамд л зармаар байна, 100 сая гэж байгаа юм, чамд 70 саяар өгнө гэж хэлсэн. Би банкнаас зээл хөөцөлдөж, дүүгийнхээ байрыг барьцаанд тавьж 45 сая төгрөгийн зээл авсан. Ингээд А ХХК-ийн мод эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхийг нь 70 сая төгрөг гэж тохиролцож, худалдаж авахаар болоод 30 сая төгрөгийг өгөөд гэрээ хэлцэл хийе гэхэд Ц.Ц. ах морь, мал гээд завгүй байна, дараа болно биз дээ, бэлэн мөнгө өгсөн баримт дээр гарын үсэг зуръя гээд 30 сая төгрөгийн баримт дээр гарын үсэг зурж, А ХХК-ийн мод боловсруулах тусгай зөвшөөрлийн хэд хэдэн бичгийг канондоод тамга тэмдэгээ өгсөн. Үлдэгдэл 40 сая төгрөг машин техник тоног төхөөрөмжийн зардалдаа суутгаад болно биз дээ гэ тохиролцсон.

Ингээд би мод бэлтгэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ц.Ц. ахын хэлсэн шиг хөрөө рамыг шууд эхлүүлэх боломжгүй машин техник нь ажиллахгүй байсан боловч үлдэгдэл 40 сая төгрөгтөө тооцно гэсэн болохоор өөрөөсөө зардал гаргаж засвар үйлчилгээг нь хийгээд эхлүүлсэн. Сумын ойн ангид тайлангаа өгөхөөр ортол ойн ангийн дарга н.Цэнгэлдалай гэж хүн тусгай зөвшөөрлийг бусдад худалдаж болдоггүй гэхээр нь Ц.Ц.д энэ тухай хэлэхэд ... худалдаж авсан гэж хэлж болохгүй, хөрөнгө оруулалт хийсэн гээд ажлаа үргэлжлүүлж бай, би зохицуулна гэсэн боловч цагдаагийн газраас захирамжгүй ажилласан гээд дуудаж асуугаад, ажил хийх боломжгүй дарамттай байсан тул ер нь хууль бус юм хийхээ болье, мөнгөө буцааж авъя гэсэн боловч өгөөгүй. Би цагдаад хандаж шалгуулсан боловч иргэд хоорондын маргаан байна, шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан. Би А ХХКийн мод бэлтгэх нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийг 70 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож захирал Ц.Ц.д 30 сая төгрөгийг өгсөн. Мод боловсруулах машин техник, ажилчдын байр зэргийг 16 сая төгрөгөөр засаж сайжруулаад Засаг даргын захирамжид зааснаар 2014 оны 07 сарын 06-наас 2014 оны 08 сарын 20 хүртэл хугацаанд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг газарт мод бэлтгэсэн. Энэ хугацаанд Ц.Ц. ах банз, пүрүүс хэрэгтэй байна гэхээр би Титэм ой, Хандгай зоо ХХК-иас 10 сая төгрөгийг банз, пүрүүс худалдаж авч өгсөн. Эдгээр зарцуулсан мөнгийг үлдэгдэл 40 сая төгрөгөөс хасаж тооцно гэж тохиролцсноор хасаж байсан.

Тусгай зөвшөөрлийн эрх нь 2495 га газартай ойн сан, эд зүйлс нь Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 63-ын рам, 4908 зил 131, ажилладаггүй зил 131, станц, ажилчдын байр, хашаа зэрэг байсан. Иймд А ХХК-ийн захирал Ц.Ц.ээс тусгай зөвшөөрлөө худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, компанид өгсөн 30 000 000 төгрөг, компаний эд зүйлийг засаж сайжруулсан 16 529 855 төгрөгийг, иргэн Ц.Ц.д өгсөн банз пүрүүсийн үнэ 10 020 500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А ХХК, төлөөлөгч, Ц.Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие А ХХК-ийн захирал ажилтай, манай компани 1 гишүүнтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Б.Н.ийг арваад жилийн өмнөөс таньдаг, бид хамтран ажиллаж байсан. А ХХК нь 2013 онд Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл аваад 16 ажилчинтай тогтмол үйл ажиллагаа эрхэлж байсан. Ингээд Б.Н.т манай ойн сан бүхий тусгай зөвшөөрөлтэй хөрөө рамыг ажиллуулахаар санал тавьсан. Энэ хөрөө рам, тусгай зөвшөөрөл 100 сая төгрөгийн өртөгтэй, эхний ээлжинд ажиллуулаад үз, цаашид яахаа шийд, худалдаж авбал 70 сая төгрөг гэж тохироод бүх эд зүйлээ хүлээлгэж өгсөн. Гэтэл 2014 оны 07 сард Засаг даргын захирамжаар зөвшөөрөлтэй модоо бэлтгэж авчихаад, дараа нь тусгай зөвшөөрөл зарсан гэдгээр намайг цагдаад өгч, 2014 оны 10 сард манай хөрөө рамыг тэр чигт нь хаяж явсан байсныг би өөрөө тордож авсан. Б.Н.ээс 30 сая төгрөг хүлээн авсан, зөвшөөрч байгаа. Энэ хүн худалдаж авахгүй гэвэл түүний өгсөн 30 сая төгрөгийг хөрөө рамыг хөлслүүлсэн гэж үзнэ.

Б.Н. манай компаний эрхээр ойгоос мод бэлтгэж үйл ажиллагаа явуулж ашиг олсон тул ойжуулалтаа хийх ёстой, ойн ангиар хянуулж, гарал үүслээ аваад, татвараа төлөх үүрэгтэй. Тусгай зөвшөөрлийн хамт, 63-ын рам, дугуй хөрөө, палкын хөрөө, саравч, хашаа, 12х6 хэмжээтэй ажилчдын байр, зил 131 машин 2 /2902, 4909/, чиргүүл 3, 10 кв-ын дэд станц зэрэг эгийг хүлээн авч, үйл ажиллагаа эхлүүлж, мод боловсруулж, үр шимийг хүртсэн. Эдгээр эд зүйлсийг гарын үсэг зурж хүлээлгэж өгөөгүй, өөрөө ийм зүйл байгааг мэдэж авчихаад одоо засаж сайжруулсан гэж өчнөөн мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, төлөх үндэсгүй.

Банз, палк, пүрүүс худалдаж аваад надад өгсөн гэж яриад байгааг зөвшөөрөхгүй, би огт аваагүй. Б.Н. нь миний эзэмшлийн эрх, эд зүйлээр ашиг олчихоод надад өгсөн мөнгөө буцааж нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Компанийхаа хувьд ч, иргэний хувьд ч би Б.Н.т төлөх төлбөр байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон Ц.Ц.д холбогдох эрүүгийн 201626011095 тоот хавтаст хэргээс зохигч талуудын хүсэлтээр эх хувиар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н. хариуцагч А ХХК-д холбогдуулан 56 550 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.Ц.ийг татан оролцуулж, А ХХК-тай байгуулсан хэлцлийг хүчин бусд тооцуулах, хариуцагч нараас 56 550 355 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулсан.

Шүүх хуралдаан дээр А ХХК-тай байгуулсан ой мод бэлтгэх ойн сан эзэмших тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр өгсөн 30 000 000 төгрөг, компаний мод тээвэрлэх машин, болосруулах хөрөө рам боловсруулах автомашин засаж сайжруулсан 16 529 855 төгрөгийг, хариуцагч Ц.Ц.ээс банз, палк, пүрүүсийн үнэ 10 020 500 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодруулсан бөгөөд энэ шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа...А ХХК-ийн захирал Ц.Ц. нь ойгоос мод бэлтгэх ойн сан эзэмших тусгай зөвшөөрөл, мод тээвэрлэх машин, боловсруулах хөрөө рам зэргийг 70 000 000 төгрөгөөр худалдахаар санал тавьсаныг би зөвшөөрч, 30 000 000 төгрөгийг өгсөн. Ц.Ц. тусгай зөвшөөрлөө хуулбарлаж өгснөөр Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс 2014 оны 7-11 сард мод бэлтгэсэн боловч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд А ХХК-ийн ойгоос мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг 70 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, компанид өгсөн 30 000 000 төгрөгийг, мод тээвэрлэх машин, ажилчдын байр, тоног төхөөрөмжийг засварласан зардалд төлсөн 16 529 855 төгрөгийг компаниас, иргэн Ц.Ц.ээс банз, палк, пүрүүсийн үнэ 10 020 500 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ...Б.Н.тэй харилцан тохиролцон аман хэлцэл хийж, ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийн эзэмшлийн эрх бүхий 1600 га газар, мод боловсруулах хөрөө рам, хашаа, эрчим хүчний дэд станц 04клват, уулын трактор, ЗИЛ-131 маркын 29-02 ТӨА, 49-08 ТӨА улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт 2014 онд 100м3 хуурай хэрэглээний, түлээний 50м3 мод, 2015 онд хэрэглээ 20м3 мод тус тус бэлтгэх зөвшөөрлийг түүнд өгч хөлслүүлсэн. Хөлсөнд 30 000 000 төгрөгийг би авсан. Б.Н. манай компаний нэр дээр гарсан захирамжийн дагуу ойгоос мод бэлтгэж үйл ажиллагаа явуулсан тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

А ХХК нь Зүсмэл материал үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр 2005 оны 10 сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Хиагт нэртэй газрын 2495 га талбай бүхий ой санг 10 жилийн хугацаатай эзэмших, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх мөн мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр 2013 оны 09 сарын 30-наас 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. /хх61-64/

Мөн Батсүмбэр сумын Сум дундын ойн ангитай 2014 оны 02 сарын 24-ний өдрөөс 2014 оны 12 сарын 31 хүртэл мод бэлтгэх гэрээ байгуулж, ойн сангийн 210 дугаар хэсэглэлийн 20 га талбайд 2014 онд бэлтгэх модны тоо хэмжээ, улирлын хуваарьтай байжээ. /Мод бэлтгэх гэрээ 01, хх/

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 30-ны өдрийн А/277 тоот Мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай захирамжаар... А ХХК-ийн мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийлгэсэн Хиагтаас цэвэрлэгээний огтлолоос хуурай хэрэглээ 100 м3, түлээний мод 50 м3 модыг бэлтгэх зөвшөөрөл олгожээ.

Дээрх баримтуудаар А ХХК нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутгийн ойгоос мод бэлтгэх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд тухайн эрхээ нэхэмжлэгч Б.Н.т 70 000 000 төгрөгөөр худалдахаар санал гаргаснаар талуудын хооронд 2014 оны 06 сарын үед А ХХК-ийн мод бэлтгэх зөвшөөрөл бүхий эрхийг 70 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай хэлцэл амаар байгуулагдан А ХХК нь мод бэлтгэх зөвшөөрөл болон тамга тэмдэг, мод боловсруулах машин техник хөрөө рам, мод бэлтгэх гэрээ, засаг даргын захирамж зэргийг хүлээлгэн өгч, 30 000 000 төгрөгийг хүлээн авсан байна.

Улмаар Б.Н. нь А ХХК-ийн Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Хиагт нэртэй газрын 2495 га талбай бүхий ой санг 10 жилийн хугацаатай эзэмших, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх мөн мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрлийн гэрчилгээний дагуу мөн компаний эзэмшлийн мод боловсруулах хөрөө рам, ажилчдын байр, мод тээвэрлэх машин техникийг ашиглаж, А ХХК-ийн нэр дээр сумын засаг даргын захирамжийн дагуу хуурай хэрэглээ 100 м3, түлээний мод 50 м3 модыг бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэлт зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар талуудын хооронд хийгдсэн мод бэлтгэх эрхийг худалдах худалдан авах хэлцэл нь бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр байна.

Хэлцлийн үндсэн дээр хариуцагч А ХХК-ийн захирал Ц.Ц. нийт 30 000 000 төгрөг хүлээн авсан бөгөөд мөнгө хүлээн авсан талаар талууд маргаагүй мөн нэхэмжлэгч Б.Н. нь 2014 оны 07 сараас 2014 оны 10 сар, 2015 оны 10 сард хуурай хэрэглээ 100 м3, түлээний мод 50 м3 мод бэлтгэж, бэлтгэсэн модны ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байсан болох нь ойжуулалтын баримт, хаан банкны орлогын мэдүүлэг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар ойжуулалтын ажлын гүйцэтгэлийг хүлээн авах акт, ойжуулалт хийж байгаа гэрэл зураг, гоожин төлсөн мемориалын баримтуудаар тогтоогдож байна. /1хх8-19/

Хариуцагч А ХХК нь ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх мөн мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхээ бусдад шилжүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Б.Н., А ХХК-ийн хооронд байгуулсан хэлцэл нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно... энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл буюу А ХХК-ийн мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэлээ.

Хариуцагч тал мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, автомашин, тоног төхөөрөмжийг Б.Н. эзэмшиж 2014 оны 06 сараас 10 сар хүртэл, 2015 оны 10 сард эзэмшиж ашиг олсон тул түүнээс авсан 30 сая төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж, төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх эрх, эд зүйлийг түрээслэсэн эсэх, төлбөрт суутгах тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хэлцлээр шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-иас шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал А ХХК-ийн эзэмшлийн мод боловсруулах эрхийн хамт хариуцагч талын эд хөрөнгө болох Батсүмбэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг сам хөрөө А-63, дугуй хөрөө 1, зил 131 автомашин 4908,4547 дугаартай 2 ширхэг, зил 130 машин 3328, авто чиргүүл 2, гинжит трактор 3025, трактор, ажилчдын байр, хашаа зэрэг эд зүйлийг засан сайжруулсан, үйл ажиллагаанд зарцуулсан зардалд 16 529 855 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн үндэслэлээ ... Нийт 70 000 000 төгрөгөөр тохиролцож 30 000 000 бэлэн авч, үлдэгдэл 40 000 000 төгрөгийг үйл ажиллагаа явууулж байх явцад төлөх бөгөөд засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжид гарах зардлын мөнгөн оролцуулж тооцно гэж бичгээр тохиролцсноор нэхэмжилсэн боловч хариуцагч тал зөвшөөрөхгүй, компаний эзэмшлийн эд хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулж ашигтай ажилласан, компаниас эд зүйл хүлээлгэж өгөөгүй, хүлээн аваагүй тул төлөх үндэсгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар А ХХК-ийн эзэмшлийн автомашин, техникийн хэрэгсэлд зарцуулсан зардалд төлсөн гэх баримтуудыг ирүүлсэн байх боловч талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн агуулга нь мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэх талаар тохиролцсон гэж үзэхээр байх бөгөөд харин дээрх эд зүйл нь хэлцлээр шилжүүлсэн зүйл эсэх тодорхойгүй, тухайн эд зүйлийг худалдан авсан эсэх эсхүл ашиглаж, эзэмшүүлсэн талаар тодорхойгүй мөн хариуцагчаас чанарын ямар байдлаар хүлээж авсан, хэдийд буцааж ямар байдалтайгаар хүлээлгэж өгсөн тухай баримтгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн Титэм ой ХХК, Хандгай зоо ХХК-иас палк, банз, пүрүүсийг 10 020 500 төгрөгөөр худалдан авч иргэн Ц.Ц.д хувийн хэрэгцээнд өгсөн гэж шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч дээрх эд зүйлийг хэнд ямар зорилгоор хэзээ хүлээлгэж өгсөн талаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Н. А ХХК-ийн хооронд байгуулагдсан ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас А ХХК-ид холбогдох 16 529 855 төгрөг, хариуцагч Ц.Ц.д холбогдох 10 020 500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар зохигч талууд эрүүгийн 201626011095 тоот хэргээс компаний гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, засаг даргын захирамж, мод бэлтгэн нийлүүлэх гэрээ зэргийг эх хувиар шинжлэн судалсан бөгөөд нотариатаар хуулбарласан хувиуд нотлох баримтаар хэрэгт авагдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд гэрээ хэлцлийн үнийн дүнгээр гэж зааснаар хэлцлийн үнийн дүнд төлөх /70 000 000 +26550355 төгрөг~96 550 355 / 640702 төгрөгөөс дутуу төлсөн 199997 төгрөгийг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, хариуцагч А ХХК-иас 307950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н. А ХХК-ийн хооронд байгуулагдсан ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч А ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н.т олгож, А ХХК-ид холбогдох 16 529 855 төгрөг, хариуцагч Ц.Ц.д холбогдох 10 020 500 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н.ийн тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 440705 төрийн сангийн орлогод үлдээж, тэмдэгтийн хураамж 199997 төгрөг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, хариуцагч А ХХК-иас 307950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 151/ШЗ2017/03783 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН