Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2018/00445

 

 

 

 

2018 оны 03 сарын 06 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00445

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: У.Н

 

Хариуцагч: “Т” ХХК

 

ажилгүй байсан хугацааны цалинд 12.439.738 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: У.Н нь Тинд зээлийн байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалаар ажлаас халагдсан. У.Нын зүгээс дээрх шийдвэрийг хууль бус гэж үзсэн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг холбогдох шатны шүүхэд гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 595 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 995 дугаар тогтоол тус тус гарч Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн Тинд эгүүлэн ажилд томилох тухай Б/1718 тоот захирлын тушаал гарч, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2017 оны 03 сарын 22-ны өдрийг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авах тушаал гарсан үе хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа болно. 2017 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 8 сарын хугацааны цалинтай тэнцэх 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 595 тоот шийдвэрт тодорхойлсноор нэг сарын цалин 1.581.933 төгрөг, нэг өдрийн цалин 71.906 төгрөг бөгөөд 173 хоногийн цалин болох 12.439.738 төгрөгийн нөхөн олговрыг “Т” ХХК-аас гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “Т” ХХК-д даалгаж өгнө үү. Ажилгүй байх хугацаанд Капитрон банкинд ажилласан. Энэ нь олговор олгохгүй байх шалтгаан биш. Ажил олгогчид олговрыг хариуцуулах нь нэг талаас ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буйд тооцож буй хариуцлага, нөгөө талаас ажилтанд учирсан эдийн засгийн алдагдлыг нөхүүлж буй явдал гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Н нь Тинд зээлийн байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 595 дугаар шийдвэр гарч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган хянуулсан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу У.Ныг 2017 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн Тинд эгүүлэн ажилд томилох тухай Б/1718 тоот захирлын тушаал гарч, 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6.327.728 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Гэвч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгч энэ хугацаанд ажилгүй байгаагүй бөгөөд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Капитрон банкинд ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилгүй” гэснийг тухайн хуулийн бүрдэл хэсэг болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ажилгүй” гэж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хэрэв нэхэмжлэлийг хүлээн авлаа гэхэд манайх болон  Капитрон банкинд ажилласан цалингийн зөрүүгээр буюу 3.875.894 төгрөгийн хэмжээнд олговрыг хүлээн зөвшөөрч болох юм. Нэхэмжлэгч ажилгүй байсан хоногоо 173 гэж буруу тооцож байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 595 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 995 дугаар тогтоол, ажилд эгүүлэн томилох тухай тушаал, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинд 12.439.738 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр У.Ныг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.327.728 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 995 дугаар тогтоолоор хянагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн байна.

“Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2017 оны 11 сарын 20-ны өдөр ажилд нь буцаан томилсон шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч одоо 2017 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 У.Ныг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “Т” ХХК нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган хэлэлцүүлж явж, шүүхийн эцсийн шийдвэр 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарчээ. Хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1718 дугаар тушаалаар Байгууллагын банкны газрын харьяа Зээлийн хэлтэст байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эргүүлэн томилж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар ажиллаагүй, цалин хөлс аваагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр урьд ажиллаж байсан ажил, албан тушаалдаа томилогдох өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг өөр газарт ажиллаж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтан хэрэв ажиллаж байгаа бол цалингийн зөрүүг олгоно гэж заасан ба энэ нь зөвхөн тухайн байгууллага дотроо ажиллаж байгааг ойлгохгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байх боловч энэ нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ажилгүй хүлээсэн хугацаанд Капитрон банкинд ажиллаж, цалин хөлс авч байснаа ярьж мэдүүлдэг, нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлс тэмдэглэгдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу (шүүхийн шийдвэрээр) ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

Энэ заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн зорилттой холбон тайлбарлавал, Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршдог ба үүнээс дүгнэхэд хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт зөвхөн ажил олгогч “Т” ХХК, ажилтан У.Н нарын хоорондын харилцаанд л хамааралтай заалт байна. Өөрөөр хэлбэл, дээрх заалт ажилтан У.Нын бусад этгээдтэй харилцах харилцаанд хамаарахгүй байна.

 Ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түрүүчийн шүүхийн шийдвэрээр тооцож гаргуулсан цалингийн дунджаар тооцох нь зүйтэй байх бөгөөд үүнийг тооцоход 71.906х172=12.367.832 төгрөг болж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинд хоол унааны зардал орсон байх ба нэхэмжлэгч ажиллаагүй тул хоол унааны зардлын 84.000х8=672.000 төгрөгийг хасаж олгох нь зүйтэй байна.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “Т” ХХК-аас 11.695.832 төгрөгийг гаргуулж У.Нт олгож, нэхэмжлэгчийн 743.906 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. У.Нт олгох ёстой 11.695.832 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 202.083 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 214.000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД