Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 502

 

Ж.Ө-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 221/МА2017/0736 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Ж.Ө-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газарт холбогдох,

2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, сургалтын хөнгөлөлтөд хамрагдах өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтын 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-н сургалтын хөнгөлөлтөд хамрагдахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0736 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хуулийн зохицуулалт суралцаж байх хугацаандаа ажиллах, ажиллаж байх хугацаандаа суралцах гэж ялгаж, зааглаагүй” гэжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заасан бөгөөд суралцаж байх хугацаандаа ажиллах, ажиллаж байх хугацаандаа суралцах нь ялгаатай тул татварын бодлогоор бакалаврын түвшинд суралцагчийг дэмжих, ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж үзэж байна.

Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид ажлын газар нь улирлын болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж цалинтай чөлөө олгоно” гэж зааснаас үзвэл эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид дэмжлэг үзүүлэх бодлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар бус, Дээд боловсролын тухай хуулийн энэ заалтаар илэрч байна гэж үзэх үндэслэлтэй. Татварын хөнгөлөлтийг Дээд боловсролын тухай хуулиар эдлүүлэхгүй нь хэнд ч ойлгомжтой, харин Хувь хүний орлогын албан татварын тухай хууль ажил хөдөлмөр эрхлээд орой, эчнээгээр суралцагчид хамаарахгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх буруу тайлбарлажээ. Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0736 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Ө нь Татварын ерөнхий газарт холбогдуулан 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, сургалтын хөнгөлөлтөд хамрагдах өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхүүд Татварын ерөнхий газрын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй, “дотогш чиглэсэн захиргааны акт” гэж дүгнэсэн нь зөв байх бөгөөд захиргааны дээд шатны байгууллагаас шатлан захирах зарчмын хүрээнд харъяа байгууллагад хандсан шийдвэр нь дотоод зохион байгуулалтын шинжтэй, нэхэмжлэгчид шууд үр дагавар учруулахгүй, харин тодорхой захиргааны албан хаагчийн өргөдлийг шийдсэн захиргааны актын хүрээнд нэхэмжлэгчээс маргах эрх үүсэх юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг зөв байна.

Харин сургалтын хөнгөлөлтөд хамрагдах өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдсонгүй гэж үзэв.

Ж.Ө нь Их засаг олон улсын их сургуулийн эрх зүйн эчнээ ангид сурдаг бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүний нөөцийн судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах шинжээчээр ажилладаг байна. Нэхэмжлэгчээс “суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлсний татвар болон сургалтын төлбөр төлсөн тул татварын хөнгөлөлт эдлэх эрх үүссэн” гэж маргаж байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж зохицуулжээ.

Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд “суралцаж байх хугацаа, хөдөлмөр эрхлэлтийн орлого” гэх хоёр урьдчилсан нөхцөлийг заасан буюу татварын хөнгөлөлт хүсэгч иргэдийн суралцсан цаг хугацаатай  Хөдөлмөрийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл  байх зохицуулалт шууд хамааралтай байна.

Эндээс “суралцаж байх хугацаандаа” гэх ойлголт буюу суралцсан хугацаа үргэлжилсэн идэвхтэй үйлдлээр илэрч, ажлын цагаас давамгайлсан тохиолдолд хуулийн урьдчилсан нөхцөл хангагдах байна. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн суралцсан хугацаа ажлын цагтай давхацсан болох нь тогтоогдоогүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “долоо хоног болгоны хагас сайн өдөр сурдаг” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн дээрх шаардлагыг хангахгүй буюу “хөдөлмөр эрхлэхийн хажуугаар суралцаж байсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Хууль тогтоогчоос “суралцаж байх хугацаандаа” гэх нөхцөлийг тусгайлан заасан, энэхүү хэсэгт үгчилсэн тайлбар хийхэд, үргэлжилсэн идэвхтэй үйлдэл, суралцах үйл ажиллагаа давамгайлсан цаг хугацааг гол шалгуур болгожээ.

Харин хариуцагчийн “орой эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамаарагдахгүй” тухай гомдлын хувьд дээр дурдсанаар хуулийн урьдчилсан нөхцөл болох суралцсан хугацаа ажлын цагаас давамгайлж, “суралцаж байх хугацаандаа” гэх үргэлжилсэн үйлдэл тогтоогдсон тохиолдолд хариуцагчийн гомдол няцаагдах байна. Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д татварын хөнгөлөлт хүсэгч иргэний сурч байгаа хэлбэрээр нь ялгамжтай зохицуулаагүй, гагцхүү суралцах хугацаа давамгайлсан нөхцөлд хөдөлмөр эрхэлсэн байх учиртай.

Мөн хэргийн оролцогчид “татварын хөнгөлөлт нь анх удаа бакалаврын боловсрол эзэмшиж байгаа иргэнд хамааралтай” тухай маргасан боловч энэхүү үйл баримт нь маргаан бүхий хэрэгт хамааралгүй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан урьдчилсан нөхцөл биш, “анх удаа” гэх нөхцөлийг хуулиар тусгайлан заагаагүй, ямар нэгэн тооны хязгаарлалт тогтоогоогүй байна.

Үүний зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох захиргааны акт гаргахыг даалгах шийдвэрийг шүүхээс гаргах юм. Дээр дурдсанаар нэхэмжлэгчээс хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй тул захиргааны байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэхийг даалгах боломжгүй юм.

Шүүхүүд тухайн татгалзсан шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтанг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татах атал түүний дээд шатны байгууллага болох Татварын ерөнхий газрыг дангаар нь хариуцагчаар тодорхойлсон алдаа гаргасныг дурдах нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 2 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0736 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-н Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан сургалтын хөнгөлөлтөд хамрагдах өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ      

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ