Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 0736

 

                                                          Ж.Ө-ын нэхэмжлэлтэй

                                                        захиргааны хэргийн тухай

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ө-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Татварын ерөнхий хуулийн 17.1 дэх заалтын 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын сургалтын хөнгөлөлтөд хамрагдахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заасан бөгөөд суралцаж байх хугацаандаа ажиллах, ажиллаж байх хугацаандаа суралцах нь ялгаатай тул татварын бодлогоор бакалаврын түвшинд суралцагчийг дэмжих, ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж үзэж байна. Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид ажлын газар нь улирлын болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж цалинтай чөлөө олгоно” гэж зааснаас үзвэл эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид дэмжлэг үзүүлэх бодлого нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар бус, Дээд боловсролын тухай хуулийн эл заалтаар илэрч байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хянахад хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ж.Ө нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр их, дээд сургуулийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн хэмжээгээр хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тайлан, өргөдөл гаргаж өгсөн байх бөгөөд уг өргөдлийг Нийслэлийн татварын газар хянаад “ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд, мөн 2 дахь мэргэжлийн сургууль, магистр, докторын гэх мэт суралцаж байгаа үед татварын хөнгөлөлтөд тус тус хамрагдахгүй” гэж аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэст чиглэл өгсөн Татварын ерөнхий газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2а/217, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2а/283 дугаар албан бичгийг үндэслэл болгон хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзан шийдвэрлэжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ”, 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ж.Ө-ын хувьд 2005-2009 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшиж, 2011 оноос хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа 2016 онд Их Засаг Олон Улсын их сургуульд эрх зүйн эчнээ ангид элсэн суралцсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “суралцаж байх хугацаандаа ажиллах, ажиллаж байх хугацаандаа суралцах нь ялгаатай тул татварын бодлогоор бакалаврын түвшинд суралцагчийг дэмжих, ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй” гэж дурдсан ба дээрх хуулийн зохицуулалт нь ажиллаж байх хугацаандаа суралцах, суралцаж байх хугацаандаа ажиллах гэж ялгаж, зааглаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Их Засаг Олон Улсын их сургуульд эрх зүйн эчнээ ангид элсэн суралцаж байх хугацаандаа ажил, хөдөлмөр эрхэлж, түүнээсээ төлбөрөө төлсөн бол хөнгөлөлт эдлэхээр байхад хариуцагч байгууллага уг хөнгөлөлтийг эдлүүлээгүй нь хууль бус байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч өмнө нь бакалаврын зэрэг эзэмшин суралцахдаа татварын хөнгөлөлтөд хамрагдаж байгаагүй болохыг нэхэмжлэгч, хариуцагч тайлбарлах бөгөөд ийнхүү эчнээ ангид хоёр дахь удаагаа бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж байхад татварын хөнгөлөлтөд хамруулахгүй байгаа нь хууль бус болжээ.   

Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зорилго нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг, Дээд боловсролын тухай хуулиар иргэнд дээд боловсрол олгохтой холбогдсон харилцааг тус тус зохицуулах бөгөөд татварын хөнгөлөлтөд хамрагдахтай холбоотой харилцааг Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу зохицуулах үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид дэмжлэг үзүүлэх бодлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар бус Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтаар илэрч байна...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                          ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

                         ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                         ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА