Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0247

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.129.637 төгрөгийг нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгож,

Актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6450 дугаар захирамж шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек,  түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо: “А. Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1. г, 23.4, 32.2, 32.3 дахь заалтуудыг удирдлага болгон Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

... Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоолыг гаргахдаа 2 дах заалтаар Хуралдааны шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод өргөн мэдүүлсүгэй гэж зааж ... 3асаг дарга Б.Бямбадоржийг огцруулах саналыг дээд шатны засаг даргад өргөн мэдүүлсэн улмаар Нийслэлийн Засаг даргын ...... дугаар захирамж гарч Б.Бямбадоржийг огцруулсан байхад шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоолоор Засаг дарга, Б.Бямбадоржийг огцруулсан байна гэж дүгнэж байгаа нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагчийн зүгээс “огцруулсугай” гэдэг үгийг техникийн алдаа буюу 08 дугаар тогтоолын 1 дэх заалт нь ямар ч эрх зүйн үр дагавар үүсгээгүй талаар тайлбар хийсэн.

Б. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргыг томилох, чөлөөлөх болон огцруулах асуудлаар хэнээс ч хараат бусаар санал гаргах, ажлыг нь дүгнэх онцгой эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгөөр ямар ч байгууллага, /Шүүх/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан санал, дүгнэлтийг хянах эрхгүй.

Гэтэл 3асаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан ... Шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй, Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.7-д “...Төрийн байгууллага албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан.

В. Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны сарын цалинг бодохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “Ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас бодож тооцно” гэж заасан хэм хэмжээг хэрэглээгүй, үзэмжээр шийдсэн байгаа нь шүүх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, сарын цалинг 997.856 төгрөг, ажлын 1 хоногийг 45357 төгрөгөөр тооцож, 3.129.637 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох гэдэг нь тухайн ажилтныг ажлаас халсан байгууллага, албан тушаалтны шийдвэр хүчингүй болсны үр дүнд олгох нөхөн олговор юм.

Тэгэхээр Засаг дарга Б.Бямбадоржийг ажлаас халсан Нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болоогүй байхад түүнийг ажилгүй байсан хугацааны цалинг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь шүүх маргааны зүйлээс хэтэрсэн шийдвэр гаргасан төдийгүй, хэрэглэх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Г. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дахь заалт “...Хохирол гаргуулах...” Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтыг “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах...” хуулийн хэм хэмжээг эш татаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дахь заалтын агуулга нь тухайн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг учруулсан байгууллагаас гаргуулахаар хуульчилсан бөгөөд хохирол нь бодит буюу тогтоогдсон байхыг шаарддаг.

Тэгэхээр шүүх Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолоос үүссэн эрх зүйн үр дагаврыг бүрэн тогтоосны үндсэн дээр хохирол гаргуулах асуудал үүсэх байтал шүүх үүнийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны тал болж оролцоогүй захиргааны байгууллагыг хэргийн оролцогчоор татан оролцуулаагүй байж, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 106.5 дахь заалтыг ноцтой зөрчиж, шийдвэр гаргасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Бямбадоржоос “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэл гаргажээ.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар тогтоолоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XVII дугаар хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар товлож, уг хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайлан, Зохион байгуулалтын асуудал гэсэн хоёр асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоожээ.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хэлэлцэхээр тогтоосон асуудлыг хэлэлцэлгүй Монгол Ардын намаас гаргасан санал буюу хэлэлцэхээр тогтоогоогүй асуудлыг хэлэлцэж улмаар Засаг дарга Б.Бямбадоржийг огцруулах агуулгатай тогтоол гаргасан нь хэрэгт авагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн “дүүргийн Засаг дарга эхний хагас жилийн тайланг Хуралд ирүүлээгүй” тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар 23.4 /Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна/, 23.14 / Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална/, 32 дугаар зүйлийн 32.2 /Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ/ дахь заалтуудыг зөрчжээ.

Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар аливаа хүн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг тул “Засаг даргыг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэхдээ хөндлөнгөөс ямар ч байгууллага /шүүх/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан санал, дүгнэлтийг хянах эрхгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх байдлаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийснээс гадна хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн, ажилгүй байсан хугацааны олговрыг дараагийн Засаг дарга томилогдох хүртэл хугацаагаар ажиллаж байсан хугацааг тооцон гаргуулсан тул энэ талаар “цалинг буруу бодож тооцоолсон” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 /хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах/-д заасан зарчмын хүрээнд Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргуулсан нь үндэстэй бөгөөд энэ талаар болон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан хохирол гаргуулах хэсгийг хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүйг залруулсан өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “32.3” гэснийг хасч, 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн” гэсний дараа “4 дүгээр зүйлийн 4.2.7” гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                       ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                                   Ц.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР