Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 212

 

Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0247 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.129.637 төгрөгийг нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгож, актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6450 дугаар захирамж шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0247 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 32.3 гэснийг хасч, 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн гэсний дараа 4 дүгээр зүйлийн 4.2.7 гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0247 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн маргааны зүйлээс хэтэрч, шүүх хэрэглэх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөж, хууль ёсны бус шийдвэр гарсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт...2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Огцруулсугай” 2 дахь заалтаар “хуралдааны шийдвэрийг Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсүгэй” гэж заасан нь тухайн шатны хуралд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргыг огцруулсан шийдвэр гаргасан, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “...тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад... хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарласан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна.

Учир нь, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 08 дугаар тогтоолыг гаргахдаа 2 дахь заалтаар хуралдааны шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод өргөн мэдүүлсүгэй гэж зааж... 3асаг дарга Б.Бямбадоржийг огцруулах саналыг дээд шатны Засаг даргад өргөн мэдүүлсэн улмаар Нийслэлийн Засаг даргын тоот захирамж гарч Б.Бямбадоржийг огцруулсан байхад шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоолоор Засаг дарга Б.Бямбадоржийг огцруулсан байна гэж дүгнэж байгаа нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагчийн зүгээс “...Огцруулсугай” гэдэг үгийг техникийн алдаа, буюу 08 дугаар тогтоолын 1 дэх заалт нь ямар ч эрх зүйн үр дагавар үүсгээгүй талаар анхан шүүхэд үндэслэл бүхий тайлбар хийж байсан. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...3асаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан ...Шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй, Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...Сум дүүргийн Хурал нь ...нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 18.1.1.г дэх заалтад “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргыг томилох, чөлөөлөх болон огцруулах асуудлаар хэнээс ч хараат бусаар санал гаргах, ажлыг нь дүгнэх онцгой эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгөөр ямар ч байгууллага, /Шүүх/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан санал, дүгнэлтийг хянах эрхгүй юм.

Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.7-д “...Төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцохгүй” гэж заасан байна. Дээрх нөхцөл байдлыг ч давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Бямбадоржид ажилгүй байсан хугацааны цалин 3.129.637 төгрөгийг Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь тус маргаанд хамааралгүй, хариуцагч бус тусдаа статустай байгууллагын эрхийг давхар зөрчиж байна. Тодруулбал, өөрийн гаргасан үйлдэл эс үйлдэхүйн улмаас захиргааны шүүхэд хариуцагч болдог. Гэвч нэхэмжлэгчээс Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулан маргаж байгаа болохыг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэрийг гаргаж байна.

Өөрөөр хэлбэл, ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох гэдэг нь тухайн ажилтныг ажлаас халсан байгууллага, албан тушаалтны шийдвэр хүчингүй болсны үр дүнд олгох нөхөн олговор юм. Тэгэхээр Засаг дарга Б.Бямбадоржийг ажлаас халсан Нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болоогүй байхад түүнийг ажилгүй байсан хугацааны цалинг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь шүүх маргааны зүйлээс хэтэрсэн шийдвэр гаргасан төдий, хэрэглэх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж байгаа хэрэг юм.

Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч маргаж буй хугацаанд огт ажил хийгээгүй бол авч байсан цалинтай нь тэнцэх олговор, эсвэл ажил хийж байгаа ч маргаж байгаа албан тушаалын цалингаас бага цалин авч байсан бол зөрүүг нь олгох хуулийн зохицуулалт байна.

Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг хэрэглэхдээ нэхэмжлэгч Б.Бямбадорж Нийслэлийн Засаг даргын захирамжаар Багануур дүүргийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш ажил хийж байсан эсэхийг шалган тогтоогоогүй байж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь нотлох баримтад бус, хийсвэр дүгнэлтэд үндэслэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүх нэхэмжлэгч Б.Бямбадоржид ажилгүй байсан хугацааны цалин 3.129.637 төгрөгийг Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь тус маргаанд хамааралгүй, хариуцагч бус тусдаа статустай байгууллагын эрхийг зөрчиж байна... Нэхэмжлэгчээс Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулан маргаж байгаа...” гэсэн хяналтын гомдол гаргажээ.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолоор чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах, хуралдааны шийдвэрийг Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байх ба уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/155 дугаар захирамжаар Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулжээ.

Нэхэмжлэгч Б.Бямбадорж нь түүнийг огцруулсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/155 дугаар захирамжтай маргаагүй байх бөгөөд шүүхэд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан мөн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бямбадоржийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тус захиргааны хэрэгт Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй атлаа тус газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 21 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу байна.  

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодруулан шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг зөвтгөн хамтран хариуцагчийг татан оролцуулж, түүнд хуульд заасан эрх, үүргийг нь хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0247 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Х.БАТСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                 Б. МӨНХТУЯА