Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/01469

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/01469

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, малчин 1 дүгээр гудамж, 50А тоот хаягт оршин суух, *******,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, малчин 1 дүгээр гудамж, 50А тоот хаягт оршин суух, Боржигон овогт Тогтохбачрын Гантогтох /рд:УП01300115/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 8 дугаар гудамж, 285 тоот хаягт оршин суух, Адиа овогт Гонгорын Нарантуяа /рд:ШВ63070863/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоот хаягт оршин суух, Тайжууд овогт Энхцэцэгийн Бямбахишиг /рд:НХ87111413/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоот хаягт оршин суух, Тайжууд овогт Энхцэцэгийн Ганхуяг /рд:НХ83091111/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоот хаягт оршин суух,*******64062809/ нарт холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Амарзаяа, Г.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Цэрэнтогтох, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 задгайд оршин байрлах 630 мкв талбайтай газрыг Д.Баасансүрэнд 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дугаартай захирамжаар 61 тоот байсан хаяг 75 тоот болон өөрчлөлт орж, 700 мкв болгон сунгаж Д.Баасансүрэн, хамтран өмчлөгчөөр Б.Амарзаяа, Т.Гантогтох нар хууль ёсны өмчлөгч болсон юм. Аав маань 2008 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Аав, ээж хоёр маань хэдийгээр тусдаа амьдарч байсан хэдий ч албан ёсны баталгаатай гэр бүл байсан. Бид 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 61 тоот газрыг аав Д.Баасансүрэнгээс өвлөн авч, 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн газраас бидний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар бидний өмчлөлийн хөрөнгө болсон. Бид тухайн газар дээр амьдарч байгаа хариуцагч нараас уг газрыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч бид удаан амьдарч байгаа одоо бидний газар болсон гэх үндэслэлээр бидний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшсээр байна. Иймд Э.Бямбахишиг, Э.Ганхуяг, Ё.Энхцэцэг нараас бидний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Бямбахишиг, Э.Ганхуяг, Ё.Энхцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амарзаяа нараас Э.Бямбахишиг, Э.Ганхуяг нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Бидний ээж Ё.Энхцэцэг нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод 1998 оноос хойш хууль ёсоор амьдарч байгаа билээ. Б.Амарзаяа нар ээж Ё.Энхцэцэгт холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд шүүгч Ө.Уянга уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир бид нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ё.Энхцэцэг болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Э.Ганхуяг, Ж.Бямбахишиг Е.Энхцэцэг нар нь Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг байсан. Гэтэл манай ээжийн нагац ах Ганболд гэж хүн өөрийн аавын дүү болох Үржинбадам гэдэг ахыгаа асардаг байсан ба биднийг ирж туслаач, бие биеэндээ дэм болоод манай хашаанд хамтдаа амьдарья, гэж дуудасан юм байдаг. Тэгээд бид 1998 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хотод нүүж ирээд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 61 тоотод амьдарч эхэлсэн. Ингээд ээж 2000 оны хавар Д.Баасансүрэнгийн ээжийн хашаанд хэсэг амьдарсан. Гэтэл Ганболд ах яриад Үржинбадам гуай нас барчихлаа, эргэж ирээд цуг амьдраач гэсэн учир 2000 оныхоо зун буцаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод суурьшиж өнөөдрийг хүртэл тухайн газартаа амьдарч байна. Ганболд ах 2001 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр автомашины ослоор зуурдаар нас барсан. Тэгээд манай ээжийн эгчийн хүүхэд Шажинбат гэдэг ах ажил явдлын үеэр ээжид маань Ганболд эхнэр хүүхэдгүй хүн, чи энэ газрыг аваад сайхан арчлаад яваарай гэж хэлсэн. Миний бие тухайн үед ажилгүй, завгүй байдаг байсан учир Д.Баасансүрэнд энэ газрын гэрчилгээг авах ажлыг даалгасан байсан. Хожим Д.Баасансүрэнгээс газрын гэрчилгээний талаар асуухад чамайг хоёр хүүхдийн чинь нэр дээр гэрчилгээ гаргуулсан байгаа, санаа зоволтгүй гэж хэлсэн. Дараа нь би талийгаачийг нас барсны 1 сарын дараа ор дэрийг нь янзалж байгаад гудасны завсраас газрын гэрчилгээг олсон. Тэгээд Д.Баасансүрэн, Б.Амарзаяа, Б.Гантогтох нарын нэр дээр газрын гэрчилгээ гарсныг мэдсэн. Бид 1998 оноос хойш энэ газар дээр шударгаар байнга амьдарч байгаа тул Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотын гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бидний хууль ёсны өмчлөлийн газрыг энэ газар дээр удаан амьдарч байсан гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Уг газрын Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар өмчилж авна. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугара зүйлийн 5.1, 5.3-д зааснаар гэрчилгээ гаргаж байж авдаг юм байна. Тийм учраас Ё.Энхцэцэг нь өөрөө тухайн үед ямар нэгэн байдлаар Газрын алба, Хорооны Засаг даргад хандаж уг газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байдаг. Гэтэл одоо удаан амьдарч байгаа гэж маргаж, гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Амарзаяа, Т.Гантогтох, Г.Нарантуяа нар нь хариуцагч Ё.Энхцэцэг, Э.Бямбахишиг, Э.Ганхуяг нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах, 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч тус тус маргасан.

Зохигч талууд нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн үндэслэлээр мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д заасан хамгаалалтын аргаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар, мэтгэлцээнийг хуульд заасан журмын дагуу үнэлээд доорх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

1. Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 задгайд орших 630 мкв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот шийдвэрээр Дашдаваагийн Баасансүрэнд /хоёр/ жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх 010405633 дугаартай гэрчилгээ /хх-ийн 63/-г 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасантай нийцсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3-т зааснаар газрын хэмжээгээр сунгуулан хаягийн өөрчлөлт оруулан, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах 700 мкв, гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэн Д.Баасансүрэнд өмчлүүлэхээр шийдвэрлэж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдээр Б.Амарзаяа, Т.Гантогтох нарыг бүртгэсэн байна. /хх-ийн 83-84 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.Амарзаяа, Т.Гантогтох, Г.Нарантуяа нар Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчид хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23Б гудамжны 61 тоот /шинэчилсэн хаяг: Хангайн 23 гудамж, 75 тоот/-д байрлах гэр бүлийн хэрэгцээнд олгогдсон газрыг өвлүүлэхээр 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 134 дугаарт бүртгэж, Өвлөх эрхийн гэрчилгээг олгосноор маргааны зүйл болох 18643314454227 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203006770 дугаартай гэрчилгээг олгосон баримтууд хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл, Иргэн Д.Баасансүрэн нь 2008 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Баасансүрэнгийн өмчлөлд байсан дээрх газрыг Б.Амарзаяа, Т.Гантогтох, Г.Нарантуяа нар 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өвлөн авч, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас олгосон болох нь өвлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 81-82, 85, 91, 94 дүгээр тал/

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нар маргааны зүйл болсон газрыг шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч Ё.Энхцэцэг шүүх хуралдаанд ...талийгаачийг нас барснаас хойш нэг сарын дараа гудасны завсраас газрын гэрчилгээг олж, Д.Баасансүрэн, Б.Амарзаяа, Б.Гантогтох нарын нэр дээр газрын бичиг баримт гарсныг мэдсэн гэж тайлбарласнаас үзэхэд маргааны зүйл болсон уг газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Баасансүрэн, Б.Амарзаяа, Б.Гантогтох нарыг бүртгэгдсэн болохыг 2008 оны 6 дугаар сард мэдсэн атлаа Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу, ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, 183.3-т Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдсөн этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар эрхий бүхий байгууллагад хандаагүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймээс, хариуцагч Ё.Энхцэцэг, Э.Бямбахишиг, Э.Ганхуяг нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газраас албадан чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг шаардлагын тухайд:

Хариуцагч Ё.Энхцэцэг нь маргаан бүхий газрыг миний нагац ахын газар, ах нас барсны дараа биднийг уг газрыг арчлаад авч яваарай гэж захисан. Бид уг газарт 1998 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа хууль ёсны өмчлөгч гэж сөрөг шаардлагаа үндэслэн тайлбарласан бөгөөд Нийслэлийн газрын албанаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14/1409 дугаар албан бичгээр иргэн Ё.Энхцэцэгт ...61 тоот газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар иргэн Давшдаваа овогтой Баасансүрэн гэр бүлийн 2 гишүүний хамт хууль ёсны дагуу гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан байна ...хамтран өмчилсөн Баасансүрэнгийн Амарзаяа нь газар бэлэглэх гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх учир таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн баримт хуулбар хувиар хэргийн 61 дэх талд авагдсан боловч энэхүү баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй болно.

Ё.Энхцэцэг, Э.Бямбахишиг, Э.Ганхуяг нар нь маргааны зүйл болсон ...18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг хэдийд, ямар бичиг баримтыг үндэслэн эзэмших, өмчлөх эрхийг олж авч үүссэн талаар холбогдох бичгийн нотлох баримтыг гаргаж хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд тус шүүхээс хэргийг энэ өдрийг хүртэлх хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад холбогдох баримт гаргаж өгөх ба нотлох баримт гаргуулах талаар хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох, цуглуулахаар заасан үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул шүүх хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч Ё.Энхцэцэг, Э.Бямбахишиг, Э.Ганхуяг нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг албадан чөлөөлж, хариуцагч нарын гаргасан уг маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэгч Б.Амарзаяа, Т.Гантогтох, Г.Нарантуяа нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Амарзаяа, Т.Гантогтох, Г.Нарантуяа нарын нэхэмжлэлийг хангаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг хариуцагч Ё.Энхцэцэг, Э.Бямбахишиг, Э.Ганхуяг нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан хариуцагч нарын Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус тус 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ё.Энхцэцэг, Э.Бямбахишиг, Э.Ганхуяг нараас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Амарзаяа, Т.Гантогтох, Г.Нарантуяа нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ