Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01752

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01469 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А, Т.Г, Г.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Бг, Э.Г, Ё.Э нарт холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ё.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, Б.Тунгалагтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот шийдвэрээр ЁД 1 хороо23 задгайд оршин байрлах 630 м.кв талбайтай газрыг Д.Баасансүрэнд 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дугаартай захирамжаар 61 тоот хаягийг 75 тоот болгон өөрчлөлт орж, 700 м.кв болгон сунгаж Д.Баасансүрэн, хамтран өмчлөгчөөр Б.А, Т.Г нар хууль ёсны өмчлөгч болсон юм.

Аав маань 2008 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Аав, ээж хоёр хэдийгээр тусдаа амьдарч байсан ч албан ёсны баталгаатай гэр бүл байсан. Бид 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЁД 1 хороожны 61 тоот газрыг Д.Баасансүрэнгээс өвлөн авч, 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн газраас бидний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар бидний өмчлөлийн хөрөнгө болсон.

Бид тухайн газар дээр амьдарч байгаа хариуцагч нараас уг газрыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч бид удаан амьдарч байгаа, одоо бидний газар болсон гэх үндэслэлээр бидний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшсээр байна.

Бидний хууль ёсны өмчлөлийн газар дээр удаан амьдарч байсан гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугара зүйлийн 5.1, 5.3-д зааснаар гэрчилгээ гаргаж байж хууль ёсны өмчлөг болдог. Ё.Э нь өөрөө тухайн үед ямар Газрын алба, Хорооны Засаг даргад хандаж уг газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Э.Бг, Э.Г, Ё.Э нараас ЁД 1 хороожны 75 тоотод байрлах газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бидний ээж Ё.Э нь ЁД 1 хороожны 75 тоотод 1998 оноос хойш хууль ёсоор амьдарч байгаа. Б.А нар ээж Ё.Эт холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан тул бид нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Э.Г, Ж.Бямбахишиг, Е.Энхцэцэг нар нь Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг байсан. Гэтэл ээжийн нагац ах н.Ганболд өөрийн аавын дүү болох н.Үржинбадамыг асардаг байсан ба биднийг ирж туслаач, бие биеэндээ дэм болоод манай хашаанд хамтдаа амьдарья гэж дуудсан байдаг.

Тэгээд бид 1998 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хотод нүүж ирээд ЁД 1 хороожны 61 тоотод амьдарч эхэлсэн. Ингээд ээж 2000 оны хавар Д.Баасансүрэнгийн ээжийн хашаанд хэсэг амьдарсан. Гэтэл н.Ганболд ах н.Үржинбадам нас барчихлаа, эргэж ирээд цуг амьдраач гэсэн учир 2000 оны зун буцаж ЁД 1 хороожны 75 тоотод суурьшиж өнөөдрийг хүртэл амьдарч байна.

н.Ганболд ах 2001 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр автомашины ослоор нас барсан. Тэгээд ээжийн эгчийн хүүхэд н.Шажинбат ажил явдлын үеэр ээжид н.Ганболд эхнэр хүүхэдгүй хүн, чи энэ газрыг ав гэж хэлсэн. Миний бие тухайн үед ажилгүй, завгүй байдаг байсан учир Д.Баасансүрэнд энэ газрын гэрчилгээг авах ажлыг даалгасан. Хожим Д.Баасансүрэнгээс газрын гэрчилгээний талаар асуухад чамайг хоёр хүүхдийн чинь нэр дээр гэрчилгээ гаргуулсан байгаа, санаа зоволтгүй гэж хэлсэн.

Дараа нь би талийгаачийг нас барсны 1 сарын дараа ор дэрийг нь янзалж байгаад гудасны завсраас газрын гэрчилгээг олоход Д.Баасансүрэн, Б.А, Б.Гантогтох нарын нэр дээр газрын гэрчилгээ гарсныг мэдсэн.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бид 1998 оноос хойш уг газар дээр амьдарч байгаа тул ЁД 1 хороожны 75 тоотын гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А, Т.Г, Г.Ннарын нэхэмжлэлийг хангаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг хариуцагч Ё.Э, Э.Бг, Э.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан хариуцагч нарын Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус тус 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ё.Э, Э.Бг, Э.Г нараас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.А, Т.Г, Г.Ннарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Ё.Э шуух хуралдаанд талийгаачийг нас барснаас хойш нэг сарын дараа гудасны завсраас гэрчилгээг олж, Д.Баасансүрэн, Б.А, Б.Гантогтох нарын нэр дээр газрын бичиг баримт гарсныг мэдсэн гэж тайлбарласнаас үзэхэд маргааны зүйл болсон уг газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Баасансүрэн, Б.А. Б.Гантогтох нарыг бүртгэгдсэн болохыг 2008 оны 06 дугаар сард мэдсэн атлаа Иргэний хуулийн 183 дугаар зуйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад хандаагүй болох нь тогтоогдож байна гэжээ.

Гэтэл сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э миний бие гаргаагүй бөгөөд Э.Бг, Э.Г нар нь гаргасан болохыг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүйгээс харвал хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн болохыг илтгэж байна.

Хариуцагч Э.Бг, Э.Г нарын хувьд анх нэхэмжлэл гардаж авснаас хойш энэ тухай мэдсэн бөгөөд шүүхээр маргаан нэгэнт хянан шийдвэрлэгдэж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Мөн хариуцагч нар нь маргаан бүхий газарт 10-с дээш жил амьдарсан бөгөөд өмчлөх давуу эрх үүссэн талаар шүүх дүгнэлт өгөөгүй, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч Ё.Э өөрийн хүүхдүүд болох Э.Бг, Э.Г, хамаатан ах н.Ганболд, авга ах н.Үржинбадам нарын хамт ЁД 1 хороож, тэр үеийн 61 тоотод 1998 оноос эхлэн амьдарч байгаад 2000 оны 03 дугаар сараас Д.Баасансүрэнтэй хамтран амьдарч Буянт-Ухаад ээжийнх нь хашаанд амьдарч байгаад н.Үржинбадам ах “хөнгөрчихлөө” гээд н.Ганболдын дуудсанаар энэхүү маргаан бүхий газарт мөн 2000 ондоо эргэн ирж суурьшин амьдарсан байна. Ё.Эийн хамаатан н.Шажинбат гэх хүн “Энэ газрыг өөрийн болгоод арчилж яваарай” гэж хэлсний дагуу тэрээр энэ газартаа өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн.

Ё.Э, Д.Баасансүрэн нар хамтын амьдралтай байсан үед дээрх газрыг эзэмших эрх хууль ёсоор олгогдоогүй байсан. Энэ газрыг бичиг баримтыг авах талаар Ё.Э нь хамтран амьдрагч Д.Баасансүрэнд даалгаснаар ийнхүү “Газар өмчлөх эрх"-ийг Д.Баасансүрэн нь өөртөө бий болгож, улмаар өөрийн төрсөн хүүхэд Б.А, зээ Т.Г нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн Д.Баасансүрэнг нас барсны дараа өмнө амьдарч байсан Г.Ннь газрын өмчлөх эрхийг өвлөн авчээ.

Дээрх газарт Ё.Эийн ээжийн садан төрлийн хүн н.Ганболд амьдарч байсан төдийгүй тэдгээрийн “Садан төрлийн холбоо” нь архивын лавлагаагаар батлагддаг.

Түүнчлэн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчөөр Б.Тунгалагтуяа оролцсон байхад хариуцагч  нарын өмгөөлөгчөөр Г.Золзаяа оролцсоноор бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “ ...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх “шаардлагыг хангаагүй

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А, Т.Г, Г.Ннар нь хариуцагч Ё.Э, Э.Бг, Э.Г нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоот хаягт байрших, 18643314454227 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч дээрх газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот шийдвэрээр Д.Баасансүрэн нь тус дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 задгайд орших 630 м.кв талбай бүхий газрыг хоёр жилийн хугацаатай эзэмших 010405633 тоот гэрчилгээ 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдөр авсан, /хх 63/

мөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дугаартай захирамжийн дагуу Д.Баасансүрэн нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлөгч болж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн бүртгэлд Б.А, Т.Г нар бүртгэгджээ. /хх 62/

 

Д.Баасансүрэн нь 2008 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 задгайд орших 630 м.кв талбай бүхий газрыг хаяг м.кв өөрчлөгдөж Хангайн 23 дугаар гудамжны 75 тоот 700 м.кв болсон талаар талууд маргаагүй.

 

Б.А, Т.Г, Г.Ннар нь 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх маргаан бүхий газрыг 134 тоот өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөн авч, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байна. /хх 7, 63/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч хэргийн бусад нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхээр байна.

 

Учир нь С.Ганболд, Г.Дөлгөөнтуул, Ж.Үржин нар нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн-23 тоот хаягт 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 206 дугаар хуудсанд бүртгэгдсэн болох нь Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгнээр сарын 17-ны өдрийн 03-5/5731 тоот лавлагаагаар, Д.Баасансүрэн, эх М.Янжиндулам, дүү Я.Төмөртулга, охин Б.А нар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх-7 дугаар тоот хаягт 2000 оны улсын бүртгэлийн тооллогоор бүртгэгдсэн болох нь 03-5/5730 тоот лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн 2002 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт өрхийн тэргүүлэгч Д.Баасансүрэн, эхнэр Ё.Э, хүү Э.Г, Э.Бг гэж бүртгэгдсэн байхаас гадна гэрч Г.Оч-Цацрал “1998 онд энэ хашаагаа худалдаж аваад тус газарт ирсэн, тэр цагаас хойш Ё.Эийг таньдаг болсон, н.Амарзаяа гэх хүнийг харж байгаагүй, Ё.Эийн хүүхэд манай хүүхэд нар хоорондоо тоглоод орж гардаг болохоор би мэднэ, Ё.Эийн нөхөр н.Бааска ах гэдэг байсан, өндөр хүн байсан” гэх агуулгатай мэдүүлэг өгчээ.

 

Иймд Д.Баасансүрэн, Ё.Э нар нь 2000 оноос хамтран амьдарч байх хугацаандаа дээрх газрыг хамтран эзэмших эзэмшлийн давуу эрхээр газрыг өмчлөх адил эрхтэй гэж дүгнэхээр байна. Гэтэл Д.Баасансүрэн нь хамтран амьдарч С.Энхцэцэгийн эрхийг зөрчиж баримт бүрдүүлж газрыг өөрийн нэр дээр болон тухайн газрыг эзэмшиж байгаагүй Б.А болон Т.Г нарыг оролцуулан өмчөөр бүртгүүлсэн. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийг Э.Бг, Э.Г, Ё.Э нар гаргасан бөгөөд эзэмшлийн давуу эрхээр өмчлөх эрх олж авах эсэх маргааныг өмчийн эрх зүйн маргаанд хамааруулах тул тэдгээрийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэнэ.

 

Хамтын амьдралтай байх хугацаанд олж авсан хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дундын хамтран өмчлөх эд хөрөнгөд хамааруулах бөгөөд мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээнд хуваахад маргаан бүхий газрын өмчлөх эрх Д.Баасансүрэн болон Ё.Э нарт ижил хэмжээгээр ногдох учиртай. Харин Ё.Эийн хүүхдүүд болох Э.Г, Э.Буянхишиг нарыг дундын эд хөрөнгө бий болоход оролцоогүй гэж дүгнэнэ.

 

Иймд Ё.Эийн өмчлөх эрхийн зөрчлийг арилгаж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газрын 50 хувийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцнэ.

 

Дээрхээс дүгнэвэл Ё.Э, түүний хүүхдүүд нь маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Энэ шийдвэрийн дагуу маргаан бүхий газрыг хувааж өмчилсний дараа газрыг эзэмших талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Түүнчлэн шийдвэрийн удирдтал хэсэгт хариуцагчийн өмгөөлөгчийн нэрийг буруу бичиж техникийн алдаа гаргасан байх тул залруулах нь зөв юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01469 дугаар шийдвэрийг

удиртгал хэсэгт “хариуцагч нарын өмгөөлөгч Г.Золзаяа” гэснийг “хариуцагч нарын өмгөөлөгч Б.Тунгалагтуяа” гэж

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ё.Э, Э.Бг, Э.Г нарт холбогдох Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар Ё.Эийг Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын 50 хувийн өмчлөгч болохыг тогтоож, Э.Бг, Э.Г нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “хариуцагч Ё.Э, Э.Бг, Э.Г нараас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.А, Т.Г, Г.Ннарт олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Б.А, Т.Г, Г.Ннараас 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ё.Эт олгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.Эийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА