Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02189

 

У.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02810 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: "Т" ХХК-нд холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь С” ХХК, “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсдын гэнэтийн ослын даатгалд  даатгуулсан. Гэрээ нь 2015 оны 3 сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 сарын 19-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 сарын 23-ны өдөр хөлөө гэмтээж даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр, эмчилгээний зардалд 5 325 800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ч хуучин гэмтэл гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Энэ тухай Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөрийг хохирлын хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар албан ёсны шийдвэр гарсан. Хариуцагч нь дээрх шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүрсэн. Иймд даатгалын гэрээгээр нөхөн төлбөр 5 325 800 төгрөгийг  гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 1.1.6-д зааснаар гэрээний эзэмшигч нь  "С" ХХК, 1.1.7-д зааснаар даатгуулагч нь гэрээ эзэмшигчтэй хөдөлмөрийн гэрээтэй ажилтан  /У.М/-ыг ойлгоно гэж заасан. У.М нь "С" ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  15/03/890 дугаартай "...  У.Мын гэнэтийн осол болон  эмчилгээний нөхөн төлбөрийг олгож өгнө үү" гэсэн албан бичгийн хамтаар мөн өдөр даатгагчид гаргасан өргөдөл (нөхөн төлбөрийн маягт)-д "... 2015 оны 10сарын 23-ны өдөр шатны уруу халтирч хий гишгээд баруун өвдөг эвгүй болсон.  Эмнэлэгт үзүүлээд МR1 зураг авахуулсан. М эмнэлэгт зөөлөн эдийн хагалгаанд орсон." гэсэн байсныг даатгагчаас даатгалын тохиолдол мөн эсэхийг шалгахад  7.1.4-т "даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг арилгах" гэж заасанд хамаарч байсан тул хариуг бичгээр мэдэгдсэн.

 

Санхүүгийн зохицуулах хорооноос гарах аливаа шийдвэр нь тогтоол хэлбэртэй байдаг. Хорооны 9/690 дугаар акт хорооны шийдвэр биш,гомдлоо хороонд гаргасан ч хариу ирүүлээгүй. У.Мын зүгээс хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр авах гэсэнтэй холбоотой зарим нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулах гэсэн боловч тэндийн зүгээс өнөөг хүртэл баримтуудыг гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Мт “Т” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос даатгалын гэрээний 7.1.4 дэх заалтыг баримтлан татгалзсан. У.М Санхүүгийн Зохицуулах хороонд  гомдол гаргасны дагуу 2016 оны 03 сарын 09-ны өдөр 9/690 дугаартай албан тоотоор Т ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгох ёстой гэж мэдэгдэл хүргүүлсэн. Иймд анхан шатны шүүх хариуцагч даатгалын компанийн 2016 оны 02 сарын 12-ны өдрийн 16/137 дугаартай албан тоотоор даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, шийдвэрээ гаргах ёстой байсан. Гэтэл даатгалын компанийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл, шийдвэрт хамааралгүй "шатны уруу эвгүй гишгэх" гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэгдэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

 

Зохигч даатгалын гэрээний дагуу гэнэтийн осол, гэмтэл болж эмчилгээ хийлгэсэн талаар маргаагүй, харин учирсан гэмтэл нь хуучин, шинэ байсан эсэх талаар шүүхэд маргаж байгаа бөгөөд энэ нь даатгалын гэрээний 7.1.4 дэх хэсэгт хамааралтай юм. Хүний эрүүл мэндийг хэзээ ч гэмтэж, бэртэж болохгүй гэсэн үндэслэлээр эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулагдах учиргүй бөгөөд хүн амьдралын хугацаандаа нэг эд эрхтнээ хэдэн ч удаа гэмтээж бэртээж болдог. Амьдрал баялаг, олон талтай байдаг учраас даатгагч, даатгуулагчийн зөвхөн 1 жилийн хугацааны эрүүл мэнд, гэнэтийн осол гэмтлийг хариуцаж нөхөн төлбөр төлөхөөр үүрэг хүлээдэг бөгөөд ингэхдээ урьд нь гэмтсэн, эмчлүүлсэн эсэх талаар ямар нэг шалгуур тавьдаггүй, тавих ч учиргүй юм Үүнтэи адил даатгалын гэрээнд даатгалын эрсдлийг нэг бүрчлэн тодорхойлох боломжгүй бөгөөд харин даатгалын эрсдэлд хамаарахгүй  нөхцлөө  нэг бүрчлэн тодорхойлох боломжтой байдаг. Даатгалын гэрээний 7.1, 15.5, 18.13, 18.14/ Энэ нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг шууд олгоно гэсэн үг юм. Гэнэтийн осол гэдэг үгийг даатгагч, даатгуулагч талууд даатгалын гэрээний 13.2.1 дэх заалтаар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд өвчин эмгэгийн улмаас бие болон сэтгэцэд гарсан өөрчлөлтүүдийг гэнэтийн осол гэж үзэхгүй байх талаар, мөн гэнэтийн, урьдчилан   харах  таамаглах  боломжгүй,   шууд  гэмтэл  бэртэл  байна  гэх зэргээр тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх дээрхи гэрээний заалтыг гуйвуулан гэнэтийн осол гэдэг нь хүний хянах боломжгүй, гадны хүчин зүйл түүний нөлөөллийн улмаас гэж буруу тайлбарлан   шатны уруу эвгүй гишгэхээ даатгуулагч У.М хянах  боломжтой  байсан  гэж үзсэн. Анхан шатны шүүх хүн өөрийн бэртэл, гэмтлээ урьдчилан хянах ёстой, тийм боломжтой байдаг гэж дүгнэж нэхэмжлэгчийг хохироосонд гомдолтой. Даатгалын гэрээний 16.2.1 дэх хэсгийг мөн буруу тайлбарлан даатгуулагчийг даатгалын гэрээний 2 үндсэн нөхцлийн аль ч эрсдэлд хамаарахгүй гэж дүгнэсэнд гомдолтой.  Нэхэмжлэгч маш хүнд, цаг хугацааны хувьд хэзээ ч хүндэрч, муудаж болох гэмтэл авсан, гэмтлээ эмчлүүлж мэс засалд орсон, эрүүл мэнд хохирсон.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч У.М нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан “С” ХХК, “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,даатгалын тохиолдол бий болоогүй. Учирсан гэмтэл нь даатгалын тохиолдолд хамаарахгүй” гэж маргажээ. /1хх-ийн 1-2, 48-50, 224-225/

 

“С” ХХК, “Т” ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын хураамж төлөгдсөн, уг гэрээний үйлчилгээнд “С” ХХК-ийн ажилтан У.М хамрагдсан, даатгалын гэрээний хугацаанд нэхэмжлэгч эмнэлэгт хандаж хөлдөө хагалгаа хийлгэсэн, эмчилгээний зардалд нэхэмжлэгч 5 325 800 төгрөг төлсөн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийн эмчилгээ, хагалгаа хийлгэх болсон, гэмтэл гэрээ байгуулагдахаас өмнө авсан хуучин гэмтэл байсан, нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор төлөвлөгөөт хагалгаанд орсон гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй болно.

Талууд нэхэмжлэгчийн хөлдөө авсан гэмтлийн хуучин, шинэ эсэхэд, даатгалын тохиолдол мөн эсэхэд маргасан байх бөгөөд зохигчид гэмтлийн хуучин, шинийг тогтоолгохоор шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан, шинжээчийн дүгнэлтийг гаргах ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул давж заалдах болон хяналтын шатны шүүхээс өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. / 1хх-ийн 73-75, 2хх-ийн 17-21, 45-50 хуудас/

 

Гэвч талууд хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх явцад шинжээч томилуулах хүсэлтээ дэмжээгүй, шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, тухайн хэрэгт нэмж хийлгэх ажиллагаа, санал хүсэлт байхгүй талаар зохигчдын хэн аль нь шүүх хуралдаанд илэрхийлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь талуудын хүсэлтээр хийгдэх ажиллагаа тул хэргийн нотлох баримт, талуудын мэтгэлцээнд тулгуурлан хэргийг агуулгаар нь эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. /2хх-ийн 88-94, 111-122/

 

Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4-т даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг даатгалын гэрээний нөхөн төлбөрийн хүрээнд арилгахгүй талаар заажээ. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч У.М нь “2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу гэрээний хүчинтэй байх хугацаанд албан ажлаа гүйцэтгэж яваад шатны уруу хий гишгэж хөлөө хүндээр гэмтээж, удтал эмчилгээ хийлгэсэн” гэж тайлбарласан. /1хх-ийн 48-50/

 

Хариуцагч нь “Нэхэмжлэгчийн гэмтлийг хуучин гэмтэл буюу даатгалын тохиолдолд хамаарахгүй,.., Мөнгөн гүүр эмнэлэгт нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр MRI шинжилгээ хийлгэж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус эмнэлэгт БНСУ-ын эмч Мүн Жи Ёод үзүүлэхэд 3 жилийн өмнөх гэмтэл болох тухай болон дунд давхрын жийрэг үед дундах буюу нөхөн сэргээх мэс засал хийлгэх дүгнэлт гаргаж мэс заслын эмч н.Оюунбаяртай уулзахыг зөвлөсөн байдаг” гэжээ. /1хх-ийн 7, 48-50,124,/

 

Нэхэмжлэгч нь “Гэмтэл гэнэтийн байсан бөгөөд Мөнгөн гүүр эмнэлгийн хариу тоотод 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М ажиллаагүй байсан, тухайн хуудас дээр хийсэн бичлэг ямарваа нэгэн оношлогооны дүгнэлт гэдгийг батлах боломжгүй, тухайн үед н.Оюунбаяр эмчид үзүүлсэн, MRI шинжилгээний хариуг шинэ гэмтэл гэж тогтоосон, Мөнгөн гүүр эмнэлгийн MRI шинжилгээ, мөн дурангийн хагалгааны явцад баруун өвдөг дотор жийргэвч мөгөөрс урагдсан нь шинэ урагдалт” гэж тогтсон гэжээ./ 1хх-ийн 4,124/

 

“М” эмнэлгээс ирүүлсэн албан тоотод У.М нь 2015 оны 10 дугаар сарын 23-нд баруун өвдгөө гэмтээсэн гэж нугалах, гишгэх хөдөлгөөн хязгаарлагдмал, гишгэж чадахгүй гэсэн зовиуртай ирж, 2015 оны 11 дүгээр сарын 13-нд  өвдөгний үений дурангийн хагалгаанд орсон тухай дурджээ. /1хх-ийн 76/ Мөн гэрч Г.Э-аас “..,У.М өвдөгний дотор талын жийргэвчид хагалгаа хийлгэсэн. Хувингийн бариулны шинж маягтай шинэ гэмтэл байсан” гэж мэдүүлжээ. /1хх-ийн 170-171/

 

Талууд дурангийн онош ,MRI оношилгооны онош зөрсөн гэх зэрэг асуудлаар маргасан боловч дээр дурдсан баримтуудаар ажилтан буюу даатгуулагч У.М нь 2015 оны 10 дугаар сарын 23-нд даатгалын гэрээний хугацаанд “хөлдөө гэмтэл авсан” гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан, хөлнийх нь хөдөлгөөн хязгаарлагдсан, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, улмаар эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр мэс засалд орсон үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. /1хх114-122/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний заалтыг буруу тайлбарласан. Талуудын гэрээний 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “даатгуулагчийн эрүүл мэндэд даатгалд хамрагдахгүй нөхцлүүдээс бусад тохиолдолд гэнэтийн ослын бүх төрлийн эрсдэлийн улмаас хохирол учрахад үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэсэн заасан ба мөн зүйлийн 13.2.3-д гэмтэж бэртэх, 13.2.5-д гэмтэж, бэртэх осол болсноос хойш 12 сарын хугацаанд уг ослын үр дагаврын улмаас эмчилгээ, хагалгаа хийлгэх тохиолдол / өвчин эмгэгийн улмаас хийлгэсэн эмчилгээ, хагалгаа хамаарахгүй/,13.2.1-д гэнэтийн осол гэж урьдчилан харах, таамаглах боломжгүй нөхцөл байдлаас бий болсон, гэнэтийн, гадны хүчний нөлөөллөөр болон илэрхий үзэгдэхүйц нөлөөллийн улмаас үүссэн, шууд гэмтэл бэртэлд хүргэж болох тохиолдол зэргийг даатгалын тохиолдолд хамруулахаар заасан. Шатны уруу хий гишгэн гэмтэх нь тухайн хэргийн хувьд урьдчилан харах таамаглах, тооцоолох боломжгүй эрсдэл болно. Тиймээс нэхэмжлэгчийн ердийн ажлаа гүйцэтгэж яваад гэнэт өвчин зовиур үүсч, хөдөлгөөн нь хязгаарлагдан, хөдөлмөрийн чадвараа алдан, эмнэлэгт хүргэгдсэн байдал, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр хагалгаа, эмчилгээнд орсон байдлыг гэнэтийн гэмтэл осол гэмтэл гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг хуучин гэмтэл өвчин эмгэгтэй холбоотойгоор, санаатай төлөвлөгөөт хагалгаанд орсон гэх тайлбар, татгалзал няцаагдсан байна.

 

Түүнчлэн хариуцагчийн гаргаж буй “У.М нь 2006 онд сагсан бөмбөг тоглож байгаад гэмтсэн. Өмнө нь хагалгаанд орж байсан, хуучин гэмтэлтэй хүн юм, гэрээний 7.1.19-д  мэргэжлийн спорт болон өөрийн сонирхол /хобби/ ба зугаа цэнгэлийн зорилгоор аз туршсан аюултай спортын төрлөөр хичээллэх, регби, агаарын тээвэр болон аэронавтикийн зориулалттай хэрэгслээр нисэх болон уралдаанд бэлтгэх, оролцох үед бэртэж гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн эмчилгээний зардалд нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заасан” гэх татгалзал үндэслэлгүй байна. Аз туршсан аюултай спортын төрлүүдийг даатгагч жагсааж бичсэн байх бөгөөд уг жагсаалтад сагсан бөмбөг багтаагүйгээс гадна, даатгуулагч эмчийн асуулгад өгсөн “2006 онд сагсан бөмбөг тоглож байгаад гэмтэж байсан” талаарх хариулт нь түүнийг гэнэт гэмтсэн үйл баримтыг үгүйсгэх, шууд шалтгаант холбоо бүхий үйл баримт биш юм. Учир нь өмнөх гэмтэл гэх 2006 оноос хойш ажилтан ажил үүргээ 9 жил тасралтгүй, хэвийн гүйцэтгэж явсан, даатгалын гэрээний хүчинтэй байх хугацаанд гэмтсэн. Өөрөөр хэлбэл өвдөгний үений хагалгаанд орох болсон шалтгаан нь шатан дээр хий гишгэж гэмтсэнтэй холбоотой болох нь эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдлыг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд өвдөгний үений хагалгааг 2006 онд гэмтсэнтэй шууд шалтгаант холбоотой хийгдсэн гэж дүгнэх боломжгүй.

 

Даатгалын гэрээгээр эрүүл мэндэд учирсан гэнэтийн гэмтэл хохирлыг даатгасан, даатгуулагч буюу нэхэмжлэгч нь хагалгаанд орж 5 325 800 төгрөгийн зардал гаргасан нь даатгалын гэрээгээр тохирсон даатгалын үнэлгээний хүрээнд багтаж байна. /1хх-ийн 59-68 дугаар хуудас/ Иймд даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид үүссэн гэж үзэж 5 325 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдлоо 2018 оны 10 дугаар сарын 1-нд гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 9 дүгээр сарын 17-нд гардаж авсан. Давж заалдах журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторх хугацаанд хамаарч байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын  05-ны өдрийн 101/ШШ2018/02810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 5 325 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Мт олгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч “Т” ХХК-аас 100 612 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Мт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД