Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 02810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т-Д” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 5,325,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч У.М нь “Соёмбо даатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн албанд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа “Соёмбо даатгал” ХХК болон “Т-Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсдын гэнэтийн осол болон эмчилгээний зардлын даатгалын гэрээнд хамрагдаж даатгуулсан юм.

Энэхүү даатгалын гэрээ нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай бөгөөд би 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөлөө хүндээр гэмтээж удтал эмчилгээ хийлгэх хугацаандаа даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр буюу эмчилгээний зардалд 5,325,800 төгрөгийг “Т-Д” ХХК-иас нэхэмжилсэн боловч миний гэмтлийг хуучин гэмтэл байна гэдэг хууль бус үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм. Би энэ талаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн Зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд Хорооноос 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр миний даатгалын нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээгээр “Т-Д” ХХК-иас гаргуулахаар албан ёсны шийдвэр гаргасан атал “Т-Д” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүртэл биелүүлэхгүй хохироож байна. Иймд “Соёмбо даатгал” ХХК болон “Т-Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот даатгалын гэрээний дагуу даатгуулагч миний даатгалын нөхөн төлбөр болох 5,325,800 төгрөгийг “Т-Д” ХХК-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн У.М /регистрийн дугаар ЕЙ79011416, Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, 7-37 тоотод оршин суух/-аас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-д гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлээс харвал нэхэмжлэгч нь “Т-Д” ХХК /регистрийн дугаар: 2648016/, Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Б.Алтангэрэлийн гудамж 5, Сити Сентер офиссын барилга, 11 давхар орших/-д тус холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага: “... Иймд “Соёмбо Даатгал” ХХК болон “Т-Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199C1500682 тоот даатгалын гэрээний дагуу даатгуулагч миний даатгалын нөхөн төлбөр болох 5,325,800 төгрөгийг “Т-Д” ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн байна.

“Соёмбо Даатгал” ХХК болон “Т-Д” ХХК нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 199C1500682 дугаартай даатгалын гэрээ (гэнэтийн ослын, эмчилгээний зардлын)-г мөн өдрөөс эхэлж 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусах хугацаатайгаар байгуулсан байдаг бөгөөд гэрээний 1.1.6-д зааснаар гэрээ эзэмшигч нь “Соёмбо Даатгал” ХХК харин 1.1.7-д зааснаар даатгуулагч нь гэрээ эзэмшигчтэй хөдөлмөрийн гэрээтэй түүний удирдлага дор ажилладаг ажилтнууд /У.М/-ыг ойлгоно гэж заасан байна.

У.М нь “Соёмбо Даатгал” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/03/890 дугаартай “... У.Мын гэнэтийн осол болон эмчилгээний нөхөн төлбөрийг олгож өгнө үү” гэсэн албан бичгийн хамтаар мөн өдөр даатгагчид гаргасан өргөдөл (нөхөн төлбөрийн маягт)-д “... 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... шатны уруу халтирч хий гишгээд баруун өвдөг эвгүй болсон. Эмнэлэгт үзүүлээд MRI зураг авахуулсан. Монгол Хьюндай эмнэлэгт зөөлөн эдийн хагалгаанд орсон.” гэсэн байсныг даатгагчаас даатгалын тохиолдол мөн эсэхийг шалгаж үзэхэд дараах байдал тогтоогдсон байдаг.

Нэг. У.М нь анх “Мөнгөн гүүр эмнэлэгт” 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр MRI шинжилгээ хийлгэсэн байдаг улмаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус эмнэлэгт /2015.07.20-ноос 2015.10.31-ний/ хооронд гэрээгээр ажиллаж байсан БНСУ-ын эмч Мүн Жи Ёо эмчид үзүүлсэн бөгөөд эмчээс У.Мын гэмтэл нь “3 жилийн өмнөх гэмтэл болох тухай болон дунд давхаргын жийрэг үе дундах буюу нөхөн сэргээх мэс засал” хийлгэх тухай дүгнэлт гаргаж, түүнийг тус эмнэлгийн мэс заслын эмч Оюунбаяртай уулзахыг зөвлөсөн байдаг.

Энэ нь даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн Даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 7.1.4-т “даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг арилгах” гэж заасанд хамаарч байсан тул даатгагчийн эрсдэлийн дэд хорооноос 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн АН/4178 дугаартай даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг гаргаж энэ тухай “Соёмбо Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Баттулгад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16/01 албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Хоёр. Мөн У.Мт анхны үзлэг хийсэн эмчийн дүгнэлт, даатгуулагчаас ирүүлсэн мэдээлэл хоёр нь хоорондоо зөрүүтэй байсантай холбоотойгоор даатгагчаас асуудлыг шалгахад даатгуулагчаас даатгалын нөхөн төлбөрийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авах гэсэн оролдлого хийсэн гэж үзэх нөхцөл байдал үүссэн бөгөөд энэхүү асуудлыг шалгах явцад У.М нь Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байдаг. Хорооноос түүний гомдлыг талуудаас ирүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хянаж үзсэний дагуу 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 9/690 дугаартай “... танай олон жилийн өмнө авсан гэмтэл гэдэг нь тогтоогдохгүй үндэслэлгүй байна... У.Мын даатгалын нөхөн төлбөрийг олгож, энэ талаар тус Хороонд ...” мэдэгдэхийг хүссэн албан бичгийг даатгагчид ирүүлсэн байна.

Даатгагчийн зүгээс Хорооны зүгээс даатгалын тохиолдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бүрэн хянаж, шалгаж үзэлгүйгээр 9/690 дугаартай актыг гаргасан нь даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шийдвэр нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд асуудлыг дахин хянаж шалгуулах, хуульд заасан шаардлага хангасан шийдвэр гаргуулах тухай гомдлоо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу Хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд мөн Хорооны даргад тус тус гаргасан байдаг. Хяналтын зөвлөлөөс даатгагчид ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай хариу албан тоотоор Хорооноос гарах аливаа шийдвэр нь “Тогтоол” хэлбэртэй байдаг гэж заасан. Өөрөөр хэлбэл Хорооны 9/690 дугаартай актыг хорооны шийдвэр биш болох мөн даатгагчаас гомдлоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу Хороонд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн байдаг.

Хороо нь даатгалын тохиолдлыг зөвхөн талуудаас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хянаж шийдвэрлэдэг явдал нь өөрөө үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг болох эцэстээ энэ нь маргааныг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхэд даатгагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөхөд хүргэдэг учир даатгагч нь Хорооноос 9/690 тоот актыг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж гаргаж өгөхийг, мөн актын эрх зүйн үндэслэлийг тодруулсан боловч Хорооноос өнөөг хүртэл бидэнд ямар нэг хариуг ирүүлээгүй байна.

Мөн түүнчлэн даатгагчаас У.Мын зүгээс хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр авах гэсэнтэй холбоотой зарим нэг мэдээлэл, нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулах гэсэн боловч тэдний зүгээс өнөөг хүртэл даатгагчид асуусан мэдээ мэдээлэл, баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа юм.

Учир иймд, “Т-Д” ХХК нь У.Маас гаргасан “... Иймд Соёмбо Даатгал ХХК болон “Т-Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199C1500682 тоот даатгалын гэрээний дагуу даатгуулагч миний даатгалын нөхөн төлбөр болох 5,325,800 төгрөгийг Т-Д ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч У.М нь хариуцагч “Т-Д” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5,325,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргасан.

             Нэг талаас “Соёмбо даатгал” ХХК, нөгөө талаас “Т-Д” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 199С1500682 дугаартай “даатгалын гэрээ”-г байгуулж, даатгалын хугацаанд гэрээний хавсралт_02-д дурдсан даатгуулагчийн эрүүл мэнд, амь насанд гэнэтийн ослын улмаас учирсан хохирол болон эрүүл мэнд эмчилгээний зардлыг даатгагч тал болох “Т-Д” ХХК мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байх ба гэрээний хавсралт_02 болох “Соёмбо даатгал” ХХК-ийн ажиллагсдын жагсаалтын 17 дугаарт нэхэмжлэгч У.Мын нэр бичигдсэн байна. /1 дүгээр х.х-ийн 59-68 дахь талд/

Уг гэрээнд оролцогч талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, зорилго нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зохицуулсан “даатгалын гэрээ”-ний агуулгад нийцэх бөгөөд Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэсний дагуу Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн зүйлийн 431.2-т “Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна” гэж тус тус зохицуулсан.

Тус гэрээгээр даатгуулагчид даатгалын хураамж төлөх, даатгагчид гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол бий болоход хэлэлцэн тохирсон нөхөн төлбөр төлөх үүрэг тус тус үүссэн байна.

Даатгагч “Т-Д” ХХК нь гэрээгээр “гэнэтийн ослын даатгал”, “эмчилгээний зардлын даатгал” болох хоёр үндсэн нөхцөлөөр  даатгуулагчийн эрүүл мэнд, амь насыг даатгажээ.

Гэрээнд оролцогч талууд гэрээний гуравдугаар бүлэгт “гэнэтийн ослын даатгалын тусгай нөхцөл”-ийг дөрөвдүгээр бүлэгт “эмчилгээний зардлын даатгалын тусгай нөхцөл”-ийн талаар тус тус тохиролцсон байх ба гэрээний хоёрдугаар бүлэгт даатгалын зүйл, эрсдэл, даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн цар хүрээ зэргийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч У.М нь “Соёмбо даатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн албанд ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монгол хьюндай” эмнэлэгт “баруун өвдгөөр өвдөнө, нугалах гишгэх хөдөлгөөн хязгаарлагдмал гишгэж чадахгүй гэсэн зовиуртай үзүүлж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус эмнэлэгт хэвтэн эмч нарын зөвлөгөөнөөр орж өвдөгний үений дурангийн хагалгаанд орж, хагалгааны төлбөрт 4,988,000 төгрөг бусад эмчилгээ оношилгооны төлбөрт 345,800 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна./1 дүгээр х.х 30, 32-39, 114-121, 173-174, 209-210 дахь талд/

Ийнхүү эрүүл мэндэд хохирол учрахад хүргэсэн үйл явдлыг нэхэмжлэгч “шатны уруу эвгүй гишгэсэн” гэж тодорхойлж, шүүхээс хоёр үндсэн нөхцөлийн алинд хамааруулж шаардаж байгааг тодруулахад “гэнэтийн ослын даатгал”-ын гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлнэ гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэгчид учирсан гэмтэл хуучин гэмтэл тул “даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлийн 7.1.4-д “даатгуулахаас өмнө учирсан хор хохирол нөлөөг арилгахаас татгалзаж байх ба түүнчлэн нэхэмжлэгч сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг тул 7.1.9-д “мэргэжлийн спорт болон өөрийн сонирхол (хобби) ... хичээллэх үед бэртэж гэмтсэн ... эмчилгээний зардал хамаарахгүй гэж татгалзалын үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг үр дагавар үүссэн байх боловч талуудын тохиролцсон гэнэтийн ослын даатгалын эрсдэлд “шатны уруу эвгүй гишгэх” үйлдлийн улмаас учирсан хохирол нь хамаарах эсэх, даатгагчийн нөхөн төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардах эрх үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийе.

Гэрээний 13.2.1-т “гэнэтийн осол” гэж “урьдчилан харах, таамаглах боломжгүй нөхцөл байдлаас бий болсон, гэнэтийн, гадны хүчний нөлөөллөөр болон илэрхий үзэгдэхүйц нөлөөллийн улмаас үүссэн, шууд гэмтэлд хүргэж болох тохиолдол /өвчин эмгэгийн улмаас бие болон сэтгэцэд гарсан өөрчлөлтүүд энэ ойлголтод хамаарахгүй” гэжээ.

Тус тохиролцооны үгийн утгыг гэрээний үндсэн зорилго, агуулга, нөхцөл зэрэгт нийцүүлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэг болон гэрээний 3.2-т заасан журмын дагуу тодорхойлоход “гэнэтийн ослын даатгал”-р даатгагч нь хүний хянах боломжгүй гадны хүчин зүйл түүний нөлөөллийн улмаас үүссэн эрсдэлийг даатгах агуулгаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй бөгөөд гэрээний энэ хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой, энэ илэрхийллийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн байх тул талуудын тохиролцсон гэрээний нөхцөл гэж үзнэ.

Иймд гэрээнд оролцогч талууд “гэнэтийн ослын даатгал”-ын тусгай нөхцөлийг гадны хүчин зүйл түүний нөлөөллийн улмаас учирсан хор хохирлыг хамааруулахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон  “шатны уруу эвгүй гишгэх” үйлдлийн улмаас учирсан хохирол нь уг даатгалын нөхцөл буюу даатгагчийн нөхөн төлбөр төлөх үүрэгт хамаарахгүй байна.

Учир нь, “шатны уруу эвгүй гишгэх” үйлдлийг гадны хүчин зүйл түүний нөлөөллийн улмаас үүссэн гэж үзэхгүй бөгөөд энэхүү үйлдэл нь хянах боломжтой хүний ухамсарт үйлдэлтэй холбоотой тул тухайн үйлдлээс учирсан хохирлыг талуудын гэрээгээр тохиролцсон “гэнэтийн ослын даатгал”-ын гэрээнд заасан эрсдэл гэж үзэхээргүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардал гаргуулах үндэслэлээ “гэнэтийн ослын даатгал”-д хамааруулж даатгагчаас нөхөн төлбөр гаргуулах гэж хязгаарлан тодорхойлсон боловч ерөнхий эмчилгээний зардал гаргуулах шаардлагын хүрээнд даатгуулагчийн нөхөн төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн бусад үүрэгт дүгнэлт хийж үзэв.

Өөрөөр хэлбэл, эмчилгээний зардлын даатгалын эрсдэл тохиолдсон эсэх, тус нөхцөлд заасан даатгагчийн нөхөн төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардах эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийхэд дараах үндэслэл тодорхойлогдож байна.

Гэрээний 16 дахь хэсэгт “эмчилгээний зардлын тусгай нөхцөл”-ийг тохиролцож, 16.2.1-т “өвчин эмгэг” эрүүл мэндийн тухайн чиглэлээр мэргэшсэн, албан ёсны эмчлэх зөвшөөрөлтэй эмчийн дүгнэлтээр оношлогдсон, гэнэтийн бус нөхцөлийн улмаас хүний биеийн эрүүл мэндийн хэвийн байдал алдагдсан байхыг” хэлнэ гэжээ.

Энэ нь гэнэтийн бус нэгэнт хүний биед үүссэн боловч даатгагч, даатгуулагч хэн аль нь мэдээгүй өвчин эмгэгийг эрүүл мэндийн мэргэшсэн байгууллагаас оношилсон тохиолдолд эмчилгээний зардлыг нөхөн төлөх агуулгаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой байх тул тухайн агуулга, утгаар нь тайлбарлах боломжтой байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлно гэж зааснаас үзэхэд гэрээнд оролцогч талууд тодорхойлсон агуулгаа өөрсдөө тайлбарлан нэгдмэл утгыг гаргах нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

Дурдан буй үндэслэлүүдээр “шатны уруу эвгүй гишгэх” үйлдлийн улмаас учирсан хохирол нь талуудын тохиролцсон хоёр үндсэн нөхцөл бүхий даатгалын гэрээний эрсдэлийн аль алинд хамаарахгүй байна.

Иймд хариуцагч “Т-Д” ХХК-нд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч У.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон үндэслэл нь гэрээнд оролцогч талуудын тохиролцсон даатгалын тохиолдол, эрсдэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн шинэ гэмтэл учирсан талаарх болон хариуцагчийн хуучин гэмтэл учирсан гэх нотлох баримтуудад шүүх тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Мын “Т-Д” ХХК-нд холбогдох даатгалын нөхөн төлбөрт 5,325,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,612 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ