Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2019/00367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

............ овогтой .......ийн ....... /................... /-ын нэхэмжлэлтэй,

 

....... ХХК /РД:.................-д холбогдох,

 

Техник худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2.798.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч........, нарийн бичгийн дарга ........................ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Ч........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ....... ХХК-ийн захирал Д.Эрдэнэсанттай №3 тоот ХАА-н техник худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нийт төлбөр 9.000.000 болно. Гэрээний үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөг алданги 798.000 нийт 2.798.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч........ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Г.Эрдэнэсант жатагны чиргүүлээ аваад ирээрэй гээд 100.000 төгрөг миний дансруу шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр жатагны чиргүүлийг жижиг машинаар чирэн Г.Эрдэнэсантад хүлээлгэн өгсөн. Тэр өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний гол нөхцөлд 2.000.000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Гэрээнд заасан хугацаанд мөнгөө өгөхгүй байсан. Эхнэрийнхээ машиныг авах уу гэхээр нь авахаар тохиролцсон. Машиныг найзтайгаа очиж үзэхэд 3.500.000 төгрөгөөр авах боломжтой юм байна гэхэд 5.000.000 төгрөгөөр ав гэсэн. Би мөнгөө авч чадахгүй байсан болохоор машиныг нь зараад мөнгөө олж авсан нь дээр гэж бодоод 5.000.000 төгрөгт үнэлж авсан. Машиныг 4.400.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг дансруугаа авсан. Намайг машиныг маань зах зээлийн үнээс доогуур үнэлж авсан гэдэг. Үлдэгдэл 2.000.000 төгрөг өгөхгүй байсан. Гурилын үйлдвэрлүү будаагаа өгсөн байгаа мөнгө орохоор чиний мөнгийг өгнө гэсэн. Би гурилын үйлдвэрлүү нь ярьж өгч байсан. Гурилын үйлдвэрээс мөнгө нь ороход миний мөнгийг өгөөгүй. Мөнгөө өгөөч ээ гэтэл намайг ногоон тэжээл ав гэсэн. Надад машин байгаагүй болохоор очиж чадаагүй, зараад дуусчихсан байсан. Нэг өдөр залгасан чинь мөнгийг чинь өгөхгүй гээд уурласан. Би шүүхэд хандлаа гэхэд шүүх ийм хэргийг тоохгүй гэхээр нь би шүүхэд хандаж үзэж байсан гэж хэлээд шүүхэд хандсан гэжээ.

  Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны намар 9 сард ХАА-н сэлбэг хэрэгсэл хувиараа борлуулдаг гэх .......оос Вектор 410 комбайны жатканы чиргүүл худалдан авахаар ярьж тохирсон. Ярьж тохирохдоо уг чиргүүлийг үзэж харж тохирсон зүйлгүй зөвхөн .......ын үгэнд итгэж зөвшөөрсөн. ....... нь 9 дүгээр сарын 7-ны шөнө чиргүүлээ өөрийн унадаг жижиг суудлын тэргээр чирч авчирч өгөхөд дугуй нь хагарсан эд гэмтэлтэй байсан тул урьдчилгаа 2.000.000 төгрөг 5082055979 дансаар өгсөн. Бусад үлдэгдэл мөнгийг ашиглаж үзсэний дараа төлбөр хийхээр тохирч авч үлдсэн. ....... нь надад 1 шил архи авч өгөн согтуу үед гэрээнд тамга гарын үсэг зуруулсан болно. Уг чиргүүлийг одоо хүртэл ашиглаагүй байгаа бөгөөд буцааж өгнө гэхэд гэрээ байгуулсан гэж нэхэн манай эхнэр А.Сарнай нь унаж байсан Ниссан Тида маркын суудлын автомашиныг зах зээлийн үнээс хямд үнэлж авсан байсан. Уг чиргүүлийн зах зээлийн үнэ нь хуучин шинээс хамаарч 5.000.000 хүртэл үнэтэй байна. Чиргүүлээ буцааж ав мөнгө өг гэж удаа дараа хэлж сануулахад мөнгө байхгүй чиргүүлээ авахгүй гэрээ хийсэн тул шүүхэд өгнө гэсэн зүйл ярьсан болно. Би уг чиргүүлийг ашиглахгүй байгаа болон уг чиргүүл нь манай жатканд таарахгүй байгаа тул мөнгөө авья гэхэд би шүүхэд танилтай олон удаа энэ мэт хэргээр шүүхэд очиж байсан гэх мэт үг хэлж байсан. Намайг эзгүйд хөдөө явсан хойгуур манай эхнэрийн суудлын автомашиныг зах зээлийн ханшнаас доогуур үнэлж авсан байсан гэх мэт үйлдлүүдийг гаргасан байсан. Уг гэрээ нь дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тухайн үед согтуу байсан ба ширээн дээр тамга авч дарсан байна гэжээ.

 

  Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч........ нь хариуцагч ....... ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.798.000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. /хх 1/

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, татгалзлын үндэслэлээ ... ....... нь надад 1 шил архи авч өгөн согтуу үед гэрээнд тамга, гарын үсэг зуруулсан ... уг гэрээ нь дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тухайн үед согтуу байсан ба ширээн дээр тамга авч дарсан...уг чиргүүлийг одоо хүртэл ашиглаагүй байгаа. ... Уг чиргүүлийн зах зээлийн үнэ нь хуучин шинээс хамаарч 5.000.000 хүртэл үнэтэй ... чиргүүлээ буцааж ав мөнгө өг гэж удаа дараа хэлж сануулахад мөнгө байхгүй чиргүүлээ авахгүй ... Би уг чиргүүлийг ашиглахгүй байгаа болон уг чиргүүл нь манай жатканд таарахгүй байгаа ... Намайг эзгүй хөдөө явсан хойгуур манай эхнэрийн суудлын автомашиныг зах зээлийн ханшнаас доогуур үнэлж авсан байсан гэж хариу тайлбартаа бичжээ. /хх-12-13/

 

Шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

Учир нь: Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 9.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсч, уг гэрээний дагуу худалдагч тал жатканы чиргүүл нийлүүлсэн гэх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

Харин талууд худалдан авагчийн хэлэлцэн тохирсон үнээ бүрэн төлж дуусгасан эсэх талаар маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ....... ХХК нь Хөдөө аж ахуйн техник худалдах худалдан авах гэрээний 4.1-д зааснаар нэхэмжлэгч Ч........ын 5082055979 дугаарын дансанд 2.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгт тооцож 97-91УНН улсын дугаартай Ниссан тида маркын суудлын автомашин өгсөн болох нь тогтоогдож байна. /хх 12-13, 15/,

 

Иймээс шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн хариуцагч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан алданги төлөх үүрэгтэй гэж дүгнэн, ....... ХХК-иас 2.798.000 төгрөгийг гаргуулан Ч........од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч ....... ХХК-иас 2.798.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч........од олгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....... ХХК-иас 59718 төгрөгийг гаргуулж нэхэжлэгч Ч........од олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ