Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 223/МА2019/00016

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00367 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дөлгөөн батхаан” ХХК-д холбогдох,

Техник худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2.798.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Г.Эрдэнэсант жатагны чиргүүлээ аваад ирээрэй гээд 100.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр жатагны чиргүүлийг жижиг машинаар чирэн Г.Эрдэнэсантад хүлээлгэн өгсөн. Тэр өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний гол нөхцөлд 2.000.000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Гэрээнд заасан хугацаанд мөнгөө өгөхгүй байсан. Эхнэрийнхээ машиныг авах уу гэхээр нь авахаар тохиролцсон. Машиныг найзтайгаа очиж үзэхэд 3.500.000 төгрөгөөр авах боломжтой юм байна гэхэд 5.000.000 төгрөгөөр ав гэсэн. Би мөнгөө авч чадахгүй байсан болохоор машиныг нь зараад мөнгөө олж авсан нь дээр гэж бодоод 5.000.000 төгрөгт үнэлж авсан. Машиныг 4.400.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг данс руугаа авсан. Намайг машиныг маань зах зээлийн үнээс доогуур үнэлж авсан гэдэг. Үлдэгдэл 2.000.000 төгрөг өгөхгүй байсан. Гурилын үйлдвэр лүү будаагаа өгсөн байгаа мөнгө орохоор чиний мөнгийг өгнө гэсэн. Би гурилын үйлдвэр лүү нь ярьж өгч байсан. Гурилын үйлдвэрээс мөнгө нь ороход миний мөнгийг өгөөгүй. Мөнгөө өгөөч ээ гэтэл намайг ногоон тэжээл ав гэсэн. Надад машин байгаагүй болохоор очиж чадаагүй, зараад дуусчихсан байсан. Нэг өдөр залгасан чинь мөнгийг чинь өгөхгүй гээд уурласан. Би шүүхэд хандлаа гэхэд шүүх ийм хэргийг тоохгүй гэхээр нь би шүүхэд хандаж үзэж байсан гэж хэлээд шүүхэд хандсан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөг алданги 798.000 нийт 2.798.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.”  гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны намар 9 сард ХАА-н сэлбэг хэрэгсэл хувиараа борлуулдаг гэх Энхболдоос Вектор 410 комбайны жатканы чиргүүл худалдан авахаар ярьж тохирсон. Ярьж тохирохдоо уг чиргүүлийг үзэж харж тохирсон зүйлгүй зөвхөн Энхболдын үгэнд итгэж зөвшөөрсөн. Энхболд нь 9 дүгээр сарын 7-ны шөнө чиргүүлээ өөрийн унадаг жижиг суудлын тэргээр чирч авчирч өгөхөд дугуй нь хагарсан эд гэмтэлтэй байсан тул урьдчилгаа 2.000.000 төгрөг 5082055979 дансаар өгсөн. Бусад үлдэгдэл мөнгийг ашиглаж үзсэний дараа төлбөр хийхээр тохирч авч үлдсэн. Энхболд нь надад 1 шил архи авч өгөн согтуу үед гэрээнд тамга гарын үсэг зуруулсан болно. Уг чиргүүлийг одоо хүртэл ашиглаагүй байгаа бөгөөд буцааж өгнө гэхэд гэрээ байгуулсан гэж нэхэн манай эхнэр А.Сарнай нь унаж байсан Ниссан Тида маркийн суудлын автомашиныг зах зээлийн үнээс хямд үнэлж авсан байсан. Уг чиргүүлийн зах зээлийн үнэ нь хуучин шинээс хамаарч 5.000.000 хүртэл үнэтэй байна. Чиргүүлээ буцааж ав мөнгө өг гэж удаа дараа хэлж сануулахад мөнгө байхгүй чиргүүлээ авахгүй гэрээ хийсэн тул шүүхэд өгнө гэсэн зүйл ярьсан болно. Би уг чиргүүлийг ашиглахгүй байгаа болон уг чиргүүл нь манай жатканд таарахгүй байгаа тул мөнгөө авъя гэхэд би шүүхэд танилтай олон удаа энэ мэт хэргээр шүүхэд очиж байсан гэх мэт үг хэлж байсан. Намайг эзгүйд хөдөө явсан хойгуур манай эхнэрийн суудлын автомашиныг зах зээлийн ханшнаас доогуур үнэлж авсан байсан гэх мэт үйлдлүүдийг гаргасан байсан. Уг гэрээ нь дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тухайн үед согтуу байсан ба ширээн дээр тамга авч дарсан байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 2.798.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 59718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ. 

 

 Хариуцагч “Дөлгөөн батхаан” ХХК-н захирал Г.Эрдэнэсант давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. ******* нь 2018 ны 09 сарын 07-ны өдөр Вектор-410 комбайны жатка дээр  тавьдаг чиргүүлүүдийг надад өөрийн суудлын жижиг тэргээр чирж авч ирж өгсөн.  Уг чиргүүл нь комбайн дагалдаж ирдэг чиргүүл буюу зэх зээлийн үнэ 5 000 000 төгрөгийн үнэтэй чиргүүлийг 9 000 000 төгрөгөөр зарах гэрээ хийж миний тамгыг дарж авсан болно. Манай компани уг чиргүүлийг одоо болтол ашиглаагүй ба *******од буцааж, манайд таарахгүй гэж хэлсээрэ байтал шүүхэд хандсан. Энэ хүсэлтийг шүүх хангасан. Иймд энэ чиргүүлийг буцааж авч надаас авсан бэлэн 2 000 000 төгрөг болон Ниссан Тийдаа автомашины тухай үеийн үнэ болох 5 000 000 төгрөгийг нэхэмжлэлж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах  гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч “Дөлгөөн батхаан” ККХ-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  2 000 000 төгрөг, алдангид  798 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээ зохих журмаар байгуулагдаагүй, гэрээний зүйлийн зах зээлийн үнэ нь хуучин шинээс хамаарч 5 000 000 төгрөгийн үнэтэй байгаа, уг зүйлийг ашиглахгүй байгаа тул буцаана гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдагч нь худалдан авагчаас эд хөрөнгийн үнийг буюу гэрээний үндсэн үүргийн биелэлтийг шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч *******, хариуцагч “Дөлгөөн батхаан” ХХК-ийг төлөөлж захирал Г.Эрдэнэсант нар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХАА-н жатакны чиргүүлийг 9 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар   харилцан тохиролцож  гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Ч. Энхболд нь гэрээний зүйл  буюу жатакны чиргүүлийг хариуцагчид хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн , хариуцагч “Дөлгөөн батхаан” ХХК нь эд хөрөнгийн үнэ төлөх үүргийн дийлэнхи хэсгийг буюу 7 000 000 төгрөгийг төлж, 2 000 000 төгрөгийг төлөөгүй тухайд зохигч талууд маргаагүй байна.

Хариуцагч нь гэрээ байгуулах үед согтуу байхад нь компанийн тамгыг дарж, гарын үсэг зуруулсан, худалдсан хөрөнгийг зах зээлийн үнээс илүү үнээр худалдсан, дугуй нь хагархай хөрөнгө шилжүүлсэн гэх зэргээр нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийн зөрчил гаргасан болон доголдолтой хөрөнгө шилжүүлж хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нь худалдан авсан хөрөнгө өөрт нь хэрэгцээгүй, ашиглагдахгүй байгаа гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасан шаардах эрхүүдийг худалдагчийн эсрэг хэрэгжүүлэх  эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдан авагчаас  хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 6.2.-т “худалдан авагч энэхүү гэрээний 4.2. заалтыг зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0.5%-тай тэнцэх алдангийг худалдагчид төлөх”-өөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 2 000 000 төгрөгнөөс үүрэг гүйцэтгэх хугацаа болох 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2019 оны 02 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацааны алдангид 798 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх алдангийг гаргуулахдаа гэрээний тохиролцооны талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь хууль хэрэглээний хувьд буруу боловч уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Харин алданги гаргуулах шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй тул шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.        

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00367  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4.-д заасныг баримтлан...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагч “Дөлгөө батхаан” ХХК-иас давж заалдах журмаар  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 67232 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                             Г.БОЛОРМАА

 

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР